Ц.Амарсанаа: Рингэнд гарсан л бол зорилгоо биелүүлэхийн төлөө зөвхөн урагшаа тэмүүлдэг



Тулааны урлагийн VI их наадам, муайтай боксын дэлхийн аваргын 57 кг-ын жинд тулалдсан Монгол Улсын тамирчин Ц.Амарсанаатай ярилцлаа. Тайланд улсын Пукетэд өнгөрсөн сард зохион байгуулсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэрбээр амжилттай оролцон өрсөлдөгчөө буулган авснаар алтан медаль, муайтай боксын дэлхийн аваргын хагас мэргэжлийн ангиллын аварга болсон юм. 

    
-Тайландын Пукетэд болсон тулааны их наадмаас эхлэн ярилцъя. Та энэ наадамд оролцохын тулд хэдий үеэс бэлтгэсэн бэ?
-Би тулааныхаа бэлтгэлийг өнгөрсөн оны есдүгээр сараас эхлүүлсэн. Өнгөрсөн жил сонирхогчийн муайтай боксын дэлхийн аварга болсон учраас энэ тулаанд ялж амжилтаа ахиулахыг хүссэн юм. Энэхүү тулаанд амжилттай оролцоход намайг бүх талаар тусалж дэмжсэн багш дасгалжуулагч, гэр бүлийнхэн болон ах эгч нартаа баярлалаа. Би улс, эх орныхоо нэрийг илүү өндөрт өргөхийн төлөө хичээх болно. 

  
-Тулааны уур амьсгал ямар­шуу болов. Таны төсөөлс­нөөс өөр байв уу?
-Тулааны нөхцөл байдлыг урьдчилан төсөөлөх боломжгүй байдаг. Учир нь, тухайн цаг үед юу болохыг хэн ч таамаглаж чадахгүй. Миний хувьд рингэнд нэг л гарсан бол зорилгоо биелүүлэхийн төлөө зөвхөн урагшаа тэмүүлдэг. Энэ зангаараа л оролцсон тулаанаа дуусгалаа.  


-Өрсөлдөгч тамирчнаа судалсан уу. Өмнө нь рингэнд тулалдаж байсан удаа бий юү?
-Ер нь тэмцээний оноолтоос их зүйл шалтгаалдаг. Оноолт гарсны дараа “Миний тулалдах хэсэгт ямар хүмүүс байна вэ. Нөгөө талд олон улсын ямар тамирчид байна вэ” гэдгийг харж судална. Бас өөрийнхөө хийсэн тулаан бүрийнхээ дараа дүгнэлт хийж, бусад тамирчинтай харьцуулна. Тэднийг ямар арга барилаар, хэрхэн тулалддаг тамирчин юм бэ гэдгийг хардаг. Нэг онцлог нь тулаанд голдуу улс орнуудын аваргууд оролцдог болохоор өмнө нь тулалдаж байгаагүй хүмүүстэй рингэнд гарах нь олонтаа. 


-Пукетэд болсон тоглолт таны карьерын хэд дэх удаагийн тулаан бэ?
-Сонирхогчийн муайтай боксын хувьд 20 гаруй тулаан хийсний отгон ялалтаа сая авлаа.  


-Та өмнө нь сонирхогчийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ялсан туршлага­тай. Энэ удаа хагас мэргэж­лийнхэнтэй тулалдлаа. Ялгаа­тай санагдав уу?
-Сонирхогчийн болон муайтай боксын хагас мэргэжлийн ангиллын ялгаа нь хамгаалалтууд багасчихдаг. Тулаанд ихэвчлэн туршлагатай, чансаатай тамирчид оролц­догоороо ялгаатай. Бас бэртэж гэмтэх нь нэмэгдэх эрсдэлтэй. Түүнээс биш дүрэм нь адилхан.  


-Спортын эрсдэлтэй төр­лүүдийн нэг муайтай боксоор та яагаад хичээллэх болов?
-Би анх сонирхогчийн боксоор хичээллэдэг байсан. Нэг удаа зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо хөлөндөө дараалан өшиглүүлсээр байгаад тэмцээнээ өндөрлүүлж байсан удаатай. Тиймээс өөртэйгөө ажиллаж, илүү судалгаа хийснээр муайтай боксоор хичээллэхээр шийдсэн. Ийм сонголт хийхэд багш болон ах нар маань надад их тусалсан. 


-Спортын энэ төрлөөр хичээл­­лэхэд гэр бүлийн­хэн нь хэрхэн хүлээн авч байсан бол?
-Мэдээж яасан гэж дуртай байх билээ. Гэрийнхэн маань илт дургүй байсан. Эрсдэл ихтэй учраас гэмтэж бэртэнэ. Мөнгө төгрөг олох боломжгүй гээд муайтай боксоор хичээллэхгүй байх олон шалтгааныг надад хэлсэн. Гэхдээ би тухайн үед бодлоосоо ухраагүй. Муайтай боксоор хичээллэнэ гэсээр байгаад эхлүүлсэн. Бэлтгэл хийх, тулаанд орохын тулд хэрэгсэл авах шаардлагатай болдог. Тэр үедээ би гэр бүлийнхэндээ хандаж үзсэн ч надад туслаагүй. Тиймээс ажил хийж хэрэгслээ авч бэлтгэлээ үргэлжлүүлж байлаа. 


-Одоо хэн гэдэг дасгал­жуулагчтай ажиллаж байна вэ?
-Би Монгол Улсын муайтай боксын шигшээ багийн тамирчин Б.Мягмарсүрэн багш болон Нямсүрэн зэрэг ах нарынхаа удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хангаж, зааварчилгаагаа аваад явдаг.  


-Дараагийн тулааны тов  гарсан уу?
-Хараахан гараагүй байна. Тиймээс энэ зуур бэлтгэлээ хийнэ дээ. 
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.  

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24592/


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 11 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 14 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 14 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 14 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 14 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 14 цагийн өмнө
SDY Calling you... 14 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 14 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 15 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 15 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 15 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22