БНХАУ-ын дарга Ши Жиньпин Европод албан ёсны айлчлал хийж байна. Энэ бол цар тахал дэгдсэнээс хойш Хятад улсын даргын Европод хийсэн анхны айлчлал юм. БНХАУ-ын даргыг Францын Ерөнхийлөгч Макрон Тарбес-Лурдес Пиренейн нисэх буудалд угтан авчээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хувьд БНХАУ, Франц Ойрх Дорнодын асуудлаар өргөн хүрээнд санал нэгдэж байна. Талууд хамтарсан мэдэгдэлдээ олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчсөн бүх үйлдлийг буруушаахаас эхлээд Израилын Рафах руу дайралт хийхийг эсэргүүцэх, тогтвортой гал зогсоох хэлэлцээрийг нэн даруй хэрэгжүүлэх, НҮБ-ын холбогдох тогтоолуудыг даруй үр дүнтэй хэрэгжүүлэхийг уриалжээ. Ши Жиньпин мөн Палестин-Израилын мөргөлдөөний талаар хөндсөн байна. Хятадын удирдагчийн үндсэн шийдэл бол Арабын тусгаар тогтносон Палестин улсыг байгуулах явдал юм. Ерөнхийлөгч Макрон хоёр улсын харилцааны зангилаа цаг мөчид байгааг онцлоод “Дэлхий томоохон сорилтуудтай тулгарч байгаа үед Европын холбоо БНХАУ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэй. Энэ нь Европын ирээдүйтэй шууд холбоотой” гэжээ. Талууд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ололтоо дүгнэж, хамтын ажиллагааны төлөвлөгөөг гаргалаа. Нөгөө талаар өнөөгийн геополитикийн сорилтын нөхцөлд хамтын ажиллагааг ахиулж, дэлхийн энхтайван, тогтвортой байдлыг хамгаалахаа илэрхийлжээ. Тэгвэл хамтын ажиллагааны дараагийн 60 жилийн тухайд Ши Жиньпин “Алсын хараатай, харилцан ашигтай хамтдаа хожих дипломат харилцаа тогтоох үеийн анхны зорилтоо баримталж, харилцан итгэлцсэн, тогтвортой, шинийг санаачилсан, шинэ эрин үеийг бий болгоно. Мөн “Шинэ хүйтэн дайн” буюу сөргөлдөөнөөс урьдчилан сэргийлж, эв найртай зэрэгцэн оршихыг дэмжинэ” гэжээ. Тэрбээр Газын хямралыг НҮБ-ын тогтоолуудыг үр дүнтэй хэрэгжүүлээгүйтэй холбон тайлбарласан. Францад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар олимпын бамбарыг бие биедээ гардуулж, хамтарсан мэдэгдлүүд гаргаж, ногоон хөгжил, агаарын тээвэр, хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн, худалдаа, иргэд хоорондын солилцоо зэрэг хоёр талын хамтын ажиллагааны 20 шахам баримт бичигт гарын үсэг зурсан.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24597/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна