Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хамтарсан уулзалт энэ долоо хоногт боллоо. Уулзалтад хандивлагч орнуудын Байгаль орчны болон Сангийн сайд нар, НҮБ-ын албаны хүмүүс оролцон олон улсын түвшний яриа хэлэлцээр өрнүүлсэн. Талууд агаарын зорчигч тээврийн татвар, баялгийн татвар, далайн түлшний татвар, чулуужсан түлш үйлдвэрлэгчдийн татвар зэрэг сэдвээр санал солилцжээ. Мөн газрын тос, байгалийн хийн олборлолтоо үе шаттайгаар зогсоох амлалт өгсөн улсуудад зорилгыг нь эргэн санууллаа. Зөвхөн хөгжиж буй орнуудад ногоон эрчим хүч рүү шилжихэд жилд 2.4 тэрбум ам.долларын зардал шаардлагатай гэсэн тооцоо бий. НҮБ-аас жил бүр зохион байгуулдаг Уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний чуулганаар ядуу буурай орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг даван туулахад нь туслах зорилготой шинэ хамтын тоон зорилт гэгддэг уур амьсгалын санхүүжилтийн зорилтыг тохиролцох сорилттой тулгарсан. Чинээлэг орнууд уур амьсгалын өөрчлөлт, цар тахал зэрэг дэлхийн хэмжээнд тулгарч буй сорилтуудыг даван туулах Дэлхийн банкны хүчин чармайлтыг санхүүжүүлэхийн тулд 11 тэрбум ам.доллар гаргахаа амлалаа. Япон улс “Амьдрах боломжтой гараг” санд 20 сая ам.долларын санхүүжилт олгох анхны хандивлагч орон болох юм. АНУ-ын засаг захиргаа Конгрессоос багцын баталгаанд зориулж 750 сая ам.долларын хүсэлт гаргасан бол Бельги 70 сая ам.доллар олгохоо зарлав. Герман 325 сая, Их Британи 124 сая ам.доллар өгөхөөр амласан. Франц, Норвеги, Латви, Итали зэрэг улс хувь нэмрээ оруулах юм. Энэхүү хуримтлалыг ашиглан Дэлхийн банк зээлийн сангаа 70 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24595/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна