“Модийн баталгаа”-д халамжийн 300 гаруй хөтөлбөр багтжээ


 Дэлхийн хамгийн олон хүн санал өгдөг Энэтхэгийн сонгууль дууслаа. Долоон үе шаттай үргэлжилсэн сонгуульд “Бхарати Жаната” намын тэргүүлдэг Үндэсний ардчилсан холбоо олонхын суудал авч ялалт байгуулжээ. Тус улсад парламентын сонгууль Британийн загвараар явж ирсэн. Сонгогчид парламентын доод танхим болох Лок Сабхагийн 543 гишүүнийг таван жил тутамд сонгодог. Засгийн газар байгуулахад танхимын хүчний тэнцвэр гол үүрэг гүйцэтгэдэг. Засгийн эрхэнд гарахын тулд нам, эвсэл дор хаяж 272 суудал авах ёстой. Хэдийгээр муж бүрийн төлөөллийг сонгодог ч Лок Сабха дахь 131 суудлыг овог аймгууд болон тусгай кастын гишүүдэд зориулдаг аж. Үндэсний ардчилсан холбоо парламентын доод танхимд 295 суудал авсан байна. Үүнээс Ерөнхий сайд Нарендра Модийн тэргүүлдэг “Бхарати Жаната” нам 240, Үндэсний конгресс нам 99, Энэтхэгийн үндэсний хөгжил ба хүртээмжтэй холбоо 231 суудал авчээ. Ийнхүү Ерөнхий сайд Нарендра Моди  эрх мэдлээ гурав дахь удаагаа хадгалахаар болж буй юм. Тусгаар тогтносон Энэтхэгийн анхны удирдагч Жавахарлал Неру Ерөнхий сайдаар гурвантаа сонгогджээ. Сөрөг хүчнийхэн  нийгмийн тэгш бус байдал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, тус улсад авторитар дэглэм тогтоох зорилготой гэж эрх баригчдыг буруутгадаг. Сонгуулийн зохион байгуулалтад 14 тэрбум ам. доллар зарцуулсан нь түүхэн зардал боллоо. Улс төрийн хоёр гол хүчин эрх мэдлийн төлөө тэмцсэн нь баруун жигүүрийн “Бхаратия Жаната” нам, өнгөрсөн зууны Энэтхэгийн улс төрийн талбар зүүний үзэл баримтлалтай  Үндэсний конгресс байлаа. Гужарат, Мадхья Прадеш, Чхаттисгарх, Дели, Уттаракханд, Химачал Прадеш зэрэг хүн ам ихтэй, хөгжлөөрөө улсдаа дээгүүрт бичигддэг мужид “Бхарати Жаната” нам ялсан. Сөрөг хүчний эвсэл Бихар, Ражастан,  Харьяна, Пенжаб мужид олонхын санал авчээ. Сонгогчдын оролцоо, үг хэлэх эрх чөлөө, сонгуулийн бие даасан байдлыг хангах сорилт, авторитаризмтай тэмцэж байгаа цаг үед санал хураалт болсон.

 

Энэтхэг дэлхийн гурав дахь том эдийн засаг болно

 

Шинэ Засгийн газар 2047 онд тусгаар тогтнолын зуун жилийн ойгоороо дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж, дэлхийн гурав дахь том эдийн засаг болох зорилго тавьжээ. Ингэхдээ барууны загварыг хуулбарлахаас илүүтэй Энэтхэгийн уламжлалтай хослуулах гэнэ. Нарендра Моди Энэтхэгийг орчин үеийн болгохыг зорьдог. Түүнийг тус улсын оршин суугчдын  80 хувь нь дэмждэг гэсэн тоо баримт бий. Тиймээс “Бхарати Жаната” нам мөрийн хөтөлбөртөө "Модийн баталгаа" хэмээх эдийн засгийн амлалтуудад анхаарлаа хандуулсан. Иргэдэд халамжийн 300 гаруй хөтөлбөр санал болгосон. Түүнчлэн  хүн амын талаас илүү хувийг бүрдүүлдэг хиндичүүдийн үндсэрхэг үзэл, шашны хандлагыг улс төрийн зорилгодоо  ашиглажээ. Модийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд Энэтхэгийн ардчиллын зэрэглэл буурсан. Исламын шашинтнуудыг ялгаварлан гадуурхах бодлого явуулж, шүүмжлэгчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслийг онилсон гэж эрх баригчдыг буруутгадаг.  Тэрбээр исламын шашинтнуудыг сонгогчдоо заналхийлдэг тухай ил тод ярьж, хиндичүүдийг хойд мужаас шахаж байна гэж шүүмжилсэн.  Либерал өрсөлдөгчид  үгэн дээр нь дөрөөлж Модийн бодлогыг АНУ-ын арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй адилтгажээ. Мөн авторитар удирдагч, популист гэдэг бөгөөд АНУ-ын Дональд Трамп, Унгарын Виктор Орбан нартай харьцуулдаг. Энэтхэгийн Үндэсний конгрессын тэргүүлэгч Рахул Ганди "Хэрвээ жирийн иргэн Ерөнхий сайдын үгийг хэлсэн бол шууд сэтгэцийн эмч рүү илгээх байсан. Моди Энэтхэгийг ардчиллын статусаас хасаж, консерватив болон үндсэрхэг үзэлтнүүдийн фронтыг бэхжүүлж болзошгүй” гэжээ.  Сөрөг хүчнийхэн нийгмийн тэгш бус байдал нэмэгдэж, Ерөнхий сайд бизнесийн элитүүдтэй онцгой харилцаатай, эрх мэдлийг хэт нэгтгэж, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлаж, бие даасан шүүх, парламентын хяналтыг алдагдуулж байгааг шүүмжилдэг. Хүн амын нэн ядуу хэсэг, доод кастын сонгогчдыг татахыг хичээсэн. Гэхдээ Энэтхэгийн Үндэсний конгрессыг орон даяар кастын тооллого, ядуу иргэдэд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх амлалтаа өнгөрсөн зуунд хэрэгжүүлээгүйд иргэд таагүй ханддаг. Энэ нь Гандийн гэр бүлийг хар сүүдэр шиг дагадаг. Энэтхэгийн Үндэсний конгресс Засгийн эрх барих хугацаандаа авлига хээл хахууль, эрх мэдлийг хэт төвлөрүүлжээ. Улс төрийн шинжээчид 73 настай Модийг сэтгэл татам,  туйлширсан удирдагч гэж тодорхойлдог. Тэрбээр үндсэрхэг үзэл баримтлал, эдийн засгийн шинэчлэлийн төлөвлөгөөгөө урагшлуулах боломжтой ч жижиг холбоотнууд болон сөрөг хүчний удирдагчидтай хэлэлцээр хийхгүй бол хэрэгжүүлэхэд хэцүү. “Бхарати Жаната” нам ядуурлыг бууруулсан, хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн гэж мэдэгдсэн. Гэтэл өнгөрсөн улиралд Энэтхэгийн ДНБ 7.8 хувийн өсөлттэй бай­сан ч тэгш бус бай­дал газар авч, амь­жиргааны өр­төг нэмэгдэн, ажилгүйдэл дээд цэгтээ хүрснийг нийгмийн судал­гаануудад он­цол­сон байна. Гурав дахь бүрэн эрхийн хугацаандаа Моди шинэч­лэлийн томоохон хөтөлбөрийг дэвшүүлж, эдийн засгаа 6.7 тэрбум ам.долларт хүргэж тэлэхээр төлөвлөж байна. Улмаар  нэг хүнд ногдох сарын дундаж орлогын хэм­жээг 2500-4500 ам.дол­лар болгож өсгөх юм. Энэтхэгийн эдийн засаг 3.5 тэрбум ам.долларт эргэлддэг.  Нарендра Моди 2019 оны сонгуулиар 2024 оны санхүүгийн жилд таван тэрбум ам.долларт хүргэхээ амласан ч цар тахлын улмаас энэ төлөвлөгөөнд нь саад учирсан гэж тайлбарладаг. Одоогоор эдийн засгийн томоохон зорилтыг биелүүлж, тогтвортой авч явахад бүтцийн хувьд ямар шинэчлэл хийгдэх ёстойг Засгийн газар нарийвчилж тодорхойлоогүйг Энэтхэгийн эдийн засагчид дурджээ. Тэгвэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд  бусад томоохон хөгжингүй орнуудтай харьцуулахад хамгийн хурдан өссөн эдийн засаг болжээ. 2023 оны гуравдугаар сараас 2024 оны гуравдугаар сарын хугацаанд Энэтхэгийн эдийн засаг найман хувиар өссөн байна. Аж үйлдвэр, бүтээн байгуулалтын салбарын бүтээмж өндөр байсны ачаар эдийн засаг ингэж их хэмжээгээр өсжээ. Энэтхэгийн Сангийн яамны томоохон албан тушаалтан байсан хүмүүс энэ тооцоог урвуу арифметик тооцооллоор гарч ирсэн дүн, эдийн засгийн өсөлт бүтцийн хувьд шинэчлэл дутуу, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө сул байгаа хэвээр байна гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, цаасан дээр эдийн засгийн өсөлт өндөр байгаа ч бодит байдал дээр нүдэнд харагдаж байгаа шинэчлэл дутуу байна гэж үзэж буй юм байна. Сөрөг хүчнийнхэн Нарендра Моди болон тэдний намын өнгөрсөн хугацаанд хийсэн ажлыг дүгнэхдээ шинээр ажлын байр бий болгож, иргэдийн нуруун дээрх дарамтыг багасгаж чадаагүй. Харин ч баян, ядуугийн ялгаа улам нэмэгдсэн жилүүд байсныг дурддаг.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24601/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 5 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 8 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 8 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 8 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 9 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 10 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 10 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 10 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 10 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 10 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 10 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 10 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 10 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 10 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 10 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 11 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 11 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 11 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 11 цагийн өмнө