“Урсгал”-аас “Улаан” Энжи


Бидэнд хол ч тэдэнд ойр нэгэн уран бүтээлчийг “Монгол бахархал” буландаа онцолж байна. Барууны сонсогчдын анхаарлын төвд оршиж, хөгжмийн сэтгүүлүүдийн онцлох дуучин Э.Энхжаргал буюу Энжигийн хөгжим хил хязгаарт баригдалгүй дэлхийн хэмжээнд түгжээ. Урлагт хүчин зүтгэдэг хэн бүхэн “Вашингтон пост” болон “Нью-Йорк таймс” сонины жагсаалтад багтахыг хүсдэг. Тэгвэл “Вашингтон пост” 2023 оны шилдэг хөгжмийн цомгуудын нэгээр, “Нью-Йорк таймс” 2023 оны шилдэг жазз цомгийн нэгээр Энжигийн “Улаан” цомгийг дурдсан. Хөгжмийн шүүмжлэгч,  “Вашингтон пост”-ын Крис Ричардс “Ер бусын түүх, ер бусын хөгжим. Монголд төрж өссөн Э.Энхжаргал Германы жазз хөгжмийн хөтөлбөрт хамрагдах хүртлээ хөгжмийн багшаар ажиллаж байв. Харин одоо “Улаан” цомгийг гаргасан жазз дуучин болжээ” гэсэн бол “Guardian” сэтгүүлд “Монголын уламжлалт хөгжмийн гоёмсог бөгөөд хүчирхэг эргэлт”хэмээн тодотгон бичсэн байна. Германд уран бүтээлээ туурвидаг түүний өнгө аяс, дотно ертөнцийг хөгжмийн мэргэжилтнүүд ер бусын, өвөрмөц гэж дүгнэжээ.


Жазз хөгжмөөс өөрийгөө олов

Дуулах дуртай аав, ээжийнхээ нөлөөгөөр багаасаа дуунд хайртай болжээ. Дунд сургуулийн дуу хөгжмийн багш нь байнга ардын дуу дуулуулна. Дуулах, бүжиглэх бас мөрөөдөх дуртай охин байв. Гэхдээ тэр үеийн сурагчийн мөрөөдөлд Мюнхенээс эгшиглэх жаззын хөг болж дэлхий дахинаа цуурайтах тухай багтаагүй байсан биз. Адтай, сэргэлэн Энжи ахлах сургуулиа төгсөх хавраа СУИС-ийг зорив. Дуулаачийн тэнхимийг шохоорхож явахад нь нэгэн эмэгтэй санаандгүй дайралдаад зорьж ирсэн учир явдлыг сонсон дуулуулж шалгав. Тэр бол Монгол Улсын Гавьяат жүжигчин, уртын дуучин Ц.Чулуунцэцэг. Сонсгол сайтай, сайн дуулдаг авьяаслаг охиныг олзуурхаж уртын дууны ангийн шалгаруулалтад сойж эхэлжээ. Хоёр сар гаруй хоолойн тавилт заалгасан ч хоёр шатны шалгаруулалтдаа тэнцсэнгүй. Урлагийн хүн болох мөрөөдлөө орхилгүй "Соёлын сургууль"-ийн хөгжмийн багшийн ангид шалгалт  өгөхөөр шийджээ. Ноот мэдэхгүй, хөгжим тоглож чадахгүй ч шантарч, хойш суулгүй бэлтгэснээр тэнцэв. Хөгжмийн онол, гармоны хичээлүүд сонирхолтой санагдаж хажуугаар нь уртын дуугаа давтсаар л. Нэгдүгээр курстээ уртын дууны улсын уралдаанд түрүүлэхэд Ц.Чулуунцэцэг гавьяат шилжиж ирэх эсэхийг асуухад багш болохоор шийдсэн учир сургуульдаа үлдэв. Их сургуулиа төгслөө. 20 настай, залуухан багш бага, дунд ангийн балчир жаалуудад хичээл зааж, сэтгэлээ нээсэн дурсамжтай, дуу хууртай хагас жилийг өнгөрүүлсэн нь санаанд тод үлджээ. Уран бүтээл хийхээс илүү бусдад заахыг илүүд үзэж дунд сургуульд багшилж байв.  Хөгжмийн шинэ төслийн талаар танилаасаа сонсоод Улаанбаатар дахь “Гёте хөгжмийн танхим”-д ур чадварын шалгалт өгч тэнцсэнээр анхны төгсөгчдийн нэг болжээ. Долоо хоног бүр зочин багш нар олон улсаас ирж хичээл заана. Тэдний хөгжмийн зэмсэгтэйгээ хэрхэн харьцаж, мэдрэмжээ  илэрхийлж буйгаас  урам зориг авчээ. Энэ хичээл дотоод ертөнцийг нь ч өөрчилжээ.  Ингээд дуучны хувиар тайзнаа гарах мөч дахин давтагдашгүй байж, өөрийнхөөрөө, эрх чөлөөг мэдэрсэн гэдэг. Хүнийг жинхэнэ мөн чанарт нь оршоож чаддаг нь жазз урсгалын гайхамшиг. Суралцаж байх хугацаандаа “Гёте” институтэд герман хэлийг шамдан судалжээ.  Герман улсад хэд хэдэн удаа зочилж, уран бүтээлээсээ сонирхуулав. Монголын жазз хөгжмийн хөгжилд хувь нэмрээ оруулж, урлагийг гэх хайраа хүмүүст түгээхийн хүслээр жигүүрлэжээ. Алдарт хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаагийн бүтээлүүдийг орчин үеийн жазз хөгжмийн хөг, хэлтэй хослуулах “Гончигсумлаа” төслийн хүрээнд “Mongolian Song” анхны цомгоо дэлхийд танигдсан хөгжимчдийн хамтаар бүтээжээ. “Чамайг үдье”, “Өргөн хангайн нутаг”, “Жаргаах зүрхэн”, “Дэнжийн ногоо”, “Ээждээ”, “Шинэ жилийн вальс”  дууг жазз хөгжмийн аялгуутай хоршуулсан тухайгаа“Анх цомог гаргахдаа эмээсэн.  Тэр тусмаа С.Гончигсумлаа гуайн дууг дуулна гэдэг ховорхон тохиох аз завшаан байлаа. “Ээждээ” хэмээх сайхан дууг  гаднынхан сонсоод үгийг нь мэдэхгүй ч  сэтгэл нь хөдөлдөг” гэв. Эдгээр дууны хөг аялгуу, айзам нь дулаахан, зөөлөн өнгө аястай байдаг учир жаззтай төгс хослох боломж бүрдсэн биз ээ. Өнөөдөр жазз хөгжимгүйгээр амьдралаа төсөөлшгүй болсон Энжи “Гёте хөгжмийн танхим”-д суралцсанаа хувь зохиол гэж бодно. Хөгжим сурталчлах хөтөлбөрөөс эхлүүлсэн уран бүтээлчийн замнал нь Мюнхен хүртэл хөтлөв. Мюнхенийн Хөгжим, театрын их сургуулийн анхны монгол оюутанд ганцаараа өнгөрүүлсэн эхний жил хүйтэн усанд хөл алдсан мэт байж. Бүх юм цоо шинэ, зааж, зөвлөх хүн байхгүй. Харин өнөөдөр хөл хөдөлгөөнтэй хот шигээ оргилуун уран бүтээлчдээс өдөр бүр суралцан, бүтээлч санаа ундарна. Хүний нутагт ирээд “Squama Recordings”-ийн Мартин Брюггертэй танилцсанаар хөгжим бичиж эхэлжээ. “Би хөгжим бичиж үзээгүй, чадахгүй”  гэж Брюггерт хэлсэн ч оролдоод үзэхийг зөвлөсөн байна. 2021 онд гаргасан “Урсгал” цомгоороо дотоод балладуудаа гаргажээ. Тэр Германы хөгжмийн ертөнцөд урьд эгшиглээгүй аялгуу байлаа. Аавынхаа дуртай монгол дууны аяыг үндэс болгон, аавыгаа нартай зүйрлэн бичсэн дуунууд нь бүүвэйн дуу шиг намуухан,  нууцлаг хэмнэлтэй, гүн уялдаатай аж.


Тэр бол Улаан

2023 онд гаргасан “Улаан” цомгийн эхэнд ярьсан монологууд, эгшиглэнт аялгуу, гунигтай мөрөөдлөөр  дүүрэн. Энэ бол хүний нутагт урлагийн зам туулж буй Энжигийн өнгөрсөн, одоо, ирээдүйн амьдралыг хүүрнэсэн аялал юм. Эхний “Зүүд” дуунд бөмбөр, басс хөгжмийн эгшигт Э.Энхжаргалын уянгалаг атлаа дориун тууштай хоолой кресцендо хүрсний дараа удаах латин хэмнэл бүхий “Тайвшрал” дуунд аядуухан болох ажээ. Түүний хоолойн намбалаг, агаарлаг өнгө “Дуулна аа”-д гитарын татлагатай, улмаар цомгийн нэр өгсөн “Улаан” дуунд модон үлээвэр хөгжмийн дулаахан эгшигтэй гайхамшигтай нийцэн аялгууны хувьд орчин үеийн жазз хөгжмийн зохиолчид болох Гретхен Парлато, Бекка Стивенс нарын бүтээлүүдийг санагдуулна. Улаан бол түүний гэрийн нэр. Цомгийнхоо нэрийг “Би төрсөн цагаасаа л Улаанаа гэдгээр өөрийгөө мэднэ. Тиймээс цомгоороо гаднаас нь хэлбэрт оруулаагүй анхны хүсэл, мөрөөдлөө хайрлаж, дахин нэг эргэж харахыг хүссэн” гэж тайлбарлав. Жаззын донжтой хэмнэлт аялгуунд Ханхөхий нутгийн бэсрэг уртын дуу "Сэвхэт бор", П.Адарсүрэнгийнх гэх “Тэмээн дээрээс наран ойрхон” дуунууд дуулдана. Тал нутгийн энгээр хөвөлзөх уул, үүл гэж үл ялгагдах говийн зэрэглээг морин хуурын чавхдаснаас онхи өөрөөр саксофон, контрабас, бөмбөрийн хэмнэлээр мэдрэх нь дотно атлаа жигтэй сонин. Түүний дэгжин эдгээр дуунд асар их эрч хүч, өөртөө итгэх итгэл оршино. Сонсогчид дуунуудынх нь оргил хэсгийг илүү цангинасан, динамик байхыг хүсэмжилж болох ч үүний оронд бид Э.Энхжаргалын тайван хэмнэлтэй намуухан хоолойноос олон зууны уламжлалтай хөгжимд жаззын нээлттэй байдал нийцэж шингэсэн Монгол дууны цоо шинэ өргөн уудам орчинг нээж байна. Энжигийн анзаарснаар Монголын жазз урлаг арай онцлогтой. Манай сонсогчид шүүж биш чин сэтгэлээсээ шимтэж сонсдог. Яг энэ чигээрээ байгаасай гэж хүсдэг. Жаззыг олон сонссон хүн ч энд ирээд цоо шинэ мэдрэмж авдаг байгаасай. Германд бол хүмүүс “Энэ монгол охин юу хийх нь вэ, юу нь онцгой байна” гэх зэргээр шинжиж, шүүж сонсдог бол монголчууд маш соргог хүлээж авдаг. Гэхдээ өмнө нь байгаагүй шинэ гэдэг утгаараа биш, их амьд, эрх чөлөөтэй байгаагийнх нь илрэл юм.


Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24602/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22