БООМТЫН СЭРГЭЛТ: Нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх эхний алхмаа бүрэн дүүрэн биелүүллээ


Боомтын сэргэлт үндэсний анхдугаар форумыг зохион байгуулж, эл салбарын хувьд өнгөрсөн хугацаанд алдсан алдаа, энэ цаг үед бий болгосон өөрчлөлт шинэчлэлт, цаашид гаргах ахиц дэвшлийн талаар хэлэлцэв. Форумд Монгол Улсын Ерөнхий сайд болон холбогдох яамны сайд, хилийн боомтуудын захиргааны дарга, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон юм. Хоёр өдөр үргэлжилсэн үндэсний хэмжээний энэхүү форумаар боомтын сэргэлтийг хангахад төр, хувийн хэвшлийн түншлэл тогтвортой, тууштай үргэлжлэх ёстойгоос гадна хууль эрх зүйн орчныг ээлтэй, уян хатан байдлаар бүрдүүлэх ёстой гэдгийг оролцогчид хөндөж байлаа. 

Өнгөрсөн гурван жилд боом­туудад томоохон хэмжээний бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, хүчин чадлыг нь нэмэгдүүлжээ.  Тухайлбал, Замын-Үүд боомтын зорчигч болон ачаа тээврийн цогцолборыг бүрэн ашиглалтад оруулж, олон улсын стандартад нийцүүлэв. Мөн Алтанбулаг боомтын ачаа тээврийн байгууламжийн нэг, дөрөвдүгээр хэсгийг, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийг  ашиглалтад оруулсан бол Гашуунсухайт боомтын зорчигч ачаа тээврийн байгууламжийн ажил 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Түүнчлэн Сүхбаатар боомтын нэг цэгийн үйлчилгээний байгууламж, Боршоо боомтын бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгажээ. Мөн Тавантолгой-Гашуун­сухайт чиглэлийн 267 км, Тавантолгой-Зүүнбаян чиг­лэлийн 416 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг ашиг­лалтад оруулсан байна. Энэ жил Цагааннуур, Булган, Хавирга боомтод инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр боомтуудын хүчин чадал 2-3 дахин нэмэгдэнэ гэж тооцоолсон байна.  

Монгол Улсын Засгийн газраас баримталж буй Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн зургаан зорилтын нэг болох Боомтын сэргэлтийн хүрээнд дараах хөрөнгө оруулалтыг хийжээ. 

 

Улсын төсөв болон олон улсын байгууллагын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар:

 

-Боомтын барилга байгууламж, тоног төхөөрөмж /715.3 тэрбум төгрөг/

-Хөгжлийн таван тойрог авто зам төслүүд /5.4 их наяд төгрөг/

-Агаарын тээврийн хөрөнгө оруулалтад /27.3 тэрбум төгрөг/

-Боомтын төмөр замын хөрөнгө оруулалтын концесс, ТХХТ-ээр хэрэгжүүлж байна.


Тэд ямар санал,  шийдэл хэлэв

Боомтын сэргэлт үндэсний анхдугаар форумыг Монгол Улсын Засгийн газар, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа, Гадаад харилцааны яам, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, МҮХАҮТ хамтран зохион байгуулав. Тус форумаар Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн зургаан зорилтын нэг болох Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж буй бодлого болон боомтын өнөөгийн байдал, улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалт, боомтын дэд бүтэц, бүтээн байгуулалт, хилийн боомт, хуурай боомт, эдийн засгийн чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулах боломж, боомтуудын эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, боомтын хөгжилд төр хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны стратеги, хил орчмын аялал жуулчлал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн хуурай боомтын хөгжил, худалдаа тээврийг хөнгөвчлөх асуудал, шийдлийг хэлэлцэв. Эдгээр хэлэлцсэн асуудлын хүрээнд форумд оролцогчид ямар байр суурь, санал шийдэлтэй байгааг хүргэе. 

Боомт дагасан хотуудыг бий болгохоор зорьж байна

Монгол Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

-Шинэ сэргэлтийн бодлогоос амжилттай хэрэгжиж буй ажлуудын тэргүүн эгнээнд боомтын сэргэлттэй холбогдох ажлууд эрэмбэлэгдэж байна.  Боомтын сэргэлтийн ажил амжилттай, үр дүнтэй байгаа нь Монгол Улсын эдийн засгийн сэргэлтэд гол хувь нэмрээ оруулж байна. Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, биржийн худалдааг эхлүүлснээр Монгол Улс анх удаа ковидын өмнөх үе буюу 2019 онд 36.6 сая тонн нүүрс экспортолж байсан үзүүлэлтээ ахиулж өнгөрсөн онд 69.6 сая тонн нүүрс экспортоллоо. Цаашид боомтын сэргэлтийн бодлого бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаатай хэрэгжинэ. Бүс бүр боомтоороо дамжуулан олон улсын худалдааны оролцогч байх шаардлагатай. Боомт дагасан хотуудыг бий болгохоор зорьж байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд 2024 оноос аймгуудыг холбох тойрог замын ажлыг эхлүүлнэ. Мөн бүх боомтыг авто замаар холбоно. Боомтын сэргэлтийн дараагийн үе шат нь инновац хиймэл оюун ухааныг хослуулах ёстой.


Монгол Улсын эдийн засаг 2023 онд долоон хувиар өсөж, экспорт 15.2 тэрбум ам.долларт хүрсэн

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: 

-Монгол Улс цаашид боомтуудын үйл ажиллагаагаа жигд хөгжүүлэхээс гадна хөрш орнуудтайгаа чөлөөт бүс байгуулах гэрээ хэлэлцээр байгуулахад хамтран ажиллаж байгаа. Монгол Улсын эдийн засаг 2023 онд долоон хувиар өсөж, экспорт 15.2 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ тоог цаашид ч нэмэгдүүлэх боломжтой. Тиймээс бусад улс оронтой хийх худалдаа, хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэх ёстой. Одоогийн байдлаар хоёр гэрээ хэлэлцээр идэвхтэй хийж байна. Тодруулбал, БНСУ-тай чөлөөт худалдааны эхний хэсгийн, Япон улстай чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээр буюу эдийн засгийн хамтын ажиллагааны түншлэлийн гэрээ хийж байна. Мөн ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг хийж байна. ОХУ-тай гэрээ хэлэлцээр тасралтгүй хийсний үр дүнд  ОХУ руу мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, арьс ширээр хийсэн, ноос ноолуур, ноос ноолуураар хийсэн бүтээгдэхүүн буюу гурван бүлгийн 375 төрлийн барааг татваргүй, квотгүй гаргах гэрээ хэлэлцэл хийгээд дуусаж байна. Энэ нь Монгол Улсын экспортын хэмжээг нэмэгдүүлэх, нэн ялангуяа хөдөө аж ахуйн гаралтай, цаашлаад энэ төрлийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд гаднын хөрөнгө оруулалтыг татах чухал хөшүүрэг болж байна.  


Боомт дагасан эдийн засаг, чөлөөт бүсийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг татахад анхаарах нь зүйтэй

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин: 

-Боомтын хөгжил эдийн засагтай ихээхэн холбоо, уялдаа­тай тул боомт байгуулахдаа хөрш орныхоо дэд бүтэц, зах зээлийг судалж, аль боомтоор ямар бараа бүтээгдэхүүн гаргах бодлогын судалгааг мэргэжлийн байгууллага, судлаачидтай хамтарч хийх нь чухал. Монгол Улсын хувьд боомтууд БНХАУ, ОХУ-тай хийх худалдаа, хөрөнгө оруулалтаас гадна дэлхийд гарах гарц болж байна. Тиймээс эдийн засгийн коридороо хөгжүүлэхэд анхаарах нь чухал. БНХАУ дэлхийн эдийн засгийн зорилтот зах зээл болчихоод байна. Тиймээс БНХАУ-д зарж татахгүй бол тухайн бизнес оршин тогтнож чадахгүй болтлоо том хэмжээний нөлөөлөгч хүчин зүйл болж байна. Иймд бид хөрш улсдаа хийх экспортын зах зээлийн боломжийг ашиглах нь нэн чухал.Тиймээс боомт дагасан эдийн засаг, чөлөөт бүсийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг татахад анхаарах нь зүйтэй. Өнгөрсөн жил бизнесийн орчны судалгаа хийсэн. Энэ судалгаагаар Шинэ сэргэлтийн зургаан бодлого тус бүрээр нь харьцуулж бизнес эрхлэгчдээс санал асуулга авсан. Үүний дотроос хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан нь боомтын сэргэлт. Тухайлбал,  боомтын сэргэлтийн үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн хамтын оролцоо ихээхэн өндөр хувьтай байна. Нэг нийтлэг хүсэлт байгаа нь бодлого тогтвортой байгаасай.


