“Их 7”-гийн бүлгийг даргалж буй Итали улсын Апулия хотод дээд хэмжээний уулзалтыг зохион байгууллаа. Энэ нь Ерөнхий сайд Жоржиа Мелони албаа хүлээн авснаас хойш зохион байгуулж буй олон улсын анхны томоохон хэмжээний форум юм. Уулзалтад Африк, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн 12 улсын удирдагч оролцож, хөгжиж буй орнуудын төлөөлөлтэй эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцсэнээрээ онцлог болов. Энэ үеэр Африкийн эдийн засгийг хөгжүүлэхэд туслах зорилгоор 5.5 тэрбум еврогийн буцалтгүй тусламж, зээл олгохоор тохиролцсон байна. Эх сурвалжууд үүнийг Африк тивээс тасралтгүй хөврөх шилжилт хөдөлгөөнийг таслан зогсоох халхавч байж магадгүй хэмээн анхааруулжээ. Энэтхэг, Турк, Бразил, Арабын Нэгдсэн Эмират улсын төр, засгийн тэргүүн, Ромын пап Францискийг урьсан нь Африк, Газар дундын тэнгис дэх Мелонийн улс төрийн амбицыг тусгаснаас гадна хэт барууны шүүмжлүүлдэг бүлгийн хүрээг өргөжүүлэх зорилготой байв. Украин, Газын зурваст болж буй мөргөлдөөнөөс гадна цагаачлал, эдийн засгийн аюулгүй байдал, хиймэл оюун ухаан дахь олон улсын хамтын ажиллагааг тусгайлан ярилцжээ.
“Их 7” нь дэлхийн худалдаа, олон улсын санхүүгийн системд ноёрхдог дэвшилтэт эдийн засагтай гэгддэг долоон улсын байгууллага юм. Бүлэгт Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ багтдаг. ОХУ 1998 онд нэгдэж, хэсэг хугацаанд “Их 8” гэгдэж байсан ч 2014 онд Крымыг харьяандаа нэгтгэсэн учир хасагджээ. Дэлхийн хоёр дахь хүчирхэг эдийн засагтай, хүн ам ихтэй БНХАУ гишүүнээр элсэж байгаагүй. Харин хоёр улс “Их 20” бүлэгт багтдаг. Европын холбоо бүлэгт харьяалагддаггүй ч жил бүр дээд хэмжээний уулзалтад оролцдог аж.
Дотоодын хямралаас илүү эв нэгдлээ чухалчилжээ
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны нам Европын парламентын сонгуулиар хүчтэй цохилтод орсон. Германд Канцлер Олаф Шольцын Социал демократ нам мөн ялагдсан. Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак ирэх сарын эхээр болох сонгуулийн санал хураалтад ялагдах магадлалтай байна. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн рейтинг буурч 38 хувьд хүрсэн. Японд Фүмио Кишидаг 1947 оноос хойших япончуудын хамгийн дургүй Ерөнхий сайд хэмээн тодотгож байна. Тэд тулгарч буй дотоодын сорилтуудыг үл харгалзан барууны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж буй аюул заналхийллийг арилгахад эв нэгдлийн хүчтэй мессежийг илгээлээ. Улс төрийн тоймч Этторе Греко “Бүлэг сул дорой байдал, улс төрийн эрх мэдлээ алдсан. Гэхдээ тэд Украин, Газа, БНХАУ-тай холбоотой чухал баримт бичгүүдэд нэгдэж чадлаа” гэжээ. “Их 7”-гийн удирдагчид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены санаачилсан Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг дэмжив. Цагаан ордны тэргүүн Израил болон “Хамас” бүлэглэлд нэн даруй гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах, Газад үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэх, Израилын аюулгүй байдал болон зурвасын оршин суугчдын аюулгүй байдлыг хангах энхийн хэлэлцээр байгуулахыг санал болгожээ.
БНХАУ, ОХУ-д хатуурхлаа
БНХАУ, ОХУ-ыг эдийн засгийн хүч чадлаа ашигладаг гэж “Их 7” шүүмжилдэг. Тиймээс энэ удаа албадлагын эсрэг гэрээ байгуулжээ. АНУ “Бүс ба зам” санаачилгыг Хятадын "Өрийн урхи” гэж нэрлэсэн. Европын холбоо Хятадын цахилгаан тээврийн хэрэгсэлд 50 хүртэлх хувийн татвар ногдуулсан нь Бээжингийн худалдааны бодлогод томоохон өөрчлөлт орууллаа. АНУ-ын эрх баригчид өнгөрсөн сард мөн ийм шийдвэр гаргасан билээ. Энэ мэт Орос, Хятадын эсрэг хатуу байр суурь баримталж эхэлснийг шинжээчид өнөөгийн ертөнцөд “Их 7”-гийн ач холбогдол буурсантай холбон тайлбарлалаа. Хэдий бүлгийн хүч суларсан ч барууны ашиг сонирхлоо хамгаалж чадсан. Бүлгийн орнууд Оросын эсрэг томоохон хориг арга хэмжээг хэрэгжүүлдэг. Ялангуяа олон улсын худалдаа, дэлхийн санхүүгийн системээс Москваг хассан. Улмаар ОХУ-ын Төвбанкны гадаад валютын нөөц зэрэг нутаг дэвсгэртээ байсан Оросын санхүүгийн 325 тэрбум ам.долларын хөрөнгийг битүүмжилжээ. Одоо эдгээр хөрөнгийн хүү 50 тэрбум ам.долларыг авч, Украинд зээл хэлбэрээр шилжүүлэх схемийг боловсруулж байна. Дээд хэмжээний уулзалтын өмнөх өдөр АНУ Оросын аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авахаа зарлав. Ерөнхийлөгч Жо Байден, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар 10 жилийн хугацаатай аюулгүй байдлын түүхэн гэрээнд гарын үсэг зурсан бол Украин, Япон хоёр ижил төстэй гэрээнд гарын үсэг зуржээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №024/24603/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна