Далан мянган жилийн турш дэлхий ертөнцийн байдаг л нэгэн амьтан байсан хүн төрөлхтнийг хөгжлийн алхам бүр нь өнөөгийн өндөрлөгт авч иржээ. Тэгвэл дараагийн алхам бидэнд юу авчрах бол?
Монголчуудыг морьтон түмэн гэдэг. Төрийн сүлдэндээ хүлэг морио хүндэтгэн залсан улс. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн хүлэг улс” гэдэг нэршлийг хэрэглэсэн болов уу. Бид 1990 онд нийгмийн тогтолцооны реформ хийж, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн даяаршсан эдийн засгийн нэг эд эс болон урагшилж байна. Шинэтгэлээс өмнө Монгол Улс улс төр, эдийн засгийн хувьд алсаас хараат байдлаар хөгжлөө тодорхойлж байсан бол 30 жилийн дараа “Алсын хараа”-гаа тодорхойлсон. Хүрэх газраа харсан "Азийн хүлэг улс” ийн хөгжлийн замд орон хатируулж эхлэв.
Хөгжлийн дараагийн шат руу хэрхэн гарах билээ
Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичгийг Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх олон санал санаачилгыг эрдэмтэн мэргэд гаргасаар байна. Тэгвэл Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний алхам нь хөгжил, нийгэм эдийн засаг, улс төр гээд ер нь л улс эх орноо бүтнээр нь оношлох ёстой юм байна. Шинэ сэргэлтийн бодлогын “Хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал Баасандаваагийн Дөлгөөн гэж модерн үеийн төлөөлөл болсон залуу Монгол Улсыг оношилж, сэргэлтийг хурдасгахаар шийджээ. “Өсөлтийн оношилгоо: Реформ хийх аргачлал” болон түүний орчуулсан, Матт Эндрьюс, Лант Притчет нарын бичсэн “Төрийн чадамжийг бүрдүүлэх нь” номууд бидэнд нийгмээ хэрхэн зөв оношлох, хөгжлийн гарц хаана байгааг заагаад өгчихөж байгаа юм биш үү. Эдийн засгийн талаар яаруухан дүгнэлттэй тааруухан дүнтэй би ойлгоод байгааг бодвол тун энгийн хэллэгтэй ойлгомжтой тайлбар зүүлттэй ном аж. Манай шилдэг нийтлэлч, эдийн засагчид “Монгол Улс эмнэлгийн орон дээр байна”, “Монгол Улс сэхээнд байна” гэцгээж байснаас оношлох хэрэгтэй гэж дуугарч байсан бил үү. Нийт 10 бүлэгт хуваасан “Өсөлтийн оношилгоо: Реформ хийх аргачлал” номоор өнөөгийн Монгол Улсын хөгжилд онош тавьжээ. Баасандаваагийн Дөлгөөн гэж хэн бэ? Тэрбээр Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн зөвлөлийн гишүүн юм. Б.Дөлгөөн нь 2007 онд АНУ-ын Коннектикат коллежид математикч, эдийн засагч мэргэжлээр бакалавр, 2018 онд Харвардын их сургуульд олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр цол авсан залуу аж.
Хөгжлийн дараагийн шат
Хувь хүний хөгжлөөс гадна улс орны хөгжлийн явц сайнтай муутай урд, хойноо орон урагшилж л байна. Хямрал, эрсдэлийг даван туулж дэлхийн нэг хүнд ногдох орлого 2021 оны байдлаар 11 мянган америк долларт хүрчээ. Судлаачид улс орны эдийн засгийн хөгжлийн зөрүүг олон хүчин зүйлтэй холбож судалдаг ажээ. Улс орны хөгжилд бодлогын үүрэг оролцоо чухал. Жил бүр дэлхийн улс орнууд олон бодлого гаргадаг ч амжилттай хэрэгждэг нь хавьгүй цөөн. Харвардын их сургуулийн профессор Лант Притчет, Матт Эндрьюс нарын хэлж буйгаар бодлого амжилттай хэрэгжих гурван үндсэн нөхцөл байдаг ажээ. Нэг дэх хүчин зүйл нь бодлого онолын хувьд “Асуудлаа” шийддэг байх ёстой. Хоёрдугаарт, улс төрийн дэмжлэг авах, гуравдугаарт тухайн бодлогыг хэрэгжүүлэх байгууллага уг бодлогыг хэрэгжүүлж чадах хэмжээний төрийн чадамжтай байх юм. Үүнийг “Ариун гурвал” гэж нэрийдсэн байна.
Тэгвэл хөгжил гэж юуг хэлэх вэ гэдэг асуултыг Б.Дөлгөөн асуужээ. Тэрбээр энэ асуултынхаа хариултыг “...эргэцүүлсний эцэст сүүлийн 30 жилд Монгол Улс хэр хөгжсөн бэ гэдэг асуултад хариулъя. Тийм ээ, бид улсаараа хөгжсөн. Гэхдээ зарим үзүүлэлтээр ухарсан ч явдал бий. Бид хөгжлийг хэмжихдээ нэг үзүүлэлтээр харьцуулан дүгнэх нь учир дутагдалтай. Өнөөдөр олон улсад хөгжлийг дөрвөн хэмжээсээр тодорхойлж, түүгээр хэмжиж байна. Эдгээр нь:
1.Эдийн засгийн хэмжээс
2.Улс төрийн хэмжээс
3.Нийгмийн хэмжээс
4.Төр захиргааны хэмжээс юм” гэжээ.
Эдийн засгийн хэмжээсийг өрхийн орлого зарлагатай холбон тайлбарласан нь мэргэжлийн бус хүнд ойлгоход дөхөмтэй болгожээ. Тэрбээр “Өрхийн орлогын өсөлт, бууралт мөн бодит орлого амьжиргааны түвшинтэй харьцуулахад хэр байна гэдэгтэй уялддаг. Орлого өснө гэдэг тэдний бүтээмж өсөж буйг харуулсан үзүүлэлт юм. Бүтээмжээ өргөн хүрээнд нэмэгдүүлснээр улс орон хөгжиж байна гэж үздэг. Манай улс эдийн засгаа их хэмжээгээр тэлэх тусам энэхүү хэмжээсээр илүү хурдтай хөгжиж байна гэж ойлгох хэрэгтэй” гэжээ. Үүнийг дараагийн бүлгүүдэд графикаар дэлгэрүүлэн тайлбарласан нь залхуу сурагчдаа ойлгуулахыг хичээх уйгагүй багшийн дүр санаанд буух. Улс төрийн хэмжээсийн тухайд дэлхийн улс орнуудаар жишээ аван тайлбарласан байна. Энэ нь нэлээд ярвигтай. “Тухайн улсад эрх мэдэл хэрхэн шилжиж, Засгийн газар болон парламент нь ард иргэдийнхээ хүсэл эрмэлзэл, эрх ашгийг хамгаалах чиглэлээр хэр ажиллаж байгаагаар тодорхойлдог” гэнэ. Монгол Улс 1990 онд ардчилсан тогтолцоог сонгосноор НҮБ-ын гишүүн 193 орноос ардчилсан тогтолцоотой гэж тодорхойлогддог 164 орны нэг болсон байдаг. Нэг намын тогтолцоотой улс төрийн системийг халснаар иргэд сонгуульд санал өгөх замаар төрд хүсэл сонирхлоо төлөөлүүлж, илэрхийлж чаддаг болсон нь бидний хувьд том амжилт. Энэ амжилтыг оролцуулаад “Хэдийгээр одоогийн сонгуулийн тогтолцоонд тодорхой гажуудлууд гарч буй учраас манай улсад ардчилал төгс оршиж байгаа гэж хэлэхгүй ч улс төрийн хэмжээсээр бид ахиж явна” хэмээн Б.Дөлгөөн өгүүлжээ. “Нийгмийн хэмжээс” нь миний хувьд хамгийн сонирхол татсан хэмжээс байлаа. Хэдийгээр тэгш эрхт нийгмийг бүтээхийн төлөө хүн бүр хичээн зүтгэх ч “Боломж”-ийн хүлээсэнд цөхөрч ухарсан хэн нэгэн Цэцэгээ, Батаагийн төлөө. Яагаад Цэцэгээ, Батаа вэ гэж үү. Б.Дөлгөөн номдоо ийн иш татсан байсан юм л даа. Энд хамгийн түрүүнд анхаарал татсан жишээ бол бидний амьдралын чанарын талаар байлаа. Хөгжил гэж юу юм бэ. Иргэдийн сэтгэл хангалуун ажиллаж амьдрах таатай нөхцөл, сурч боловсрох эрх, олсон боловсролоороо элбэг хангалуун амьдралыг өөртөө бүтээх. Тэгш бус боловсролын систем амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг талаарх олон нийтийн мэддэг ч тэр бүр яриад байдаггүй сэдвийг Цэцэгээ, Батаагийн амьдралын чанараар ялган бичжээ. Тэрбээр нийгмийн хэмжээсийн талаарх тайлбар хэсгийнхээ төгсгөлд “Аливаа улсын нийгмийн хэмжээсийг Цэцэгээ, Батаа хоёрын хоорондох амьдралын боломжийн зөрүүг арилгах явдал юм. Энэхүү зөрүү нэмэгдэж байвал нийгмийн хэмжээсээр тухайн улс ухарч байна гэсэн үг” хэмээн цохон тэмдэглэсэн байна. Түүний орчуулсан “Төрийн чадамжийг бэхжүүлэх нь” номын зохиолчийн нэг Харвардын их сургуулийн профессор асан Лант Притчет улс орнуудын төрийн чадамж хэрхэн өөрчлөгдөж буй талаар судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд 130-аад орныг : Төрийн чадамж нь хурдтай нэмэгдэж байгаа, хурдтай чадамж нь буурч байгаа. Төрийн чадамж нь нэмэгдэж байгаа, буурч байгаа гэж дөрөв хувааж үзсэнээс Монгол Улсын төрийн чадамж 1996-2012 оны хооронд хурдтай буурч байгаа ангилалд нь оржээ. Ер нь аливаа улс орны эдгээр дөрвөн хэмжээсийн аль нэг нь буурч, зарим нь буурч байх боломжтойг өгүүлсэн байна. Тийм болохоор эдгээр дөрвөн хэмжээсийн нийлсэн хувилбараар тухайн улс орны хөгжлийг ерөнхийд нь дүгнэдэг гэнэ.
Дөрвөн хэмжээсээр хөгжил рүү хурдлахуй
Б.Дөлгөөний дөрвөн хэмжээсээр оношлох нь хөгжлийн суурь хэмжээс ч болдог ажээ. Үүнийг тэрбээр эрхзүйт систем хэмээн тодорхойлоод: Эдийн засгийн хэмжээс хөгжсөний үр дүнд хүмүүсийн ур чадвар сайжирч эдгээр нь худалдааны эргэлтэд орохоороо бүтээмж нэмэгдэж улмаар эдийн засгийг хурдасгадаг гэнэ. Нийгмийн хэмжээс өссөний үр дүнд шашин шүтлэг, угсаа гарвал зэрэг хувь хүний төрөлх чанарууд нь хүний амьдралын чухал шийдвэрт ач холбогдол бага болж, хүчтэй ч нөлөөлөхөө больдог. Өнөөгийн сүлэлдэн суугч нийгмийг энэхүү тодорхойлолтоор дүгнэвээс нэлээд инээдтэй дүр зураг буух аж. Улс төрийн хэмжээс хөгжсөний үр дүнд ард түмэн удирдагчаа өөрсдөө сонгох боломжтой болж, нийгмийг удирдах удирдлагын тогтолцоо нь ард иргэдийн хүсэл эрмэлзлийг илүү сайн илэрхийлдэг болж хувьсдаг ажээ. Харин төрийн чадамж нэмэгдэх тусам төрийн алба илүү өргөн хүрээний, хамаагүй ээдрээтэй, маргаан дагуулсан асуудлуудыг барьж авч шийдвэрлэх чадвартай болдог хэмээн өгүүлжээ. Эдгээр хөгжлийн дөрвөн хэмжээсийг бичиглэн суухдаа би вээр хүний амьдралын чанар, сэтгэл ханамж өөрөө ардчиллыг хамгаалагч хийгээд хөгжлийн түлхэх хүч болдог ажээ хэмээн зүрх гарган бодсоноо өгүүлэх юун.
Хөгжлийн суурь хүчин зүйлс бас хавсарга хүчин зүйлстэй. Гэхдээ хавсарга хүчин зүйл гэхээр ач холбогдол багатай гэсэн үг биш хэмээн Б.Дөлгөөн өгүүлээд эдгээр хавсарга хүчин зүйлсийн нэг үзүүлэлтээр хүүхдийн эндэгдлийг жишээ татан бичсэн байна.
Уншаад үзвэл их сонирхолтой. Эдийн засгийн уйтгартай сэдвийг ингэж бичиж болдог л юм байна. Тэгээд “Бид онол практикийг нэгтгэчихсэн. Бүтэж байгаа юм байхгүй, хэн ч учрыг нь мэдэхгүй” гэж суут эрдэмтэн Альберт Эйнштейний хэлсэн үгээр нийтлэлээ төгсгөе. Тэнд нүд алдаж, цээж тэнийм тал бий Данко.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24584/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна