Гүржийн парламент гадаадын нөлөөг ил тод болгох тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгээр баталлаа. Улмаар дэмжсэн болон эсэргүүцсэн талуудын жагсаал Тбилисийн төвд өрнөж байна. Хэлэлцүүлэгт оролцсон 150 депутатаас 83 төлөөлөгч дэмжсэн нь эрх баригч “Гүржийн мөрөөдөл” болон дэмжигч хүчнүүдийн төлөөлөл байв. Сөрөг хүчний ихэнх төлөөлөгч санал хураалтад оролцоогүй. Тэд энэхүү баримт бичгийг ОХУ-ын Гадаадын тагнуулын тухай хуулиас хуулбарласан гэж эсэргүүцсэн. Жагсаал цагдаа, тусгай хүчнийхэнтэй мөргөлдөөн болж хувирсан. Цагдаа нар жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, усан буу ашигласан байна. Албан ёсны мэдээллээр 63 хүнийг саатуулжээ. Парламентын ордны ойролцоо цугласан жагсагчид нулимс асгаруулагчаас сэргийлж амны хаалт, нүдний шил зүүжээ. Гурав дахь хэлэлцүүлэг энэ сарын 17-нд болно. Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили жагсагчдыг дэмжиж байгаагаа мэдэгдэж, хориг тавихаа амлалаа. Тэрбээр “Эрч хүчтэй, үзэл бодлоо хуваалцаж буй хүсэл тэмүүлэлтэй залууст хандаж хэлэхэд мөргөлдөөн гаргах хэрэггүй. Тайван жагсацгаа” хэмээн телевизээр дамжуулсан бичлэгтээ дурджээ. Жагсагчдын олонх нь залуучууд бөгөөд “Бид эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байна. Гэрэлт ирээдүйг хүсэж байна. Энэ бол иргэн бүрийн үүрэг хариуцлага” гэж ярьжээ. Тэд Тбилиси хотын Руставелийн өргөн чөлөөгөөр парламентын ордныг чиглэн алхахдаа Гүрж, Европын холбооны далбааг намируулж, “Оросын хуульд үгүй гэж хэлцгээе” гэсэн уриаг хашхирч байлаа. Сөрөг хүчний нэгдсэн хөдөлгөөний дарга Леван Хабейшвили ирэх аравдугаар сард болох сонгууль хүртэл хуулийн төслийг хэлэлцэхгүй байхыг уриалаад “Бид уулзвар дээр байна. Европ руу явах уу, эсвэл Оросын эзэнт гүрэн, ЗХУ руу буцах уу. Хуулийн төслөөр дамжуулан Гүрж дэх шүүмжлэгчдийн дуу хоолойг дарж, Европын холбоонд элсэх боломжид саад хийнэ . Эрх баригчид биднийг ЗХУ руу буцаах хүсэлтэй байна” гэжээ. Түүний хэлснээр шийдвэрийг ард түмэн гаргана. Гэхдээ хуулийн төслийг санаачилсан эрх баригч “Гүржийн мөрөөдөл” намынхан уг шүүмжлэлийг үгүйсгээд 1930-аад оны үед АНУ-д батлагдсан хуулиас санаа авсан гэж тайлбарлажээ. Өнгөрсөн гуравдугаар сард өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн дараа хуулийн төслийг эргүүлэн татахаас өөр аргагүйд хүрсэн юм. Шинэчилсэн төслийг агуулгын хувьд өөрчлөөгүй ч “Гадаадын нөлөөллийн төлөөлөгч” гэсэн үгийг “Гадаадын эрх ашгийг баримталдаг байгууллага” гэсэн нэр томьёогоор сольжээ. Хуулийн төсөлд санхүүжилтийнхээ 20-оос дээш хувийг хилийн чинадаас авдаг төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийг гадаадад гүрний ашиг сонирхлыг дэмжигч байгууллагаар бүртгүүлэхээр заажээ. Жил бүрийн санхүүгийн тайлангаа мэдүүлэхээс зайлсхийвэл 9.4 мянган ам.долларын торгууль ногдуулах аж.
Европын интеграц гацаанд оров
Европын холбоо болон НАТО-д элсэхээр эрмэлзэж байсан улсад энэ хуулийн төслийг батлах зардал өндөр байж магадгүй. Гүрж Европын холбоонд нэр дэвшигчийн статустай болсноос дөрвөн сарын дараа Европын интеграц ийн эрсдэлд оржээ. Иймд Европын холбооны дээд албан тушаалтан “гадаад агент”-ын тухай хуулийн төслийг анхааралтай ажиглаж байна. Тухайлбал, Евро Зөвлөлийн Ерөнхийлөгч Шарль Мишел “Гадаадын нөлөөг хязгаарлах зорилготой гэгдэж буй энэ хууль Гүржийн ард түмний олонхын хүсдэг Европын үнэт зүйлтэй нийцсэнгүй” гэж өчигдөр твиттертээ жиргэжээ. Хуулийн засаглал, хэвлэлийн эрх чөлөө, хараат бус шүүхийн тогтолцоог бэхжүүлэх шинэчлэлээ эрчимжүүлэх шаардлагатай гэсэн үндэслэлээр өнгөрсөн онд Брюсселийн эрх баригчид Европын холбооны гишүүний горилогчийн статустай болох Гүржийн эрх баригчдын хүсэлтийг буцааж байсан юм. Гүржийн Ерөнхий сайд Иракли Кобахидзе санхүүгийн ил тод байдлыг хангахын тулд ийм хууль шаардлагатайг онцолсон. Тэрбээр “Энэ бол үндэсний эрх ашгийн эсрэг, Гүржийн үнэн алдартны сүм хийдийн эсрэг үйл ажиллагааг хязгаарлах ач холбогдолтой. Гэтэл радикал сөрөг хүчнийхэн иргэдийг хүчирхийлэлд тухирч байна” гэж тайлбарлажээ. Хэлэлцүүлгийн дараа “Гүржийн мөрөөдөл” намын гол санхүүлжүүлэгчдийн нэг, нөлөө бүхий бизнесмэн Бидзина Иванишвили мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татлаа. Тэрбээр Гүрж дэх нөлөө бүхий агентуудыг барууныхан санхүүжүүлдэг, тус улсад “дайны нам” бий болсон гэсэн таамаг дэвшүүлсэн юм. Иванишвилийн хэлсэн үг эрх баригч нам болон хуулийг эсэргүүцэгчдийн хоорондын зааг ялгааг бүр ч тодорхой харуулсан. Сөрөг хүчнийхэн уг хуулийг “Оросын” гэж нэрлээд, гадаадын төлөөлөгчдийн тухай ОХУ-ын хуулийн анхны хувилбартай олон талаар ижил төстэй байгааг тэмдэглэдэг. Ялангуяа жагсаал цуглааныг тараах нь хүч чадлаа харуулах, Засгийн газар нөхцөл байдлыг бүрэн хянаж байгааг илэрхийлэх зорилготой. Түүнчлэн энэ үйл явдал парламентад олонхын суудалтай, Засгийн газрыг тэргүүлдэг “Гүржийн мөрөөдөл” нам болон Европын талыг баримтлагч Ерөнхийлөгч Зурабишвилийн зөрчлийг улам гүнзгийрүүлээд байна. Зурабишвили уг намаас 2018 онд нэр дэвшиж сонгуульд ялсан ч үзэл санааны хувьд зөрчилдөх болсон юм. “Гүржийн мөрөөдөл” нам сүүлийн жилүүдэд илт Кремлийн талыг баримтлах болсон гэж сөрөг хүчнийхэн буруутгадаг. Абхаз, Өмнөд Осетийн бүс нутаг салан тусгаарласны дараа Гүржийн нийгэмд Москвагийн эсрэг үзэл хүчтэй дэлгэрч эхэлсэн.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24596/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна