Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс олон улс зайлсхийлээ



Израилын нутаг дэвсгэрийг чиглэсэн Ираны агаарын довтолгоо дэлхийн цэргийн түүхэн дэх хамгийн олон дроны дайралт боллоо. Тегераны тал энэхүү дайралтаа Дамаск дахь Ираны консулын газарт пуужингийн цохилт өгсний хариу гэж мэдэгдсэн. Энэ үеэр Исламын хувьсгалт гвардийн корпусын долоон гишүүн, генерал Мохаммад Реза Захеди амь үрэгдсэн. Исламын хувьсгалт гвардийн корпус бол Ойрхи Дорнодод цэрэг, улс төр, эдийн засгийн томоохон хүчин юм. Агаарын дайралтын дараа Израил шинэ нөхцөл байдалд орлоо. Одооноос Тель-Авивыг палестинчууд, Ливаны “Хезболла”, Йемен , Сири, Ираны түнш, холбоотон улсууд эсэргүүцэж байна.

 

Тегеранчууд баярлаж бас эмээж байна

 

Израилын болон холбоотон орнуудын агаар тэр дундаа пуужингийн довтолгооноос хамгаалах систем дээд шатлалд ажилласнаар Ираны хөөргөсөн зэвсгийг 99 хувьтай амдан устгаснаар байндаа хүрч чадаагүй. Агаар, пуужингийн довтолгооноос хамгаалах хамгийн нягт систем нь Израилын зэвсэгт хүчний бахархал. Орчин үеийн “Arrow-3” систем нь 100 километрийн өндөрт, 2.4 мянган километрийн зайд байгаа байг устгах чадвартай. Дронуудыг Ираны баруун мужаас хөөргөсөн байна. Эх сурвалжийн мэдээлснээр “Шахед-136”, “Шахед-238” төхөөрөмжийг дайралтын үеэр ашиглажээ. 2020 онд танилцуулсан “Шахед-136” дрон нь өгөгдсөн координат дахь суурин байг устгах зориулалттай. Хамрах хүрээ нь ойролцоогоор хоёр мянган километр бөгөөд 50 кг жинтэй байлдааны хошууг зөөвөрлөх хүчин чадалтай. Дронтой зэрэгцэн 150 орчим пуужин харвасан байна. Цэргийн шинжээчдийн ангилснаар далавчит 36, дунд тусгалын 110 баллистик пуужин хөөргөжээ. Хамгийн хүчтэй нь дуунаас 15 дахин илүү хурдтай “Фаттах” хэт авианы пуужин байв. Израил улсыг зарим шинжээч цөмийн зэвсэгтэй гэдэг ч албан ёсоор зарлаагүй. Тель-Авивыг 1960-аад оны сүүлээс цөмийн зэвсэг эзэмшсэн гэж таамаглаж, шүүмжилдэг. Харин Иранд баяжуулсан ураны үйлдвэр, Тегераны судалгааны реактор, Фордогийн түлш баяжуулах үйлдвэр зэрэг хэд хэдэн цөмийн байгууламж байрладаг. Моссадын агентууд Ираны цөмийн хөтөлбөрийн зорилгыг “Шахаб” пуужингийн хошуу бүтээх гэж үздэг. Иранд Израилын нутаг дэвсгэрт шууд дайралт хийхээс гадна маневр хийх орон зай. Тухайлбал, Израилд багагүй заналхийлдэг “Хамас”, “Хезболла” зэрэг радикал хөдөлгөөнийг дэмжиж магадгүй. Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раиси үндэсний ашиг сонирхлын эсрэг чиглэсэн аливаа үйлдэлд хариу өгөхөө мэдэгдсэн. Халдлагын дараа түүнийг дэмжигчид Тегераны гудамжид баяраа тэмдэглэжээ. ВВС агентлагийн дамжуулснаар 20 гаруй насны эмэгтэй “Израил руу дайрах нь Сири болон бусад улсад Ираны командлагчдыг дахин хөнөөхөөс урьдчилан сэргийлэх зөв шийдвэр боллоо” гэжээ. Тэгвэл Ираны зарим иргэн энэ явдлыг таашаагаагүй. Тэд бүс нутгийн дайн эхэлж, Иран барууны холбоотнуудын хооронд өргөн хэмжээний сөргөлдөөнд хүргэхээс эмээж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Ираны мөнгөн тэмдэгтийн ам.доллартай харьцах ханш унасан. Иранчууд Тегераны халдлагын дараа Израил болон түүний холбоотнууд хариу арга хэмжээ авахаас болгоомжилж хоол хүнс, шатахуун зэрэг наад захын хэрэгцээгээ нөөцөлж эхлэв. Томоохон хотуудын хүнсний дэлгүүр, шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсжээ. Иран бол Ойрхи Дорнодын хамгийн хүчирхэг исламын шашинт улсын нэг. Үүнээс өмнө Израил руу Ирак улс л агаарын дайралт хийсэн. Ингэхдээ иракууд 1991 онд Америкийн цэргийн “Цөлийн шуурга” ажиллагааг эсэргүүцэн халджээ.

