Алтанбулаг боомтод 21 жилийн дараа цогц бүтээн байгуулалт хийж байна


Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод багтаж буй боомтын сэргэлтийн хүрээнд ийнхүү боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлснээр Монгол Улсын гадаад худалдаа түүхэн дээд амжилт тогтоогоод буй. Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улс 69 сая 670 мянган тонн нүүрс экспортолжээ. Үүнд голлон нөлөөлсөн бодлого, хүчин зүйл бол боомтын сэргэлт юм. Манай улс одоогоор Баянхошуу, Бичигт, Булган, Бургастай, Гашуунсухайт, Замын-Үүд, Ханги, Хавирга, Шивээхүрэн гэсэн нийт есөн боомтоор нүүрс экспортолж байна. Үүнээс Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор авто зам, AGV буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр, Замын-Үүд боомтоор авто болон төмөр замаар, бусад зургаан боомтоор нь дан авто замаар тээвэрлэлт хийж байна.

Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд өнгөрсөн онд Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо зэрэг найман боомтод төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ. Эдгээрээс Алтанбулаг хилийн боомтод 21 жилийн дараа томоохон, цогц бүтээн байгуулалтын ажлыг хийж буй. Тус боомтын бүтээн байгуулалтын ажлыг 2020 онд эхлүүлж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд  эхний ээлжийн ажлыг дуусгажээ. Тодруулбал, барилга байгууламжийн өргөтгөл шинэчлэлийн барилга угсралт буюу Ачаа тээврийн шалган нэвтрүүлэх цогцолборын барилгыг ашиглалтад оруулж, ачаа болон зорчигчдын хөдөлгөөнийг нээсэн байна. Мөн Замын-Үүд Эрээний боомтын ачаа тээврийн терминалыг энэ сарын 1-нээс эхлэн 24 цагаар ажиллуулахаар болов. Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд өрнөж буй эдгээр болон бусад бүтээн байгуулалт мөн хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг багцлан хүргэе.

 

Зорчигчийн тоо гурав, ачаа тээврийн хэрэгслийн тоо дөрөв дахин нэмэгдэнэ 

Алтанбулаг боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэх бүтээн байгуулалтыг Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байна. Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн RIBS төслийн хүрээнд 2020 оны долдугаар сард эхлүүлсэн эхний багц ажил болох Алтанбулаг хилийн боомтын авто зам, барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг дуусгаж, ашиглалтад оруулав. Харин хоёрдугаар ээлжийн ажлын хүрээнд хийх зорчигчийн шалган нэвтрүүлэх цогцолборын барилга байгууламж болон бусад дэд бүтцийн ажлыг энэ онд ашиглалтад оруулах юм байна. Боомтод шинэчлэл, өргөтгөлийн ажлыг бүрэн хийж дуусгаснаар зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх боломж бүрдэх аж. Мөн хүчин чадлын тухайд өдөрт нэвтрэх зорчигчийн тоо гурав, ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоо дөрөв дахин нэмэгдэнэ гэж тооцоолжээ. 

 

Шалган нэвтрүүлэх цогцолборыг хоёр дахин томруулна 

Алтанбулаг хилийн боомтын барилга байгууламжийн өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд 567 ам.метр ачаа тээврийн шалган нэвтрүүлэх барилга, 1152 ам.метр түргэн муудах бараа бүтээгдэхүүний агуулах, ус дулаан дамжуулах төв, 342 ам.метр гаалийн лабораторийн барилга, 66 КВт нарны цахилгаан үүсгүүр, хяналтын саравч 1,2,3, дулаан, цэвэр усны шугам, дулаан, цэвэр усны худаг, гадна гэрэлтүүлгийн ажлыг эхний ээлжийн бүтээн байгуулалтаар барьж байгуулжээ.  

Түүнчлэн 1.65 км дөрвөн эгнээ бүхий тусгаарлах зурвас зам, 0.5, 0.37 км тойрог уулзвар, 7000 ам.метр талбай бүхий авто зогсоол, гол зам, замын далан, авто зогсоолын барилга байгууламжийг ашиглалтад оруулжээ. Харин Алтанбулаг хилийн боомтын барилгын хоёрдугаар ээлж болох зорчигчийн шалган нэвтрүүлэх цогцолборын барилгын ажил одоогийн байдлаар 64 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ хүрээнд ухаалаг гарц, рентген, ариутгалын хэсэг, цацрагийн монитор, үерийн ус зайлуулах хоолой барьж байгуулна.  Бүтээн байгуулалт өрнөснөөр Алтанбулаг боомтын нийт зам талбай хоёр дахин нэмэгдэж, шалган нэвтрүүлэх цогцолбор хоёр дахин томрох аж. 

 

Замын-Үүд боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагаар ажиллуулахаар болов  

Замын-Үүд боомтын авто замын ачаа тээврийн хэсгийг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30 хүртэл 24 цагаар ажиллуулахаар болов. Монгол Улсын Ерөнхий сайдын өнгөрсөн оны зургадугаар сард БНХАУ-д хийсэн төрийн албан айлчлалын хүрээнд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газар, боомтын удирдлагуудтай яриа хэлцэл хийсний үр дүнд хоёр улсын иргэн, ачаа тээврийн гол боомт болох Замын-Үүд-Эрээний боомтыг 12 цагаар ажилладаг байсныг 24 цаг болгох асуудлыг харилцан тохиролцсон байна. Энэхүү яриа хэлэлцээг бодит ажил хэрэг болгох бэлтгэл ажлыг хангуулах туршилтыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-наас 31 хүртэл 14 хоногийн хугацаанд 24 цагаар тээвэрлэлт хийж гүйцэтгэлээ. 

