Л.Бадам: Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна


Таэквондогийн спортын олон улсын хэмжээний мастер, “Нүүдэлчин” клубийн тамирчин Л.Бадамтай ярилцлаа. Монгол Улсын долоон удаагийн аварга түүний тэмцээний үеийн үзүүлбэрүүд олны сонирхлыг ихэд татсан. Хүүхэд ахуйгаасаа спортоор хичээллэсэн тэрбээр өдгөө МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд суралцаж байна.     

-Таныг гимнастикаар спор­тын сууриа тавьсан гэдэг. Хэний зөвлөгөөг дагаж спортод элэгтэй болсон бэ?
-Аавынхаа хэлснээр анх спортоор хичээллэх шийдвэр гаргасан. Тавхан настай охин спортын аль төрлөөр хичээллэхээ шийднэ гэж юу байх билээ. Тиймээс аавынхаа шийдвэрийг дагасан хэрэг. Гэхдээ би тухайн үед гимнастикаар хичээллэж эхлээгүй. Дүрсгүйтэж байгаад гарандаа гэмтэл авснаар хэсэг хугацаанд гэртээ байсан юм. Гэмтлээ илааршуулж дасгал сургуулилалт хийх боломжтой болоод гимнастикаар хичээллэсэн. Тэр үед би долоон нас хүрсэн байв. Анх гимнастикийн зааланд ороход олон зүйл миний сонирхлыг татсан. Багштайгаа уулзаж, орчин тойронтойгоо танилцсанаас бүх зүйл эхэлсэн. 


-Гимнастикийн багш нь хэн гэдэг хүн байв. Анх төрсөн сэтгэгдлээс заримдаа олон зүйл шалтгаалдаг шүү дээ?
-Гимнастикийн спортын олон улсын хэмжээний мастер Д.Оюунтуяа миний анхны багш байсан. Багш маань шууд л дасгал хөдөлгөөн хийлгэдэггүй. Бэлтгэлээ хүүхдийг залхаахгүй, сонирхолтой байдлаар удирдан явуулдаг. Эхлээд орчин нөхцөлтэй нь танилцуулна. Дасгах байдлаар эхлүүлж бэлтгэлдээ ордог зарчимтай. Ийм байдлаар гимнастикаар хичээллэж эхэлсэн болоод ч тэр үү өдрийн ихэнх цагийг зааландаа өнгөрөөх дуртай болсон. Хэсэг хугацааны дараа гимнастик миний амьдралын нэг хэсэг болсныг ойлгосон юм. 


-Их тэсвэр хатуужил шаард­даг спортын төрөл бол гимнастик. Тэр тусмаа анхлан хичээллэж байгаа хүүхдийн хувьд уйлах бол энүүхэнд байсан биз?
-Азаар би хүүхэд байхын л сунгалт сайтай. Энэ онцлог багшийн арга барилтай хосолсноор миний хувьд хүндрэл бага тулгарсан юм болов уу гэж боддог. Яагаад гэвэл, багш маань хүүхдийг эхлээд зааланд дасгаж, сонин сайхныг нь мэдрүүлдэг болохоор дургүйлхэх зүйл гардаггүй. Ер нь өглөөнөөс орой хүртэл ихэнх цагийг зааланд өнгөрүүлдэг байсан даа. Мэдээж зовлонтой үе байлгүй яахав. Гэхдээ тэр  бүр хэцүү санагдаж байгаагүй. Тамирчдын  хамгийн их бэргэдэг зүйл бол бэртэл гэмтэл. Ийм асуудал тулгарахгүй л бол бусдаар зааланд цагийг өнгөрүүлэх үнэхээр гоё.


-Ийм их дурлачихаад яагаад спортоосоо завсарлах шийд­вэр гаргасан юм бэ?
-Хүн бүр амьдралынхаа явцад янз бүрийн сорилттой тулгардаг. Надад ч гэсэн тийм л үе ирсэн хэрэг. Хэдийгээр би гадаад хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэхээр хилийн дээс алхсан ч бодолдоо хэзээ ч спортоосоо хөндийрөөгүй. Хятадад байхдаа ч дасгал хөдөлгөөнд багагүй цаг зарцуулдаг байсан. Сургуулиа төгсөж ирээд гимнастикаар үргэлжлүүлэн хичээллэх бодол төрсөн. Гэхдээ л зүрхлээгүй. Хэдэн жил формгүй явсан хүн бэлтгэлгүй байсан учраас халгасан биз. 


-Тэр үед таэквондогоор хичээллэх бодол төрсөн үү. Яагаад заавал таэквондо гэж?
-Би олимпын таэквондогийн пүмсэ буюу тоот дасгалын төрлийг сонгон хичээллэсэн. Энэ төрөл нь гимнастиктай ойролцоо олон зүйлтэй байсан нь миний сонголтод нөлөөлсөн байх. Гимнастик биш ч эргээд спортоор хичээллэх үнэхээр сайхан байсан шүү. 2018 оноос таэквондогоор хичээллэснээр олон зүйлд суралцаж, сурч байна. 


-Таны хичээллэж буй таэк­вондогийн төрөл олим­под ордоггүй гэж үү? 
-Тийм ээ, одоогоор спортын энэ төрлийн хамгийн том нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байна. Гэхдээ миний хичээллэж буй таэквондогийн пүмсээг 2028 онд олимпын төрөлд оруулж магадгүй гэсэн яриа байсан. Үзэгч олонтой болбол 2032 оны олимпод үргэлжлэн орох боломж ч  байгаа гэж харж байгаа юм билээ.  


-Таны үзүүлбэрийг харахад мэдрэмж их шаарддаг юм шиг санагдсан. Бас ая хөгжмөө оновчтой сонгох хэрэгтэйг тэмцээнээс ажиглаж байлаа?
-Яагаад гэвэл бид аяныхаа цохилт бүрд нь тохируулан хөдөлгөөн хийдэг. Гүйцэтгэлээ сайн хийж чадвал хөдөлгөөн илүү чанартай болдог. Тиймээс тэмцээнийхээ бэлтгэлийг маш эртээс эхлүүлдэг. Жилийн өмнөөс аяа сонгон таэквондогийнхоо үзүүлбэрийг бэлтгэдэг юм. Үүний үр дүнд тамирчин хөдөлгөөнөө биедээ суулгаж чадна. Түүнээс биш чадна, болно гэж бодоод хэдхэн хоногийн дотор бэлтгэвэл хэн ч хүссэн амжилтаа гаргах чадахгүй юм. 


-Үзүүлбэрийнхээ дэглэл­тийг хэнтэй хамтран зохиом­жилдог вэ?
-Дасгалжуулагч, багштайгаа.Миний таэквондогийн багшийг Б.Тарваа гэдэг. 2018 оноос өнөөдрийг хүртэл багштайгаа бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Би 2020 онд Монголын таэквондогийн холбооны орон тооны бус шигшээ багийн тамирчин байсан. Тэр үед Х.Билгүүн багш намайг дасгалжуулдаг байв.  
-Та улсын долоон удаагийн аварга тамирчин. Харин олон улсын тэмцээнд ямар амжилт гаргасан бэ?
-Өмнөд Солонгост 2022 онд зохион байгуулсан таэквондогийн пүмсэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын тамирчид анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон. Тухайн үед бид зорьсон амжилтаа хараахан гаргаж чадаагүй ч их туршлага хуримтлуулж, нүд нээсэн тэмцээн болсон. Дэлхийн түвшний тамирчдын ур чадвар ямар байна, бидний түвшин хаахна яваа вэ гэдгийг мэдсэн. Тэр үеэс хичээвэл амжилт хажууханд байгааг ойлгосон. 


-Одоо юунд анхаарч, ямар чадвараа дээшлүүлье гэж бодож байна вэ?
-Дэлхийн чансаатай тамирчдын бичлэгийг үздэг. Түүнээс өөрт хэрэгтэй байгаа чадвараа олж харж хөгжүүлэхийг хичээдэг юм. Тамирчинд биеийн бэлтгэлээс гадна сэтгэл зүйн чадамж чухал нөлөөтэй. Тиймээс үүнийг орхигдуулахгүй нөөц боломждоо тулгуурлан бэлтгэл сургуулилалтаа хийхээр зорьж байна. Миний өрсөлддөг төрөлд Өмнөд Солонгос болон Дани улсын тамирчид хүчтэй өрсөлдөгчид байдаг. Тиймээс тэдний тэмцээний бичлэгийг үзэж суралцахаар төлөвлөж байгаа. 


-Таэквондо бол хүндлэл, тэсвэр тэвчээрийн спорт. Тамирчнаа төлөвшүүлж, хүмүүжүүлдгээрээ онцлог­той?
-Цаг хугацааны явцад үүсдэг зүйл нь хүндлэл. Тамирчин тэмцээнээс тэмцээний хооронд туршлагажиж ухаажна. Түүнээс биш “Чи хүндлэх хэрэгтэй” гээд хэн нэгэнд тулгавал хүлээж авах нь юу л бол. Тийм учраас л бэлтгэлээс бэлтгэлийн хооронд хүндлэл бий болдог гэж хэлээд байгаа юм.  
-Одоо ямар тэмцээнд орол­цохоор бэлтгэж байна вэ?
-Энэ жилийн хувьд Азийн аварга, Оюутны универсиад, дэлхийн аварга гэсэн томоохон гурван тэмцээнтэй. Эдгээрээс хамгийн түрүүнд Азийн аварга шалгаруулах тэмцээн болох учраас эртээс  бэлтгэлээ эхлүүлсэн. Бэлтгэлийнхээ хажуугаар хүүхдүүдэд таэк­вондо заадаг болохоор ажил, амьдралаа хослуулаад л явж байна даа.


 Б.Сийлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24594/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 11 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 14 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 14 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 14 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 14 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 14 цагийн өмнө
SDY Calling you... 14 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 14 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 15 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 15 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 15 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22