Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хонконгод боллоо. Монгол Улсаа төлөөлөн тивийн аваргын дэвжээнд гарсан тамирчид урамтай сайхан барилдааныг үзүүлэв. Парисын зуны олимпын наадмын өмнө болж буйгаараа онцлог энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өрсөлдөөн ихтэй боллоо. Тэмцээнд 34 орны 260 гаруй тамирчин өрсөлдсөнөөс манай улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 18 тамирчин дэвжээнд гарав. Өөр нэгэн онцлог нь Монголын баг эрэгтэйчүүдийн 60, 73, эмэгтэйчүүдийн 48, 57 кг-ын жинд хоёр тамирчин сойсон юм. Тамирчдаас тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд хүч үзсэн Б.Эрхэмбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д авхаалж самбаагаа сорьсон Б.Баасанхүү, 57 кг-д барилдсан Л.Энхрийлэн нар алтан медаль хүртэж Азийн аварга боллоо. Түүнчлэн 63 кг-ын жинд барилдсан Б.Ганхайч, 78 кг-д дэвжээнд гарсан А.Адъяасүрэн болон 90 кг-д хүч үзсэн Г.Алтанбагана нар мөнгөн медаль хүртэв. Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийг манай улсаас 52 кг-ын жинд Л.Сосорбарам, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, 78 кг-д О.Хүслэн, 60 кг-д Б.Цогт-Очир, 100 кг-д Б.Гончигсүрэн нар хүртэж медалийн тавцанд зогссон юм.
Тэмцээний сүүлд холимог багийн төрлийн барилдаан болж манай улсын баг тамирчид мөнгөн медалийн эзэн боллоо. Тэд нэгдүгээр тойрогт Хятадын Тайваний багийг 4:2-оор, удаах тойрогт Узбекистаны багтай 3:3-аар тэнцсэнээр нэмэлт барилдаан хийж ялснаар 4:3-аар хожсон юм. Алтан медалийн төлөө Япон улсын багтай учраа тааран барилдаж ялагдсанаар багаараа мөнгөн медалийн тавцанд зогслоо.
Ийнхүү Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Япон улс 13 алт, дөрвөн мөнгө, найман хүрэл болон долдугаар байрын хоёр тамирчны гаргасан үзүүлэлтээрээ тэргүүллээ. Жагсаалтын хоёрдугаарт манай улс эрэмбэлэгдсэн бөгөөд алт, мөнгө тус бүр зургаа, есөн хүрэл болон тавдугаар байрт шалгарсан дөрөв, долдугаар байрын хоёр тамирчны амжилттай Азийн аваргад оролцлоо. Гутгаар байрт Өмнөд Солонгосын баг тамирчид дөрвөн алт, найман мөнгө, зургаан хүрэл болон тавдугаар байрын найм, долдугаар байрын зургаан тамирчны үзүүлэлтээр жагссан байна. Сонирхуулахад, Монголын жүдо бөхийн шигшээ баг өмнөх Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс 19 алт, 24 мөнгө, 53 хүрэл медаль хүртсэн байна. Хамгийн сүүлд Казахстаны Нурсултанд болсон Азийн аваргаас Монголын баг хоёр алт, таван мөнгөн медаль хүртжээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24595/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна