ОХУ, БНХАУ-ын иж бүрэн түншлэл шинэ шатанд хүрлээ


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин улиран сонгогдсоны дараах анхны гадаад айлчлалаа БНХАУ-д хийлээ. Кремль төрийн тэргүүний Бээжинд айлчилж буй бичлэгийг албан ёсоор нийтэлжээ. Ерөнхийлөгч Владимир Путинийг Ардын их хурлын ордонд хүрэлцэн ирэхэд Бээжингийн бага сургуулийн сурагчид цэцэг, Орос, Хятадын төрийн далбаа барин угтжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хятадад хийх айлчлал хоёр хэсгээс бүрдэнэ. Бээжинд дээд түвшний уулзалтуудаа өндөрлүүлээд энэ сарын  17-нд Хэйлунзан мужийн засаг захиргааны төв Харбин хотод айлчилна.

 

Засгийн газар хоорондын 11 хэлэлцээрийг баталжээ

 

Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдэгдсэнээр Хятад улсын дарга Ши Жиньпинтэй уулзаж, НҮБ, “Бүс ба Зам” болон БРИКС-ийн хүрээнд хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцан “Иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, шинэ эринд орох тухай” хамтарсан мэдэгдийг батлав.  Хаалттай хэлэлцээрт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Сергей Шойгу,  Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар оролцсон аж. Харин  өргөтгөсөн уулзалтаар талууд Засгийн газар хоорондын нийт 11 хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулсан гала тоглолтыг төрийн тэргүүнүүд үзсэн байна.  Харбинд Зүүн хойд Хятадыг чөлөөлөх дайнд амь үрэгдсэн Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, Орос-Хятадын экспо, Бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны IV форумын нээлтэд оролцоно. Мөн ОХУ-ын 20 мужийн захирагч нар Харбины айлчлалын бүрэлдэхүүнд багтжээ. Харбин хотод ОХУ-ын Ерөнхийлөгч БНХАУ-ын орлогч дарга Хан Жэнтай хэлэлцээр хийж, Харбины политехникийн их сургуульд зочлох юм. Эдгээр хөтөлбөрийн төгсгөлд  Кремлийн тэргүүн хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөжээ. Хятадын “Тайхэ” аналитик төвийн ахлах судлаач Ван Зайбанг “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар төрийн айлчлал хийхээр Бээжинд хүрэлцэн ирлээ. Өнөөдөр хоёр улсад тулгараад байгаа нийтлэг сорил АНУ. Хятад, Орос хоёр стратегийн зохицуулалтаа бэхжүүлж, Вашингтоныг хязгаарлахыг хичээж байна. Энэ удаагийн айлчлалын үр дүнд талууд дэлхийн аж үйлдвэрийн бүтцийг өөрчлөх стратегийн хамтын ажиллагааг ахиулна” гэжээ.  Ерөнхийлөгч В.Путин “Синьхуа” агентлагт өгсөн ярилцлагадаа дараах сэдвүүдийг хөндсөн нь олон улсын агентлагуудын анхаарлыг татлаа.

 

Украины талаарх Бээжингийн төлөвлөгөөг үнэлэв

 

Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах Хятадын санал санаачилга, хүчин чармайлтын тухайд Путин хэлэхдээ, Оросын тал Хятадын байр суурийг сайшааж байна. Украины хямралын үндсэн шалтгаан болон геополитикт учруулах нөлөөлөл гэдгийг Хятад улс маш тодорхой харж байгааг 2023 оны хоёрдугаар сард нийтэлсэн "Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах тухай Хятад улсын байр суурь" бичиг баримтад тусгасан 12 зүйл бүхий санаачилгад  харуулж байна. Энэхүү баримт бичигт тусгасан үзэл баримтлал, санал санаачилга нь Хятад найз нөхөд нөхцөл байдлыг тогтворжуулахын төлөө үнэнч байр суурь, хүчин чармайлт гаргаж буйг мөн харуулж байна гэжээ.

 

Олон улсын асуудлаар санал нэгдэв

 

Олон улсын үйл хэрэгт гол зангилаа асуудлаар Орос Хятадын байр суурь ойролцоо, эсвэл адилхан байдаг. Хоёр орон олон улсын хууль дүрмийг дээдэлж, тэнцвэртэй, салгашгүй, ерөнхийлсөн, тогтвортой хөгжсөн олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлыг бий болгохыг санаачилдаг бөгөөд эдгээрт НҮБ зохицуулалтын гол чухал үүрэг гүйцэтгэх ёстойг дэмждэг. Барууны худал үг яриа, хийсвэр хуурмаг шалтгаар бий болгосон дэглэмээ бусдад хүчээр тулгахыг эсэргүүцдэгээ В.Путин онцолжээ. 

 

Харилцан ашигтай харилцааг сонгосон

 

Москва , Бээжингийн харилцаа түүхэн дээд түвшинд хүрсэн гээд эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт эрх тэгш, харилцан ашигтай, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар дэлхийд  олон туйлт дэг журмыг бий болгохын тулд гадаад бодлогын уялдаа холбоог бэхжүүлэхээ илэрхийлжээ. ОХУ-ын төрийн тэргүүний хэлснээр, хоёр улс эрх тэгш, харилцан ашигтай эдийн засгийн харилцаа тогтоох замыг сонгосон. Түүнчлэн хоёр тал эрчим хүчний салбар дахь стратегийн хамтын ажиллагаагаа тасралтгүй тэлж, зарим том чухал төслүүд одоо хэрэгжиж байна.

 

Шинэ Оросын бүтээн байгуулалтыг түргэтгэх хүч

 

Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд тавьсан төрийн тэргүүн нарын зорилтоос давж, 200 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд одоо ч өсөлт үргэлжлэн нэмэгдсээр байна. Хүмүүнлэг соёлын солилцоо өдөр ирэх тусам нягтарч, харилцан олон том арга хэмжээ, тэр дундаа тусгай сэдэвт үйл ажиллагаа зохион байгуулж байна. Эдгээр арга хэмжээ нь хоёр орон, хоёр ард түмний хүмүүнлэг соёлын салбар дахь харилцааг бэхжүүлж байна. Орос, Хятад хоёр орон дэлхийн олон туйлт хөгжлийг хамтаар санаачилж байна. ШХАБ, БРИКС зэрэг чухал механизмын хөгжил нь олон туйлт хөгжлийн бодит тусгал, илэрхийлэл болж байна. ОХУ дэлхийн дөрвөн том эдийн засгийн нэг болох зорилт тавьсан. Үүний зэрэгцээ бүх салбарын хөгжилд чанар, үр ашигтай байх, иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэхийг зорьж байна. Шинэ Оросын бүтээн байгуулалтаа түргэтгэхийн тулд В.Путин бүх түнш, тэр дундаа БНХАУ-тай нээлттэй хамтран ажиллах юм.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №019/24598/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 6 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 9 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 9 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 9 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 9 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 10 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 10 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 10 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 10 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 10 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 11 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 11 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 11 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 11 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 11 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 11 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 11 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 11 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 12 цагийн өмнө