А.Цогцэцэг: Эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлж, эх орондоо валют оруулж ирэх боломжийг бүрдүүлсэн


“Дугаарын зочин” буландаа Монгол Улсын Эрүүл мэндийн сайд асан, Эрүүлийг хамгаалахын  гавьяат ажилтан А.Цогцэцэгийг урьж ярилцлаа. 

 

-Шинэ жилийн өмнөхөн өвөл­жилт хүндэрсэн Архангай аймгийн сумдыг зорьж, малчны хотонд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн эмч нарын багийг ахлан ажилласан талаар ярилцлагаа эхлүүлье.

-Юуны өмнө эрхэм уншигч таньд “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн мэндийг хүргэе. Энэ жилийн хувьд цас ихтэй хүндхэн өвөл болж, малчдын хотонд хүн нь ч, мал нь ч их зутарсан байна. Нэг ёсны байгалийн том шалгуур явчихлаа.   Миний бие эмч хүнийхээ хувьд хүнд хэцүү цагт   сум орон нутгийн ард иргэд болон алслагдсан багийн малчдын эрүүл мэндэд анхаарч, зөвлөх эмч нарын хоёр багийг ахалж 2000 гаруй иргэнд үзлэг оношилгоо хийгээд ирсэн. Цас ихтэй, машин унаа явахгүй, эм тариандаа ч хүрч чадахгүй хүнд цагт малчдын хотонд дүрс оношилгооны тоног төхөөрөмжтэй нарийн мэргэжлийн эмч нар очиж үзлэг оношилгоо хийснээрээ онцлог байлаа. Бид эм тариатайгаа явсан тул газар дээр нь  зарим шаардлагатай гэж үзсэн хүмүүсдээ эмчилгээг нь үнэ төлбөргүй хийх, зарим иргэнийг сумын эмнэлэгт нь хүргэх, заримыг нь хот руу төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт илгээх зэрэг зохицуулалтыг хийсэн. Энэ л тэдэнд үзүүлэх миний тус юм даа.

-Ийн үзлэгээр явахад орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн боловсрол ямар хэмжээнд байна вэ?

-Зөвхөн орон нутгийн иргэд ч биш ер нь монголчууд өөрийнхөө эрүүл мэндэд огт анхаарахгүй, аливаа өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх, эрүүл мэндийн боловсрол гэдэг талаар ойлголтгүй 100 жилийг ардаа орхижээ. Дэлхий нийтийн чиг хандлага ч эрүүл мэндийн боловсрол, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах тал дээр онцгойлон анхаардаг. Аливаа өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх нь тухайн хүний амь насыг аврахаас гадна санхүүгийн хувьд улс оронд ч, хувь хүнд нь ч өндөр ач холбогдолтой байдаг. Харин сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газраас эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгийг эрчимтэй зохион байгуулж байгаа нь үнэхээр талархууштай байна.

Монгол орны газар зүйн байрлал өргөн уудам газар нутаг, тархай бутархай хүн амын суурьшил зэрэгт тохирсон ДЭМБ-ын "Хэнийг ч орхигдуулахгүй байх" үндсэн зарчмыг хэрэгжүүлэхийн тулд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ маш чухал. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайн хүргэж, урьдчилан сэргийлэх нь өвчин эмгэгтэй болж санхүүгийн эрсдэлд орсноос 2-3 дахин бага зардал гардаг гэдгийг шинжлэх ухаанаар нотолсон. Иймд бид дараагийн зуунд эрүүл мэндийн боловсрол, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэхэд хаана хаанаа анхаарах шаардлагатай. Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг алслагдсан хөдөө орон нутагт ялангуяа малчдын эрүүл мэнд тулгамдаж буй асуудлын нэг мөн үү гэвэл гарцаагүй мөн. Тухайлбал, тэд маш өндөр даралттай, зүрх судасны дутагдалд орчихсон, бөөрний дутагдалтай мөртлөө малаа хариулаад явж байна. Тиймээс хүндэрсэн үед нь тусламж авахад үр дүн бага байдгийг санах хэрэгтэй.  


-Таныг 2016 онд Төрийн сайдаар томилогдоход ард иргэд болон салбарынхан тань тун баяртайгаар хүлээж авсан. Танай салбарт олон жил мэргэжлийн бус сайд томилогдож зарим тохиолдолд сайдгүй ч явж ирсэн. Энэ их хүлээлт итгэл үнэмшил таны хувьд ямар санагдаж байсан бол?
-Тийм ээ. Ард иргэдийн болон салбарынхны хүлээлт маш их байсан нь надад алдаж болохгүй, амрах эрхгүй гэдгийг өдөр болгон сануулж байсан. Арга ч үгүй байх. Таны асууснаар олон жил мэргэжлийн сайдгүй бүр сайдгүй ч байж үзсэн шүү дээ. Харин 2016 онд УИХ-ын сонгуулийн үр дүнгээр "Мэргэжлийн" гэх тодотголтой Засгийн газар байгуулагдаж миний бие Эрүүл мэндийн сайдаар ажилласан түүхтэй. Түүхийн мөрийг цагаанаар үлдээх үү, хараар үлдээх үү гэдэг олон талын хичээл зүтгэл, сэтгэл оюун, хамт олон болон удирдлагуудын дэмжлэг, гэр бүлийнхний хайр халамж гээд олон зүйлээс шалтгаалдаг гэж би боддог. Намайг Монголын ард түмэн болон Эрүүл мэндийн салбарынхан миний “32 жил ажиллаж түүнээс 14 жил нь захирлыг нь хийсэн Арьсны өвчин судлалын үндэсний төвийг хэрхэн шинэчилж Монгол Улсдаа загвар эмнэлэг болгож, чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2010 эмнэлгээрээ бүтнээр нь нэвтрүүлсэн анхны байгууллага болгосон, эмч мэргэжилтнүүдээ хэрхэн 100 хувь гадаадад сургадаг, цэргийн казарм байсан барилгыг орчин үеийн тохилог эмнэлэг болгосон, эмнэлгийнхээ дэргэд арьсны архаг өвчтэй хүмүүсийн дахилтын хугацааг уртасгах өөрийн сувилал Хэнтий аймгийн Аваргатосонд байгуулсан, олон улсын түвшинд хүрсэн оношилгооны лаборатори байгуулсан, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг байсан зэргээр нь таних болсон нь тэднийг энэхүү хүлээлтэд хүргэсэн болов уу гэж боддог. Ард түмний дунд “Энэ ч хийчих байх шүү, эсвэл чадахгүй дээ” гэдэг яриа бол тухайн хүний хийж бүтээсэн зам мөрөөр л үнэлдэг гэж би боддог. Ер нь би улсад 37 жил ажиллахдаа ээлжийн амралтаа бүтэн авч үзээгүй, бүтэн, хагассайнд алдаг оног амарсан байдаг юм. Энэ нь миний сул тал байх л даа. Гэхдээ л эхлүүлсэн ажлаа дуусгах гээд цаг нартай уралдаж явдаг буруу зуршилтай хүн юм билээ.
Ард түмэн болон тухайн салбарын хүлээлт итгэл үзүүлэх гэдэг явдал бол юугаар ч орлохооргүй том үүрэг даалгавар, том хариуцлага ногдуулж байна л гэж хүлээж авсан. Харамсалтай нь нэг жил гурван сар л надад ногдсон. Гэхдээ л ажил хийе гэсэн хүнд цаг хугацаа бага биш юм билээ. Хамгийн сонирхолтой нь АӨСҮТ-ийн захирлаар 14 жил ажиллахдаа 10 сайдтай ажилласан гэхээр нэг сайдын ажиллах жил 1.3 -1.4 жил л байгаа юм. Миний сайдаар ажиллах жил бас л энэ хавьцаа байсан. Энэ бол муу тогтолцоо. Тийм учраас би үүнийг мэдэх хүний хувиар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлаа эрэмбэлж маш шуурхай ажилдаа орсон. Сайн ч багтай ажилласан, салбарын хамт олон маань ч  миний гаргасан тушаал,  гаргуулсан тогтоол шийдвэрийг талархалтай хүлээн авч хурдтай хэрэгжүүлсэн. Үүнд нь миний бие одоо хүртэл тэдэндээ гүнээ талархаж бахархалтай явдаг.

“Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг ДЭМБ өндрөөр үнэлж загвар хөтөлбөр болгосон

-Монгол Улсын эрүүл мэндийн салбарт таныг сайд байхад ямар ахиц дэвшил гарав. Өөрчлөлт, шинэчлэлээ хэрхэн хэрэгжүүлэв?
-Эрүүл мэндийн салбарын хөгжлийг яривал иж бүрэн бодлогын шийдвэрийг л гаргах хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа бие биедээ харилцан хамааралтай бөгөөд аль нэгийг нь хийгээд орхивол тушаал шийдвэр хэрэгжихгүйгээр үл барам иргэд болон салбарынхны дунд хүлээгдэл, чирэгдэл, бухимдал үүсгэдэг. Иймд тулгамдсан асуудлаа цогцоор нь шийдвэрлэх ёстой. Тухайлбал, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулъя гэвэл хууль эрх зүйн орчин, санхүүжилт, хүний нөөц, мэдээллийн технологи, гадаад хамтын ажиллагаа гээд олон зүйл бүрэн байж тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан зохих түвшиндээ хүрч чаддаг гэсэн үг.
Надтай хамтарч ажилласан баг найман чиглэлээр  тогтолцооны томоохон өөрчлөлтийг хийснээрээ салбартаа шинэчлэлийн суурийг тавьсан гэж боддог. Юуны өмнө хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төр хувийн хэвшлийн түншлэл энэ салбарт хэрхэн хоршиж болох, санхүүжилтийн орчныг эрүүл мэндийн даатгалтай хэрхэн уялдуулах, эрүүл мэндийн салбарынхны хийсэн ажлынх нь хөлс нь санхүүжилттэйгээ хэрхэн уялдах, шат шатны тусламж үйлчилгээний чанарыг яаж сайжруулж хөгжүүлэх, шинэ технологийг хэрхэн нутагшуулах ингэснээрээ Монголдоо эмчлэгдэхгүй байгаа өвчний тоог хэрхэн бууруулж иргэн бүр эх орондоо элэг бүтэн эмчлүүлдэг болох гээд олон асуултын хариултыг өгсөн гэж боддог, оролцогч талууд ч ингэж үнэлдэг болов уу гэж хардаг. Аливаа   онгоц хөөрөхөд техникийн аюулгүй ажиллагаа хамгийн чухал. Харин хаана очих, осол авааргүй эсэн мэнд газардах  эхний суурь үзлэгээс ихээхэн шалтгаална гэж ойлгодог. Түүнээс хэн тууз хайчилсан нь чухал биш.

Эрүүл мэндийн салбарын төрөөс баримтлах 10 жилийн бодлогыг батлуулах, зургаан хуульд өөрчлөлт, хоёр хууль шинэчлэн найруулж үндэсний томоохон таван хөтөлбөрийг батлуулсан. Донорын тухай хууль, Нялх балчир хүүхдийн хоол хүнсний тухай хуулийг шинэчлэн найруулж, Эрүүгийн хууль, Нийгмийн даатгалын хуульд нэмэлт өөрчлөлт, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг эрүүлжүүлэх хуулийн өөрчлөлт оруулсан. Хөтөлбөрүүдийн тодорхой жишээ бол та бидний сайн мэдэх "ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ" хөтөлбөр юм. 

Энэхүү хөтөлбөрт 1.2 сая хүнийг хамруулж, 120 мянган хүн С вирустэй нь тогтоогдож идэвхжил ихтэй 70 мянга орчим хүн эмчилгээнд санхүүгийн эрсдэлгүй орж, өрх гэр бүл нь элэг бүтэн амьдарч байна. Тухайн үед уг хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлэх учраас Засгийн газарт мөнгө байхгүй, хүний нөөц, техник технологийн шийдэл олох гээд  ёстой л хийе гэвэл арга олдоно гэгчээр хөтөлбөрийг үр ашигтай, иргэдэд санхүүгийн дарамтгүй явуулах гэж олон санаа оноог уралдуулж ихэнхдээ салбарынхаа хувийн хэвшлийг татан оролцуулж гарах зардлыг нь ЭМД-аас санхүүжүүлсэн нь улсын эмнэлгийн ачааллыг хуваалцсан бодлогын шийдэл байсан. Элэгний С вирус идэвхжилтэй байх нь элэгний цирроз, хорт хавдарт хүргэдэг маш хор хөнөөлтэй өвчнийг дарж авсан даа. Энэхүү хөтөлбөрийг ДЭМБ өндрөөр үнэлж загвар хөтөлбөр болгосон. Эрүүл мэндийн яам түүхэндээ анх удаа Нийгмийн эрүүл мэндийн газартай болж, орон нутагт бүтцээ идэвхжүүлж олныг хамарсан аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэхийн ач холбогдлыг таниулсан.
-Таныг сайдаар ажиллаж байхад улс орны эдийн засаг хүндхэн байсан. Энэ үед та ямар аргаар Эрүүл мэндийн яамны санхүүжилтээ хамгаалж үлдэв. Энэ хүрээнд томоохон өөрчлөлтүүдийг хийсэн байдаг. Энэхүү өөрчлөлт танай салбарт хэрхэн үр ашгаа өгөв?
-Эрүүл мэндийн санхүүжилтийг "эрүүлжүүлэх" ганц арга бол Эрүүл мэндийн даатгалын санг ХНХЯ-аас салгаж тусад нь бие даалгах явдал гэж үзэн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийг 2017 оны зургадугаар сарын 2-ны УИХ-ын 40 дүгээр тогтоолоор бие даалгаж батлуулсан нь иргэн та даатгалаараа эмнэлгийн тусламжийг хүртээмжтэй, чанартай авах хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн. Ингэснээр иргэн хүн Эрүүл мэндийн даатгалаараа эмнэлгүүдийн өмчийн хэлбэрээс үл шалтгаалан санхүүгийн эрсдэл  багатай тусламжийг авдаг суурь нь тавигдсан. Та бүхэн томоохон хувийн эмнэлгээр үзүүлж байсан бол ЭМД-ын хөнгөлөлтийг улсын эмнэлэгтэй яг адил авах боломж нь бүрдсэн. Мөн түүнчлэн өвчний эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх тусламжид даатгалтай бол та өмчийн хэлбэр харгалзахгүйгээр төрийн болон хувийн эмнэлгүүдэд үзүүлж өвчнөөс эрт сэргийлэх боломж бүрдсэн гэсэн үг. Урьд нь бол ЭМД-ын мөнгө сандаа ихээхэн үлдэгдэлтэй төдийгүй түүнийгээ арилжааны банканд хадгалуулж асуудалд өртдөг, нөгөө талдаа иргэн хүнд даатгалын үр шим төдийлөн харагддаггүй гажуудал байсныг засаж залруулсан. Харин одоо бол үлдэгдэл байтугай хасах санхүүжилттэй болж даатгалын сангаа нэмэгдүүлэх арга, бодлого хайж байгаа. Цаашид даатгалын сангаа зузаатгахын тулд татвар нэмэх бус бодлогын шийдлүүдийг хийх, хууль эрх зүйн орчныг бий болгох боломжууд байгаа гэж хардаг. Тухайн үед би “Эрүүл мэндийн яам бол дан ганц улсын эмнэлгүүдийн яам биш ээ” гэж “Өдрийн сонин"-д томоохон ярилцлага өгч ЭМД болон Эрүүл мэндийн санхүүжүүлэлтийн асуудлуудыг сөхөж байсан. Өрхийн болон сумын эмнэлгийн санхүүжилтийг нэг дахин нэмж  таван тусламж үйлчилгээний зардлыг ЭМД-аас санхүүждэг болсон. Санхүүгийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх шаардлагагүй санхүүжилтийг царцаах замаар олон жил хураагдсан Эрүүл мэндийн сайдын багцын 16 тэрбум төгрөгийн өрийг тэглэж сайдын багц өргүй болсон байдаг.   Хот хөдөөд барьж дуусгаагүй барилгын 20 гаруй санхүүжилтийг олж шийдвэрлэж байсан. Эдгээр барилга нь багадаа дөрвөн жил ихэнхдээ 8-9 жил гацсан зарим нь шүүх цагдаагаар явчихсан байлаа. Эдгээр барилгыг ашиглалтад оруулснаар ковидын үед онцгой үүрэг гүйцэтгэсэн. Одоо үед ч үүргээ гүйцэтгэсээр байна. Дурдвал,  Яармагийн 300 ортой эмнэлэг, Гэмтлийн  эмнэлгийн Түлэнхийн төв, УХТЭ-ийн  дэргэд цөмийн бэсрэг үйлдвэртэй Үндэсний оношилгоо эмчилгээний төв, Халдвартын био аюулгүйн   гуравдугаар лаборатори, Сонгинохайрхан дүүргийн Загвар нэгдсэн эмнэлэг,  орон нутагт царцаагдсан том, жижиг барилга бүгд баригдаж эхлээд өнөөдөр үйлчлүүлэгчдээ авсан байна. Томоохон эмнэлгүүдийн тоног төхөөрөмжид эрс шинэчлэлт хийхийн зэрэгцээ  мэс заслын өрөөг вакум болгох, орчны тохижилтыг хийх, компьютер томографи, ангиографийн аппарат (судсан дотуур нарийн мэс засал хийх), дурангийн мэс заслын иж бүрдэл, молекул биологийн лабораторийн иж бүрдэл, рентген, эхоны аппарат, гэх мэт тоног төхөөрөмжөөр зөвхөн хотод биш орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийг хангасан. Намайг сайд болох хүртэл 21 аймгаас 17 нь хүчилтөрөгчөө хотоос зөөдөг байсан нь томоохон эрсдэлийг дагуулдаг байсан тул шат дараалан аймаг бүрд хүчилтөрөгчийн үйлдвэр барих төсөв хөрөнгийг дараа оны төсөвт нь суулгаж өгсөн.

Монгол эмч нарын ур чадвар сайн ч бодлогын алдаанууд чөдөр болдог

-Улс орны хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг төгс хүргэдэг тогтолцоог бий болгоход амаргүй байсан болов уу. Тэгвэл таны үед эмнэлгийн тусламж үйлчилгээнд доголдож байсан тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Эмнэлгийн тусламж үйлчилгээ­ний хүлээгдэл чирэгдлийг бууруулах хүртээмжийг нэмэг­дүүлэх, ялангуяа анхан болон дунд шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, лавлагаа, шатны эмнэлгүүдээ илүү шинэ технологид суурилсан тусламж үйлчилгээнд хүргэх зорилт тавьсан. Тийм ч учраас аймаг дүүргийн эмнэлгүүдийн техникийн чадамжийг нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээний нэр төрлийг олшруулах чиглэлд ажилласан. Тухайлбал, дээрх  эмнэлгүүдэд мэс заслын тасагтай болох орчныг бий болгох, хавдрын химийн эмчилгээг аймаг дүүрэгт мэргэжлийн түвшинд чанартай хийдэг болгох, эмч нараа сургах, хүлээгдэл чирэгдлийг багасгах, хувийн хэвшлийн томоохон эмнэлгүүдэд мэс заслын яаралтай тусламжийг хийлгэх, өндөр өртөгт мэс ажилбар хийдэг болгож улсын эмнэлэгтэй адил санхүүжилтийг даатгалаас олгох, 21 аймагт дурангийн мэс заслыг хөгжүүлэх, аймгуудад хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг барих зэрэг томоохон бодлогын шийдлүүдийг гаргасан. 

Үүнээс онцолбол, гемодиализийг (бөөр орлуулах) тусламж үйлчилгээний зардлыг төр хариуцаж, төр хувийн хэвшлийн хүрээнд үйлчлүүлэгчдийг санхүүгийн эрсдэлд оруулахгүй байх шийдвэрийг Засгийн газраар  гаргуулж байсан. Энэ нь тухайн өдрөөсөө уг үйлчилгээг авсан иргэдэд үр өгөөжөө өгч, хүлээгдэл чирэгдэл арилан, ёстой л тэдний хувьд тэнгэр цэлмэсэн өдөр нь болсон. Дараа нь гемодиализийн төвгүй аймгуудаа төвтэй болгож  21 аймагт диализийн төв бүрэн ажиллаж эхэлсэн. Өмнө нь нэг иргэн долоо хоногт 400 мянга орчим төгрөг, сардаа нэг сая 600 мянга, жилдээ 20-оод сая төгрөгөөр нэг жил амьд явах эрхээ худалдан авдаг байжээ. Гадагш явах эмчилгээний урсгалыг багасгах замаар эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төр хариуцах хэцүү бөгөөд хүндхэн шийдвэрийг гаргаж эх орондоо эрхтэн шилжүүлэн суулгах боломжийг бүрдүүлсэн. Одоогоор элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанууд орж байгаа цаашид өөр бусад эрхтэн  шилжүүлэх хагалгааг цогцоор нь хийх боломж бий. Ингэснээр өвчиндөө шаналсан иргэд магнай нь тэнийж, үйлчилгээ үзүүлж буй эмч ажилтнууд ур чадвараараа дэлхийн жишигт хүрч, Монгол Улсын анагаах ухаан дэлхийд тоогдож, хөгжлөөр буурай  бусад орнуудаас эрүүл мэндийн туризм авч, эх орондоо валют оруулж ирэх боломж ч байгаа гэж хардаг. Цаашилбал өндөр хөгжилтэй орны жишигт хүрч улмаар тэдэнтэй өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх суурь тавигдсан. Өмнө нь жилдээ  2-3 хүнд гадаад эмч нарын хамтарсан баг эрхтэн шилжүүлэн суулгадаг байсан бол одоо   жилдээ 40-45 хүнд элэг шилжүүлэн суулгаж,  өнөөдөр 250 хүнд элэг, 400 гаруй  хүнд бөөр шилжүүлэн суулгасан байна. 


Саяхан болж өнгөрсөн ковидын үед бүх улс орон хилээ хаасан. Энэ үед эдгээр хагалгаа Монголдоо нутагшуулаагүй байсан бол хэдэн гэр бүл өнчирч хоцрох байсан бол гэж бодохоор хийсэн ажлаараа, Монголын чадварлаг оюунлаг эмч нараараа өөрийн эрхгүй бахархдаг даа. Тэд маань ч намайгаа мартаагүй арга хэмжээ болгондоо хүндэт зочноор урьдагт нь баярлаж, урам авч цаашид тэдэндээ улам их туслахсан гэж бодож, тэднийгээ одоо ч гэсэн чадах бүхнээрээ дэмждэг. Тухайлбал, өнгөрсөн жил цусны хорт хавдартай хүнийг эмчлэх ясны чөмөгний үүдэл эсийг донороос шилжүүлэн суулгах хагалгаа хийх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө аавынхаа буян заяаг дэлгэрүүлэх зорилгоор байгуулсан "Аюуш" сангийн зардлаар АНУ-ын Техас мужийн Андерсон хавдрын эмнэлгийн цусны хавдраар төрөлжсөн эмч доктор Такахаши Койчи профессорыг урьж эхний хагалгааг хийлгэсэн нь маш үр дүнтэй, амжилттай болсон. Монголд эмчлэгдэхгүй 39 өвчнөөс 17-г нь эмчлэгдэх боломжтой болгож эмч нарын шаардлагатай баг гаргаж, 78 хүнийг гадаадад сургасан. Зарим нь энэхүү сурч мэдсэнээ эх орондоо ирж шинэ технологио нутагшуулж, сургагч багш нар болсон байна.  Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй томоохон эрсдэл дагуулдаг эх нялхсын эндэгдлийг бууруулж чадсан. Тухайлбал, эхийн эндэгдлийг гурав дахин, нялхсын эндэгдлийг 1.5 дахин бууруулсан.  Яаралтай тусламжид нисдэг тэрэг явуулах шийдвэр гаргаж томоохон эмнэлгүүд Гэмтэл, Эх нялхас зэрэг эмнэлгүүдийн гадаад талбайг УБ хотын захиргаатай хамтран барьж байгуулан, онцгой байдал, эрүүл мэндийн салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд  нисдэг тэрэгтэй болох асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлсэн нь өнөөдөр  амь нас нь эрсдэлд орсон иргэдийг тээвэрлэн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Улаанбаатар хотын алслагдсан гурван  дүүрэг болон 177 сумыг түргэний машинаар хангаж, яаралтай тусламжийг түргэн хугацаанд цаг алдалгүй үзүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ багийн эмч нарыг мотоциклээр хангах төсвийг дараа оных нь төсөвт суулгаж батлуулсан байдаг.  Теле медицинийг хөгжүүлэх чиглэлд аймаг, орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийг томоохон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдтэй холбосон нь алсын дуудлагын үр өгөөжийг дээшлүүлэх, цаг хэмнэх болон эдийн засгийн үр ашигтай томоохон ажил болсон юм.
-Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд таны үед ямар боломжууд гарч байсан бол. Одоо ч асуудал байсаар л байх шиг харагддаг?
-Салбарын ажилтнуудын цалин олон жил инфляцын түвшинтэйгээ уялдахгүй явж ирсэн нь том бэрхшээл байсан. Нөгөө талдаа хэт ажлын ачаалал нь ажлын байрны дарамтад оруулах нөхцөл бүрдэж байсан. Ер нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөр маш хүнд. Юутай ч эхний ээлжид сүрьеэгийн эмч ажилчдын цалинг 30 хувь нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраар батлуулсан. Энэ бол цалинг нь нэмэх эхлэл  байсан. Дараагийн том ажил бол ЭМД-ын санг бие даалгах шийдвэр нь эргээд тусламж үзүүлсэн эмч ажилтнуудад гүйцэтгэлээр нь санхүүжиж урамшуулал олгох гарцыг гаргаж өгсөн гэж хардаг. Харамсалтай нь цаг хугацааны хайчинд орж эхлүүлсэн ажлаа дуусгаж чадаагүй огцорсон нь харамсалтай. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд олон жил ажилласан асрагч нарыг туслах сувилагчаар бэлдэж ТҮЭМ-ийн цалингийн шатлалыг ахиулж оруулсан төдийгүй тусламж үйлчилгээний ачаалал, ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх, ингэснээрээ үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх боломж гэж харсан. Анх удаа хөдөө орон нутгийн болон  өрхийн эмч нарыг гадаадад сургалтад хамруулсан. Эрүүл мэндийн сайдын тэтгэлэгт хөтөлбөрийг анх удаа гаргаж, аав ээж нь эрүүл мэндийн салбарт хоёулаа ажиллаж буй айлын хүүхэд анагаах ухааны сургуульд сурахад нь сургалтын тэтгэлэг, шинэ технологи нэвтрүүлсэн эмч ажилчдад гурван сарын цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгодог болгосон.
-Монгол эмч нарын ур чадвар хэр байна вэ?
-Дэлхийн анагаах ухаан маш үсрэнгүй хөгжиж байна. Бид үүнтэй хүссэн хүсээгүй хөл нийлүүлэн алхах шаардлагатай. Монгол эмч нарын ур чадвар маш сайн. Гагцхүү бодлогын алдаанууд тэдэнд чөдөр болдог нь нууц биш. Тийм учраас шинэ технологи нутагшуулах, түүнд өөрсдийгөө бэлдэх, байнгын суралцах хэрэгтэй. Би бас дахин нэг зүйлийг онцолмоор санагдаж байна. Манай Эрхтэн шилжүүлэн суулгах багийн эмч нар гадаадаас өвчтөн авч мэс засал хийх боломж, туршлага нь бүрэн бүрдсэн гэж хардаг.

ДЭМБ-аас шагнал гардан авч байгаа нь


Амжилт шууд  ирдэггүй, хөдөлмөр хүнийг шагнадаг 

-Албаны яриагаа энд хүргээд өндөрлөе. Таны амьдралын замнал, ажлын гараа хаанаас эхлэлтэй вэ. Эрүүл энхийн манаанд 40 шахам жил ажиллахдаа ямар зарчим баримталж ирэв?
-Аав, ээж минь намайг оюутан байхдаа төрүүлсэн. Тэгээд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд эмээ өвөөгийн хүүхэд болж өссөн. Өвөө эмээ маань бурхны оронд эрт явахад өсгөсөн хүүхэд нь эрт өнчирдөг юм билээ. Өвөө маань намайг зургадугаар ангид, эмээ маань наймдугаар ангид байхад нас барж тэдэндээ юугаар ч тусалж чадаагүйдээ харамсаж тэр үеэс эмч болно гэсэн шийдвэр гаргасан даа. Тэгээд АУДэС-д элсэн орж, төгсөөд  хүний их эмч гэх диплом өвөртөлж ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө зүтгэсэн хүн дээ би. Хүний хувь тавилан их сонин шүү. Сургууль төгсөөд арьс өнгөний эмч болно гэж огтхон ч бодоогүй байсан бодол минь зөрчигдөж Эрүүл мэндийн сайд Ч.Цэрэннадмидын тушаалаар тэр үеийн Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төвд хуваарилагдан ажил амьдралынхаа гарааг эхэлсэн түүхтэй. Хүн давахгүй гэсэн даваагаар 13 дахин давна гэдэг үнэн шүү. Би амьдралдаа улсын хоёр л байгууллагад ажилласан. Арьсны өвчин судлалын төвдөө яг 30 жил ажиллаад Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн  сайдаар ажилласан маш товч намтартай. Миний баримталж ирсэн зарчим өвөг дээдсээс, эцэг эхээс минь өвлөж ирсэн хүмүүжил гэж хэлж болно. Энэ нь хүний төлөө гэсэн энэрэнгүй сэтгэл, хэзээ ч зүгээр сууж байтал амжилт шууд  ирдэггүй, хөдөлмөр хүнийг шагнадаг гэсэн сургаал, хүнийг дээр дор гэж ялгадаггүй төрөлхийн өгөгдөл. Энэ бүгд миний амьдралдаа баримталж яваа зарчим юм уу даа. Гэхдээ заримдаа ядарсанд нь туслаад задарсныг нь загначихмаар санагдаад байдаг  шүү.
-Манай салбарт эмэгтэйчүүд олонх, оролцооны хувьд “ажилчин зөгийн” үүргийг гүйцэтгэж байгаа ч  шийдвэр гаргах түвшинд хангалттай бус тоотой байгаа нь нийгмийн хөгжил урагшлахад нөлөөлөөд байна уу даа гэж харагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг гурвалжингаар дүрслэх юм бол  доод болон дунд шатанд их байдаг ч гурвалжингийн орой руу өөрөөр хэлбэл шийдвэр гаргах түвшинд дөхөх тусам эмэгтэйчүүдийн тоо багасаж байгаа нь судалгаагаар харагддаг. Тийм учраас эмэгтэйчүүд бид гурвалжингийн оройг эргүүлэх л хэрэгтэй. Яагаад гурвалжинг эргүүлэх  шаардлагатай вэ гэхээр жендэрийн мэдрэмжтэй бодлого алдагдсан гэдгээр тайлбарлаж болно.  Эмэгтэйчүүд маш хурдтай, махруу, мэрийлттэй, цагийг зөв, бүрэн дүүрэн ашигладаг,  ажлын гүйцэтгэл маш сайтай, ашиг сонирхлын зөрчилд бага өртдөг.  Миний хувьд жендэрийн мэдрэмжтэй бодлого гаргахад  эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд хэр байгаагаас шалтгаалдаг гэж үздэг. Тийм учраас тантай санал нэг байна.  
-Ажил, судалгаа, хичээл, сонгуульт ажил гээд олон талд завгүй ажиллахын зэрэгцээ та эх хүн. Гэр бүлдээ зарцуулах цаг гардаг уу?   
-Эмэгтэй хүн физиологийн өгөгдлийн хувьд баруун зүүн тархи зэрэг ажилладаг тул олон ажлыг зэрэгцүүлэн хийж чаддаг гэсэн эрдэмтдийн судалгааг харсан. Тийм байж ч магадгүй. Миний хувьд резидент эмч нарт хичээл заах, судалгааны ажлаа хийх, хүнээ үзэх, сонгуульт ажлаа хийх, номоо бичих, ач зээ нартаа анхаарал тавих гээд олон ажлыг зэрэгцүүлэн амжуулахыг л боддог. Хүн ер нь их ажилтай байх тусам олон ажил амжуулдаг даа. 
-Та өнгөрсөн зун Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан боллоо. Шагналаа авах тэр мөчид хамгийн түрүүнд юу бодогдож байв?
-Хүн бурмаар тэтгэгдэхээр урмаар тэтгэгддэг гэж үнэн юм билээ. Ерөнхийлөгчийн зарлиг уншихад хамгийн түрүүнд "Аав ээж минь байсан бол охиндоо баярлах  байсан даа" гэж бодогдоод хоолой зангираад ирсэн. Маш их баярласан даа. Харин гавьяатын цолоо аваад гарч ирэхэд зөвхөн миний ажиллаж байсан газрын хүмүүс, ах дүү нараас гадна салбарын маань олон алдартай хүмүүс цэцэг бариад ирсэн нь үнэхээр их сэтгэл хөдөлгөсөн үйл явдал болсон. Мөн Ерөнхийлөгч маань “Та өөртэйгөө адил олон шавь нар төрүүлээрэй” гэж хэлсэн нь том үүрэг даалгавар  гэж бодож, хийж бүтээж явна. Эрхэм хүндтэй цолныхоо хүндэтгэлийн арга хэмжээг төрсөн нутагтаа хийж нутгийн ахан дүүс, аав ээжтэйгээ хамт ажиллаж байсан хүмүүсийг урьж оролцуулсан минь ээж аавтайгаа уулзсан юм шиг сэтгэл огшиж, тэд нар маань ч ихэд хөөрөлдсөн, сайхан баяр болсон.

 Х.ЭРДЭНЭЗАЯА

Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24586/ 


0
angry
0
care
0
haha
5
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эдийн засгийн зөв тооцоололтой мал… 19 цагийн өмнө
“Жангар” туулийг 600 метр урт цаасан дээр хулсан үзгээр бичжээ 19 цагийн өмнө
Ордосын Үүшин хошуунд нарийн ноост хонь үржүүлж байна 19 цагийн өмнө
“New Star” студийн 20 жилийн ойн тоглолт болно Өчигдөр
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар барилгын ажил эх… Өчигдөр
Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах цогцолборууд… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 7 хэм дулаан байна Өчигдөр
Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр су… 2024/10/08
Боливи Улсад үүссэн ой, хээрийн түймэр түүхэн дээд түвшинд хүрч, онц б… 2024/10/08
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудлаар ярилцлаа 2024/10/08
​ Монголбанк 2023.6 кг үнэт металл худалдан авав 2024/10/08
Улаанбуудайн хураалт 56, төмснийх 64 хувьтай байна 2024/10/08
"Хүрээ" амаржих газрын шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбу… 2024/10/07
Багануурын 50 МВТ-ын батарей хуримтлуурын станц энэ өвлийн оргил ачаал… 2024/10/07
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан ста… 2024/10/07
А.Номин-Эрдэнэ: Аав ээжийнхээ авьяасын нийлбэр нь би 2024/10/07
Б.Мишээлт: Английн тамирчныг шахаж ажилласан бол Хятадын боксчинтой за… 2024/10/07
Ж.Оюунбилэг: Улаанбуудайг биржээр арилжаалснаар зэрэглэл, урамшуулалта… 2024/10/07
Агуу долоогоос салбарласан морин циркийнхэн “Морьтны гайхамшиг-50 жил” 2024/10/07