Марафон:
БНХАУ-ын Хонконг хотноо зохион байгуулсан 19 дэх удаагийн марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд манай улсын тамирчин Г.Хишигсайхан 2 цаг 33 мин 50 секундийн амжилтаар тэргүүлж, Ази тивийн аварга болжээ.
Уулын цана:
"Канвон-2024" залуучуудын өвлийн олимпын наадмын эмэгтэйчүүдийн уулын цанын жиант слам төрлийн хоёр дахь гараа болж, медальтнууд тодорлоо. Энэ төрөлд өрсөлдсөн манай тамирчин Х.Халиун хоёр гараагаа амжилттай дуусгаж, 2:36.23 минутын үзүүлэлтээр 42-т бичигдлээ.
Тэшүүр:
Италийн Ломбардиа мужид энэ сарын 12-нд эхэлсэн Дэлхийн мастеруудын өвлийн III наадамд 64 орны 3000 гаруй тамирчин спортын 11 төрөлд өрсөлдөж байна. Манай улсаас тус наадамд цана, тэшүүрийн төрлөөр Ц.Оюунцэцэг ахлагчтай 22 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож буй. Тэгвэл гүйлтийн тэшүүрээр 500 метрийн зайд ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл медаль хүртлээ.
Биатлон:
"Канвон-2024" залуучуудын өвлийн олимпын наадмын биатлоны эрэгтэйчүүдийн 7.5 км-ийн спринт уралдаан өндөрлөлөө. Энэ төрөлд нийт 99 тамирчин уралдсанаас манай тамирчин Б.Сүхбат зургаан сум алдаж буудан тэргүүлэгчээс 5:15.9 минут хоцрон 75-д орсон бол Т.Амарсанаа 78-д (+5:43.2), Б.Тэмүүжин 88-д (+7:40.1) тус тус жагслаа.
Сагсан бөмбөг:
Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын тоглолтууд энэ долоо хоногт өндөрлөж, ирэх долоо хоногоос плей-офф эхэлнэ. Улирал хэвийх тийш хандаж, багууд хэн нь плей-оффт орох, хэн нь дээд лигтээ үлдэх вэ гэх ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, тоглолт бүр чухал болжээ. Үүний хажуугаар ч улирлын MVP буюу "Үнэ цэнтэй тоглогч"-ийн шагнал хэнд очих вэ гэдэг сонирхолтой асуултын хариулт сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг татаж байна.
Мото спорт:
Саудын Арабын Альула хотод авто, мото спортын “Дакар ралли-2024” уралдаан боллоо. Уралдаанд 187 багийн 778 тамирчин 434 тээврийн хэрэгсэлтэйгээр 7891 км замыг туулж өрсөлдсөн байна. Мотоциклийн төрөлд Монголын тамирчин Ч.Ганзориг өрсөлджээ.
Үндэсний бөх:
М.Бадарчийг шүүх Спортын арбитрын шүүх хурал ирэх сарын 21-нд товлогдлоо. Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Ингэхэд Монгол улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн билээ.
Мөсөнд авиралт:
Франц улсад мөсөнд авиралтын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд Монголын долоон тамирчин өрсөлдөхөд 20 хүртэлх насны эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Б.Мөнхбаатар алтан медаль хүртлээ. Харин 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн ангилалд Ц.Анар хүрэл, эрэгтэйчүүдийн 18 хүртэлх насны ангилалд А.Зоригтбаатар хүрэл медаль хүртсэн байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24582/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна