“Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ хуралдаж, 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөг буюу 1072 хувьцаа эзэмшигч иргэн бүрдээ 285 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.
Засгийн газраас тус компанид онцгой дэглэм тогтоон, нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулсны үр дүнд үйл ажиллагаа нь эрс сайжирсан билээ.
Тус компани 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Ингэснээр 1072 хувьцаатай Монгол Улсын иргэн татварын дараах дүнгээр 256 000 төгрөгийн ногдол ашиг хүртэх тооцоо гарчээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цахим хуудасдаа мэдээлж, “Эх орныхоо эрдэнэс баялгаас иргэн бүр хүртдэг шинэ сайн жишиг тогтож байна. Ийнхүү сайн жишиг хэвшин батжиж, компанийн ашиг нэмэгдэхийн хэрээр иргэдийн хүртэх үр өгөөж жилээс жилд өссөөр байх болно.” гэдгийг онцолжээ.
Уг ногдол ашгийг 2024 оны гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд багтаан олгох аж.
Жич, УИХ-ын тогтоол, Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2022 оны 1072 хувьцааны ногдол ашиг болох 104000 төгрөгийг иргэдийн данс руу шилжүүлэх ажил өнөөдрийн байдлаар 97 хувьтай байна.
Н.Энх
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна