С.Чинзориг: Хүн амын 40 хувь нь эрт илрүүлэгтээ хамрагдаад байна



УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Эрт илрүүлэг энэ онд үргэлжилж байна. Өмнөх жилийн эрт илрүүлгийн үр дүн хэр байсан бэ? 
-Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээнд хамруулах арга хэмжээ 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхэлсэн. Засгийн газраас эхлүүлсэн энэ үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын төр, хувийн хэвшлийн 648 байгууллагын 5000 гаруй эмч, эмнэлгийн ажилтныг түшиглэн явуулж байгаа эрт илрүүлэгт өнгөрсөн онд 1.3 сая орчим хүн хамрагдсан. Энэ нь хамрагдвал зохих нийт хүн амын 38 хувийг эзэлж байсан бөгөөд үзлэгээр өвчлөлийн 964,172 сэжигтэй шинэ тохиолдол бүртгэгдсэн. 18-60 насны хүн амаас хортой болон хоргүй хавдрын 5653 сэжигтэй шинэ тохиолдлыг илрүүлсэн.
Он гарснаас хойш эрт илрүүлэгт хамрагдаж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Хамгийн сүүлийн буюу энэ  сарын 4-ний мэдээгээр хамрагдвал зохих хүн амын 40,4 хувь нь эрт илрүүлэгтээ ороод байна.  
Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо шинжилгээг эрчим­жүүлэх зорилгоор өнгөрсөн оны долдугаар сард сайдын тушаал гаргаж төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн  эмч нарын бүрэлдэхүүнтэй явуулын хамтарсан багуудыг аймаг орон нутагт ажиллуулсан. Одоо ч эрт илрүүлгийн багууд аймгуудад, алслагдсан сумдад ажиллаж нүүдлийн амбулаториор үзлэг, шинжилгээ оношилгоо хийж байна. 


-Эрт илрүүлэгт хамрагдсан хүмүүсийн дунд ямар өвчлөл зонхилон илэрч байна вэ?
-Эрт илрүүлэг үзлэгийн хамгийн сүүлийн мэдээгээр нийт хамрагдсан 1 361 952 хүнд өвчлөлийн 1 044 773 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн өвчлөлийн 57.1 хувь нь хоол боловсруулах тогтолцооны, 13.9 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны, 9.2 хувь нь шээс бэлгийн тогтолцооны, 6.8 хувь нь зүрх судасны, 3.2 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөл байгаа нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 90.1 хувийг эзэлж байна. 
-Насны ангиллаар нь авч үзвэл эрт илрүүлэгт аль насныхан хамгийн идэвхтэй хамрагдаж байгаа бол?
-Насаар нь авч үзвэл 0-17 насныхан арай илүү хамрагдалттай байгаа. Хамрагдалт хамгийн бага үзүүлэлттэй нь 18-30 насны залуучууд. Энэ насныхны 22.6 хувь нь эрт илрүүлэгт орсон байна. Бусад нь буюу 31-45 насны хүн амын 30.9 хувь, 46-60 насны 40.4 хувь, 61-ээс дээш насны хүн амын 41.7 хувь хамрагдсан гэсэн дүн гарсан.


-Эрт илрүүлэгт залуусын хамрагдалтыг яаж нэмэгдүүлэх вэ. Мөн энэ насныхны дунд ямар төрлийн өвчлөл зонхилж байна вэ?
-18-30 насны залуучуудын 22,4 хувь нь эрт илрүүлэгт хамрагдсан гэдэг бол туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Залуусын дунд шээс, бэлгийн тогтолцооны эмгэг, хоол боловсруулах эрхтэн, зүрх-судасны, амьсгалын тогтолцооны өвчин, бэлгийн замаар дамжих халдвар тэргүүлж байна. Эдгээр нь сэргийлж болох өвчлөл учраас өвдсөн хойно нь бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, тэдэнд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх хэрэгцээ шаардлага өндөр байгааг харуулж байгаа юм.  
Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалтыг нэмэгдүүлэх, тэднийг идэвхжүүлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх” үндэсний хэмжээний цогц арга хэмжээний төлөвлөгөөг таван сайдын хамтарсан тушаалаар батлан хэрэгжүүлж эхэлсэн.
Оюутан залуусын эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхаарч энэ чиглэлээр БШУЯ-тай хамтарч тодорхой арга хэмжээг авч байна. Энэ хүрээнд их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагын өдрийн ангид суралцагч оюутнуудыг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо шинжилгээнд заавал хамрагдахыг хоёр сайд нарын хамтарсан тушаалаар үүрэгжүүлж, хяналт тавьж ажиллаж байна. 
Мөн 2024 онд  23 их, дээд сургуулийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй 998 оюутан, суралцагчийн 2019 оноос хойш төлөөгүй эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Эрүүл мэндийн сайдын багцаас төлж, даатгалд хамруулан эдгээр оюутан сурагчдыг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эрт илрүүлэгт оруулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.


-Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?
-Эрүүл мэндийн салбарын тулгуур хуулийн нэг Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хуулийг батлуулан энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуульд "Иргэний эрүүл мэндийн боловсрол нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл байна" гэдгийг тодотгож өгсөн. 
Монгол Улсын Үндсэн хуульд иргэн хүн эрүүл мэндээ хамгаалах журамт үүрэгтэй гэж бий. Мөн Эрүүл мэндийн тухай хуульд иргэн эрүүл мэндээ хамгаалах асуудлыг үүрэгжүүлж, эрүүл мэндийн боловсрол эзэмших, хэвшүүлэх, амьдрал ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэх гэж заасан байдаг. Үүний дагуу ЭМЯ-наас иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарч үндэсний хэмжээнд төлөвлөгөө хөтөлбөр боловсруулан ажиллах бодлого барьж байгаа юм.   
Хүн амд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжих,  эрүүл мэндийн боловсрол олгох талаар төрөөс олон талт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн хэдий ч энэ нь зөвхөн эрүүл мэндийн салбараар хязгаарлагдаж, ажил амьдралдаа эрүүл зөв дадлыг хэвшүүлсэн хүн ердөө зургаа орчим хувийг эзэлж буй нь нийт хүн амын эрүүл мэндийн боловсрол туйлын хангалтгүй түвшинд байгааг харуулж байна.
Иймд хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд салбар дундын хамтын ажиллагааг хангах, соён гэгээрүүлэх ажлыг салбар, байгууллага бүр тогтмол, системтэйгээр, оновчтой явуулах механизмыг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын хуралдаанаар иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх тухай асуудлыг хэлэлцүүлж, “Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдсан.   Уг тогтоолын хүрээнд 2024-2027 онд хэрэгжүүлэх  “Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг дөрвөн сайд хамтран баталсан. Төлөвлөгөөний гол зорилго нь нийгмийн салбар, байгууллагын оролцоонд тулгуурлан эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлж, хувь хүн, гэр бүл, хамт олонд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл зан үйл төлөвшүүлэх юм.
Иргэнд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг бид хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран хийхийг хичээж байгаа. Зорилтот нэвтрүүлгүүд хийх замаар иргэнд өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын зөв дадал хэвшилтэй болгоход чиглэсэн мэдээллийг өгч, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зэргээр ажиллаж байна. Тухайлбал, “Энэ жилдээ эрүүл жиндээ” аян, “Шүд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Шүд эрүүл  бол бие эрүүл” аяныг эхлүүллээ.


-Сүүлийн үед залуу хүмүүс зүрх судасны өвчин, даралтаар нас барах тохиолдол түгээмэл байна гэж нийгмийн сүлжээгээр  бичиж ярьж байгаа. Ялангуяа үүнийг ковидтой холбох тохиолдол ч олон байна. ЭМЯ-наас энэ тал дээр анхаарч судалсан уу?
-Зүрх судасны өвчин нь дэлхийн хэмжээнд нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, жил бүр 17.9 сая хүний амь насыг авч байна. Энэ өвчнөөр нас барж байгаа таван хүний дөрөв нь зүрхний шигдээс, тархины харвалтын улмаас нас барж байгаа бөгөөд эдгээр нас баралтын гуравны нэг нь 70-аас доош насны хүмүүст тохиолдож байна. 
Монгол Улсын хэмжээнд зүрх судасны өвчний шалтгаант нас баралтын дийлэнх хувийг тархины цус харвалт, зүрхний шигдээс эзэлж байгаа бөгөөд хүн амын төвлөрөлтэй холбоотой зүрхний шигдээсийн тохиолдлын 61 хувь хотод тохиолдож байна. 
Коронавирусийн халдвар (КОВИД-19)-ын дараах хамгийн түгээмэл илэрдэг хүндрэлүүдийн нэг бол цус өтгөрч, судсан дотор бүлэн үүсэж байгаа гэдгийг олон судалгаагаар  тогтоосон. Бүлэн үүсэх нь таргалалт, чихрийн шижин зэрэг бодисын солилцооны эмгэгтэй хүмүүст хамгийн мэдрэг тул эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаж,  арга хэмжээ авах л хамгаас чухал байгаа юм.


-Эрүүл мэндийн салбар цахимд шилжиж, "e-мongolia"-д цахим эрүүл мэнд нэвтрүүлж байгаа нь дэвшилт. Цаашид хэчнээн төрлийн үйлчилгээг цахимжуулах вэ?
-Өнөөдөр эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн 4000 гаруй байгууллага 37 төрлийн программ хангамж ашиглаж, тэдгээр нь хоорондоо мэдээллээ солилцох боломжгүй байсан. Үүнээс болоод эрүүл мэндийн байгууллага төдийгүй иргэдэд тусламж, үйлчилгээ авахад хүндрэл чирэгдэл учирч байсныг өөрчлөхөөр ажиллаж байна. 
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гурван сарын хугацаанд эрүүл мэндийн салбарын цахимжилтад анхааран ажиллаад эрүүл мэндийн байгууллагуудын ашиглаж буй 37 төрлийн программыг хооронд нь интеграц хийх боломжийг бүрдүүллээ. 
Салбарын цахим шилжилтийн хүрээнд  эрүүл мэндийн 35 нэр төрлийн үйлчилгээ "е-Моngollia"-д орсноос  иргэнд зориулсан  урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийн дүгнэлт, вакцины гэрчилгээ, эмнэлгийн магадлагаа, эрүүл мэндийн даатгалын лавлагаа, цаг авах систем, лист зэрэг 14 үйлчилгээ, аж ахуйн нэгж байгууллагад зориулсан 21 үйлчилгээ орсон. Одоо удахгүй долоон тусламж үйлчилгээг оруулахаар ажиллаж байна.  

Н.Энх

Эх сурвалж: Монголын үнэн сонин №014/24593/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 7 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 7 цагийн өмнө
Тохуурхал 7 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 8 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 8 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 8 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 8 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 8 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 8 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 8 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 8 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 10 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр