В.Путин тангараг өргөж, Засгийн газар нь огцорлоо

unen
9 цагийн өмнө


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тангараг өргөх ёслол Кремлийн Гэгээн Георгийн танхимд боллоо. Улмаар В.Путиний тав дахь бүрэн эрхийн хугацаа эхэлсэн байна. Энэ удаагийн бүрэн эрхийн хугацаанд Владимир Путин геополитик, цэрэг, боловсон хүчин гээд асар том сорилттой тулгарах нь гарцаагүй. Түүний эхний сорилт Засгийн газраа шинээр бүрдүүлэх. Учир нь Үндсэн хуулийн дагуу ОХУ-ын Засгийн газар Ерөнхийлөгчийг ажлаа хүлээн авсны дараа огцрох заалттай. Ерөнхий сайд Михаил Мишустин танхимаа огцруулах тухай тогтоолд гарын үсэг зуржээ. Ерөнхийлөгчийн зарлигаар Ерөнхий сайд, Шадар сайд, төрийн албан хаагчид шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэнэ. Оросын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко шинэ танхимын сайд нарын нэрийг дэвшүүлж, хянан хэлэлцэх ажлыг энэ сарын 15-наас өмнө зарлана. Михаил Мишустин Засгийн газрын тэргүүнээр улиран сонгогдоно гэдэгт депутат, шинжээчдийн дийлэнх нь эргэлзэхгүй байна. Тэгвэл шинэ танхимын 20 сайдын суудалд нэр дэвшигчдийн дунд амбан захирагч нар багтсан тухай "Ведомости" сонинд онцолжээ. Кремлийн ойрын эх сурвалжийн мэдээлснээр Калининград, Нижний Новгород мужуудын дарга Антон Алиханов, Глеб Никитин нар Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж магадгүй.

 

Барууныханд сонголт үлдээлээ

 

Тангараг өргөх ёслолын дараа Ерөнхийлөгч В.Путин Оросын ард түмэнд хандаж “Манай улсын иргэн бүр болон Украинд болсон цэргийн тусгай ажиллагаанд оролцогчдод талархал илэрхийлж байна. Өнгөрсөн гуравдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар та бүхэн улс орныхоо чиг хандлагыг зөв болохыг баталлаа. Цаашид Оросын ард түмний эрх ашиг, аюулгүй байдал миний хувьд бүхнээс дээгүүр байх болно. Манай улсын нэн тэргүүний зорилт бол ард түмнээ хамгаалах, үнэт зүйл, уламжлалаа хадгалах явдал. Бид өмнөх үеийнхнийхээ ачаар дэлхийн гүрэн болсон. Өнөөдөр бид мянган жилийн түүхийнхээ өмнө, өвөг дээдсийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой. Эх орондоо үнэнч гэдгээ үйл хэргээрээ нотолсон хүмүүсийг төрийн удирдлага, бүхий л салбарт удирдах албан тушаалд томилоно. Бид нэгдмэл бөгөөд агуу ард түмэн. Хамтдаа бэрхшээлийг даван туулж, бүх төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ. Бид хамтдаа ялна. Олон арван жилийн турш улс орны хөгжлийн найдвартай залгамж чанарыг хангах, Оросын хүч чадлыг бэхжүүлэх залуу үеийг өсгөн хүмүүжүүлэх шаардлагатай. Оросын хувь заяаг ард түмэн шийднэ. Москва олон туйлт дэлхийн дэг журмыг бүрдүүлэхийн тулд Евразын интеграцчлалын түншүүд болон бусад тусгаар тогтносон хөгжлийн төвүүдтэй үргэлжлүүлэн хамтран ажиллана. Кремль барууны орнуудтай яриа хэлэлцээр хийхээс татгалздаггүй. Аюулгүй байдал, стратегийн тогтвортой байдлын яриа хэлэлцээр хийхэд бэлэн. Сонголт тэдэнд байна. ОХУ-ыг хязгаарлах, түрэмгийлэх бодлогоо үргэлжлүүлэх, олон жилийн турш тасралтгүй шахалт үзүүлэх эсэх нь тэдний сонголт” гэжээ. Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд дотоод эмх замбараагүй байдал, үймээн самууны эмгэнэлт түүхийг сануулаад Оросын улс төрийн тогтолцоо тогтвортой байх ёстойг уриаллаа. В.Путин өнгөрсөн гуравдугаар сард болсон сонгуульд 87.28 хувийн санал авч ялалт байгуулсан нь түүний карьерын хамгийн өндөр үзүүлэлт юм. Владимир Путин ОХУ-ын 2036 он хүртэлх Үндэсний хөгжлийн зорилтын тухай зарлигт гарын үсэг зурсныг Кремлийн сайтад нийтэлжээ. Уг баримт бичигт тус улсын хөгжлийн үндсэн зорилтуудыг заасан байна. Үүнд хүн амын, эрүүл мэндийг дэмжих, хүмүүсийн сайн сайхан байдлыг сайжруулах, гэр бүлийг дэмжих, эх оронч, нийгмийн хариуцлагатай хувь хүнийг төлөвшүүлэх, тав тухтай, аюулгүй амьдрах орчин, хүрээлэн буй орчны сайн сайхан байдал, тогтвортой, динамик эдийн засаг, технологийн манлайлал, төрийн болон хотын захиргаа, эдийн засаг, нийгмийн салбарын дижитал өөрчлөлт гэсэн заалтууд багтжээ.

 

Цэргийн сүрт жагсаалд 9000 гаруй алба хаагч,  цэргийн 75 нэгж  техник, нисэх хүчин оролцлоо

 

Орос улс өнгөрч буй долоо хоногт олон талаар дэлхийн улс төрийн гол сэдэв болсон. Жил бүрийн тавдугаар сарын 9-нд Аугаа эх орны дайны ялалтын баярыг тэмдэглэдэг. 79 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал Москвагийн Улаан талбайд болж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хамт Беларусь, Киргизстан, Казахстан, Тажикстан, Туркменистан, Лаос, Гвиней-Бисау , Куба зэрэг найман орны удирдагчид оролцжээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгугийн хэлснээр 9000 гаруй алба хаагч, цэргийн 75 нэгж техник, нисэх хүчин оролцсон байна. ЗХУ арми эх орны дайны ялалтын парадыг 1945 оны зургадугаар сарын 24-нд Улаан талбайд хийж байжээ. ЗХУ задарсны дараа ОХУ 1995 оноос эхлэн, 2020 оныг эс тооцвол жил бүр зохион байгуулсан.

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24597/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 8 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 8 цагийн өмнө
Тохуурхал 8 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 9 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 9 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 9 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 9 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 9 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 9 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 9 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 9 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 11 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр