Парисчууд эко олимп зохион байгуулахаа амлав



Зуны 33 дахь олимпын наадам айсуй. Франц улс ирэх  долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд хамгийн эко олимпын наадам зохион байгуулахаа амласан. Өмнөх Токиогийн олимпыг цар тахлын улмаас нэг жилээр  хойшлуулж, гадаадын хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулсан билээ. Уур амьсгалын өөрчлөлтийг хүн төрөлхтөнд заналхийлж буй гол аюул гэж үзсэн учир "ногоон" хөтөлбөрийг голчилжээ. Байгаль орчинд ээлтэй үзүүлэлтэд нийцүүлэн олимпын тосгоныг газрын гүний дулаан, нарны эрчим хүчээр хангахаас гадна тамирчдын хүнсний  цэсэнд ургамлын гаралтай хүнсний хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Наадмын үеэр 800 гаруй  арга хэмжээ зохион байгуулж, 15 мянган тамирчин, 45 мянган сайн дурынхан оролцож, 13 сая гаруй хүнд үйлчлэхээр төлөвлөжээ. 

Нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулна

Зохион байгуулагч талын амбиц уур амьсгалын тогтвортой байдлыг хүн төрөлхтний хамгийн том сорилт гэж үзсэн. Тэд төлөвлөгөөгөө  амжилттай хэрэгжүүлбэл Парисын олимп хэтдээ ижил төстэй үйл ажиллагааны шинэ стандарт тогтоож магадгүй.  Наадмын өдрүүдэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг хоёр дахин бууруулснаар 1.75 сая тонн нүүрсхүчлийн хий ялгарахыг хязгаарлаж чадна. Баримт сөхвөл, Токио 2020, Рио 2016, Лондон 2012 наадмын үеэр дунджаар 3.5 сая тонн нүүрсхүчлийн хий агаар мандалд ялгаруулжээ. Олимпын хотхон байгуулахад зохион байгуулагч орнууд ач холбогдол өгч, их хэмжээний төсөв зарцуулдаг байсан.  Тэгвэл парисчууд одоогийн барилга байгууламж, дэд бүтэцдээ тулгуурлаж, зонхилох үйл ажиллагаагаа 1998 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулан барьсан “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна. 2024 оны олимпод зориулан шинээр барьж буй ганц байгууламж нь Сент-Денис дэх Усан спортын төв юм. Нарны эрчим хүчээр ажилладаг, байгальд ээлтэй барилгын материалаар барьснаараа онцлог. Биологийн олон янз байдлыг хадгалахын тулд олимпын тосгоны барилгуудын дээвэр дээр шавж, шувууны үүр байрлуулна. Мөн тамирчдын тосгоны эргэн тойронд есөн  мянган мод тарьжээ. Зохион байгуулагчид мөн ургамлын гаралтай бүтээгдэхүүний борлуулалтыг хоёр дахин, нэг удаагийн хуванцар хэрэглээг хоёр дахин багасгаж, хог хаягдлыг бууруулахаа амлаж байна. 


Парист 15 сая хүн зочилно

Засгийн газраас гурван тэрбум евро төсөвлөсөн ч эцсийн дүндээ зардал төлөвлөснөөс давжээ. Зохион байгуулах хорооны төсөв 4.4 тэрбум еврод хүрсэн бөгөөд 96 хувь нь байнгын ажиллагаатай байгууламж барих “SOLIDEO” сангийн төсөв юм.  Олимпын наадмын ивээн тэтгэгчээр ажиллаж, шууд дамжуулалтын үеэр сурталчилгаагаа цацах нь компаниудын хувьд нэр төрийн хэрэг. Энэ жилийн наадмын олон улсын брэнд ивээн тэтгэгчээр Airbnb, “Alibaba”, “Allianz”, “Atos”, “Bridgestone”, “Coca-Cola”, “Corona Cero”, “Deloitte”, “Intel”, “Omega”, “Panasonic”, P&G, “Samsung”, “Toyota”, “Visa” ажиллажээ. Тэмцээний өдрүүдэд Парист 15 сая хүн зочилно. Одоогоор  13.4 сая тасалбар борлуулаад байгаа. Олимпын наадмын гол баатрууд нь 206 улсын шигшээ багийн 10.5 мянган тамирчин байх юм. Тэд спортын 32 төрлөөр 329 тэмцээнд оролцох бөгөөд үүнээс серфинг, спорт авиралт, брейк, скейтборд зэрэг 28 үндсэн, дөрвөн шинэ төрөлд өрсөлдөнө. Түүнчлэн ОХУ, Беларусийн тамирчдыг төвийг сахисан далбаан дор улс орныхоо нэрийг дурдахгүй оролцохыг зөвшөөрсөн. Тэд цэргийн үйл ажиллагааг олон нийтэд дэмжихгүй, олимпын хөдөлгөөний энхтайвны зорилгыг тусгах ёстой. Төвийг сахисан багийн тамирчдын тооны хязгаар  55 байдаг. Гэтэл Парисын олимпыг зохион байгуулагчид Орос, Беларусийн төвийг сахисан тамирчдын тоог 36-аар хязгаарлах санал гаргажээ. Оросын тал Олон улсын олимпын хорооны болзлыг шүүмжилж,  тамирчдаа Парисын олимпыг бойкотлохыг уриалсан юм. “Коммерсант” сонинд бичсэнээр Оросын спортын холбоод олимпод  оролцохоос татгалзсан. Бокс, спортын гимнастик, усанд шумбалт, байт харвааны холбоод зуны наадмыг цуцалснаа мэдэгджээ. 

  Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №014/24593/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 11 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 13 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 14 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 14 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 14 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 14 цагийн өмнө
SDY Calling you... 14 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 14 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 15 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 15 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 15 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22