“Арнольд классик” хүчний наадмын модон барилдааны тэмцээнийг монгол шүүгчид дэнсэлжээ. Олон улсад нэр хүндтэй энэхүү тэмцээнд ази шүүгчид ажилласан нь анхных бөгөөд тэднээс олон улсын шүүгч Б.Даариймаатай ярилцлаа. Монголын модон барилдааны холбооны шүүгч тэрбээр Бразил улсын Сан-Паулуд болсон олон улсын тэмцээний талбайн шүүгчээр ажилласнаас гадна тив, дэлхийн болон Европын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай шүүн явуулсан туршлагатай, зэрэглэл өндөр шүүгчдийн бүрэлдэхүүнд зүй ёсоор багтдаг нэгэн юм.
-Ярилцлагаа таны мас рестлинг буюу модон барилдаанаар хичээллэсэн үеэс эхэлье. Дэлхий нийтэд хөгжиж буй энэхүү хүчний спортын төрлийг яагаад сонгон хичээллэх болсон бэ?
-Хүчний спортын төрөл болох модон барилдаан Монголд 2013 оноос дэлгэрсэн. Анхандаа хэдхэн гишүүн тамирчинтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө хэдэн зуун хүн хичээллэдэг спортын төрөл болон хөгжиж байна. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд Монголын модон барилдааны тамирчид томоохон тэмцээн уралдаануудад амжилттай оролцож ирснээс гадна дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтаж хүчтэй өрсөлдөгчдийн нэг нь болж чадлаа. Миний хувьд модон барилдаанаар 2013 оноос хичээллэх хүсэлтэй байсан ч тодорхой шалтгааны улмаас чадаагүй. Анх 2022 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байв. Улмаар тэр ондоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож дэлхийн шилдэг тамирчдаас их туршлага хуримтлуулсан. Мөн тэр үед л шүүгч болох зорилготой болсон. Цаг үеэ олсон шийдвэр гаргаж Монголын модон барилдааны холбооныхон ч дэмжиж байлаа. Яагаад гэвэл, тухайн үед манай улсад модон барилдааны чиглэлээр мэргэшсэн шүүгч байгаагүй. Тиймээс би гэр бүлийн хүнтэйгээ хамт модон барилдааны шүүгч болохоор шийдсэн хэрэг. Одоо бид дотоод төдийгүй гадаадын тэмцээн уралдаануудад шүүгчээр ажиллаж байна. Манай гэр бүлийн хүнийг С.Тэлмэн гэдэг. Монгол Улсын ерөнхий шүүгч, мөн олон улсын шүүгчээр ажилладаг.
-Модон барилдаан томоохон орон зай шаардахгүй, улирлын аль ч үед хичээллэх боломжтой зэрэг давуу талтай. Харахад хялбар мэт боловч хичээллэх боломж нөхцөлийн хувьд ямархуу бол?
-Таны хэлсэнчлэн давуу талуудтай. Дээр нь нэмж хэлэхэд, манай спортод техник хэрэгсэл, хувцас хэрэглэл бэлтгэхэд өртөг бага. Хувцас хэрэглэлийн хувьд улаан, хөх өнгийн шорт авахад л хангалттай байдаг. Техник хэрэгслийн хувьд хоёр метрийн урттай хөндлөн мод, хоёр талд нь тусгаарлах мод байхад болно. Үүнийг хэн ч байсан бэлтгээд модон барилдаанаар хичээллэх боломжтой. Мөн манай спортод насны хязгаар заадаггүй. Энэ спортоор хичээллэснээр хүний биеийн бүх булчин шөрмөс ажилладаг. Ялангуяа далд булчингуудыг нэлээд хөгжүүлдгээрээ онцлогтой. Тэмцээн уралдааны хувьд өсвөр үе, насанд хүрэгчид, мастер ангиллаар явагддаг. Жин тус бүрдээ эрэгтэй, эмэгтэй ангилалтай. Хүмүүс модон барилдаанаар хичээллэхэд маш хялбархан гэж хардаг. Гэтэл тамирчнаас тэсвэр тэвчээр, хурд, авхаалж самбаа гээд хүнээс гарах бүхий л чадварыг шаарддаг. Модон барилдаан бол тамирчнаас маш их энерги шаарддаг спортын төрөл юм.
-Монгол эрчүүд гэлтгүй эмэгтэйчүүд ч их бяртай. Энэ онцлог нь модон барилдаанаар хичээллэх нэг нөхцөл нь болдог байх?
-Модон барилдаанаар хэн ч хичээллэж болно. Манай эмэгтэй тамирчид дэлхийд нэлээд дээгүүр бичигддэг, хүчтэй өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор багтдаг. Тамирчдын гаргасан томоохон амжилтуудаас дурдвал, манай тамирчдын дунд дэлхийн аваргын хошой хүрэл медальт тамирчин бий. Азийн хүрэл, Европын мөнгөн медальтай зэрэг амжилт гаргасан тамирчин олноороо төрөн гарч байна. Модон барилдаан нь монгол хүний биеийн онцлогт таарч, тохирсон спортын төрөл. Спортын энэ төрөл ОХУ-ын Саха, Якут улсаас гаралтай. Эдгээр улс байгалийн эрс тэс уур амьсгалтай. Ийм нөхцөлд хүмүүс биеэ хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг эрэлхийллээс анх үүссэн Якутын үндэсний спорт юм.
-Тэмцээний нас насны ангиллын дотоодын өрсөлдөөн их үү. Модон барилдааныг орон нутгийн иргэд ч сонирхон хичээллэх болсон гэж сонссон?
-Монголын модон барилдааны холбоо 21 аймаг, есөн дүүрэгт салбараа нээснээр сонирхон хичээллэгсдийн тоо эрс өссөн. Анх улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахад 30 хүн оролцож байсан бол одоо энэ тоо 400 болоод байна. Энэ хэрээр өрсөлдөөн нэмэгдэж байна гэсэн үг шүү дээ. Тэр дундаа өсвөрийн тамирчдын дунд өрсөлдөөн нэмэгдсэн. Монголын модон барилдааны холбоо он гарснаас хойш 20 гаруй тэмцээн уралдаан зохион байгуулаад байна.
-Та хилийн дээс алхаж оролцсон анхны тэмцээн аль улсад болов. Ямар амжилт гаргасан бэ?
-Шүүгч болсны дараах анхны тэмцээнээ эх орондоо дэнсэлсэн. 2023 онд Улаанбаатар хотод модон барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан. Тэр тэмцээний шүүгчээр монгол хүмүүс ажилласан нь цаашид томоохон уралдаан тэмцээнд зохион байгуулах боломжтой гэдгийг олон улсад харуулсан үйл явдал болсон. Түүний дараа өнгөрсөн онд Оросод болсон тэмцээний шүүгчээр анх ажилласан юм. Мөн энэ ондоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ажилласан анхны монгол хүн боллоо. Үүний дараа ОХУ, БНХАУ, Узбекистан зэрэг улсад зохион байгуулж байгаа тэмцээний шүүгчээр ажилласан.
-Та тив, дэлхий, Европын аварга шалгаруулах тэмцээний шүүгчээр ажилласан. Олон улсын өндөр зэрэглэлийн шүүгчээр ажиллах эрхээ хэзээ авсан бэ?
-2022 онд олон улсын шүүгчийн эрхээ авч байсан бол одоо зэрэглэлээ ахиулах зорилготой ажиллаж байна.
-Чансаа өндөр тэмцээнд Монголоос эмэгтэй шүүгч дэнслэхээр очиход бусад улс орныхон хэрхэн хүлээж авдаг бол?
-Модон барилдааны спортод эмэгтэй шүүгч цөөнгүй бий. Тэдгээрээс орос шүүгчдийн ажиллаж байгаа арга барил, туршлагаас суралцахыг хичээдэг. Эх орныхоо нэрийн өмнөөс олон улсын тэмцээн шүүж байгаа учраас маш хариуцлагатай, алдаа мадаггүй дэнслэхийг хичээдэг юм.
-Та дөрөвдүгээр сарын эхээр “Арнольд классик” тэмцээний талбайн шүүгчээр ажиллаад ирсэн. Тэмцээний уур амьсгал ямар байсан талаар мэдээлэл өгөөч?
-Нэгэн гайхалтай түүхийг бүтээж чадсандаа маш их баяртай байна. “Арнольд классик” тэмцээнийг Бразил улсад зохион байгуулсан. Маш том цар хүрээнд, өндөр зохион байгуулалттай явагддаг. Ихэвчлэн хүчний спортынхон байгаа учраас тэмцээн өрсөлдөөн дунд үргэлжилдгээрээ онцлогтой. Миний хувьд энэ хүчний наадмын модон барилдааны шүүгчээр ажиллахад сонирхолтой бас их зүйл сурлаа.
-Дээрх тэмцээний түүхэнд Ази тивээс оролцсон анхны шүүгчид нь Монголынх болж байна гэсэн?
-Тийм ээ, “Арнольд классик”-ийн түүхэн дэх анхны ази шүүгчид болж тэмцээнийг дэнсэлсэн. Тэр дундаа монгол шүүгчид шүүсэн гэдгээрээ маш их онцлогтой байлаа. Миний хувьд ч гэсэн маш их дурсамжтай тэмцээн болж өнгөрлөө. Яагаад гэвэл, гэр бүлийн маань хүн бид хоёрт урилга ирүүлж би талбайн шүүгч, манай хүн ерөнхий шүүгчээр уригдаад хамтдаа, анх удаа ийм том тэмцээнийг шүүгээд ирсэндээ маш их баяртай байна.
-Та одоо аль улсыг зорьж шүүгчээр ажиллах хуваарьтай байгаа вэ?
-Узбекистан улсад Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн удахгүй болно. Энэхүү тэмцээнд оролцохоор миний бие болон манай улсын тамирчид бэлтгэлээ базааж байна. Үүнээс өмнө бүсийн сургалт, семинар хийхээр төлөвлөсөн. Мөн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд ажиллахаар болоод байна.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24596/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна