Евразийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллага Шанхай хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын чуулган энэ сарын 3-4-нд Казахстан улсын Астана хот дахь Тусгаар тогтнолын ордонд боллоо. ШХАБ-ын энэ удаагийн уулзалтаар дэд бүтэц, эрчим хүч, тээвэр логистикийн асуудлыг авч хэлэлцэв. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт “Олон талт яриа хэлэлцээг бэхжүүлэх нь: Тогтвортой энхтайван, хөгжлийг эрэлхийлэх” уриан дор болов. Гол хөтөлбөр нь олон улсын болон бүс нутгийн өнөөгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ШХАБ-ын үүрэг оролцоог бэхжүүлэх явдал байв. Тус дээд хэмжээний уулзалтад Казахстан, Энэтхэг, Иран, Хятад, Киргизстан, Пакистан, Орос , Тажикистан, Узбекистан, Беларусь, Монгол, Азербайжин, Катар, АНЭУ, Турк, Туркменистан гэсэн 16 орны төр, засгийн тэргүүн чууллаа.
ШХАБ-ын удирдагчид тогтвортой байдлыг хангахын тулд юуны түрүүнд олон улсын худалдаа, эдийн засагт анхаарлаа хандуулахыг зорьж байна. Мөн дээд хэмжээний уулзалтаар бүс нутгийн аюулгүй байдал, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин, эрүүл мэнд, аялал жуулчлал, боловсрол, цахимжуулалт, тээвэр логистикийн асуудлыг хэлэлцэв. Онцлон хүргэхэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ уулзалтаар Казахстанд төрийн айлчлал хийлээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалтад оролцлоо. Тэрбээр энэ тухай ТАСС агентлагийн тэргүүн дэд захирал Михаил Гусманд ярилцлага өгөхдөө дурдсан. ШХАБ, БРИКС, Африкийн холбоо, Исламын хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын холбоод НҮБ-ын үндсэн түнш байх ёстой гэж Антониу Гутерриш онцлон тэмдэглэсэн байдаг.
Сонирхуулахад, 1996 онд ШХАБ-ын эхлэл Шанхай хотод БНХАУ, ОХУ, Казахстан, Киргиз, Тажикистан гэх таван орны тэргүүн уулзаж, хилийн районуудад цэргийн салбарын итгэлцлийг бэхжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурснаар эхэлж байжээ. Тус баримтад тулгуурлан “Шанхайн тав” хэмээсэн улс төрийн нэгдэл анх үүссэн. Энэхүү нэгдлийн гол зорилго нь хуучин Зөвлөлтийн орнууд болон Хятадын хилийн дагуу тогтвортой байдлыг хангах явдал байв. “Шанхайн тав”-ын хоёр дахь уулзалт 1997 онд болж, хил орчмын бүс нутгууд дахь зэвсэгт хүчний тоог харилцан бууруулах тохиролцоонд хүрч, уг тохиролцоо нь Ази, Номхон далайн бүсэд цэргийн хурцадмал байдлыг намжаах анхны бодитой алхам болж байжээ. Гурав дахь уулзалт 1998 онд болж, Казахстаны санаачилгаар Ази тивд итгэлцэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилго бүхий зөвлөлдөх уулзалт хийх саналыг дэмжсэн төгсгөлийн баримт бичигт гарын үсэг зурснаар өндөрлөжээ. “Шанхайн тав”-ын хамтын ажиллагаа нь хүрээгээ тэлж 2000 онд Шанхайн чуулга болон өөрчлөгдөв. 2001 онд Узбекистан нэгдсэний дараа зургаан орны тэргүүн нар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг бий болгох тухай тунхагт гарын үсгээ зуржээ. ШХАБ олон улсын байгууллага болж өргөжих төлөвлөгөө 2002 онд биеллээ олсон байна.
Б.Алтантуяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №025/24604/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна