Цахиурын хөндийн шинэ титан


Тогтвортой алсын хараа, тууштай удирдагчдын хүчээр  Цахиурын хөндий оршин тогтнож ирсэн. Өнөө цагийн технологийн салбарын тод манлайлагч бол Женсен Хуан. Түүний амжилт параллель тооцооллыг бий болгох гэсэн итгэл үнэмшлээс эхэлсэн. Үүсгэн байгуулсан “Nvidia” компани нь зах зээлд тэргүүлэгч төдийгүй үсрэнгүй хөгжиж буй  салбарынхаа инновац, өсөлтийн бэлгэ тэмдэг болжээ. Марк Цукерберг  түүнийг “Технологийн ертөнцийн Тэйлор Свифт”  тодорхойлсон. Женсен Хуаны илтгэлийг сонсохоор үндэсний цэнгэлдэх хүрээлэнд 11 мянган хүн цугласан байдаг.  Үнэндээ Тэйлор Свифт шиг дэлхийн хэмжээний одод л энэ дайны хүмүүсийг нэг дор цуглуулж чадахаас биш технологийн арга хэмжээг ийм олон хүн зорин ирсэн түүх үгүй. Түүний хөрөнгө 2024 оны эхний улиралд 60 хувиар өсөж, 77 тэрбум ам.доллароор үнэлэгдэж, дэлхийн супер баячуудын жагсаалтад багтжээ.

 

Савхин хүрэмтэй захирал

 

Хятад гэр бүлээс гаралтай Женсен Хуан бага насаа Тайландад өнгөрүүлжээ. Вьетнамын дайны сүүдрээс зугтахдаа Хуаны гэр бүл хүүхдүүдээ АНУ-д амьдардаг нагац ах руугаа явуулав. Энэ үед Хуан есөн настай байлаа. Кентаккийн хөдөөгийн сургуульд элсэхдээ Жэнхүн гэх хятад нэрээ америкчилж Женсен болгон сольжээ. Хэдэн жилийн дараа эцэг эх нь АНУ-д албан ёсоор цагаачилж Орегонд суурьшив.  Өсвөр насны бүрэг хүү Бивертон ахлах сургуульд шилжиж, ширээний теннисээр хичээллэн мэргэжлийн түвшинд тоглож сурсан гэдэг. Ахлах сургуулиа дүүргээд Орегон мужийн их сургуульд цахилгааны инженер мэргэжлээр 1984 онд бакалаврын зэрэг хамгаалав. Сургуулийн захиргаанаас лабораторийн ахлахаар үлдэх  санал тавихад Женсен татгалзан  Стэнфордын их сургуульд үргэлжлүүлэн суралцжээ. Технологийн салбарт эргэлт буцалтгүй ороход нь  Стэнфордын эрдэм шинжилгээний орчин, инновац ихээхэн нөлөөлсөн.  Хуан амжилтад хүрснийхээ дараа Стэнфордод инженерийн төв байгуулахад 30 сая, Орегон мужийн их сургуулийн судалгааны хүрээлэнд 50 сая ам.доллар хандивлажээ.  Хуан шинэлэг зүйл бүтээхийг эрмэлздэг хүмүүсийг ажилд авахыг илүүд үздэг. Ажилтнуудтайгаа цахим шуудангаар харилцдаг түүнийг компанийхан нь “Хайку мастер” гэж хочилдог аж. Тэр офисдоо шинэ бүтээлээ танилцуулахдаа хүртэл  нэрийн хуудас болсон савхин хүрэмтэйгээ явна. Хуан шинэ төслүүдээ танилцуулаад зогсохгүй өөрөө туршиж үзэх дуртай. Жишээлбэл, 2021 онд гурван хэмжээст виртуал орчныг бий болгох “Omniverse” системийн дижитал хуулбарыг танилцуулжээ. Инженерүүд Хуаны нүүр, биеийг сканнердаж 3D загварыг бүтээснээс гадна дохио зангаа, илэрхийллийг дуурайлган программчилжээ.

 

Технологийн эзэнт гүрэн

 

Тэрбээр хагас дамжуулагч үйлдвэрлэдэг AMD компаниас ажлын гараагаа эхлүүлжээ. Ердөө  ганцхан жил ажилласан ч микропроцессорын үүргийг гүйцэтгэдэг жижиг электрон төхөөрөмжүүдийг бүтээж амжив. Хожим нь, “Nvidia” болон AMD компани өгөгдлийн төвд тохируулсан GPU болон CPU-ийн аль алинд нь өрсөлдөгчид болжээ.  Тэр ч байтугай Хуан 2020  онд AMD-ыг худалдаж авахыг оролдсон боловч зохицуулагчид уг хэлэлцээрийг хориглосон юм. AMD-д туршлага хуримтлуулсан залуу мэргэжилтэн “LSI логик”-д шилжиж ирснээр компанийг олон нийтэд нээлттэй болгож, хурдацтай хөгжих эхлэлийг тавьжээ. “LSI логик”  сүлжээ, дата төвүүдэд хадгалах багтаамж, өгөгдөл дамжуулах хурдыг нэмэгдүүлэхэд ашигладаг хагас дамжуулагч үйлдвэрлэдэг байв. Хуан  инженер, маркетинг зэрэг хэд хэдэн албан тушаал зэрэг хашиж байсан бөгөөд гэрлийн хурдаар удирдах зөвлөлд багтжээ. Стэнфордод хамт суралцаж байсан Крис Малаховский, Кертис Прием нартай хамтран  график тооцоолох технологийг хөгжүүлэхээр 1993 онд “Nvidia”-г байгуулжээ. Хуан найзуудтайгаа Калифорнийн Саннивейл хотод жижиг оффис түрээслэн ердөө 40 мянган ам.доллароор компаниа эхлүүлэв. Зах зээлд танигдаагүй салбар учир  эхний жилүүд оршин тогтнохын төлөөх ширүүн өрсөлдөөн дунд өнгөрчээ. Хуан 1996 онд зуу гаруй ажилтныхаа талаас илүүг халж, компанийн үлдсэн хөрөнгийг шинэ бичил чип бүтээхэд зарцуулжээ. “Riva 128”  видео карт худалдаанд гарахад “Nvidia”  зөвхөн нэг сарын цалин тавих нөөцтэй байв. Энэ үед Хуан ажилтнууддаа хандан “Бид сүйрэхэд гуч хоногийн хугацаа үлдлээ” гэж хэлсэн нь албан бус уриа болон өнөөдрийг хүрсэн.  1999 онд компаниа олон нийтэд нээлттэй болгож, нэгэн зэрэг дэлхийн хамгийн анхны график процессор (GPU) болох “GeForce 256”-г гхудалдаанд гаргав. Технологийн гигант “Microsoft”-ийн зүгээс “Nvidia”-тай хамтран ажиллах санал тавьсан гарааны бизнест эрч хүч хайрлав. Билл Гейтсийн захиалгаар “Xbox”-ийн график төхөөрөмжүүдийг хөгжүүлэх ажлаа тэд сайн биелүүлсэн. Олны анхаарал татсан захиалгаа амжилттай гүйцэтгээд удаагүй байтал “Sony” компани “Playstation 3” төхөөрөмжийн техник хангамж дээр ажиллах санал тавив. Женсен Хуан энэ даалгаврыг төгс гүйцэтгэсэн юм.  2006 онд зэрэгцээ тооцоолох “Cuda” архитектурыг бүтээсэн нь судлаачдад нарийн төвөгтэй ажлуудыг гүйцэтгэх боломжийг олгож, GPU-г видео тоглоомын хүрээнээс гаргаж, бүх төрлийн өгөгдөл боловсруулахад ашиглах боломжтой болгосон. Автомашин үйлдвэрлэгч “Audi”  компанид 2010 онд  чип нийлүүлж эхэлснээр хамтран ажиллагч байгууллагуудын цар хүрээгээ үлэмж тэлжээ. Түүнээс хойш технологийн салбар дахь “Nvidia”-гийн үүрэг тасралтгүй өссөөр байна. Шилдэг график боловсруулах нэгжүүдээрээ  алдартай уг компани нь хиймэл оюун ухаан, өгөгдөл боловсруулах салбарыг тэргүүлдэг.  Өрсөлдөгчид нь хөдөлгөөнт төхөөрөмж үйлдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлж байхад тэрбээр хамгийн хүчирхэг чипүүдийг нийлүүлэх инновацын дараагийн давлагааг нээв. Өнөөдөр хиймэл оюун ухааны зонхилох загварууд болох  жолоодлогын систем, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын бүтээлүүд Женсен Хуаны эзэнт гүрний техник хангамжид суурилдаг.

 

Хиймэл оюун ухааны хөдөлгөгч хүч

 

Технологийн хурдаар дэлхийг  тодорхойлох болсон энэ үед “Nvidia” компанийн зах зээлийн үнэлгээ хоёр тэрбум ам.долларт хүрч капиталжуулалтаараа “Alphabet”, “Amazon”, AMD, “Intel” зэрэг алдартай өрсөлдөгчөө гүйцэж түрүүлэв. Хиймэл оюун ухааны дэвшлийн ачаар тус компани чипний эрэлтийг нэмэгдүүлсэн. Өнгөрсөн жил компанийн эргэлт хоёр дахин нэмэгдэж, 60 тэрбум ам.доллароос давжээ.   “Nvidia”-гийн санхүүгийн амжилт нь компанийн орлогын урсгалд томоохон хувь нэмэр оруулсан дата төвийн сегменттэй холбоотой. Энэ сегмент нь хиймэл оюун ухаан, их хэмжээний өгөгдөл боловсруулахад голчлон анхаардаг. Сегмент дэх онцлох зүйл бол “Мета” компанийн оруулсан их хэмжээний хөрөнгө оруулалт юм. Марк Цукерберг “Nvidia”-гийн “H2024” чипийг хиймэл оюун ухааны дата төвүүддээ нэгтгэхээр төлөвлөж байна. Олон тэрбум ам.долларын өртөгтэй энэ алхам нь хиймэл оюун ухааны техник хангамжийн орон зайд “Nvidia”-гийн ноёрхлыг баталлаа.  Мөн компанийн ирээдүйн орлогын урсгалыг илтгэж байна.  Технологийн хувьсгалыг тэргүүлж буй хоёр компанийг "AI холбоо" тогтоолоо хэмээн хэвлэлүүд шуугиж байлаа.  Хэдийгээр гайхалтай гүйцэтгэл, өсөлттэй байгаа ч “Nvidia” өрсөлдөгчдөөсөө олон сорилттой тулгардаг. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг Цахиурын хөндийн компаниуд “Nvidia”-гийн зах зээл дээрх ноёрхлыг эсэргүүцэх зорилгоор хиймэл оюун ухаантай чипдээ их хэмжээний хөрөнгө оруулалт татаж эхэлсэн. Жишээлбэл, AMD шинэ загварын “MI300X” чипээ сурталчилж байна. Энэхүү өрсөлдөөн нь хиймэл оюун ухаанд зориулсан чипний зах зээлийн динамик, хурдацтай хөгжиж буй мөн чанарыг тодорхойлсон. Эдгээр сорилтын дунд тус компани нь “Alphabet”, “Amazon”, “Мета”, “Microsoft”, “OpenAI” зэрэг томоохон фирмүүдтэй өөрсдийн хэрэгцээнд тохируулан захиалгат чип боловсруулах талаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлж байна. Бизнесийн стратеги нь үйлчлүүлэгчийн харилцааг хадгалахад тусалдаг төдийгүй “Nvidia”-д саналаа төрөлжүүлж, инновацын уралдаанд түрүүлэх боломжийг олгосон. “Nvidia”-д тулгарч буй өөр нэг бэрхшээл бол АНУ-ын хамгийн хүчирхэг чипүүдийг Хятад руу экспортлох хязгаарлалт юм. Энэхүү хориг нь санхүүгийн байдалд шууд нөлөөлөхгүй гэж тус компани мэдэгдсэн ч ирээдүйд борлуулалтын алдагдалд орж болзошгүй. Геополитикийн сорилтуудыг даван туулах чадвар нь “Nvidia”-гийн тогтвортой өсөлт, зах зээлд манлайлахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Удахгүй нийтлэх компанийн орлогын тайланг технологийн ертөнц амьсгаа даран хүлээж байна. Энэ тайлан нь зөвхөн санхүүгийн хураангуй биш. Зах зээлийн стратеги, инновацын ур чадвар, динамик салбарт дасан зохицох чадварыг харуулсан лакмус тест юм. Шинжээчид өндөр шалгуур үзүүлэлтийг тогтоож, компанийн хувьцааны гүйцэтгэл нь хөрөнгө оруулагчдын итгэлийг харуулж байгаа тул хүлээлт өндөр байгаа нь гарцаагүй.

Орлогын тайлан нь “Nvidia”-гийн ойрын ирээдүйг тодорхойлохоос гадна технологийн өргөн хүрээг хамарна. Амжилт нь хиймэл оюун ухаан, өгөгдөл боловсруулах чиглэлээр тэргүүлэгч байр сууриа бататгах бөгөөд хүлээлтээс хазайвал өсөлтийн замыг дахин үнэлэхэд хүргэж болзошгүй. Илүү өргөн хүрээнд авч үзвэл, “Nvidia”-гийн гүйцэтгэл нь технологийн салбарын тусгал, ялангуяа хиймэл оюун ухаан, дата төв, тоглоом тоглох зэрэг салбарт байдаг. Компанийн ширүүн өрсөлдөөнөөс эхлээд геополитикийн дарамт хүртэлх сорилтуудыг даван туулах чадвар нь өнөөгийн хурдацтай хөгжиж буй технологийн орчинд технологийн аваргуудын тэсвэр тэвчээр, дасан зохицох чадварын талаар ойлголт өгнө. “Nvidia” орлогоо зарлахаар бэлтгэж байгаа тул үр дагавар нь санхүүгийн тайлангаас давж гардаг. Энэ нь хиймэл оюун ухааны хувьсгалд гол хөдөлгөгч үүрэг гүйцэтгэсэн гэдгээ баталж, технологийн ирээдүйн өнгө аясыг тодорхойлж байна.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24595/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 11 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 14 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 14 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 14 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 14 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 16 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 16 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 16 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 16 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 16 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 16 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 16 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 16 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 16 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 17 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 17 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 17 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 17 цагийн өмнө