 Зорчигч тээврийн терминал иж бүрэн шинэчлэгдэнэ

Өмнөговь аймаг дахь Хилийн боомтын захиргааны дарга Ө.Баянмөнх: 

-Хилийн боомтын тухайд өнгөрсөн жил Монгол Улсын нүүрс экспортын 80 хувь буюу 55.6 сая тонн нүүрс экспортолсон.  Гашуунсухайт болон Шивээхүрэн боомтуудын хувьд өмнө нь экспор­толж байгаагүй түүхэн дээд хэмжээг тогтоосон. Энэ бол боомтын сэргэлтийн  бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй олон талын арга хэмжээний үр дүн. Цаашид боомтын хүчин чадал, орц гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгаа. Ингэснээр ачаа тээврийн гарц арав, орц зургаа болж нэмэгдэнэ. Мөн зорчигч тээврийн терминал иж бүрэн шинэчлэгдэнэ. Бас ухаалаг боомт буюу автомат тээврийн хэрэгслээр нүүрс экспортлох ажлыг өнгөрсөн жил нэвтрүүлсэн. Гашуунсухайт боомтод хийсэн нэг томоохон бүтээн байгуулалт бол төмөр замын үзүүр дээр шилжүүлэн ачих терминал хийсэн явдал юм.


Бичигтийн боомт бол Монгол Улсын далайд хамгийн ойрхон гарц

Сүхбаатар аймаг дахь Хилийн боомтын захиргааны дарга Т.Мөнхбат: 

-Авто замаар холбох зэрэг бүтээн байгуулалтын ажил хийж байгаа, гэрээ хэлцлийн хүрээнд автомашин нэвтрэх шийдвэр гарсан, мөн бусад зохион байгуулалтын арга хэмжээг авснаар Бичигт боомтоор дамжих экспорт, импортын хэмжээ нэмэгдэх боломж бүрдсэн. Тодруулбал, өмнөх жилүүдтэй харьцуулахад ачаа тээврийн эргэлт гурав дахин нэмэгдсэн. Одоогоор Эрээнтолгойн уурхайг Бичигт боомттой хатуу хучилттай авто замаар холбох ажил үргэлжилж байгаа. Цаашид Бичигт боомтын цогцолбор барилгатай холбогдуулан иргэдийн амьдрах орчныг сайжруулна. Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт бол Монгол Улсын далайд хамгийн ойрхон гарц. 


Бүх боомтоор экспорт, импортыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй

“Ханги эко логистик” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Төрболд: 

-Боомтын сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлээд жилийн дотор 70 сая тонн нүүрс экспортолсон нь том амжилт. Гэхдээ ийм хэмжээний нүүрсийг зөвхөн хоёр боомтоор гаргасан. Тиймээс цаашид бүх боомтоороо экспорт, импортыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан гэж хэлж болно. Гэхдээ засаг төр солигдсон ч, бүх цаг үед бодлого, харилцаа тогтвортой, тууштай үргэлжилдэг байгаасай л гэж боддог. Манайх Засгийн газрын тогтоолоор өнгөрсөн онд хилийн боомтод үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бид боомтын гарцыг шийд­вэрлэх үүднээс уламжлалт болон ухаалаг тээвэр гэсэн хоёр үе шаттай­гаар олон төрөлт чингэлэгт тээврийн терминал барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж, бүрэн ашиглалтад оруулснаар жилд 20 сая гаруй тонн ачаа, бараа тээвэрлэх хүчин чадалтай болно. Одоогоор уламж­лалт тээврийг эхлүүлэхэд бэлэн болсон.


 Замын-Үүдийн боомтыг 24 цагаар ажиллуулахаар болсон нь том алхам

МҮХАҮТ-ын Чөлөөт бүсүүдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн Ч.Амарбаатар:

-Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод боомтын сэргэлт багтаж байгаа нь итгэл, найдвар. Замын-Үүдийн боомтыг 24 цагаар ажиллуулахаар болсон нь том алхам.  Үүнтэй адил дараагийн удаад Ханги, Мандал, Гашуунсухайт зэрэг гол боомтуудаа ийм хувилбар руу шилжүүлэх хэрэгтэй. Боомт өөрөө аж ахуйн нэгж, аль эсвэл хувийн хэвшил болон бусад байгууллагын төлөөллөөс бүрдсэн тээвэр ложистикийн корпорацын үйл ажиллагаатай байх хэрэгтэй гэсэн саналтай байна. Ингэс­нээр боомтууд төрийн шийдвэр, төсвийг хүлээхгүйгээр асуудлаа шийдвэрлэх, хөрөнгө оруулалт татах боломжтой болно. Мөн хяналт ч сайжирна. 

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24591/



0
angry
0
care
0
haha
6
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 7 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 10 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 10 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 11 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 11 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 12 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 12 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 12 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 12 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 12 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 12 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 12 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 12 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 12 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 12 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 13 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 13 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 13 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 13 цагийн өмнө