Европын парламентын сонгуульд төвийн үзэлтнүүд олонхын байр сууриа хадгалж, Урсула фон дер Лейен Европын комиссыг үргэлжлүүлэн таван жил удирдах юм. Гэхдээ баруун жигүүрийн намууд парламентын дөрөвний нэгийг бүрдүүлж, Франц, Италид мэдэгдэхүйц ялалт байгуулсан нь сонгуулийн онцлох үр дүн байлаа. Тив даяар хэт барууны намууд сүүлийн жилүүдэд эдийн засгийг сэргээх, Европын хилийг хамтран хамгаалах, тариаланчдыг дэмжих, Украинд үзүүлэх тусламжийг эсэргүүцсэнээр байр сууриа бэхжүүлсэн. Европын консерваторууд ба шинэчлэгчид нийлээд 720 суудлын 131-ийг нь авчээ. “Барууны эргэлт” гэж нэрлээд буй парламент дахь зонхилох хүчнүүд Христийн ардчилсан болон социалистууд хэвээр байгаа бөгөөд хамгийн хүчтэй фракц нь 185 суудал авсан, баруун төвийн үзэл баримтлалтай “Европын ардын нам” юм. Хэдийгээр энэ үр дүн нь Европын парламентыг бүрэн хянахад хангалтгүй ч баруун төвийн үзэл баримтлалыг төлөөлж буй Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен евроскептикчүүдийн эсрэг төв болон системийн хүчний ялалтыг хэдийнэ зарлажээ. Түүний хэлснээр, төвийн үзэлтнүүд социал демократууд болон либералуудын хамтаар баруун, зүүний радикалуудын эсрэг бат бэх бэхлэлтээ үргэлжлүүлж, Европын холбоонд тэргүүлэх албан тушаалуудыг хуваарилах Засгийн газрын эвсэл байгуулна. Хэрэв социал демократууд 134 суудлаа хадгалж үлдсэн бол төвийн үзэл баримтлалтай гурван бүлэг үнэмлэхүй олонх байлаа.
Уур амьсгалын өөрчлөлт, цагаачлалын бодлогоо өөрчилж магадгүй
Брюсселийн эгнээний орнуудад холбооны хууль тогтоох гол байгууллага болох Европын парламентын сонгуулиар 720 төлөөлөгчийг сонгосон. Сонгууль нэгдсэн стандартгүй, олгосон мандатын тоо харилцан адилгүй гэдгээрээ онцлог. Улс бүрийн депутатуудын тоог хүн амын тоотой харьцуулан тогтоодог. Хамгийн олон мандатыг Герман улсад олгосон байна. Европын улс төрийн намууд холбооны ерөнхий төсвөөс санхүүждэг. Энэ удаагийн сонгуульд 35 нам, улс төрийн холбоо оролцохоор бүртгүүлжээ. Хамгийн том фракц нь Христийн ардчилсан холбоо, баруун төвийн “Европын ардын нам” байв. Мөн социалист болон социал демократ чиг баримжаатай 30 гаруй намыг нэгтгэсэн Европын социалистуудын нам өрсөлджээ. Ногоонтнууд ялагдал хүлээсэн нь сонгогчид Европын холбооны ногоон бодлогыг дэмжихгүй байгааг харуулж байна. Европын холбоо ногоон технологийн анхдагч болохыг удаан хугацааны турш эрэлхийлсээр ирсэн ч Польш зэрэг оронд тариаланчдын эсэргүүцлийг өдөөсөн. Энэхүү чиглэл нь өндөр өртөгтэй, нийгэм, эдийн засгийн хэт их алдагдалд хүргэх эрсдэлтэй гэж европчууд болгоомжилж байгаа юм. 450 сая иргэнтэй Европын холбоо ОХУ-тай харилцах харилцаа, БНХАУ, АНУ-тай аж үйлдвэрийн өрсөлдөөнийг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цагаачлал зэрэг тулгарч буй сорилтуудыг хэрхэн даван туулахыг шинэ парламент тодорхойлно. Брюссель цагаачдын урсгалыг хязгаарлаж эхэлсэн. Үүний зэрэгцээ Украин, Молдавыг элсүүлэх, Европын холбооны зүүн тийш тэлэх бодлогыг удаашруулж магадгүй. Холбооны төсвөөс их хэмжээний татаас авдаг, Европын “талхны сагс” болох Украиныг эгнээндээ нэгтгэх хэтийн төлөвийг газар тариалан эрхлэгчид эсэргүүцдэг. Харин баруун тийш шилжих нь илүү ач холбогдолтой болж хувирвал Брюссель томоохон өөрчлөлттэй нүүр тулах юм.
Жоржиа Мелони гол дүр болов
Францад гурван сонгогчийн нэг нь Марин Ле Пенийн Үндэсний фронт намд саналаа өгсөн бол Ерөнхийлөгч Эммануэль Макроны нам ялагдал хүлээлээ. Баруун жигүүрийн хүчнүүдийн ялалтыг Францад удаан хүлээсэн. Сонгогчдын 31.4 хувь нь Марин Ле Пенийн “Үндэсний фронт” намд саналаа өгсөн нь Ерөнхийлөгч Эммануэль Макронд сорилт боллоо. Баруун жигүүрийн ялалтын хариуд Эммануэль Макрон Үндэсний ассамблейг тарааж, ээлжит бус сонгууль зарлав. Ийнхүү урьдчилсан дүн гарсны дараа төрийн тэргүүн ард түмэндээ хандан үг хэлсэн нь Марин Ле Пенийн ялалтыг улам амбицтай болгожээ. Өрнөж эхэлсэн сонгуулийн шинэ кампанит ажлыг эрх баригчид Европын сонгуулийн үеэр хэрэгжүүлсэн хэт барууны үзэлтнүүдийн муу ёрын эсрэг тэмцэл гэж нэрлэсэн. Улмаар Э.Макрон өөрийгөө баруун жигүүрийн радикалуудыг зогсоож чадах цорын ганц хүн гэж харуулсаар байна. Түүнчлэн Италид барууныхан “Үндэсний фронт”-той дүйцэхүйц ялалт байгуулсан. Ерөнхий сайд Жоржиа Мелонигийн “Италийн ахан дүүс” нам 28.59 санал авсан. Уг нь тус улсад Европын парламентын сонгууль Засгийн газарт итгэл үзүүлэх бүх нийтийн санал асуулга хэлбэрээр явагдсан. Жоржиа Мелони Европын холбооны хамгийн чухал Засгийн газрыг төлөөлж байгаа учраас Марин Ле Пенээс илүү бодитой байж магадгүй. Европын комиссын дарга ямар ч тохиолдолд холбооны орнуудын төр, засгийн тэргүүний ашиг сонирхлыг харгалзан үзэх ёстой. Тийм ч учраас Жоржиа Мелони энэ удаагийн сонгуулийн нөлөө бүхий хүн гэж тооцогдож эхэлжээ. Түүний намаас сонгогдсон депутатууд эрх баригч эвсэлд нэмэлт хүч болно. Марин Ле Пен болон бусад баруун жигүүрийн радикал хүчнүүдээс ялгаатай нь системийн төв үзэлтнүүдтэй илүү ойр байдаг. Германы альтернативууд канцлер Олаф Шульцын намыг ялсан. Фракцаас гадуурх шинэ бүрэлдэхүүнд Германы төлөөх альтернатив намын 15 парламентын гишүүн, Фидес намын 10 төлөөлөгч (Унгар), хэт барууны конфедерацын зургаан гишүүн (Польш) багтана.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24602/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна