Их гүрнүүдийн анхаарал сулрахад исламистууд идэвхжив


“Крокус сити холл” цогцолборт болсон террорист халдлагад өртөн 144 хүн амиа алдаж, 182 хүн шархадсан билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин халдлагын хариуг авахаа амлаж, гэм зэмгүй хүмүүсийг золиосолсон цуст, харгис үйл явдал гэж нэрлэсэн. Хэрэгт  холбоотой долоон этгээдийг баривчилжээ.  Шүүхээс халдлагын хэргээр дахин гурван яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргасан байна. 

“Известия” сонинд бичсэнээр халдлага үйлдсэн хэрэгт буруутгагдаж буй хүмүүс тус бүр 500 мянган рубль авах ёстой байв. Урьдчилгаа 250 мянган рублийг тэдний дансанд шилжүүлжээ. Амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдөд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгохоор тогтоожээ. Террорист халдлагаас урьдчилан сэргийлээгүйд хохирогчдын ар гэрийнхэн гомдол гаргажээ. Тэд цогцолборын гал унтраах систем аюулгүй байдлын шаардлага хангасан эсэхийг шалгуулах, ослын гарц яагаад ажиллаагүй, хувийн хамгаалалтын компанийн ажилтнууд халдлагаас урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйг нягтлуулах хүсэлтэй байна. Халдлагыг “Исламын улс”-д харьяалагддаг “Вилаят Хорасан” террорист бүлэглэл үйлдсэнээ зарласан. Ташрамд дурдахад, ОХУ-ын Тагнуулын алба  “Вилаят Хорасан” бүлгийнхний энэ сарын 7-нд төлөвлөсөн  халдлагаас  сэргийлж чадсан. 

Эх сурвалжуудын мэдээлснээр, аюулгүй байдлын албаныхан Калуга муж дахь “Вилаят Хорасан”-ы үүрэнд тусгай ажиллагаа явуулж, эсэргүүцсэн дайчид руу  хариу гал нээжээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Москвад болсон халдлагын талаар тайлбар хийхдээ “Вилаят Хорасан” бүлэглэл сүүлийн саруудад Парист халдлага үйлдэхийг оролдсон тухай дурджээ. Франц улс терроризмтой тэмцэхийн тулд Оросын тагнуулын байгууллагуудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавьсан байна.

 

“Исламын улс”-ын Афганистан дахь жигүүр 

 

АНУ-ын Зэвсэгт хүчин Ирак дахь жихадистуудын сүүлчийн цэг байсан Мосул хотыг хяналтдаа авч, Сирийн Ракка, Алеппо хотуудыг ОХУ-ын нисэх онгоцууд хүчин бөмбөгдсөний дараа “Исламын улс” бүлэглэл  олон улсын алан хядагчдад  нэгэн төрлийн франчайз олгосон. Үүний дагуу “Вилаят Хорасан” нь “Исламын улс”-ын Афганистан дахь жигүүр юм. Хорасан муж дахь “Исламын улс”-ыг дэмжигчид 2015 онд нас барсан удирдагч Абу Бакр аль-Багдадад үнэнч байхаа тангараглаж, Шариатын хуулийн дагуу дэлхийд Исламын халифатын улс байгуулахаа зарласан. 

“Талибан”-тай харьцуулбал илүү радикал урсгалыг баримталдаг. Тэд Сири, Ирак, Афганистан, Баруун Африк, Ливан дахь байлдааны ажиллагаа, Тажикстаны иргэний дайнд оролцжээ. НҮБ-ын мэдээлснээр, вилаятууд одоогоор жихадистуудын байлдааны жигүүрийг бүрдүүлж байна. Тус бүлэглэлийг Персийн булангийн орнуудын хандив, хувийн хөрөнгө оруулагчдын тусламжаар санхүүжүүлдэг. Эдгээр зэвсэгт дайчдын төлөвлөгөөнд АНУ болон Ойрхи Дорнодод цэргийн кампанит ажил явуулж буй НАТО-гийн холбоотнууд, шиитийн Иран, тэдний улс төрийн холбоотон “Талибан”, ОХУ-тай тэмцэх явдал багтдаг. Өөрөөр хэлбэл, газар зүйн өргөн байршилд үйл ажиллагаа явуулахаар  тодорхойлжээ. 

Тэд 2021 оны наймдугаар сард Кабул хотын нисэх онгоцны буудлын ойролцоо террорист халдлага үйлдсэн. Дараалсан дэлбэрэлтийн улмаас 200 хүн амиа алдаж, мянга орчим хүн шархаджээ. Амиа алдагсдын дунд Афганистаны энгийн иргэд, АНУ-ын тэнгисийн явган цэргийн 13 алба хаагч, Британийн иргэд, “Талибан” хөдөлгөөний дайчид байсан. Мөн Ираны эсрэг шашны ариун дайн зарлав. Улмаар өнгөрсөн нэгдүгээр сард Ираны Керман мужид террорист халдлага үйлдэж 103 хүний аминд хүрсэн. Цэргийн шинжээч Амира Жадун "Аль-Жазира"-д өгсөн ярилцлагадаа “Сирийн мөргөлдөөнд анги нэгтгэлүүдээ оролцуулж, “Талибан”тай харилцаагаа хэвийн болгох оролдлого нь ОХУ-ыг хүчирхэг орнуудын нэг, “Вилаят Хорасан”-ы гол өрсөлдөгч болгожээ. “Талибан” бол “Вилаят Хорасан”-ы дайсан” гэжээ. 

 

“Вилаят Хорасан” ОХУ-ыг онилжээ

 

“Крокус сити холл”-той холбоотой гол асуулт бол аймшигт халдлагын зохион байгуулалт. Энэ асуудлаар ажиглагчид хэд хэдэн хувилбар дэвшүүлжээ. Халдлага болсон даруйд Украиныг буруутгасан хувилбар олон нийтийн сүлжээгээр тархсан. Киевийн эрх баригчид уг хэрэгт оролцоогүй, буруугүй гэдгээ мэдэгджээ. “Нью-Йорк Таймс” болон “CBS News” телевиз “Вилаят Хорасан” сүүлийн хоёр жилийн хугацаанд ОХУ руу дайрахыг завдсан. Халдлагыг богинохон хугацаанд зохион байгуулсан учир тусгай албаныхан мэдээлэл авч амжаагүй болов уу гэсэн таамаг дэвшүүлжээ.  

Тэгвэл “Уолл Стрийт журнал” сонинд “АНУ, Европ, ОХУ, БНХАУ хоорондоо маргалдаж байхад “Исламын улс” бүлэглэл тэдний эсрэг хэдийнэ дайтаж эхэлжээ. Исламын бүлэглэлүүд хаашаа дайрах нь хамаагүй, гол нь шуугиан тарих. Их гүрнүүд Украин болон Газын зурваст анхаарал хандуулаад завгүй байгааг далимдуулан исламистууд идэвхжиж байна. АНУ болон ардчилсан ертөнцийн ОХУ, Иран, БНХАУ гэсэн авторитар гүрнүүдтэй хийх тэмцэл Украин, Газын зурваст болж буй дайны дунд ширүүсэж байна. Гэвч “Исламын улс”-ын хувьд тэд бүгд шашны дайсан” гэжээ.

Катарын “Аль Жазира” агентлагийн мэдээнд “Исламын улс” бүлэглэлийн суртал ухуулга сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгч Владимир Путинийг мусульманчуудын дайсан, Орос болон хилийн чанадад тэдний эсрэг мөрдлөг хавчлагын эх үүсвэр болгон харуулж байгааг онцолсон. “Вилаят Хорасан”  бүлэглэл Орос руу довтолж байгаа хамгийн үнэмшилтэй шалтгаан бол талибууд юм. Цэргийн мөргөлдөөн судлалын “Militant Wire” төвийг үүсгэн байгуулагч Лукас Уэббер “Афганистаны жигүүрийнхэн буюу “Вилаят Хорасан”-ыхан хүрээгээ өргөжүүлэхээр шийдсэн. Тэд Сири, Иракт ялагдсан учраас ОХУ руу довтолж байгаа” гэж дүгнэжээ.

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24591/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 11 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 14 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 14 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 14 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 14 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 15 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 16 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 16 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 16 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 16 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 16 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 16 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 16 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 16 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 16 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 17 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 17 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 17 цагийн өмнө