Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси онгоцны ослоор нас барсны дараа түүний бүрэн эрхийг дэд ерөнхийлөгч Мохаммад Мохберт хуулийн дагуу шилжүүлжээ. Раиси улсынхаа дээд удирдагч Аятолла Али Хаменеигийн адил засаг төрийн чиг хандлага нь байсан. Тэгвэл түүний гэнэтийн үхлийн дараа Ерөнхийлөгчийн суудлын төлөөх тэмцэл нь Иран дахь улс төрийн хүчний тэнцвэрийг өөрчилж, консерваторууд болон шинэчлэгчид хоорондын сөргөлдөөнийг хурцатгаж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Шинэ Ерөнхийлөгч гадаад бодлогодоо өөр тэргүүлэх чиглэл сонгохыг үгүйсгэхгүй. Ерөнхийлөгч Раисийн үхэл Ираны дотоод зөрчилдөөнийг нэмж, АНУ, Израилтай харилцах харилцааг өөрчилж магадгүй байгаа юм. Цаг бусаар амь үрэгдсэн Ерөнхийлөгч Эбрахим Раиси, Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиан тэргүүтэй албан тушаалтныг сүүлчийн замд нь үдэх ёслол Тегеран хотын баасан гаргийн мөргөл үйлддэг цогцолборт болжээ.
Консервативууд шинэчлэгчдийн эсрэг
Иранд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болох хүртэл бүрэн эрхийг Раисийн нэгдүгээр орлогч Мохаммад Мохбер хэрэгжүүлэх юм. Төрийн тэргүүн таалал төгссөн тухай албан ёсны мэдээг дамжуулахаас өмнө Мохбер улс орныг удирдах зургаан тусгай хороо байгуулжээ. Ираны Засгийн газрын бүх салбарын тэргүүнүүд Мохбертэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Ерөнхийлөгч Раисийн үхэл Исламын Бүгд найрамдах улсын хувьд хүнд гарз боллоо. Учир нь, тэрбээр дээд удирдагчийнхаа дотоод, гадаад бодлогын чиг хандлагыг идэвхтэй баримталж байсан юм. Бүгд найрамдах улсын дээд удирдагч Аятолла Али Хаменеи “Ираны ард түмэн санаа зовох хэрэггүй, төрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ” гэж мэдэгджээ. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулиар Ираны шинэчлэгчид парламентын сонгуульд ялагдсаныхаа хариуг авахаар эрмэлзэнэ. Раиси Тегераны элитийн радикал консерватив жигүүрийг төлөөлж байв. Түүний эрх мэдлийн жилүүдэд Иран дахь консерваторууд байр сууриа бэхжүүлэхэд саадгүй байсан. Вашингтонд төвтэй Ардчиллыг хамгаалах сангийн ахлах ажилтан Бехнам Бен Талеблу “Раиси бол Ираны хувьсгалт элитийн залуу хувилбарыг төлөөлдөг” гэж дүгнэж байсан. Иймд консерватив хүчнүүд улс орныхоо хоёр дахь чухал албан тушаалыг хадгалахын тулд бүх талаар хичээх нь гарцаагүй. Үзэл бодол нь Раисийнхаас эрс ялгаатай хүн засгийн эрхэнд гарах магадлал бага ч Тегераны элит дэх консерватив болон дунд зэргийн хүчний тэнцвэр өөрчлөгдөхийг шинжээчид үгүйсгэхгүй байна. Иранд консерватив чиг хандлага чангарахын зэрэгцээ ийм бодлогод олон нийтийн дургүйцэл нэмэгджээ. Тухайлбал, 22 настай курд эмэгтэй Махса Амини ёс суртахууны цагдаад саатуулагдан нас барсны улмаас олон сар үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал үүссэн. Жагсагчдыг тараах хатуу арга барилаараа олон зуун хүний аминд хүрсэн гэж Раисийг буруутгадаг хэсэг ч бий.
Өв залгамжлагчийн эрэл
Тегераны элитүүдийн шинэчлэлийн жигүүр нөлөөгөө эргүүлэн авах боломжтой бөгөөд шинжээчид энэ бүлгээс Ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн магадлалтай хүнийг хүртэл нэрлээд байна. “The Atlantic” сэтгүүлийн шинжээчид Тегеран хотын дарга асан Мохаммед-Багер Галибафыг онцолжээ. Тэр бол туршлагатай улстөрч. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн удаатай, консерватив үзэлтэй гэгдэж байсан ч технократ гэдгээ олон талаар харуулсан. Түүний элитүүдийн шашны жигүүртэй холбоогүй байдал нь дутагдал байж болох юм. Шинжээчид “Хэрэв Ерөнхийлөгчийн албан тушаал исламистуудын зохих үнэмлэхгүй технократад шилжвэл Хаменеи баярлахгүй” гэжээ. Раисийн амжилтыг Аятолла Али Хаменеитэй ойр холбоотой, залгамжлагчдын нэг байсантай холбон тайлбарладаг. Харин энэ удаад Галибаф нөлөө бүхий холбоотонтой болжээ. Энэ бол Аятолла Можтаб Хаменеигийн хүү. “Politico” сэтгүүлд бичсэнээр эцгийнхээ дараагаар Ираны дээд удирдагч болохыг эрмэлздэг. Улс төрийн хэлэлцээр үр дүнд хүрвэл Галибаф, Можтаб Хаменеи нар тус улсын хамгийн чухал хоёр албан тушаалд хүрэх боломжтой. Өдгөө 85 настай Али Хаменеигийн залгамжлагчийн асуудал сүүлийн жилүүдэд нухацтай яригдах болсон.
Ерөнхийлөгч бол шийдвэр гаргагч биш гүйцэтгэгч
Сонгууль болон фракц хоорондын тэмцэл эрчимжсэнээр гадаад бодлогод өөрчлөлт оруулж магадгүй. Эрх баригч элитүүдийн сонирхол зайлшгүй суларна гэж үзэх ажиглагч цөөнгүй байна. Ираны гадаад бодлогод Ерөнхийлөгч Раиси АНУ-тай шууд сөргөлдөөн, Ойрхи Дорнод дахь холбоотонтойгоо тэмцэх хатуу шугамыг баримталсан. Вашингтонд Тегераны бодлогыг аюул заналхийлэл гэж үзэж байсан. Барууны орнууд Ираны тэргүүнд хандах хандлага хоёрдмол байдалтай ч Европын холбоо болон АНУ-ын удирдагчид албан ёсоор эмгэнэл илэрхийлжээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “Иран болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид Израил, бүс нутгийн тогтвортой байдал, Америкийн ашиг сонирхолд заналхийлж байгаа нь ойлгомжтой” гэсэн нь Раисийн үхэлтэй холбоотой хуйвалдааны онолууд гарч ирэхэд хүргэсэн. АНУ-ын Сенат дахь Ардчилсан намын удирдагч Чак Шумер Ираны Ерөнхийлөгчийн нисдэг тэрэг сүйрэхэд “Гэмт хэргийн санаа зорилго” байгаагүй. Иран ч ийм онолыг дэмжээгүй. Нисдэг тэрэгний осол Иран, АНУ-ын төлөөлөгчдийн хооронд хэлэлцээр хийснээс хойш хэдхэн хоногийн дараа болсон. Энэ нь Израилд хийсэн халдлагын дараа бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах зорилгоор хоёр тал анх удаа холбоо тогтоосон явдал байв. Ираны Ерөнхийлөгч солигдох үед Тегеран, Вашингтоны хоорондох зөрчилдөөнийг шийдвэрлэх харилцаа саарч магадгүй. АНУ-ын нэгэн адил Израилын тал ч энэ үйл явдалд хамааралгүй гэдгээ мэдэгдэж, хоёр улсын харилцаанд ямар үр дагавар авчрах талаар шууд тайлбар хийгээгүй байна.
Ираны Ойрхи Дорнод дахь бодлогыг тус улсын дээд удирдагч Али Хаменеи тодорхойлдог бөгөөд Ерөнхийлөгч солигдох нь олон арван жил үргэлжилсэн мөргөлдөөнийг шийдвэрлэхэд төдийлөн нөлөөлөхгүй. Исламын Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч бол шийдвэр гаргагч биш харин гүйцэтгэгч. Засгийн газрыг тэргүүлж байгаа учраас түүний бүрэн эрхийг Ерөнхий сайдын статустай хэсэгчлэн адилтгаж болно. Одоогийн талууд хурцадмал байдлыг дэвэргэх сонирхолгүй байгаа. Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиан нас барсан нь Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнийг шийдвэрлэхэд мэдэгдэхүйц нөлөөлнө. Тэрбээр барууны дипломатчидтай харилцаа холбоо тогтоох, хөрш орнуудтай харилцах харилцааг зөөллөхөд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24599/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна