Шилэн таазыг цөмлөсөн анхдагч


АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлжээ. Жо Байден Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөс татгалзсаны дараа Ардчилсан намаас нэр дэвших боломжтой цорын ганц хүн нь тэр байв. Конгресс дахь ардчилагчид  түүнийг дэмжсэн ч нам дотроо шүүмжлэл дагуулсан гэнэтийн явдал болсон.

Камала Харрисыг нэр дэвшүүлэх эсэхийг энэ  сарын 19-нд Чикаго хотод болох Ардчилсан намын ээлжит их хурлаар батлах юм. Байден нэрээ татсан нь Трамптай хийсэн мэтгэлцээнээс улбаатай. Ардчилсан намын гишүүд Америкийн одоогийн төрийн тэргүүнийг нас, эрүүл мэндийн шалтгаанаар дахин сонгогдож чадахгүй гэж үзсэн. Тэгвэл Камала Харрис гэж хэн бэ, Байденыг яагаад орлох болов. 

Тэр бол шилэн таазыг цөмлөсөн анхдагч эмэгтэйчүүдийн нэг. Өнгөрсөн аравны хугацаанд Америкчууд анхны хар арьст Сенатын гишүүн эмэгтэй, латин гаралтай Дээд шүүхийн шүүгч, Конгрессын гишүүн бас дэд Ерөнхийлөгч. Түүний ухаалаг, гал цогтой байдал хааяа эрчүүдийн уурыг хүргэх нь бий. Өөрийгөө илэрхийлэх чадвар, шаргуу хөдөлмөрлөдөг зангаараа шүүмжлэгч, өрсөлдөгчдийнхөө цухлыг бардаг гэнэ.

 Тэмцэгч охин

Улс төрийн төмөр хатагтайн зэрэгт хүрсэн түүний намтар, замнал бүр нь өнгөт арьст америк эмэгтэйчүүдэд хэтэрхий танил. Ийм хувь заяанд төрсөн эмэгтэйчүүд эрх мэдэл, хүч нөлөөнд тэмүүлэх юм бол хүлээлт нь асар өндөр байдаг. Тэдэнд тэмцэхээс өөр аргагүй. Камала Деви Харрис 1964 оны аравдугаар сарын 20-нд Калифорниа мужийн Окланд хотод цагаачдын гэр бүлд мэндэлжээ. Аав Дональд Харрис нь ямайка гаралтай бөгөөд Стэнфордын их сургуульд эдийн засгийн багш байлаа. Харин ээж Шямала Гопалан Энэтхэгээс ирсэн анагаахын шинжлэх ухааны судлаач юм. Сари өмссөн Шямала АНУ-д үндэс угсаагаар  ялгаварлах сэдвийг хөндсөн анхны гадаад оюутан. 

Камалааг таван настайд эцэг, эх нь салжээ. Шямала Гопалан охидтойгоо орлого багатай иргэд төвлөрсөн Беркли дүүрэгт амьдардаг байв. Тухайн үед дунд сургуулийн боловсролын системд арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү хөтөлбөрийн ачаар Камала охин сургалт сайтай, нэр хүндтэй, “цагаан хорооллын” сургуульдаа автобусаар явдаг болсон юм. Удалгүй ээж нь Канадын их сургуульд багшлах урилга авч, Монреаль хотыг зорьжээ. 

Тэрбээр 1982 онд Вашингтон дахь Ховард их сургуульд элссэн анхны өнгөт арьст эмэгтэй оюутан бөгөөд улс төр судлалаар бакалаврын зэрэг хамгаалжээ. Оюутан байхдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцож, Өмнөд Африк дахь апартеид дэглэмийг эсэргүүцэгч болов. Энэ мэтээр  Камала амьдралынхаа туршид хэвшмэл ойлголтыг эвдэж ирсэн. 13 настайдаа Монреаль дахь байрны эзэн өнгөт арьст хүүхдүүдийг зүлгэн дээрээ тоглуулахыг хориглоход суулт зарлаж, бодлыг нь өөрчилж тоглох зөвшөөрөл авчээ. Энэтхэгийн цагаач, иргэний нийгмийн идэвхтэн,  хорт хавдар судлаач  ээжээсээ урам зориг авч, хүний эрхийн тэмцэлд нэгдэхийн зэрэгцээ Калифорнийн их сургуульд хуулийн чиглэлээр суралцсан байна.

 

Сонирхолтой баримтууд

  •  АНУ-ын түүхэнд анхны эмэгтэй, африк, ази гаралтай дэд Ерөнхийлөгч.
  • Камала ирээдүйн нөхөр, хуульч Дуглас Эмхоффтой 2013 онд найзаараа дамжуулан танилцжээ. Тэд нэг жилийн дараа Калифорни мужийн Санта Барбара хотод хуримаа хийсэн. Эмхоффыг шар хэвлэлүүд АНУ-ын “Дэд ноёнтон” гэж хочилдог. 
  • Багадаа ээжтэйгээ хинди шашны сүмд очиж мөргөл үйлддэг байсан ч хожим  баптист шүтлэгтэн болжээ. 
  • “Форбс” сэтгүүлийн мэдээлснээр Камала найман сая орчим ам.долларын хөрөнгөтэй.
  • Хип хопчдыг дуртай уран бүтээлчээрээ нэрлэсэн анхны Дэд Ерөнхийлөгч.
  • Сан-Францискогийн прокурор байхдаа үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргээс ЛГБТ-г хамгаалсан тусгай хэлтсийг байгуулжээ.
  • Ижил хүйстний гэрлэлтийг хуульчлахыг дэмждэг.
  • Гадаад бодлогын тухайд Жо Байдены үзэл баримтлалтай ихээхэн нийцдэг. АНУ-ын гадаад бодлогын чухал хэсэг нь хүний эрхийг хамгаалах сэдэв байх ёстой гэж үздэг.
  • ОХУ, БНХАУ, Иранаас “Америкийн технологийг хамгаалах”-ын төлөө зогсдог байна.


Хаана ч тод нүүр царай

Улс төрийн тавцанд хамгийн олон анхдагчийн эзэн гэдгээрээ Камала Харрисын намтар онцлог. Түүний карьер 1990 онд Калифорниа мужийн Аламеда дүүргийн прокурорын орлогчоор эхэлж, 1998 онд Сан Францискогийн дүүргийн прокурорын туслахаар томилогдсон. Хүүхэд, өсвөр насныхны бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэргүүд дээр дагнан ажилласнаар ядуу, бага орлоготой иргэдэд танил болжээ. Камала Харрис 2010 онд Калифорни мужийн Ерөнхий прокуророор сонгогдсон анхны өнгөт арьстан. Ерөнхий прокурорын хувьд  2012 онд хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалах талаар “Apple”, “Amazon”, “Google”, “Microsoft” тэргүүтэй технологийн аварга компанитай тохиролцож,  ижил хүйсийн гэрлэлтийг муж улсын Үндсэн хуульд оруулж алдаршсан билээ. 

Прокурорын газарт ажиллаж байх үедээ тэрбээр олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарч байж. Тухайлбал, хүний аминд хүрсэн цагдаагийн алба хаагчид цаазын ял оноохоос татгалзсаныг иргэд шүүмжилж, мөн түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр мөрдөн шалгахыг шаардаж байсан боловч ажилд нь зөрчил илрээгүй байна. Тэрбээр 2016 онд Калифорнийн Сенатын сонгуульд ялснаар, Барак Обама, Жо Байден нарын дэмжлэгийг олжээ. Тэдний нөхөрлөл өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Сенатор болоод Ерөнхийлөгч Дональд Трампыг эрс шүүмжилж, Берни Сандерсын эрүүл мэндийг бүх нийтээр хамгаалах санаачилгыг дэмжжээ. 

Сенатын гишүүний хувиар  Дотоод аюулгүй байдал болон Засгийн газрын хэрэг эрхлэх хороо, Тагнуулын хороо, Хууль зүйн хороо болон Төсвийн хороонд ажиллаж байв. Камала Сенатад очсон цагаасаа л Ардчилсан намын нүүр царай болсон. АНУ-д өнгөт арьстнуудын эсэргүүцлийн хөдөлгөөн идэвхэжсэн цаг үед түүнийг дэд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн. Афро-Энэтхэг угсаа гарвал нь холимог гаралтай америкчуудын бүлгийг төлөөлөхөд хүргэжээ. Дэд Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө индрээс “Би энэхүү албыг хаших анхны эмэгтэй, гэхдээ сүүлийнх биш. Учир нь, энэ үдэш биднийг үзэж буй бяцхан охид АНУ бол боломж бололцоогоор дүүрэн улс орон болохыг харж байна” гэсэн юм. Түүний үг цахим орчныг шуугиулж америкчуудын хувьд удаан хүлээсэн мөч ирэх шиг л болсон. Хүмүүс нил Харрисын зургаар давлагаалж, бяцхан охины сүүдрээс түүний дүр тодорч буй эвлүүлгүүд хөвөрч, цагаан арьст эрэгтэйчүүдийн араас түүний инээмсэглэсэн зураг гарч ирж буй дүрс бичлэг цацагдаж байлаа. 

Өнгөт арьст алдартнууд “Хатагтай Дэд Ерөнхийлөгч гэдэг одоо зохиомол дүр байхаа болилоо”, “Хар арьст охид Ерөнхийлөгч болох өдөр ирлээ” гэж жиргэсэн юм. Ингэж л тэр дэлхийн  нөлөө бүхий эрхмүүдийн эгнээнд шилжсэн. Хүүхэд ахуйдаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг туулсан тэрбээр хууль бус цагаачлалын асуудлыг хөнджээ. Гэхдээ Камала Харрис үр хөндөлтийн эрхийн төлөөх тэмцлээрээ бусад улстөрчөөс ялгарч байв. АНУ-ын Дээд шүүх 2022 онд эмэгтэйчүүд жирэмслэлтээ зогсоох эрхээ эдлэх нь зүйтэй гэж үзсэн. Дэд Ерөнхийлөгчийн албыг хашихдаа цар тахлыг эцэслэж, эдийн засаг, эрүүл мэндийн боломж бололцоог тэлж, уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан асуудлуудыг шийдэж, терроризм болон арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй тэмцэж, нэгдмэл асуудлуудад олон улсын түншүүдтэй хамтран ажиллахыг зорилгоо болгожээ. 

Эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийн төлөөх тэмцлийн бэлгэ тэмдэг болж цагаан хослолтой тайзнаа гарч байлаа.  Ажиглагчид улс төрийн туршлага нимгэн Камаллааг Байдены стратегийг залгамжилж, Цагаан ордны одоогийн зөвлөхүүдээс хамааралтай ажиллана гэж таамаглаж байна. Ялангуяа Украинд цэргийн дэмжлэг үзүүлж, БНХАУ-ын нөлөө улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Номхон далайн бүс нутагт эвслийг гүнзгийрүүлэх санаачилгыг хэрэгжүүлнэ. Мөн Израил болон Ойрхи Дорнод дахь АНУ-ын  холбоотнуудад дэмжлэг үзүүлэх аж. ОХУ-тай харилцах тухайд Ардчилсан намын гадаад бодлогыг үргэлжлүүлэх нь гарцаагүй.  Камала Харрис бол Украиныг тууштай дэмжигч. Бүгд найрамдах намынхныг Москвад тал зассан гэж буруутгаж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг шүүмжилдэг. Одоо түүнийг улс төрийн амаргүй тулаан хүлээж байна. Гэхдээ  соёлын бүхий л олон талт байдлын дундуур туулж, тулалдаж ирсэн хүн ямар ч тулаанд өөрийгөө хангалттай бэлдсэн нь дамжиггүй.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №02/24607/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 5 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 8 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 8 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 8 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 9 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 10 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 10 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 10 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 10 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 10 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 10 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 10 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 10 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 10 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 10 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 11 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 11 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 11 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 11 цагийн өмнө