Автобусны чимэглэлээр танигдсан “Оюут” урлангийнхан


Долоо хоногийн өмнө “Толгойт-Ботаник” чиглэлийн автобусны дотор талыг монгол бичгээр гоёсон мэдээлэл цахим орчинд түгсэн бөгөөд энэхүү эерэг мэдээ олон хүнд таатай сэтгэгдэл төрүүлсэн билээ. Уг автобусыг чимэглэсэн хүмүүс нь үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа “Оюут” урлангийн Р.Эрдэнэболор, Б.Оюунчимэг нар юм. Олны анхаарлын төвд орсон тус урлангаас сурвалжилга бэлтгэлээ.

 Шинэхэн урлангийн шигтгээ үг

 Автобус чимэглэсэн мэдээ олон нийтэд хангалттай түгсэн учраас бид урлангаас сурвалжилга бэлтгэх зорилготойгоо үүсгэн байгуулагч Р.Эрдэнэболорт дуулгалаа. Тэр ч дуртайяа хүлээн авч байна. Гэхдээ урлангаасаа гадуур олон талт сургалт зохион байгуулдаг учраас их л завгүй явдаг бололтой. Ингээд утсаар холбогдон хаягийг нь заалгаснаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн IX цэцэрлэгийн хойно байрлах урланд нь очлоо. Р.Эрдэнэболор гадаа угтан авснаа “Энд тэнд сургалт ихтэй завгүй л гүйж байна. Таныг ирэхийн өмнөхөн Татварын ерөнхий газарт хийсэн тав хоногийн эрчимжүүлсэн сургалтаа дуусгаж, батламжаа гардуулаад ирлээ” хэмээн ажлаа товч тайлагнасаар дотогш орлоо. “Оюут” урлан гурван давхар барилгын нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг аж. 

Шилэн хаалга онгойход ногоон хиймэл зүлэг дэвссэн нь шууд нүдэнд тусна. 40 гаруй метр квадрат талбайтай хэрнээ тун аятайхан, цэвэрхэн тохижилттой. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 оны долдугаар сарын 11-нд гаргасан айл өрх, албан байгууллага бүхэн их эзэн Чингис хааны эш хөргийг хоймортоо залах зарлигийг дагажээ. “Тасам” төрийн бус байгууллагын тэргүүн Төрийн соёрхолт, соёл судлаач, СУИС-ийн хүндэт профессор Ц.Санчирын худалдаалж буй эш хөргөөс авснаа ярилаа. Эш хөргийн хоёр талд монгол бичгээр их хааны билиг сургаал үгээс  хуйлмал дээр бичсэн байх аж. Сониуч зангаараа үргэлжлүүлэн эргэн тойрныг ажиглалаа. Төрийн дууллын үгийг монгол бичгээр бичин жаазалсан нь бас л нүдэнд тусна. 

Түүнчлэн хээ угалзтай зургаан монгол ширээ, олбогтой. Урланд саатсан хүмүүс сандал бус олбог дээр сууж бичгийн эрдэмд шамдана гэсэн үг. Номын санд нь “Агнистын гэгээ” болон Г.Аюурзанын цувралууд өрөөстэй. Ширээн дээр олон төрлийн бийр байна. Хананд монгол бичгээр бичсэн үгс байх нь ойлгомжтой. Жижигхэн хэрнээ цэвэрхэн өрөөний дотор нэг иймэрхүү.

 Мөрөөдлөөр бүтээсэн урлан

 “Оюут” урлан хоёр найзын нэгдэл юм. Нэг нь Б.Оюунчимэг. Баянхонгор аймгийн харьяат. Эх бичиг судлаач мэргэжилтэй. Монгол бичиг түүний хүсэл сонирхол биш ч суралцах явцдаа дурлажээ. Монгол хэл, нийгмийн хичээлд суурилан ЭЕШ өгч  онооны жагсаалтаар таарсан, мэргэжил нь эх бичиг судлаач байж таарч. Мэргэжлээрээ ажилласан бол Хэл шинжлэлийн хүрээлэнд харьяалагдах, эсвэл багшлах байсан биз. Харин Р.Эрдэнэболор  Улаанбаатарын суугуул, Архангай аймгийн уугуул иргэн. Түрэг судлаач мэргэжилтэй бөгөөд өдгөө хэл шинжлэлийн чиглэлээр магистрт суралцаж буй гэнэ. 

Багадаа загвар зохион бүтээгч болох сонирхолтой ч монгол хэл, бичигтээ сайн байсан нь энэ мэргэжлийг сонгоход нөлөөлжээ. Тэд сургуулиа төгсөнгүүтээ тус тусын гэр бүлийн амьдралаа зохиож, хүүхэдтэй болсноор мэргэжлээрээ ажиллах боломж бүрдээгүй байна. Хүүхдээ харах хугацаандаа бийрийн бичигт суралцаж, улам шунан дурласаар дөрвөн жилийг ардаа үджээ. Төрийн уран бичээч Б.Алтантуяад хоёул шавь орсноор өнөөдрийн нэгдлийн эхлэл тавигдсан гэж хэлж болно. 

Тэд жилийн өмнө танилцаж хүсэл зорилго нэг гэдгээ мэдэж мөрөөдлийнхөө урланг нээхээр ярилцаж эхэлжээ. Бэлтгэл ажил, хөрөнгө санхүү гэж явсаар нэг жилийг өнгөрөөж, 20 гаруй хоногийн өмнө хүсэн хүлээсэн урлангийнхаа үүд хаалгыг нээсэн байх юм. Үүдээ нээгээд сар хүрээгүй ч  автобусыг монгол бичгээр чимэглэснээрээ олонд танигджээ. Тэр хэрээр иргэдээс монгол бичиг заалгах, бийрээр бичиж сурах хүсэлт маш их ирэх болсон байна.

Ер нь бийрээр бичдэг хүмүүсийн мөрөөдөл нь урлантай болох. Гэрийн нөхцөлд анхаарлаа төвлөрүүлэх боломж хомс учраас урландаа ирж хүссэн бүтээлээ туурвидаг гэнэ. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд жирийн иргэд өөрт байгаа санхүүгийн боломжоо эрэлхийлдэг. Тэдэнд зарцуулахад бэлэн хэдэн арван сая төгрөг байхгүй. Тиймээс яавал хүссэн урлангаа нээж чадах вэ, хаанаас санхүүжилт олох вэ гэдгээ хавраас хойш ярилцжээ. Ингээд Р.Эрдэнэболор машинаа, Б.Оюунчимэг тодорхой тооны бод мал зарж санхүүгээ босгосноор тэдний монгол ахуй шингэсэн урлангийн түүх эхэлжээ.

 Долоо хоног бүр эвент зохион байгуулдаг

 Автобусыг монгол бичгээр чимэглэж буйгаа багахан хэмжээний бичлэг хийж сошиалд тавьсан нь тэднийг олонд таниулж, тэр хэрээр захиалгад дарагдаж эхэлжээ. Хоёулхнаа учраас зав хомс. Боломжоороо захиалгаа гүйцэлдүүлж, албан байгууллагад сургалт хийж байна. Харин урландаа удахгүй албан ёсоор сургалт явуулж эхлэх гэнэ. Хэдийгээр урландаа сургалт явуулдаггүй ч долоо хоног бүрийн амралтын өдөр эвент зохион байгуулах болжээ. 

Айраг уунгаа монгол бичгийн соёлд суралцан, тодорхой мэдлэг мэдээлэл авч нөхөрлөх боломжийг энэхүү эвент олгодог. Тэд зөвхөн урландаа суух биш хүрээллээ тэлж, монгол бичгээ сурталчлахыг илүүд үздэгээ ярилаа. Тиймээс “Хаан бичиг”, “Хөгжлийн чимээ” гэсэн төрийн бус байгууллагатай хамтран сургалт зохион байгуулдаг байна. Түүнчлэн Р.Эрдэнэболор Соёлын яамны сонгон шалгаруулалтад тэнцэж, 29 дүгээр тусгай сургуулийн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд бийрийн бичиг зааж эхэлжээ. Есдүгээр сарын 1-нээс эхэлсэн уг хичээл долоо хоногт хоёр удаа ордог хөтөлбөртэй бөгөөд хавар нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, тайлангаа тавих аж. 

Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бийрийн бичиг зааж байсан удаагүй учраас тэрбээр энэ ажлаа тун олзуурхаж хийдэг гэнэ. Бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх сургалтаа цаашид ч сунгаасай гэж битүүхэн хүсэж явдгаа Р.Эрдэнэболор хэллээ. Харин Б.Оюунчимэг “Хаан бичиг” номын дэлгүүртэй хамтран монгол бичгийн сургалт зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн лхагва гарагт ээлжит ангиа төгсгөжээ.

“Цаашид улам өргөжин тэлж, дотроо зурсан мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэнэ”  хэмээн ярьсан Б.Оюунчимэгийн яриагаар сурвалжилгаа дуусгая.

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24523/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 3 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 6 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 6 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 6 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 7 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 8 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 8 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 8 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 8 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 8 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 8 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 8 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 8 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 8 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 8 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 9 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 9 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 9 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 9 цагийн өмнө