 Туршилтын хугацаанд 18:00-08:00 цагийн хооронд улсын хилээр том оврын 1398 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Түүвэр судалгаа авахад судалгаанд хамрагдсан тээвэрчдийн 90 хувь нь 24 цагаар ажилласан үйл явцыг зөв гэж дэмжсэн бол  92 хувь нь дараалал буурсан, огт дараалалгүй болсон, 83 хувь нь цаашид 24 цагийн горимоор ажиллуулахыг дэмжсэн байна. Туршилтыг амжилттай хэрэгжүүлснээр бусад боомтуудыг өргөтгөсөн цагаар ажиллуулах, экспортыг ахисан түвшинд хүргэх бодит боломжийг нээж өгсөн гэж холбогдох албаныхан тодотгож байна.

 

Монгол Улс анх удаа  автомат удирдлагатай  тээврийн хэрэгслээр нүүрс  экспортолж эхлэв 

Монгол Улсын Засгийн газрын 349 дүгээр тогтоолоор  Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтын 66 га талбайд жилд 10 сая тонн нүүрс экспортлох автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг 92 сая ам.дол­ларын хөрөнгө оруулалтаар барьж байгууллаа. Тус терминалын зам, талбай бусад барилга байгуу­ламжийн бүтээн байгуулалтын ажилд үндэсний 160 гаруй аж ахуйн нэгж болон Зэвсэгт хүчний Барилгын инженерийн удирдах газрын анги нэгтгэлийн нийт 1200 инженер, техникийн ажилтан оролцлоо. Тус терминалыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулснаар  AGV /Automated Guided Vehi cles/-ээр нүүрс экспортлох үйл ажиллагааг эхлүүлээд байна. Энэ нь Монгол Улс олон төрөлт ачаа тээврийг хөгжүүлэх, хил дамнасан тээврийг шинэ шатанд гаргах чухал эхлэлийг тавьсан алхам боллоо. Мөн Нарийнсухайтын бүлэг ордоос нүүрс олборлогч  найман аж ахуйн нэгжийн хамтарсан “Шивээхүрэн  терминал” ХХК нь Шивээхүрэн боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг барьж байгуулан ашиглалтад оруулаад байна. Төлөвлөсөн  ажлыг хэрэгжүүлж дуусгаснаар Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадал дөрөв дахин нэмэгдэж, жилдээ 40 сая тонн нүүрс экспортлох боломж  бүрдэнэ гэж тооцож байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод Арцсуурь Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн шинэ төмөр замын сүлжээ байгуулах, Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминал байгуулах төслүүд багтсан. Энэ ажил эхнээсээ хэрэгжиж орчин үеийн технологи бүхий ачаа тээврийн терминал Шивээхүрэн боомтод ашиглалтад орлоо.

 

Боомтуудын барилга, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүллээ  

Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх чиглэл болох Боомтын сэргэлтийн хүрээнд зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн, хүчин чадлыг дээшлүүлэх, улмаар экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг хийж буй. Тухайлбал, 

 

• Замын-Үүд боомтын барилга угсралт болон зорчигч тээврийн цогцолборын байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгаж, ачаа тээврийн хэсгийг энэ оны нэгдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулна.

 

• Гашуунсухайт боомтын зорчигч, ачаа тээврийн барилга байгууламж 61 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

• Алтанбулаг боомтын ачаа тээв­рийн хэсгийн нэг, дөрөв дүгээр хэсгийг өнгөрсөн оны арван­хоёрдугаар сарын 23-нд ашиглалтад оруулав. Харин зорчигч тээврийн хэсгийг энэ оны нэгдүгээр сард багтаан хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

 

• Сүхбаатар боомтын Нэг цэгийн үйлчилгээний байгууламжийн барилга угсралтын ажлыг  өнгөрсөн оны есдүгээр сард дуусгаж, Улсын комисс хүлээн авсан. 

 

• Боршоо боомтын бүтээн байгуу­лалтыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр өнгөрсөн онд ашиглалтад оруулсан.

 

• Бичигт боомтын авто зам, барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг өнгөрсөн онд эхлүүлж ажлын явц ачаа, зорчигч тээврийн барилга байгууламж таван хувь, боомтын авто замын барилга байгууламж 25 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

• Цагааннуур, Булган, Хавирга боомтуудад Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр боомтын барилга байгууламж, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ. Төслүүдийн хүрээнд одоо байгаа боомтын хүчин чадал 2-3 дахин нэмэгдэх юм. Мөн 13 боомтын ТЭЗҮ, зураг төслийн ажлыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. 

 

19 боомтын ачаа тээвэр болон зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээв

  Хилийн авто замын боомтуудын зорчигч, ачаа тээврийн хөдөлгөөнийг нээн ажиллуулахад онцгой анхаарч ажиллав. Үүний үр дүнд “Ковид-19” цар тахлын үеэр хаалттай байсан авто замын бүх боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг өнгөрсөн онд багтаан үе шаттайгаар нээлээ. 

С.Аз

Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24591/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 7 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 10 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 10 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 11 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 11 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 12 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 12 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 12 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 12 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 12 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 12 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 12 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 12 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 12 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 12 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 13 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 13 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 13 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 13 цагийн өмнө