 

“Ираны эсрэг дипломат довтолгоо”

 

Израилын Гадаад хэргийн сайд Катз “Ираны эсрэг дипломат довтолгоо” хийхийг хүссэн. Тэрбээр “Бид 32 улс руу захидал илгээж, Ираны пуужингийн төслийн эсрэг хориг арга хэмжээ авахыг шаардсан. Ираны хүчийг сулруулах зорилгоор Исламын хувьсгалт гвардийн корпусыг террорист байгууллага хэмээн зарлахыг уриалсан” гэжээ. Ираны Зэвсэгт хүчин болон Исламын хувьсгалт гвардийн корпусын халдлагыг няцаахад Иордан, АНУ, Их Британийн батлан хамгаалах хүчин дэмжлэг үзүүлсэн. Гэхдээ барууны орнууд Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнийг хурцатгахаас зайлсхийлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон нар гол холбоотон Израилыг хариу цохилт өгөхгүй байхыг уриалсан. Нөгөөтэйгүүр Вашингтон болгоомжилж байна. CNN агентлагийн мэдээлснээр, Ерөнхийлөгч Жо Байден Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай утсаар ярихдаа Ираны эсрэг Израилын цэргийн дайралт хийвэл оролцохгүйгээ мэдэгджээ. Тэгвэл Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Ираныг буруушаасан ч дайны хэмжээнд хүрэхээс урьдчилан сэргийлэхийг онцолжээ. Германы канцлер Олаф Шольц үүнтэй төстэй мэдэгдэл хийсэн. “Их 7” Израилыг ятгах бодолтой байна. НҮБ-ын платформыг ашиглан хямралын талаар нэгдсэн байр суурь гаргахыг оролдсон. НҮБ-д суугаа ОХУ-ын суурин төлөөлөгч Василий Небензя Ираны цохилтыг Израилын эрх баригчдын үйлдэл, НҮБ-ын шийдвэргүй байдалтай холбон тайлбарлав. Биньямин Нетаньяху Ливан дахь Ираны холбоотнуудын эсрэг хариу цохилт өгөхийг илүүд үзэж магадгүй. Газын зурваст дайн эхэлснээс хойш зургаан сарын дараа Израилын цэргийн хүчний үйл ажиллагаа, тэр дундаа АНУ-д улам их шүүмжлэлд өртсөн. Энэ хугацаанд “Хамас”-ыг ялж , палестинчуудыг шахаж чадаагүй юм. Биньямин Нетаньяху дэлхийн тавцанд нэр хүндээ дээшлүүлсэн бөгөөд холбоотнуудынхаа тусламжид найдаж байгаа юм. Үүний зэрэгцээ өнөөгийн нөхцөл байдал нь АНУ-ын Конгресс Израилд үзүүлэх тусламжийн багцыг батлахыг түргэсгэж магадгүй гэж улс төр судлаачид үзэж байна. Сонирхолтой нь, уг хуулийн төсөл удааширсан нь Бүгд найрамдах намынхан Ерөнхийлөгчийг ширүүн шүүмжилсэнтэй холбоотой. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампыг дэмжигчид Ардчилсан намын хэт болгоомжтой, хүлээцтэй хандлагыг Ираны халдлагын шалтгаанаар нэрлэжээ. Зөвхөн Ираны тухай ч биш, Ливан руу довтлоход АНУ оролцохгүйгээ зарласан учир Нетаньяху цэргийн ажиллагаа явуулж зүрхлэхгүй. Израилын Ерөнхий сайд мухардалд орсон. Тэрбээр Газыг “шинэчлэх”, “Хамас” бүлэглэлийг устгаж, газар нутгаас нь хэсэгчлэн таслах боломжтой гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Хэрвээ байдал хурцадвал Вашингтон Нетаньяхуг хэн нэгнээр солих хүчин чармайлтаа эрчимжүүлж магадгүй.

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24594/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 11 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 14 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 14 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 14 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 14 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 15 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 15 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 15 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 16 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 16 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 16 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 16 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 16 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 16 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 16 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 16 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 17 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 17 цагийн өмнө