Монгол Улсын төрийн өмчийн уул уурхайн компаниудыг нэгтгэн удирдах тогтолцоотой “Эрдэнэс Монгол” нэгдэл 16 жил үйл ажиллагаа явуулсан ч өөрийн гэсэн орлогогүй, удирдлагад нь байдаг охин болон хамаарал бүхий компаниудыг шууд удирдах эрх зүйн орчин бүрдээгүй, эдгээрийг компанийн дүрэмд тусгаагүй байсан юм.
Засгийн газар 2022 оны арванхоёрдугаар сар, 2023 оны нэгдүгээр сард “Эрдэнэс Монгол” нэгдлийн дүрэмд өөрчлөлт оруулж, тус нэгдлийг олон улсын хөрөнгө оруулалтын групп компаниудын түвшинд хүргэх дүрмийн томоохон өөрчлөлт хийсэн. Мөн Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагаа явуулан “Эрдэнэс Тавантолгой" ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилж, бусад төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газар, орон нутгийн өмчийн компаниудын ашигт ажиллагааг дээшлүүлэх томоохон алхмыг эхлүүлсэн.
Эдгээр арга хэмжээний үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа сайжирч, 2022 онд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан юм.
Ашгийн 27 хувьтай тэнцэх мөнгийг ногдол ашиг болгон хуваарилав
УИХ-ын 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар тогтоолоор “2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа эзэмшүүлэх тухай тогтоолыг баталсан. УИХ-ын тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2023 оны нэгдүгээр сарын 31-нд “2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд 1072 хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан. УИХ-ын тогтоолын дагуу хувьцаа эзэмшигч иргэдийн тоо 2.5 саяас 3.4 сая болж өссөн. Манай улсын бүх хүн хувьцаа эзэмшигч боллоо.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 73 орчим хувийг “Эрдэнэс Монгол” нэгдэл, 26.94 орчим хувийг Монгол Улсын 3.4 сая иргэн, 0.06 хувийг үндэсний 487 аж ахуйн нэгж эзэмшдэг болсон. Тус компани 2022 оны нийт ашгийн 27 хувьтай тэнцэх мөнгийг хуваарилав.
2024 оны хоёрдугаар сарын 16-ны байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК Төрийн банк, ХААН, Голомт, Капитрон, ХАС, Худалдаа хөгжлийн банк, Кредит, Ариг, Богд гээд нийт есөн арилжааны банкаар дамжуулан 2022 оны ногдол ашгийн гүйлгээг 3204425 иргэнд илгээжээ. Үүнээс 3186391 иргэний гүйлгээ амжилттай хийгдсэн бөгөөд энэ нь нийт хувьцаа эзэмшигчдийн 97 хувь нь юм.
Яагаад зарим иргэн ногдол ашгаа авч чадаагүй вэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гурван хувь буюу 18 мянган иргэн хоёрдугаар сарын 16-ны байдлаар ногдол ашиг авч чадаагүй. Мөнгө шилжүүлсэн дансны гүйлгээ буцаагджээ. Гүйлгээ цуцлагдсан иргэд овог, нэр, регистрийн дугаар болон арилжааны банкны дансны дугаараа өөрчилсөн байсан аж. Хэрвээ иргэн та
-УБЕГ-т овог, нэр, регистрийн дугаарын өөрчлөлт хийлгэсэн бол,
-Арилжааны банк болон нэг арилжааны банк дахь дансаа өөрчилсөн бол Үнэт цаасны компанидаа мэдэгдэж, шинэчилсэн бүртгэл хийлгэх ёстой.
Мөн арилжааны банкны дансаараа сүүлийн зургаан сар гүйлгээ хийгээгүй тохиолдолд банк тухайн иргэний дансыг автоматаар царцаадаг байна. Тиймээс иргэд ногдол ашиг авдаг арилжааны банкны дансаа шалгаж, лавлах, УБЕГ хийлгэсэн өөрчлөлт, шинэчлэлтээ Үнэт цаасны компанидаа мэдэгдэх аж.
Мөн 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэд буюу шинээр ногдол ашиг авч буй хүүхдүүдийн мөнгө энэ удаа арилжааны банк дахь хүүхдийн мөнгөний дансаар орсон. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ гэрчилгээг аль нэг Үнэт цаасны компани дээр авч очоод үнэт цаасны данс нээлгэх юм байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК одоогоор 2022 оны ногдол ашгийг амжилттай шилжүүлсэн бөгөөд гүйлгээ хийсэн дансуудыг баталгаажуулж байгаа бөгөөд энэ нь дараагийн жилүүдийн ногдол ашиг олгох ажиллагаанд саад учрахгүй байх боломжийг бүрдүүлэх юм.
2022 оны ногдол ашгийг хэзээ олгож дуусах вэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашгийг нэгдүгээр сарын 31-нээс иргэдийн дансанд шилжүүлсэн. Нэгж хувьцааны ногдол ашгийг 108 төгрөгөөр тооцсоноор 1072 хувьцаатай иргэн 104,000 төгрөг авсан. Гэхдээ зарим иргэн хувьцааны тодорхой хувиа зарсан, сургалтын төлбөртөө суутгуулсан зэрэг шалтгаанаар тоо ширхэг нь харилцан адилгүй байгаа юм. 2022 оны ногдол ашгийг олгож дуусах хугацаа заагаагүй. Иргэн та хэдэн төгрөгийн ногдол ашиг авахаа мэдэхийг хүсвэл эхлээд хувьцааны тоогоо мэдэх хэрэгтэй. Та хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж буйгаа https://1072.ett.mn/mn/checkEt... энэхүү линкээр нэвтрэн регистрийн дугаараа кириллээр бичин шалгах боломжтой. Мөн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн цахим сайтын https://net.mcsd.mn/registrati... линкээр нэвтэрч регистрийн дугаараа бичиж шалгаарай.
2023 оны ногдол ашгийг дөрөвдүгээр сард олгоно
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 34.4 сая нүүрс борлуулсан бөгөөд үүний 9.8 сая тонныг биржээр худалдсан. Биржийн үнийн зөрүүнээс 542 сая ам.долларын орлого олжээ. Он гарснаас хойш 4.4 сая тонн нүүрс борлуулаад байна. 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тус компанийн ТУЗ энэ оны хоёрдугаар сарын 16-нд хуралдаж, компанийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлээд байна. Ингэснээр 1072 хувьцаатай Монгол Улсын иргэн бүр 285 мянга буюу татвар суутгагдаад 256,000 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ. Ногдол ашгийг санхүүгийн тайланд аудит хийсний дараа буюу 2024 оны дөрөвдүгээр сард олгох гэж байна.
Хувьцаа зарагдах уу, өвлөгдөх үү
УИХ 2024 оны хаврын ээлжит чуулганаараа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэн батална. Энэхүү хуулийн төсөлд нас барсан хүний “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг хэрхэн өвлүүлэх талаарх заалтыг тусгасан. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг хоёрдогч зах зээлд гаргаж, иргэд хувьцаагаа хөрөнгийн зах дээр нээлттэй худалдах, худалдан авах эрх нь нээгдэх эсэхийг энэ хуулиар шийдэх юм.
Баялгийн тэгш хуваарилалт руу чиглэсэн реформ ба үр дүн
УИХ-д суудалтай улс төрийн намууд нэгдэн 2024 оны хаврын чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэн тохирсон. Тус хуульд “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа стратегийн ордуудын 34 хувь, тодотгож хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэр, "Эрдэнэс Оюутолгой", цаашид ашиглах ордуудын ашиг Хуримтлалын нэгдсэн санд шууд төвлөрч, иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндэд зарцуулахаар тусгажээ.
Мөн байгалийн баялаг хэсэг бүлгийн өмч биш, нийт иргэдэд үр өгөөжтэй байх Үндсэн хуулийн суурь зарчимд тулгуурлаж, өнгөрсөн хугацаанд олгогдсон ашигт малтмалын лиценз олголтын талаар УИХ-ын нээлттэй сонсгол хийж, иргэдийн мэдэх эрхийг хангаж, энэхүү үр дүнд тулгуурлан уул уурхайн компаниудыг олон нийтийн хувьцаат компанийн засаглалд шилжүүлэх асуудлыг зохицуулах аж.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд орлогын тэгш бус байдлыг бий болгосон байгалийн баялаг, нийслэлийн газар, өмч хувьчлалын талаар бодитой дүгнэлт хийж, эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүртээмжтэй болгоход чиглэсэн авлигын эсрэг тэмцэл тууштай үргэлжлэх болно гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгдүгээр сарын 31-нд УИХ-д суудалтай улс төрийн намуудын дарга нартай зөвшилцсөн даруйдаа мэдэгдсэн юм. Энэ нь байгалийн баялгийн засаглалыг ил тод, шударга, ашигтай ажиллахыг нийт иргэдээрээ хяналт тавих, засаглалын асуудалд шууд оролцох тогтолцооны реформ болох юм.
Д.Жаргалан
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №008/24587/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна