Турк улсын орон нутгийн сонгуульд эрх баригч нам ялагдаж, Анкарад улс төрийн цунами нүүрлэлээ. Шинжээчид сонгуулийн үр дүнг “Эрдоганы түүхэн дэх хамгийн том ялагдал” гэж тодорхойлсон. Сөрөг хүчин Ардын бүгд найрамдах нам метрополис статустай 15 хотын даргын суудлыг авлаа. Энэ бол Режеп Тайип Эрдоганы засаг барьсан 21 жилийн түүхэнд Шударга ёс хөгжлийн нам анх удаа ялагдсан явдал. Тэрбээр төрийн тэргүүний хувьд сонгуулийн үр дүнг ямар ч болзолгүйгээр хүлээн зөвшөөрч “Энэ бол төгсгөл биш, харин бидний хувьд эргэлтийн цэгийн эхлэл” хэмээв. Турк улс дэлхийн геополитикийн зангилаа учир үндэсний санал хураалтууд нь олон улсын анхааралд байдаг. Ойрхи Дорнод, Хар тэнгис, Кавказ зэрэг чухал бүс нутагт үүрэг гүйцэтгэдэг бөгөөд нэгэн зэрэг дэлхийн хэмжээний үйл явдалд нөлөөлөх чадвартай.
Сөрөг хүчний сөрсөн базаа
Энэ удаагийн ялалт сөрөг хүчнийг нэгтгэлээ. Тэд орон нутгийн ялалтдаа эрдэж, парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулахыг шаардах нь тодорхой. Нөлөөгөө бэхжүүлэхээр эрх баригчдын эсрэг жинхэнэ улс төрийн хувилбар болж хүчирхэгжихийг хичээнэ. Истанбул хотын шинээр сонгогдсон захирагч Экрем Имамоглу Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдөхөө зарлаагүй. Гэхдээ Истанбулыг авсан хүн төрийн тэргүүн болдог бичигдээгүй хууль Туркийн улс төрд үйлчилдэг. Имамоглу ардчилсан тогтолцоог бий болгохоо амласан. Нөгөөтэйгүүр сөрөг хүчин болон дэлхийн гүрнүүдийн хооронд санхүү, соёл, улс төрийн харилцаа бэхжиж байгаа нь илэрхий. Намууд сонгуулийн үеэр хэт уламжлалт, шашиндаа үнэнч хөдөөгийн хүн амд тулгуурладаг. Харин хотын сонгогчид барууны үзэл, боловсролтой байдаг аж. Ардын бүгд найрамдах нам Анкара, Истанбул, Анталия, Измир, Бурса зэрэг томоохон хотод үнэмлэхүй ялалт байгуулсан. Үүнийг барууны агентлагууд “Улаан давлагаа” гэж намын бэлгэ тэмдэг болсон өнгөөр илэрхийлжээ. Ардын бүгд найрамдах намыг орчин үеийн Турк улсыг үндэслэгч Мустафа Кемал Ататурк 1923 онд байгуулсан. Үндсэрхэг үзэлтэй ч шашинд баригдаагүй улс төрийн хүчин юм. Уламжлалт сонгогчид нь дундаж давхаргынхан бөгөөд хотын оршин суугчид байдгаараа ялгаатай. Туркийн Бүгд найрамдах улсыг байгуулснаас хойш консерватив үзэлтнүүд болон тууштай исламын шашинтнууд уг намын бодлогыг ариун журам, сүсэг бишрэлийн үнэт зүйлд заналхийлсэн гэж үзсээр ирсэн. Хариуд нь Ардын бүгд найрамдах нам консерватив улс төрийн бүлгүүдийг исламын радикал үзэл санааг сурталчилсан гэж шүүмжилдэг. Шашны бүлгүүдийн хоорондын хуваагдал нь Туркийн улс төрийн тодорхойлогч хүчин зүйл юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд Ардын бүгд найрамдах нам илүү консерватив, шүтлэгтэй иргэдийн дунд ч нэр хүндээ илт өсгөсөн нь өнөөдрийн ялалтын нэг шалтгаан болсон. Истанбул хотод Имамоглу ялахад нөлөөлсөн гол хүчин зүйлүүдийн нэг нь күрдүүдийн нийгэмлэгийн дэмжлэг байв. Кампанит ажлын үеэр сөрөг хүчнийхэн амьжиргааны өртөг нэмэгдсэнийг өрсөлдөгчдийнхөө сул тал болгож чадсанаар үнэмлэхүй ялалт байгуулжээ. Экрем Имамоглу “Манай иргэд ядуу байх ёсгүй”, “Эрдоган эдийн засгийн хуулийг орвонгоор нь эргүүлсэн” гэсэн уриаг идэвхтэй ашигласан. Туркийн нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслийг Засгийн газрын дэмжлэгтэй агентлагууд хянадаг ч сөрөг хүчин мөрийн хөтөлбөрөөрөө сонгогчдыг эргүүлж чадсан. Ерөнхийлөгч Эрдоганыг хэвлэл мэдээллийн хэрэгслийг монопольчилж, авторитар дэглэм тогтоосон хэмээн шүүмжилдэг.
Хэт инфляц, дундаж давхаргын дургүйцэл
Эрдоган хэцүү үеийг туулж байна. Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн сонгуульд ялах амаргүй байв. Түүний удирдлагагаар Турк улс байр сууриа огцом ахиулж, бэхжүүлсэн ч 2018 оноос эхлэлтэй эдийн засгийн хямрал гүнзгийрсэн. Нөхцөл байдал ойрын хугацаанд сайжрахгүй. Инфляцын өсөлттэй зэрэгцэн Үндэсний банк үндсэн хүүгээ нэмэгдүүлсэн нь сөрөг хүчний ялалтад түлхэц болсон. ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа эхэлсэн 2022 оноос хойш амьжиргааны өртөг огцом өсөж, инфляц 65 хувиас давж, үндэсний мөнгөн тэмдэгт лира сүүлийн таван жилийн хугацаанд 80 хувиар суларчээ. Иймд сонгогчид Засгийн газар жирийн иргэдийн дарамтыг нэмсэн гэж Ерөнхийлөгч Эрдоганыг буруутгадаг. Эрдоганы нөлөө суларч байгаа нь Ерөнхийлөгчийн дараагийн сонгуулиар тус улсад эрх мэдлийг үндсээр нь шинэчилж магадгүй бөгөөд урьдчилан таамаглахад бэрх үр дагаварт хүргэж болох юм. Туркийн геополитикийн хандлагыг өөрчлөх хэмжээний иргэний мөргөлдөөн гарахыг шинжээчид үгүйсгэсэнгүй. Истанбулд дахин ялагдсан нь Эрдоганд хүнд цохилт болж, карьерт нь сорилт учруулна. Түүнчлэн ирэх жилүүдэд өрнөх улс төрийн өрсөлдөөний мөн чанарыг тодорхойлно. Тэрбээр 2023 оны тавдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар инстанбулчуудаас хамгийн бага санал авсан. Истанбул бол Эрдоганы төрөлх хот төдийгүй 1994-1998 онд даргаар нь ажиллаж байв. Ерөнхий сайд болсныхоо дараа ч хотыг хяналтдаа байлгасан. Хэдийгээр тулаанд ялагдсан ч Эрдоганы улс төрийн замналд цэг тавихад эрт байгаад зарим ажиглагч санал нэгдсэн. Түүний бүрэн эрхийн хугацаа 2028 онд дуусна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал дөрвөн жилээр дахин сонгогдох боломжтой. Засгийн эрх барьж буй 20 гаруй жилийн хугацаанд Эрдоганы улс төрийн нөлөө Туркээс хол давсан. ОХУ, Украины хооронд зуучлагч гэдгээ баталж, 2022 онд Украины хүнсний экспортыг сэргээх тухай гэрээ байгуулахад тусалсан, Африк, Азийн олон оронтой худалдааны харилцаагаа өргөжүүлсэн, Ойрхи Дорнодод тэргүүлэх байр суурь эзэлжээ. Эрдоган иргэдийнхээ дэмжлэгийг эргүүлэн авахын тулд чадах бүхнээ хийнэ. Бүрэн эрхийн хугацаандаа улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгийг сэргээхэд анхаарлаа хандуулна. Тэрбээр сонгуулийн дараах мэдэгдэлдээ “85 сая иргэнийхээ амар амгалан, аюулгүй байдал, итгэл найдварыг дээшлүүлэхийн төлөө амралтгүй, уйгагүй зүтгэхээ ард түмэндээ болон Турк улсад дахин амлаж байна” гэсэн юм.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24592/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна