​Амны хаалтаа зүүж, халдвар, хамгааллын дэглэмээ сахихыг зөвлөж байна



Урин дулаан цаг ирж байгаа ч хаврын улиралд хүний биеийн дархлаа суларч, ханиад, томууны өвчлөл ихэсдэг. Энэ цаг үед бага насны хүүхдүүдэд томуугийн вирус халдварлаж,  хүүхдийн эмнэлэг ачаалалтай байдаг билээ. 

Ачаалал хамгийн ихтэй байдаг ЭХЭМҮТ-ийг зорин очлоо. Тус төвийн Эх хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт ханиад, томуу тусаж, халуурч, бүлээрсэн хүүхдүүдээ үзүүлэхээр эцэг, эхчүүд дугаарлан зогсоно. Ихэнх нь гурван сартай нярайгаас тав хүртэлх насны хүүхдүүд харагдаж байлаа.

Яаралтай тусламжийн тасгийн бүртгэлийн хэсэгт хүүхдийн өндөр, жин, амин үзүүлэлтийг нь хэмжинэ. Бүртгэл хийлгэж байгаа эцэг, эхчүүд хүүхдэд нь  “ханиалгахгүй халуурч байна, дотор нь муухайраад бөөлжиж, хоол ундандаа дургүй болсон” гэсэн зовиурын шинж тэмдэг илэрснийг хэлж байлаа.   Бүртгэл хийсний дараагаар эмчийн өрөө рүү дугаарын дагуу орж үзүүлж байна. Ер нь хүчтэй халуурах, дотор муухайрах, шингэн нус гоожих гэх зэрэг нийтлэг шинжээр томуугийн вирус илэрдэг байна.

Амьсгалын замын цочмог халдварт өвчлөл нь халуурах, бие арзайх, хоолой өвдөх,  ам хатах, хамар битүүрэх, нус гоожих, толгой өвдөх, ханиах, найтаах зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна. Тиймээс бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүс томуугаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Яаралтай тусламжийн төвийн оргил ачааллын үе нь 21:00-01:00 цаг. Учир нь эцэг, эхчүүд ажлаасаа тарж гэртээ ирж, хоол ундаа хийж идсэний дараагаар ханиадтай хүүхдээ үзүүлэхээр эмнэлэг зорьдог байна. Энэ цаг нь мөн хотын ид түгжрэлийн үетэй давхацдаг.


 


Д.Ариунсайхан: Хүүхдээ цэвэр агаарт гаргаж, эрт унтуулж дархлааг нь дэмжих хэрэгтэй

ЭХЭМҮТ-ийн Эх, хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн төвийн  эмч Д.Ариунсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн өдрүүдэд Яаралтай тусламжийн төвийн ачаалал их байв уу. Ханиад, томууны дэгдэлт хэр байна вэ?

-Өвлийн хүйтэн харьж, урины улирал эхэлж, агаарын солбицол өөрчлөгдөж байгаатай холбогдуулан сүүлийн үед өвчлөл ихсэж байна. Өдөрт дунджаар 300 орчим хүн яаралтай тусламжийн төвөөр үйлчлүүлдэг. Энэ тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байна. Яаралтай тусламжийн төвд хандаж байгаа тохиолдлын 30-40 хувийг томуу,  томуу төст өвчин эзэлдэг.

-Энэ жилийн томуугийн халдварын шинж тэмдэг яаж илэрч байна. Бага насны хүүхэд ханиад тусаад,  хурдан хугацаанд уушгид нь нөлөөлж, хатгаа болж байна гэсэн?

-Улирал солигдох бүрд вирусийн идэвхжилүүд нь дагаад солигдож байдаг. Зуны улиралд гэдэсний халдварт өвчин ихэснэ, хавар, намар амьсгалын замын өвчлөл ихэснэ.

Энгийн ханиад, шуухинаа туссан тохиолдолд халуурахгүй. Бага зэрэг бүлээрч, нус гоожиж, ханиалгах, хоолны дуршил багасах шинж тэмдэг илэрдэг. Харин томуу нь  халдварын үүсгэгчээсээ шалтгаалдаг. Томуугийн үүсгэгчүүд маш хоруу чанартай. Өндөр хэмээр халуурч, өвчнийг хурдан хүндрүүлдэг. Зарим тохиолдолд ханиалгахгүйгээр өндөр хэмээр халуурч, гэдэс гүйлгэнэ, гэнэт бөөлжих шинж тэмдэг илэрнэ. Цаашлаад хоёр, гурав хоногоос хатгаа болж хүндрэх эрсдэлтэй.

-Танайд үзүүлэхээр ирсэн хүүхдүүдийн өвчлөл хэр хүндэрсэн байна вэ?

-Нэг үеэ бодвол эцэг, эхчүүд хариуцлагатай болсон. Эцэг, эхчүүд ажлаа тараад хүүхдийнхээ ханиадны эхэн үед нь  Яаралтай тусламжийн төвд ирж, үзүүлж, зөвлөгөө авч байна. Харин ханиад, томуу тусаагүй хүүхдээ авчирч эмнэлгээр үйлчлүүлснээр тухайн хүүхэд эргээд томуугийн халдвар авах магадлал өндөр байдаг.

-Иргэд ханиад, томуунаас урьдчилан сэргийлж, өдөр тутмын хэрэглээгээ хэрхэн зохицуулах вэ?

-Амьдралын зөв хэвшилтэй байх хэрэгтэй. Орой 21:00-22:00 цагийн хооронд өөрсдөө ч, хүүхдүүдээ ч унтуулж  хэвших нь зүйтэй. Манай эцэг, эхчүүд ажлаасаа тараад гэртээ ирээд телевиз үзэх, утсаараа цахим сүлжээний мэдээлэл үзэж, оройтож унтдаг. Үүнийг дагаад хүүхдүүд мөн оройтож унтсаар дархлаа нь сулардаг.  Хоол хүнсэндээ хэт  чихэрлэг зүйл хэрэглэхээс татгалзвал зохистой. Учир нь хэт чихэрлэг зүйлс хүүхдийн  биеийн дархлаа, эсэргүүцлийг сулруулдаг.

-Эцэг, эхчүүдэд хандаж юу зөвлөх вэ?

-Урин дулаан цаг ирж байна. Хүүхдүүдийг амралт чөлөөт цагаар нь цэвэр агаарт сайн гаргах хэрэгтэй байна. Телевиз, гар утсыг нь  үзүүлээд гэрт нь вакумжуулан хорьж хэрэггүй.

Ковидын үед томуугийн өвчлөл огцом буурсан

Коронавирусийн дэгдэлтийн үед иргэд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахисан. Албан байгууллага, айл өрх бүр ариун цэврийг сахиж, олон нийтийн газар амны хаалтаа зүүж, бээлий өмсөж,  өрөө тасалгаагаа агаар­жуулж, ариутгалын бодисыг тодорхой хугацаанд цацаж, цэвэршүүлж байлаа. Энэ хэрээр халдвар хамгааллын дэглэмийг сахиснаар ханиад, томууны дэгдэлт буурсан гэж эрүүл мэндийн салбарынхан ярьдаг. Харин эдүгээ коронавирусийн дэгдэлт ард хоцорч, иргэд энгийн амьдралдаа ороод эхэлсэнтэй холбоотой халдвар, хамгааллын дэглэмээ сулруулжээ.  Үүнтэй холбоотойгоор ханиад, томуу ихэслээ.

“Ковидын үед иргэдэд   халдвар, хамгааллаа сахих талаар эрүүл мэндийн байгууллага өдөр бүр мэдээлэл өгч байлаа. Иргэд ч халдвар, хамгааллаа сахих талаар ойлголттой болж, дэглэмээ чанд барьсны үр дүнд ханиад томууны өвчлөл огцом буурсан. Харин сүүлийн үед иргэд халдвар, хамгааллаа сахих нь багасаж, назгайрч байгаа нь ажиглагдаж байна. Халдвар, хамгааллаа сахихаа болихоор өвчлөл ихсэж байна.   Тиймээс иргэн бүр халдвар, хамгааллын дэглэмээ  ковидын үеийнх шиг сахих хэрэгтэй.  Олон нийтийн газар явахдаа амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж, ариутган, халдваргүйжүүлж, хоолой, амаа тогтмол зайлна. Энэ нь ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх эхний алхам юм”  гэдгийг эмч нар зөвлөж байна.

Гэдэсний халдвараас сэргийлцгээе

Өвөл цас их орж, зарим орон нутагт зудын эрсдэл нүүрлэсэн.  Энэ хавар шар усны үер болж байна. Үүнтэй холбоотой халдварт өвчин ихсэх  магадлалтайг эрүүл мэндийн байгууллагынхан зөвлөж, сэрэмжлүүлж байна.  Учир нь, шар усны үертэй холбоотой гэдэсний халдварт өвчин ихэссэн. “Манай хүүхэд гүйлгээд зогсохгүй байна, бөөлжүүлээд байна, хоолондоо дургүй боллоо” гэх зэргээр яарч, сандарсан эцэг, эхчүүд Яаралтай тусламжийн төвд ирж байлаа.  Үүнээс гадна гар, хөл, амны  тууралтаар  тав хүртэлх насны хүүхдүүд их өвчлөмтгий байдаг аж. Учир нь энэ  насныхан гар, хөлөө дутуу угаана, тоос, шороогоор тоглох нь элбэг.  Энэ насныхны биеийн эсэргүүцэл том хүнийхтэй харьцуулахад сул, тогтворжоогүй, дархлаа султай байдаг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ гар, хөлийг тогтмол угааж, ариун цэврийг нь сахиулах хэрэгтэй. 

Н.Энхбат

Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24592/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22