УИХ-ын тогтоол, Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны ногдол ашгийг олгож эхлээд байгаа билээ. Энэ удаад 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэдийг шинээр 1072 ширхэг энгийн хувьцаа эзэмшигчээр нэмж, ногдол ашиг олгож байгаа билээ.
Анх 2012 онд 2.8 сая иргэн хувьцаа эзэмшигч байжээ. 2015 онд тухайн үеийн Засгийн газрын шийдвэр болох “Сайн хувьцаа” хөтөлбөрийн хүрээнд хувьцаа эзэмшигчдийн тоо цөөрсөн. Учир нь 385 мянган иргэн “Сайн хувьцаа” хөтөлбөрийн хүрээнд тухайн үеийн ханшаар нэг хувьцааг 933 төгрөгөөр үнэлэн, “Эрдэнэс Тавантолгой” компанид буцаан зарсан байдаг. Мөн зарим хэсэг нь хувьцаагаа бүтэн болон цөөн хэлбэрээр арилжсан байна. Иймээс давхардахгүй байдлаар Монгол Улсын 3.2 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болж, ногдол ашгаа хүртэж байна.
2023 оны хүлээгдэж байгаа урьдчилсан дүнгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цэвэр ашиг 3.2 их наяд төгрөг гэсэн тооцоо гарсан байна. Хоёрдугаар сарын 10-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК эцсийн байдлаар тайлангаа гаргана. Үүнээс хойш 30-50 хоногийн дотор төрийн аудитын байгууллага аудит хийдэг. Аудит хийсний дараагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ шийдвэр гаргаж, тухайн жилийн ногдол ашгийг тараах ажил эхэлнэ. Засгийн газраас энэ ажлыг 2024 оны гуравдугаар сарын сүүлийн долоо хоног, дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтаан зохион байгуулах үүрэг чиглэлийг өгсөн байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны нэгж хувьцаа 104 мянга, 2023 оных 257 мянган төгрөг болж нэмэгджээ. Энэ өсөлтөөс компанийн засаглалыг сайжруулж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж, ашигтай ажиллах боломжийг улам бүр сайжруулж, засаглалд тавих иргэд, хувьцаа эзэмшигчдийн хяналтыг бодитой, тодорхой болгох тусам ногдол ашиг нэмэгдэнэ гэсэн дүр зураг харагдаж байна. Дээрх өсөлтөөр борлуулалт, эдийн засгийн үр өгөөжийг тооцвол дараа жил энэ жилийнхээс хоёр дахин их ногдол ашиг авах боломж бий болж байна.
“Эрдэнэс Монгол” нэгдэл байгуулагдаад 16 жил болж байна. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” өөрийн орлого байхгүй, өөрийн удирдлагад байгаа охин болон хамаарал бүхий харьяат компаниудыг шууд удирдах эрх, нөхцөл дүрмийн зохицуулалтаараа шууд баталгаажаагүй байсан. Тэгвэл 2022 оны арванхоёрдугаар сар, 2023 оны нэгдүгээр сард “Эрдэнэс Монгол” нэгдлийн дүрэмд өөрчлөлт оруулсан. Олон улсын хөрөнгө оруулалтын групп компаниудын түвшинд очсон том өөрчлөлтийг дүрэмд хийж чадсан. Энэ өөрчлөлтийн үр дүнгээр улс төрийн шийдвэргүйгээр төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх боломж нь бүрдсэн.
Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласан. Энэ хүрээнд “5Ш” ажиллагааг зохион байгууллаа. Энэ ажиллагаа зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК биш Монголын төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газар, орон нутгийн түвшинд идэвхтэй өрнөснөөр үр дүн нь эерэг гарсан. Засгийн газраас гуравдугаар сард “5Ш” ажиллагааны үр дүнгийн тайланг олон нийтэд тавихаар зорин ажиллаж байна.
Басхүү “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, нүүрсний борлуулалт, хувьцаа эзэмшигчдэд олгож байгаа ногдол ашиг зэрэг нь сайжирсны том шалтгаан нь Бүрэн эрхт төлөөлөгчийг томилж, ажиллуулсны үр дүн бодитой гарлаа гэдгийг Засгийн газар дүгнэж байна” хэмээн онцолж байсан. Ингээд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2022 оны ногдол ашгийг олгох явц хэрхэн өрнөж байгаа талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн Захиргаа, хууль эрх зүй, санхүүгийн газрын захирал Ж.АМАРСАЙХАН-тай ярилцлаа.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны ногдол ашгийг олгож байна. Танай төв өнөөдрийн байдлаар хэчнээн иргэнд ногдол ашиг олгоод байна вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны ногдол ашгийн гүйлгээг нийтдээ 3204425 иргэнд илгээсэн. Үүнээс 3186391 иргэний гүйлгээ амжилттай хийгдэж, арилжааны банкны дансаар шилжсэн. Тодруулбал дээрх иргэд ногдол ашгаа аваад байна. Энэ нь хувьцааны ногдол ашиг авах иргэдийн нийт 97 хувь нь юм.
-Үлдсэн гурван хувийнх нь ногдол ашиг яагаад орохгүй, дансны гүйлгээ буцаж байна вэ?
-Үлдсэн гурван хувь буюу 18 мянган иргэний дансны гүйлгээ буцсан. Иргэд маань овог, нэр, регистрийн дугаар болон арилжааны банкны дансны дугаараа өөрчилдөг. Улсын бүртгэлийн ерөнхий газраар овог, нэр, регистрийн дугаарын өөрчлөлт хийлгэчихээд бүртгэлтэй үнэт цаасны компани дээрээ өөрчлөлтөө мэдэгдэж, баталгаажуулаагүй байдаг. Мөн арилжааны банкаа болон нэг арилжааны банк дахь дансаа өөрчилсөн бол үнэт цаасны компанидаа мэдэгдэж, шинэчлэх хэрэгтэй байна.
Үнэт цаасны компанидаа өөрчлөлт, шинэчлэлтээ мэдэгдээгүйгээс болоод өмнөх овог, нэр, регистрээр нь банкны данс руу нь гүйлгээгээ бид явуулдаг. Гэтэл аль нэг нь зөрснөөс гүйлгээ буцаж байна. Гүйлгээ буцаж байгаа үндсэн шалтгаан нь энэ юм. Тиймээс иргэд үнэт цаасны компанидаа очиж идэвхтэй байгаа арилжааны банкны дансаа өгөх хэрэгтэй. Тухайн үнэт цаасны компани дээр иргэний бүртгэл өөрчлөгдөхөд манай төвд шинэчилсэн мэдээлэл автоматаар өөрчлөгдөнө. Иргэний арилжааны банкны зөв данс ирвэл бид ногдол ашгийг шуурхай шилжүүлнэ.
-Хэчнээн банкаар дамжуулж иргэдэд ногдол ашгийн мөнгийг шилжүүлж байна вэ?
-Төрийн банк, ХААН, Голомт, Капиторан, ХАС, Худалдаа хөгжлийн банк, Кредит, Ариг, Богд гээд нийт есөн арилжааны банкаар дамжуулан ногдол ашгийн мөнгийг шилжүүлж байна.
-Шинээр ногдол ашиг авч байгаа хүүхдүүдэд “Хүүхдийн мөнгө”-ний дансаар нь ногдол ашгийг олгож байгаа. Гэтэл хүүхдийн мөнгө нь сар бүр орж ирж байгаа ч ногдол ашиг нь одоо хүртэл орж ирээгүй байна гэсэн асуулт иргэдээс их ирж байна. Мөн гадаадад байгаа иргэдийн ногдол ашиг дансанд нь орж ирээгүй байна. Энэ талаар тайлбарлахгүй юу?
-Сүүлийн зургаан сар арилжааны банкны дансаараа гүйлгээ хийгээгүй тохиолдолд банк өөрөө тухайн иргэний дансыг автоматаар царцаачихдаг. Тиймээс тухайн иргэн арилжааны банкны дансаа шалгаж, лавлаж асуугаарай. Мөн дээр тайлбарласанчлан, хувийн бүртгэлээ өөрчилчихөөд, үнэт цаасны компанидаа мэдэгдэж, шинэчлээгүй тохиолдол байна. Ер нь ихэвчлэн хүүхдийн мөнгөө Төрийн банкаар авдаг байснаа солиулж, ХААН банкаар сольсноо үнэт цаасны компанидаа мэдэгдээгүй байна. Тиймээс бидэнд Төрийн банкаар хүүхдийн мөнгө авдаг хуучин мэдээлэл нь байдаг.
-Энэ удаад ногдол ашгийг арилжааны банк дахь хүүхдийн мөнгөний дансаар олгосон. Цаашдаа үнэт цаасны данс заавал нээлгэх хэрэгтэй юу?
-УИХ-ын тогтоолоор шинээр төрсөн буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 12 болон түүнээс хойш төрсөн хүүхдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг олгож байна. Энэ хүүхдүүдэд үнэт цаасны данс нээлгээгүй ч гэсэн хүүхдийн мөнгө авдаг данс руу нь ногдол ашиг хийсэн. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ гэрчилгээг аваад үнэт цаасны аль нэг компани дээр очоод үнэт цаасных нь дансыг нээлгэх хэрэгтэй.
Үнэт цаасны данс, арилжааны банкны данс гэдэг нь хоёр өөр ойлголт. Үнэт цаасны данс гэдэг нь үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бүртгэж, баталгаажуулах данс юм. Үнэт цаасны дансаа өнөөдөр идэвхтэй байгаа арилжааны банкны данстайгаа холболт хийдэг.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн 2022 оны ногдол ашгийг хэдий хугацаанд олгох бол. Тодорхой хугацаа заасан болов уу?
-2022 оны ногдол ашгийг олгож дуусах хугацаа заагаагүй. Гэхдээ манай байгууллага үлдсэн гурван хувь иргэний ногдол ашгийг арилжааны банкуудтай нь харилцаад, шуурхай шилжүүлэхээр ажиллаж байна. Тухайн хүний нэр дээр идэвхтэй данс байгаа эсэх талаар арилжааны банкуудтай харилцаж, менежмент хийж, ойрын хугацаанд ногдол ашгийг тарааж дуусгах зорилт тавин ажиллаж байна.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн 2023 оны ногдол ашгийг олгох бэлтгэл ажил хийж байна уу?
-Манай төв ногдол ашгийг амжилттай шилжүүлж, гүйлгээ хийсэн данснуудыг баталгаажуулж авна. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2023 оны ногдол ашгийг олгох бэлтгэл ажил болж байгаа юм. Тиймээс дараагийн ногдол ашиг олгоход 2-3 удаа гүйлгээ хийх чирэгдэл гарахгүй.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг хэрхэн худалдан авах вэ, хувьцаагаа яаж зарах вэ гэсэн иргэдийн асуулт их ирж байна. Мөн хувьцааг өвлүүлэхэд ямар баримт бичиг шаардлагатай вэ?
-2024 оны УИХ-ын хаврын чуулганаар Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэн батална. Энэ хуульд нас барсан хүний “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг хэрхэн өвлүүлэх талаарх заалтыг тусгасан. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг хоёрдогч зах зээлд гаргаж, иргэд хувьцаагаа хөрөнгийн зах дээр нээлттэй худалдах, худалдан авах эрх нь нээгдэх эсэхийг Баялгийн сангийн тухай хуулиар шийднэ.
Энэ удаад “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2022 оны ногдол ашгийг олгож, хууль эрх зүйн зарим асуудлыг Баялгийн сангийн тухай хуулиар шийдвэрлэнэ гэж заасан.
-Иргэд ногдол ашиг авч эхэлснээр үнэт цаасны данс нээлгэж байна уу. Танайд хэр хандаж байна вэ?
-Иргэд үнэт цаасны компаниудад үнэт цаасны данс их нээлгэж байна. Үнэт цаасны компаниудаас шинэ данс их орж ирж байна. Цаашдаа ч иргэд маань иргэний үүргээ биелүүлж, үнэт цаасны дансаа нээлгэж, арилжааны банкны идэвхтэй данстайгаа холбож өгөхөд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.
-Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хөрөнгийн зах зээлд төвлөрч үйл ажиллагаагаа явуулдаг. Хөрөнгийн зах зээлд иргэдийн оролцоо бага байна гэдэг. Сүүлийн үед хэр идэвхжиж байгаа бол?
-Манайх хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн гол байгууллага. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь хувьцаа, бонд, үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг нь бүртгэж, баталгаажуулж, хадгалж, үнэт цаасны төлбөрийг хийж, ногдол ашиг тараах зэрэг төлбөрийн үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдөр СЗХ-ноос тусгай зөвшөөрөл авсан цаасны 52 үнэт компани байна.
Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо маш их нэмэгдэж байна. Жишээлбэл, 2022 онд 5.6 их наяд төгрөгийн үнэлгээтэй байсан бол 2023 оны жилийн эцсээр үнэлгээ нь 11 их наяд төгрөгийн эргэлттэй болсон байна. Энэ нь иргэд, аж ахуйн нэгж хөрөнгийн зах зээлд оролцох сонирхол их болсныг харуулж байна. Өнөөдрийн байдлаар 486 аж ахуйн нэгж “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч байна.
Н.Энхбат
Эх сурвалж: Монголын үнэн сонин №006/24585/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна