Ч.Болортуяа
/Ерөнхий сайдын зөвлөх, нийтлэлч/
Эдийн засаг сүүлийн гурван жил дараалан өсөлттэй гарч байгаа ч энэ нь өрхийн орлогыг бодитой дэмжиж байна уу гэх чухал асуултаар нийтлэлээ эхэлье.
Монгол Улс 2023 онд экспортын болон төсвийн орлого түүхэн амжилтууд тогтоож байгаа нь түүхий эдийн үнийн өсөлт ба тогтвортой байдал, эдийн засгийн ил тод байдал, дэд бүтцийн өргөтгөл, боомтын менежментийг сайжруулсан, гадаад харилцааны идэвхтэй бодлогууд гэх олон нөхцөл дунд нүүрсний экспорт огцом нэмэгдсэнтэй үндсэндээ холбоотой.
Цар тахлын өмнөх жил буюу 2019 онд нүүрсний экспорт тухайн үедээ түүхэн дээд амжилт болох 36.6 сая тоннд хүрч байсан бол 2023 онд энэ тоог хоёр дахин нэмэгдүүлж 69.6 сая тонн нүүрсийг экспортолжээ. 2024 онд энэхүү амжилт хадгалагдах таамгийг Бээжинд төвтэй нүүрсний худалдааны албаныхан тооцоолж байна.
Зураг1. Монгол Улсын нүүрсний экспортын өсөлт (2012-2023 он)
Нөгөө талд манай улсын экспортын хоёр дахь гол түүхий эд болох зэсийн баяжмалын олборлолт, үйлдвэрлэлийн салбарт ч түүхэн гэмээр амжилт бас тасарсангүй. “Эрдэнэт" үйлдвэрийн улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн орлого 2023 онд анх удаа хоёр их наяд төгрөгт хүрсэн нь энэ үйлдвэрийн 49 хувийн хувьцааны худалдан авалтын дуулиант 2016 онтой харьцуулахад 11 дахин өссөн үзүүлэлт гэдгийг хэлэх хэрэгтэй.
Тэгвэл энэ бүх өсөлт, орлого гол зорилго болох иргэдийн, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд хэрхэн чиглэсэн бэ?
ЭДИЙН ЗАСГИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА ТӨСВИЙН ТОДОТГОЛ
2022 оноос эхлэлтэй эдийн засгийн ил тод байдлын төлөөх тэмцэл буюу нүүрсний худалдааны сүлжээг нээлттэй болгож, хувийн сонирхол бүхий эрх мэдлийн задрал, боомтуудын дэд бүтэц сайжирснаар экспортын өсөлттэй холбогдуулж 2023 оны долдугаар сарын 7-нд УИХ төсвийн тодотгол хийсэн нь анх удаа төсвийн давсан орлого болох 1.9 их наяд төгрөгийг тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд зарцуулав.
Ингэснээр төрийн албан хаагчдын дундаж цалин 1.7 сая төгрөгт хүрснийг Сангийн яам мэдээлж байгаа бол тэтгэврийн дундаж хэмжээ 130 мянган төгрөгөөр нэмэгдэж 700 мянга руу дөхжээ.
Энэ нэмэгдэл, цалин, тэтгэврийн өсөлт тийм ч амар, хялбар замаар ирсэнгүй.
Цар тахал, хөл хорио, хил, гаалийн гацаа, авлига, албан тушаалын гэмт хэрэг, иргэдийн бухимдал, “Ажлаа хий”, “Нүүрсний эсрэг” жагсаал, 2023 оны хаврын төрийн албан хаагчид тэр дундаа соёл урлагийн салбарынхны цалингаа нэмүүлэхийг шаардсан тайван жагсаал, цуглаан зэргийг бид мартаагүй. Төрийн алба дундаа хамгийн бага цалинтай байдаг соёл урлагийн салбарын цалингийн доод жишиг 590 мянган төгрөг байсан бол тухайн үеийн төсвийн тодотголоор доод жишгийг нэг сая төгрөг болгосон нь 60 гаруй хувийн өсөлт юм. Төрийн албан хаагчдын цалинг өнгөрсөн жил 30-60 хувиар нэмэгдүүлсэн бол ахмад настны тэтгэврийн тухайд дундаж тэтгэвэр 2016 онтой харьцуулахад 2.2 дахин нэмэгдсэн байна.
2023 оны хагаст хийсэн энэхүү төсвийн тодотгол-цалин, тэтгэврийн нэмэгдэлд 2024 онд 3.4 их наяд төгрөг төсөвлөсөн тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдээлж буй.
ХУВИЙН ХЭВШЛИЙН ӨСӨЛТ
Эдийн засгийн өсөлт долоон хувьд хүрсэн 2023 онд хувийн хэвшлийн салбарт ажиллагсдын цалингийн өсөлт ч чамлахааргүй байлаа.
ААН-үүдийн нийт орлого 2023 оны эхний хагаст 77.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 42 хувиар өссөн байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр 2023 оны эхний найман сарын байдлаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажиллагсдын цалин дунжаар 12 хувиар өссөн бөгөөд энэ дундаа үзвэр үйлчилгээ, үл хөдлөх салбарын цалин 30 орчим хувиар өссөн байгаа нь эдийн засгийн идэвхжилийг илэрхийлж байна.
2023 онд үйл ажиллагаа явуулж буй байгууллагын тоо ч 2021 онтой харьцуулахад 15 мянгаар огцом нэмэгджээ.
“Тоо, статистик худал хэлэхгүй ч, статистик дундаж хүн бүрд таалагддаггүй” гэх үг бий.
Шалтгаан нь статистик дундаж хэнийг ч дайрдаггүй, бүгдийг дунджилдаг учир. Жишээ нь, монголчуудын дундаж цалин өссөөр 2023 оны гуравдугаар улиралд хоёр сая төгрөгт хүрсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээлж байв. Гэвч хоёр сая төгрөгийн цалингийн энэ хэмжүүр нийгмийн ихэнх хэсэгтэй зөрөх нь дамжигггүй.
Тиймээс ч медиан цалингийн өсөлт, бууралт чухал үзүүлэлт болдог. Медиан цалин нь ажиллагсдын цалинг өсөх эсвэл буурах эрэмбээр байршуулсан цувааг таллан хувааж байгаа ажилтны цалин юм. Энэ үзүүлэлт 2023 оны гуравдугаар улиралд 1.5 сая төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулбал 34.5 хувиар өссөн байна.
ӨСӨЛТ БА ТОГТВОРЖУУЛАЛТ
Эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгох 2023 оны төсвийн тодотголын зорилгод зорилтот бүлгүүд ч орхигдоогүй. Төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэврийн нэмэгдэл, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох, зорилтот бүлгүүдийн халамж, тэтгэмж зэрэг давхардсан тоогоор 2.2 сая хүний амьжиргаанд шууд нөлөө үзүүлж байна.
Түүнчлэн 2024 оны эхэнд сүүлийн гурван жилд анхаарсан компанийн засаглал, нүүрсний борлуулалтын түүхэн үзүүлэлтүүдийг бататгаж “Эрдэнэс Тавантолгой” ХК хувьцаа эзэмших иргэдийн тоогоо өргөтгөн нэмэгдүүлж, ногдол ашиг хуваарилсан өдрүүд үргэлжилж байна.
Нийтлэлийн эхэнд тавьсан “Эдийн засгийн өсөлт өрхийн орлогыг бодитой дэмжиж байна уу” гэх чухал асуулт руугаа буцвал Үндэсний статистикийн хороо “Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2023 оны дөрөвдүгээр улиралд 2.2 сая төгрөг болж, -2022 оны мөн үеэс 24.0 хувиар өсжээ” гэв.
Эдийн засгийн энэхүү өсөлтийг гэрчлэх хамгийн чухал үзүүлэлтийн нэг бол нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ. Монгол Улсын хувьд 2022 онд нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5,000 ам.долларын босгыг давсан. Сүүлийн 10 жилийн хугацаанд 3-4 мянган ам.долларт өгсөж, уруудаж байсан үзүүлэлт анх удаа 5,000 ам.долларын босго давсан нь бүгд хичээвэл боломж байгааг харуулсан зүйл юм.
Зураг 2. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн
(2012-2022 он, ам.доллар)
Засгийн газраас дэвшүүлж УИХ баталсан Шинэ сэргэлтийн бодлогод 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ 12 мянган ам.долларт хүргэх зорилт тавиад буй.
Гэхдээ энэ зорилтод бид тийм ч амар, хялбар хүрэх боломжгүй.
Тасралтгүй бөгөөд тогтвортойгоор 5-7 хувийн эдийн засгийн өсөлт, нам, тогтвортой инфляц, төгрөгийн ханшийн тогтвортой байдал дор энэ зорилт биеллээ олох боломжтойг эдийн засагчид онцолдог.
Өсөлтийг хурдасгах боломж, суурь нөхцөлүүд тодорхой хэмжээнд бүрдэж байгаагийн илэрхийлэл бол дээр дурдсан үзүүлэлтүүд бөгөөд үүн дээр нэмэгдээд гадаад валютын улсын нөөц түүхэн дээд хэмжээ буюу 4.9 тэрбум ам.долларт хүрч, төгрөг болон валютын хадгаламжийн хэмжээ 22 их наяд төгрөгт хүрээд байна.
Бүсчилж төлөвлөж, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж хүний хөгжилд онцгой анхаарахаас гадна орон сууцжуулалт, эдийн засгийн тулгуур багануудаа нэмэх, хуримтлал, баялгийн сангийн тогтолцоогоо жинхэнэ утгаар бэхжүүлэх нь өсөлтөө хадгалахад, тогтворжуулахад чухал сорилтууд болон бидний өмнө үлджээ.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №008/24587/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна