В.Путин хүлээж буй сорилтуудад бэлэн байна

unen
16 цагийн өмнө


ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн төрийн тэргүүн Владимир Путин сонгогчдын 87.3 хувийн санал авч ялалт байгуулсан. Нэр дэвшигчдээс Владислав Даванков 3.82, Леонид Слуцкий 3.2 хувийн санал авчээ. В.Путиний ялалт бол орчин үеийн Оросын түүхэн дэх дээд амжилт юм. Тэрбээр 2000 оны сонгуульд  52.9, 2004 онд 71.31,  2012 онд 63.6, 2018 онд 76.69 хувийн санал авчээ. Харин Борис Ельцин 1996 онд 53.82, Дмитрий Медведев 2008 онд 70.28 хувийн саналаар ялалт байгуулсан.  Барууныхан иргэдийн эрх чөлөөг хянасан, шударга бус сонгууль гэж шүүмжилсэн ч зарим улсын төр, засгийн тэргүүн В.Путинд баяр хүргэжээ. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Тажикистан улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Боливийн Ерөнхийлөгч Луис Арсе, Никарагуа улсын Ерөнхийлөгч Даниэль Ортега, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро, Мьянмарын Ерөнхий сайд Мин Аун Хлаинг, Гондурасын Ерөнхийлөгч Сиомара Кастро, Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев, Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси, Куба улсын Гадаад хэргийн сайд Бруно Родригес нар баяр хүргэжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин В.Путинтэй утсаар ярьж, ОХУ-ыг хөгжүүлэх үйл хэрэг амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Сонгуулийн сүүлийн өдөр сөрөг хүчний дэмжигчид “Путиний эсрэг”  жагсаалыг орон даяар зохион байгуулжээ. Оросын сонгогчдын 288 санал авах байрыг 144 оронд нээсэн нь өмнөх сонгуулиас 113-аар цөөн байгаа нь найрсаг бус орнуудын эрх баригчдын шахалттай холбоотой гэнэ. Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээс хойш хилийн чанадад Оросын дипломат төлөөлөгчийн газрын тоо эрс цөөрчээ.

 

Сөрөг хүчний талаар ярьж, Алексей Навальныйн нэрийг анх удаа дурдав 

 

Санал хураалтын дүн гарсны дараа В.Путин сонгуулийн штабтаа хүрэлцэн ирж хэвлэлийн бага хурал хийсэн. Тэрбээр итгэл хүлээлгэсэн ард түмэндээ талархаж, нэн тэргүүний зорилт, зорилгодоо хүрэхээ амлалаа. Мөн  Украины дайн, тогтолцооны бус сөрөг хүчний талаар ярьж, улстөрч агсан Алексей Навальныйн нэрийг анх удаа дурдсан байна. Шинэ бүрэн эрхийн хугацаанд түүнийг олон сорилт хүлээж байгааг Кремлийн тэргүүн хүлээн зөвшөөрсөн. Юуны өмнө Хойд цэргийн тойргийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, батлан хамгаалах чадавхыг сайжруулж, зэвсэгт хүчнийг бэхжүүлэх шаардлагатай байна. Иргэд, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж, эх орныхоо бүрэн эрхт, аюулгүй хөгжлийн ирээдүйг бий болгохоо Ерөнхийлөгч Владимир Путин онцлон тэмдэглэсэн. Тэрбээр “Хэн ч, хэзээ ч Оросын ард түмнийг айлган сүрдүүлж, дарж чадахгүй. Ийм явдал болоогүй, цаашид ч болохгүй. Өнөөдөр болж буй эмгэнэлт үйл явдлуудыг харгалзан бид хэзээ нэгэн цагт Киевийн дэглэмд харьяалагддаг өнөөгийн нутаг дэвсгэрт тодорхой хамгаалалтын бүс байгуулах шаардлага тулгарч магадгүй” гэжээ.  Түүнчлэн өнгөрсөн сарын 16-нд хорих ангид нас барсан Алексей Навальныйн үхлийг В.Путин “Навальныйн тухайд харамсалтай үйл явдал болсон. Эрх чөлөөгөө хасуулсан газарт хүн нас барах эрхгүй гэж үү. Эсвэл  АНУ-д ийм явдал тохиодоггүй хэрэг үү” гэсэн байна. Ерөнхийлөгч В.Путин түүнийг таалал төгсөхийн өмнөхөн гадаадын шоронд ял эдэлж байгаа оросуудаар солих саналыг зөвшөөрсөн билээ. 

 

В.Путин Гадаад айлчлалаа Бээжингээс эхлүүлнэ

 

Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангаргаа тав дахь удаагаа өргөснийхөө дараах  анхны гадаад айлчлалаа Бээжинд хийж магадгүй. Айлчлалыг ирэх тавдугаар сард  төлөвлөсөн ч тов, хөтөлбөр гараагүй байна. Ши Жиньпин 2023 онд Хятад улсын даргын албан тушаалд томилогдсоныхоо дараа анхны гадаад айлчлалаа  Москвад хийсэн. Айлчлалын хөтөлбөрт юуны түрүүнд бүс нутгийн аюулгүй байдал, хоёр талын харилцаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг тэлэх, БРИКС, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)ыг өргөжүүлэх үйл явц зэрэг сэдэв багтана. Орос улс БРИКС-ийг 2024 онд тэргүүлж байгаа бөгөөд энэ жил АНЭУ, Иран, Египет, Этиоп, Саудын Арабыг эгнээндээ нэгтгэсэн. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ерөнхийлөгч В.Путиний хэд хэдэн гадаад айлчлалын бэлтгэл ажил эхэлсэн. Дээд түвшний уулзалтуудыг товлосон” гэжээ. Сонирхуулахад, В.Путин 2000 онд Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдоод анхны гадаад айлчлалаа Узбекистан улсад хийсэн бол 2004 онд Украин, 2012 онд Беларусь, 2018 онд Австри улсад айлчилжээ.

 Х.Эрдэнэзаяа

 Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №011/24590/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 11 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 14 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 14 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 14 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 14 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 15 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 15 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 15 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 16 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 16 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 16 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 16 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 16 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 16 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 16 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 16 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 17 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 17 цагийн өмнө