Э.Даваахүү: Алдаа дутагдал, амжилтаа судалж, дараагийн тактикаа бэлтгэлээр туршдаг


Францад болох зуны олимпын наадамд цэц сорих эрх авсан буудлагын шигшээ багийн тамирчин, Армийн ахлах ахлагч Энхтайваны Даваахүүтэй ярилцлаа. Тэрбээр Индонез улсын Жакарта хотод зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 10 метрийн дасгалд хүрэл, 25 метрийн дасгалд мөнгөн медаль тус хүртэж, Парисын олимпод оролцох  эрх авсан юм. Э.Даваахүү Токиогийн олимпод өрсөлдсөн туршлагатай тамирчин билээ.

-Парисыг зорих эрхээ авсанд баяр хүргэе. Энэ таны цэц сорих хоёр дахь олимп. Шаггүй өрсөлдөөнөөс шалгарч эрх авах амаргүй байв уу?

-Эхний даваагаа давж олимпын эрхээ авлаа. Буудлага спортоор олимпын эрх авах амаргүй. Олон тамирчинтай ширүүн өрсөлдөж байж авдаг.  2022,  2023 оны дэлхийн болон тивийн аварга шалгаруулах нийт дөрвөн тэмцээнд эрх авах зорилготой бэлтгэл сургуулилалтаа базаасан. Харамсалтай нь Дэлхийн аваргын тэмцээнүүдэд санасандаа төдийлөн хүрээгүй. 2023 оны Дэлхийн аваргын тэмцээн болохоос 20 хоногийн өмнө гараа хугалж зорилгодоо хүрч чадаагүй. Азийн аваргын тэмцээнд эрхийн төлөө хүч үзэхэд финалдсан тамирчинтай тэнцсэн ч чанарын оноогоор хамраараа таслуулсан. Ингээд Жакартад болсон Азийн аваргад  хүрэл медаль хүртэж, дутуугаа гүйцээлээ. Парисын олимпод оролцохын төлөө долоон тамирчин өрсөлдсөнөөс хоёрт нь эрх олгосон. Дотоодын өрсөлдөөнөөс илүү өөрийгөө ялах хэцүү. Хэм­жигдэхүүнтэй спорт учраас олон улсад өрсөлдөх хэмжээний үзүү­лэлт, амжилтаа тогтмол барих шаардлагатай. Тив, дэлхийн тэм­цээний эрх аваад оролцох нэг хэрэг. Харин финалд буудах так­тик, сэтгэлзүй чухал. Тамирчдын урд байрлуулсан дэлгэцээр хэн хэдэн оноотой явааг харна. Дээрх мэдээлэлдээ анализ хийж тактикаа боловсруулна.

-Өөрийнхөө, өрсөлдөгчийнхөө нүүдлийг тооцоолдог шатар шиг тактиктай спорт байх нь ээ?

-Буудлага бол тактик, сэтгэлзүйн спорт. Оноо хол зөрүү үед хэт хичээвэл алдана. Сэтгэлзүй, оюуны спорт учраас өөрөө өөртэйгөө л ажилладаг. Финалд дасгалжуулагч тамирчинтайгаа дохио зангаагаар харилцахыг ч хориглодог. Тамирч­ныхаа ард суугаад ажиглана. Харин холимог багийн төрөлд тайм-оут буюу дасгалжуулагчийн мэдлийн нэг минут өгдөг.  Ойрын жишээ Жакартагийн тэмцээний тактикаас хуваалцвал, эхний таван сум буудсаны дараа би наймдугаар байрт байсан. Тэгээд “За Даваахүү чи медальд шалгарахгүй л бол эрх авахгүй. Дараагийн таван сумаа сайн буудна шүү” гээд өөртэйгөө ярилаа. Суурь онооны сүүлийн таван сумаа 51.1 буудаж, тавд орлоо. Хасагдах шатанд сум бүрээ  сайн буудахын тулд өөртэйгөө ярьж, тэмцэлдсэн дээ. Финалын хариуцлагатай, оргил мөчид  Энэтхэгийн хоёр, Узбекистаны нэг тамирчинтай үлдсэн. Оноогоо хадгалж, медаль авахын төлөө хоёр сумаа тайван буудсан. Алдаагаа багасгаж, ололтоо нэмэхийн тулд дасгалын үеэр хөтөлсөн тэмдэглэлээ уншина. Тэмцээнээс тэмцээний хооронд алдаа дутагдал, амжилтаа судалж, дараагийн тактикаа бэлтгэлээр туршдаг. Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Цэрэнжавын Өлзийбаяр багштайгаа бэлтгэл хийдэг.

-Буудлага бол монголчуудын хамгийн их найдвар тавьдаг олим­пын төрөл. Парисыг олуулаа зорих уу. Эрх авах тэмцээн үлдсэн үү?

-Буудлага бол олимпын топ төрөл. Манай урт буу, гар бууны тамирчид олимп алгасалгүй оролцсон. Манай шигшээ баг хоёр дасгалжуулагч, арван тамирчинтай олимпын циклд бэлтгэл хийж байна. Урт бууны тамирчин, олон улсын хэмжээний мастер О.Есүгэн, Н.Баяраа нар эрх авсан. О.Есүгэн бид хоёр Токио, Н.Баяраа Лондоны олимпод оролцсон туршлагатай. Олимпын эрх олгох ганцхан тэмцээн үлдсэн нь  Рио де Жанеро хотод болох дэлхийн цом. Ирэх дөрөвдүгээр сард болох уг тэмцээнд манай эмэгтэй гар буу, эмэгтэй урт бууны тамирчид цэц сорино. Эрх авна гэдэгтээ итгэлтгэлтэй байгаа.

-Буудлагын шигшээ багийн тамирчид олимпод тасралтгүй оролцжээ. Олимпын медальтнууд, туршлагатай тамирчид шинэ үеийнхэндээ зааж, зөвлөж албан бус дасгалжуулагч болдог уу?

-Туршлагатай тамирчдаасаа нэрлэхэлгүй асууж, судалж, мэдэх хэрэгтэй. Монгол Улсын Гавьяат тамирчин Доржсүрэнгийн Мөнхбаяр, Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Отрядын Гүндэгмаа нар олимпоос медаль хүртэн монголчуудаа баярлуулсан.  Д.Мөнхбаяр гавьяат Энэтхэгийн шигшээ багийг дасгалжуулж байна. Энэтхэгийн гар бууны  тамирчдын сүүлийн үед үзүүлсэн амжилт Д.Мөнхбаяр гавьяаттай салшгүй холбоотой. Манай улс гурван сая иргэнтэй, буудлагын 200 гаруй тамирчинтай. Энэтхэгт миний хүч үздэг 10 метрийн хийн гар бууны нэг дасгалд 2500-3000 тамирчин оролцож байна. Жакартад Энэтхэгийн хоёр тамирчинтай финалдахад ард нь Д.Мөнхбаяр эгч сууж бай­сан. Миний дасгалжуулагчаар  Энхтайваны Бадамгарав байв. Миний төрсөн ах. Хүрэл медалийн болзол хангаад дасгалжуулагчтай тэврэлдэн амжилтаа тэмдэглэж байхад Д.Мөнхбаяр эгч ирээд баяр хүргэсэн.

-Манай сонины нэрэмжит “Жанжны мэргэн буудагч” тэм­цээнд үе үеийн мэргэн бучид цэц сорьдог. Та энэ тэмцээнд амжилттай оролцож, түрүүлсэн. Энэ тэмцээнийг үнэлж, дүгнэдэг бодлоо хуваалцана уу?

-Хоёр старттай энэхүү тэмцээнд 2009 онд анх оролцож спортын мастерын болзол биелүүлсэн. Анхны спортын цол зэрэг авсан тэмцээн учраас дотно байдаг. “Монголын үнэн” сонины нэрэмжит “Жанжны мэргэн буудагч” тэмцээн оны эхэнд болдог учраас буудлагынхан оролцож, тэр жилийнхээ өнгийг тодорхойлж, бэлтгэлийнхээ үр дүнг хардгаараа онцлог. Монголын буудлага спортын холбооноос хөгжлийг хурдасгах, өндөр түвшинд барих бодлого баримталдаг. Мэргэжлийн сонгон шалгаруулалт, дотоодын өрсөлдөөнийг үүсгэж байна.  Олон улсын тэмцээний эр­хийг  дотооддоо хоёр, гурван тэм­цээний нийлбэр оноогоор авдаг. Энэ утгаараа “Жанжны мэргэн буудагч” дотоодын чухал тэмцээн.

-Та буудлагаар хэдэн жил хичээллэж байна. Спортод тууш­тай, үнэнч байхад тань юу нөлөөлсөн бэ?

-Буудлагын спортоор 2008 оноос хичээллэсэн. Аав минь багаас л “Хүүгээ буудлага спортоор хи­чээллүүлнэ” гэдэг байв. Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороонд 2009 оноос харьяалагдан бэлтгэл хийж байна. Армийн ахлах ахлагч цолтой. Зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө хурцалж ирсэн. Бэлтгэлээ тасалсан өдөр, буудлагаа бодоогүй хором мөч үгүй. Энэ спортод нэвт орж, залуу насаа зориулж байна даа. Ер нь хичээл зүтгэл, зорилготой хүн бүрд нас харгалзалгүй буудлагын спорт нээлттэй байдаг.  50 наснаасаа хичээллээд 58-тайдаа олимпын аварга болсон түүх бий. Сиднейн олимпод 70 настай тамирчин хүрэл, 18 настай тамирчин алтан медаль хүртсэн.

-Таны эхнэр Г.Хэрлэнцэцэг олон улсын хэмжээний мастер, буудлагын  тамирчин. Таныг өнөөд­­­рийн амжилтад хүрэхэд ар гэрээ дааж, хувийн бэлтгэлээ хойш нь тавьсан байх даа?

-Эхнэр маань “Алдар” спорт хо­роонд харьяалагддаг цэргийн хүн.  Тив, дэлхийн гэхээсээ илүү цэрэг армийн тэмцээн, наадамд тогтмол амжилттай оролцдог. Швейцарын Тун хотод  2018 онд болсон армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр хүрэл медаль,  Уханьд  2019 онд зохион байгуулсан Дэлхийн цэргийн спортын VII наа­дамд хурдан буудлагын төрөлд мөнгөн медаль хүртсэн. Бид холи­мог багийн төрөлд хамт оролцдог. Азийн аваргаар холимог төрөлд бид финалдсан.Улсын аваргад 2022 онд оролцон Монгол Улсын холимог багийн рекордыг тогтоосон. Энэ амжилтаа  өнөөдөр (нэгдүгээр сарын 25-нд) таван оноогоор ахиулж шинэчиллээ. Манайх дөр­вөн хүүхэдтэй. Олим­пын циклд бэлтгэл  хийдэг тамирчин олон хүүхэд төрүүлж, ар гэртээ анхаа­рал хандуулахаар бэлтгэл тасалдах завсардах гээд байдаг. Одоо эхнэрийнхээ спортын карьерт түлхүү анхаарна.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24582/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 8 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 12 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 12 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 12 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 12 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 13 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 13 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 13 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 13 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 13 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 13 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 13 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 14 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 14 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 14 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 14 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 14 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 14 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 14 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 15 цагийн өмнө