Монголын Үндэсний шигшээ багийн тамирчин, спортын мастер Д.Сэлэнгээтэй ярилцлаа. Дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай түүний хувьд АНЭУ-ын Дубай хотод болсон Парисын олимпын эрх олгох тэмцээнд амжилттай оролцоод ирсэн юм. Хүн төрөлхтний спорт, эв нэгдлийн хамгийн том баярт хоёр дахь удаагаа оролцох гэж буй тэрбээр дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байна.
-Ярилцлагаа таныг хэрхэн өөрийгөө ялан дийлснээс эхэлье. Хүний амьдралд сайн, муу олон зүйл тохиолддог. Хамгийн гол нь тэр үед өөрийгөө хааш нь чиглүүлж, хөгжүүлэхээс их зүйл шалтгаалдаг гэж боддог юм?
-“Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг ярилцлагын зочноор урьж оролцуулсанд баярлалаа. Би 2014 онд осолд орсны улмаас тэргэнцэр дээр суудаг болсон. Тухайн үед эрүүл саруул, ажлаа хийгээд явснаас өөрөөр, тэргэнцэр дээр суудаг шинэ Сэлэнгээг бий болгоход амар байгаагүй. Гэхдээ амьдралд минь тохиолдсон энэ үйл явдал бүхнийг шинээр эхлүүлэх боломж хэмээн хүлээж авсан. Жижиг сажиг асуудал тулгарахад өөрийгөө сатааруулахгүйн тулд тэр дор нь шийдвэрлэж гол зүйлдээ түлхүү анхаарал хандуулах нь надад зөв санагддаг. Яагаад гэвэл миний гол өрсөлдөгч нь би өөрөө. Тийм болохоор өчигдрийн өөрөөсөө өнөөдөр нэг алхмаар илүү байхыг эрмэлзэж явдаг болсон.
-Та байт харваагаар хичээллэхээс өмнө спортын аль нэг төрлийг сонирхдог байсан уу?
-Тэргэнцэртэй иргэдийн холбооны спортлог залуустай хамт туялзуур сэлмээр М.Мөнхтулга багшийн удирдлага дор хичээллэдэг байсан. Үүний хажуугаар бадминтон, гар барилдаан, тэргэнцэртэй марафон зэрэг тэмцээн уралдаанд оролцож медаль хүртэж байлаа. Харин байт харвааны спортоор 2019 оноос хойш хичээллэж байна. Надад тохирсон спорт юм шиг санагдсан учраас тууштай хичээллэсээр өнөөдрийг хүрчээ.
-Амьдралын тань баяр гунигтай мөчид нэг шинэ хуудас нэмж байт харваа хэмээх спортын төрлийг тантай танилцуулсан хүн хэн байв?
-Байт харвааны спортод ороход Ц.Энхтуяа эгч надад хамгийн ихээр нөлөөлсөн. Энэхүү спортоор хичээллэхэд эхний үед хүндрэлтэй зүйл олон гардаг байсан ч Ц.Энхтуяа эгч бүх талаар намайг дэмжсэн юм. Эгчдээ миний төлөө хийсэн бүхэнд нь талархаж явдгаа энэ ташрамд хэлье.
-Ямар ч зүйлийг эхлүүлэх амаргүй байдаг. Байт харваагаар анх хичээллэж байсан үеэ дурсаж болох уу?
-Өмнө нь хичээллэж байсан спортын бусад төрлөөс байт харваа миний хувь хүний онцлогтой ойролцоо санагдсан. Нум сумаа харваад сууж байхад үнэхээр тайван байдаг. Харвах мэдрэмж гоё байсан нь миний онцлогтой их тохирч байсантай холбоотой юм болов уу. Магадгүй тийм ч учраас надад байт харваагаар үргэлжлүүлэн хичээллэвэл амжилт гаргах юм шиг бодогдсон байх.
-Спортоор хичээллээд анх хэзээ их урам авав. Юу таны хүсэл тэмүүллийг хөглөдөг вэ?
-2018 онд “Skinny cup” Монголын тэргэнцэртэй туялзуур сэлэмний анхдугаар тэмцээн болоход нь би найз нөхдийгөө дэмжихээр очихдоо санамсаргүй байдлаар тэмцээнд орох боломж олдсон юм. Уг тэмцээнээс би мөнгөн медаль хүртэж байсан нь надад маш их урам өгсөн. Түүний дараагаас тэмцээн уралдаанд өөрийгөө сорих талаар бодол орж ирсэн. “Надад алдах зүйл байхгүй юм чинь” гэж бодоод Тэргэнцэртэй иргэдийн холбооны гишүүд болох спортлог залуустай нөхөрлөн спортоор хичээллэх эхлэлийг тавьснаа дурсахад сайхан байна.
-Коронавирусийн нөхцөл байдал тамирчдын хувьд сорил болсон. Тэр үед та бэлтгэлээ хэрхэн базааж байв?
-“Ковид-19”-өөс шалтгаалж хүмүүст хүндрэл бэрхшээл тулгарч, олон сорилт дагуулсан. Харин миний хувьд эсрэгээрээ сайнаар нөлөөлсөн. Коронавирусийн улмаас “Токио-2020” паралимпын наадам нэг жилээр хойшилсон. Энэ үед шигшээ багийн тамирчдыг Техник спортын төвд вакумжуулсан бэлтгэл хийлгэсэн нь надад маш их боломж өгч “Токио-2020” зуны паралимпод орох боломжийг бий болгосон.
-Үзэгчдийн дуу чимээ, сэтгэл хөдлөл зэргээс авахуулаад тамирчдын анхаарлыг сарниулах зүйл олон. Энэ бүхэнд та хэрхэн бэлтгэж байна?
-Тамирчин бүр өөрийн гэсэн онцлогтой. Миний хувьд тэмцээний үеэр харваж байх үед орчны дуу чимээнээс илүүтэйгээр багшийнхаа хэлснийг сонсохыг хичээдэг. Багшийн сэтгэл зүй болон харвах үед хэлсэн зөвлөгөө заавар нь миний гүйцэтгэлд нөлөөлдөг.
-Байт харвааны тамирчдын хувьд анхаарах, бас ухаж судлах ёстой зүйл бол байгаль, цаг агаарын үзэгдэл. Та бүхний маш сайн тооцоолох ёстой зүйл бол салхины чиг, хурд байдаг?
-Тийм ээ. Тэмцээний өмнө цаг агаарын урьдчилсан мэдээгээ үзэж салхи болон уур амьсгалыг тооцоолдог. Харвах үедээ салхиа бие дээрээ мэдрэх болон аравчин дээрх тугийг харж ажигладаг. Сум болгоны өмнө салхиа мэдэрч тооцоолж харвадаг.
-Дасгалжуулагч Б.Золбоотой та нэлээд хэдэн тэмцээний ард гарлаа. Энэ хүний дасгалжуулах арга барилд та хэр дасан зохицож байна вэ?
-Б.Золбоо багштай хамтарч ажиллаад зургаан жил болж байна. Олон улсын тэмцээнд долоон удаа оролцож Монголынхоо тэмцээнүүдэд хамтдаа амжилттай оролцож байна. Энэ тэмцээнүүдэд ороход дасгалжуулагчийн зүгээс нум сумны тохиргоог маш сайн хийж өгдөг. Мөн тэмцээн бүрийн өмнө цаг агаар болон салхины чиглэлийг судалж зөвлөдөг юм. Багшийн үгийг нум сумаа харвах мөчдөө сайн сонсдог учир оролцсон тэмцээнүүддээ амжилттай оролцдог байх.
-Атгаад алдаад байсан паралимпын эрхээ саяхан биелүүллээ. Дубай хотод болсон тэмцээнийг харахад та өөртөө бүрэн итгэлтэй харваж байгаа харагдсан. Харин тэмцээний уур амьсгал ямархуу байсан бол?
-Тайланд улсын Бангкок хотод болсон 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд спортын мастер Б.Оюун-Эрдэнэ эгч амжилттай оролцож нэгдүгээр байр эзэлснээр “Парис-2024” олимпын эрхээ авсан. Энэ үйл явдал бидэнд урам зориг өгснөөр паралимпын эрхээ авахын тулд сэтгэлзүйгээ бэлдэхийн зэрэгцээ бэлтгэл сургуулилалтаа хийж байсан. Гэхдээ л сэтгэлийн гүнд “Дахиад урдуураа таслуулчихвий” гэсэн айдас байсан ч Б.Золбоо багш маань надад хамгийн ихээр итгэж “Парис-2024” паралимпын эрхээ авж чадна гэдэгт итгэлтэй байсан юм. Энэ нь намайг зоригжуулж нум сумаа харвах үед өөртөө итгэх итгэлийг маш ихээр нэмж бүрэн төвлөрөх боломжийг олгосон.
-Одоо таны бэлтгэл Парисын паралимпыг чиглэх байх. Чансаа, чадвар ойролцоо олон улсын тамирчдыг судалж байна уу?
-“Парис-2024” паралимпод улс орны шилдэг тамирчид оролцоно. Мэдээж чансаа өндөртэй мундаг тамирчин олон бий. Тэдний оноонд анхаарал хандуулахаас илүү өөрийнхөө чадварыг ахиулахад төвлөрөх нь тамирчны сэтгэл зүй, бие даасан байдалд чухал нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Тэгэхээр бусдад биш өөртөө анхаарал хандуулж харвах ур чадвараа сайжруулахад илүү цаг гарган ажиллана даа.
-Паралимпоос өмнө оролцох товлолт тэмцээн байгаа юу?
-Австрали улсын Сидней хотод ирэх сарын 3-7-ны хооронд болох “World archery oceania 2024” тэмцээнд Б.Золбоо багшийн удирдалага дор баг хамт олноороо оролцохоор төлөвлөөд байна.
-Олон улсын тэмцээндээ амжилттай оролцоод ирээрэй.
-Баярлалаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24591/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна