ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2000 оноос хойш Умард Солонгост хийсэн анхны айлчлалаараа Ким Жон Унтай уулзаж, барууны орнуудын хориг арга хэмжээг үл харгалзан аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ мэдэгдлээ. Кремлийн тэргүүний айлчлал орон нутгийн цагаар өнгөрсөн мягмар гарагт эхэлсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын шинэ сайд Андрей Белоусов, дэд сайд Денис Мантуров нар багтжээ. БНАСАУ-ын Цахилгаан мэдээний агентлагийн уламжилснаар, Москва Пхеньянтай харилцаагаа илүү өндөр түвшинд гаргахаар зорьж байна. Кремлийн мэдээлснээр талууд чухал хэлэлцээр хийнэ. Энэ нь ирээдүйн хамтын ажиллагааг тодорхойлж, аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх "Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ" багтаж магадгүй. Гэхдээ бодит байдал дээр шинэ гэрээ хэлэлцээр нь хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэнэ гэж шинжээчид үзэж байна. Барууны ажиглагчдын таамагласнаар БНАСАУ-ын тал ОХУ-д баллистик пуужин, дайны ажиллагаанд шаардлагатай электрон төхөөрөмж нийлүүлсэн. Үүний хариуд Москва Умард Солонгосын хиймэл дагуулын хөтөлбөр, зэвсэг, эдийн засгийн тусламж, дипломат бодлогод дэмжлэг үзүүлсэн гэж үздэг. Ким Жон Ун өнгөрсөн жил Оросын зүүн хязгаарт айлчилж, Владивостокт Путинтэй уулзаж, орчин үеийн сөнөөгч онгоц үйлдвэрлэдэг үйлдвэр болон “Восточный” сансрын буудалд зочилсон юм.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №024/24603/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна