Марафон
-Дани улсын Копенгаген хотод “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгох марафон гүйлтийн сүүлийн тэмцээн энэ сарын 5-нд болов. Энэ уралдаанд Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19.25 цагийн амжилтаар 14 дүгээр байрт хурдалж, олимпын наадамд өрсөлдөх эрхээ баталгаажууллаа. Өдгөө 43 настай Б.Сэр-Од “Парис-2024” олимпын наадамд оролцох Монголын багийн 14 дэх эрхийг хүртсэн бөгөөд марафоны төрөлд уралдах гурав дахь монгол тамирчин болж байна. Парисын олимпын наадамд Монголын гурван марафонч уралдахаас Б.Сэр-Од зургаа, Б.Мөнхзаяа гурав дахь олимпдоо хурд хүчээ сорих бол Г.Хишигсайхан анх удаа олимпын замд уралдах юм.
Жүдо
-Тажикистан улсын Душанбе хотод жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээн боллоо. Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүч үзсэн Б.Баасанхүү Туркийн бөхийг нэмэлт цагт торгуулиар ялснаар алтан медаль хүртэв. Энэ нь түүний Их дуулгаас авч буй анхны түрүү юм. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд зодоглосон Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Бельгийн тамирчныг ялснаар хүрэл медалийн эзэн боллоо. Манай тамирчдын дасгалжуулагчаар Ч.Болдбаатар, М.Бундмаа нар ажилласан бөгөөд энэ удаагийн Их дуулгад нийт 17 жүдоч зодоглов.
Хөлбөмбөг
-Унгарын Пушкаш “Окодемиа” клубээс Словакийн “Комарно”-д гурван жил зээлээр тоглож байгаа хөлбөмбөгчин Г.Ганбаяр багийнхантайгаа нэгэн түүхийг бүтээв. Түүний харьяалагдаж буй клуб 28 дугаар тойргийн тоглолтдоо хожсоноор 67 оноотой болж, хоёр тойргийн өмнө хоёрдугаар лигийн аварга болжээ. Довтлогчийн байрлалд тоглодог Г.Ганбаярын хувьд 2023-2024 улиралд “Комарно” клубийн төлөө 20 тоглолтод оролцон дөрвөн гоол оруулав. Тэрбээр 2018 онд Унгарын “Пушкаш” академитай мэргэжлийн гэрээ байгуулж, Европын хөлбөмбөгийн ертөнцөд гэрээ байгуулсан анхны монгол хөлбөмбөгч юм.
Жюү жицү
-АНЭУ-ын Абу Даби хотод жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Насанд хүрэгчдийн найм, өсвөр үе, залуучуудын тивийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд манай улсаас 55 тамирчин, хоёр дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр оролцов. Азийн аваргын файтинг төрлийн 70 кг-ын жинд хүч үзсэн Б.Хулан өрсөлдөгчдөө буулган авч медалийн тавцанд зогслоо. Ингэснээр тэрбээр энэ төрөлд Азидаа гурав дахь түрүүгээ авч байгаа нь энэ юм.
Покер
-Asian Poker Tour (APT) буюу спорт покерын тэмцээн БНСУ-ын Чэжү арал дээр боллоо. Нийт 2000 гаруй тамирчин оролцсон тэмцээнд манай улсаас Монголын оюун ухааны академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар оролцсон юм. Тэрбээр таван тэмцээнд оролцсон бөгөөд өдөр бүр 12 цаг сууж өрсөлдөгчийнхөө тоглолтын арга барилыг тогтоох, сэтгэл зүйг унших, магадлал буюу тасралтгүй тоо бодох зэргээр өндөр ачаалал авчээ. Х.Хатанбаатар хэдий цом авч чадаагүй ч гурван тэмцээнд шагналт байрт орсон байна.
Морин тойруулга
-Монголын анхны холын зайн морин тойруулгын “Хайпэй кап 24” уралдаан энэ сарын 11, 12-нд Төв аймгийн Сэргэлэн суманд болно. Уралдааны сонгомол төрөлд шүдлэн, дунд нас, дээд нас уралдах бол монгол төрөлд хязаалан, соёолон, их насны морь уралдах юм. Зургаан насны ангилалд тус бүр түрүүлж бүртгүүлсэн 40, нийтдээ 240 адуу уралдуулах тов гарчээ. Сонгомол дээд, дунд, шүдлэн ангиллын түрүү магнайд тус бүр 40 сая төгрөг, мөн тус бүр “Prius 30” автомашинаар байлна. Харин их нас, соёолон, хязаалангийн түрүү магнай тус бүр 40 сая төгрөг, 2023 онд үйлдвэрлэгдсэн “Фотон” ачааны машинаар байлах аж. Морин уралдааны бүртгэлийн хураамж нь нэг сая төгрөг бөгөөд хураамжаа 100 хувь шагналын санд зарцуулах юм байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24597/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна