Бангладешийн парламент тарж, Ерөнхий сайд нь дүрвэв


Бангладешийн Ялгаварлан гадуурхахын эсрэг жагссан оюутны хөдөлгөөн өдгөө орон даяар эсэргүүцлийн жагсаал болж өргөжсөн. Оюутны жагсаал өнгөрсөн сард төрийн албаны ажлын байрны квотыг цуцлах шаардлагаар эхэлсэн бол одоо Засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй хөдөлгөөн болон хувирсан байна. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Тюрк Бангладешийн улстөрчид, аюулгүй байдлын хүчнийхэнд хандан нүд халтирам хүчирхийллийг зогсоож, хүлээц тэвчээртэй байхыг уриалжээ. Тайван замаар жагсаж буй хүмүүсийг онилохоо зогсоож, баривчлагдсан хүмүүсийг нэн даруй суллаж, интернэтийн сүлжээг сэргээж, яриа хэлэлцээр хийх нөхцөл бүрдүүлэхийг Ф.Тюрк уриалжээ. Эрх баригчдыг эсэргүүцсэн оюутнууд, цагдаа нар болон Засгийн газрын дэмжигчид хоорондын мөргөлдөөн эмх замбараагүй байдал болон хувирчээ. Ерөнхий сайд асан Шейх Хасинаг сонгууль будилаантуулсан хэмээн өнгөрсөн долдугаар сард бүх нийтийн жагсаал болсон. Жагсагчдыг хүчээр тараах үеэр олон зуун хүн амь үрэгдсэн билээ. Улмаар эсэргүүцлийн жагсаал хурцдаж, эцэст нь цэргийнхэн Ерөнхий сайдын ордон руу дайрахад Хасина гэр бүлийн хамт нисдэг тэргээр Энэтхэг рүү зугтжээ. Тэрбээр Их Британиас улс төрийн орогнол хүссэн юм. Хасина жагсагчдыг “Оюутнууд биш, харин улс орныг тогтворгүй болгох зорилготой террористууд” гэж тодорхойлсон.  77 настай Хасина нь Бангладешийг үндэслэгч Ерөнхийлөгч Шейх Мужибур Рахманы охин бөгөөд 1996 оноос хойш (2001-2008 онд завсарласан) засгийн эрх барьжээ. Түүнийг улс орноо орхин явахад, цэргийнхэн засгийн эрхийг бүрэн авсан.  Харин Гадаад хэргийн сайд асан Хассан Махмудыг эх орноосоо гарах гэж байхад Дакагийн олон улсын нисэх онгоцны буудалд саатуулжээ. Бангладеш улсад цэргийн хүчний дэмжлэгтэйгээр шинэ Засгийн газар байгуулагдаж, парламентын сонгууль болж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна. Хэд хоногийн өмнө Бангладешийн төрийн тэргүүн оюутнууд болон сөрөг хүчин  Үндэсний намын шаардлагаар парламентаа тараасан.  Тус намын дарга Халеда Зиаг олон жилийн гэрийн хорионоос сулласан байна. Тэрбээр улс төрийн өрсөлдөгч Хасинад ялагдсаны дараа 2018 онд хээл хахуулийн хэргээр хоригджээ. 

Нобелийн шагналтан Түр засгийн газрыг тэргүүлнэ

Нийслэл Дака хотод  хөл хорио тогтоож, интернэт хаасан ч эмх замбараагүй байдал үргэлжилж байна. Олон зуун хүний аминд хүрсэн бослогын улмаас нийгмийн эмх замбараагүй байдал хавтгайрчээ. Жирийн иргэд гэрээсээ гарахаас эмээж, улс орнууд дипломат төлөөлөгчдөө татаж эхэлсэн. Түр засгийн газар хараахан байгуулагдаагүй, арми бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж чадахгүй байгаа тул хууль, эрх зүйн байдал иргэдийн сэтгэлийг түгшээж эхэллээ. Үүний зэрэгцээ Бангладешийн хууль сахиулах байгууллагын алба хаагчид ажил хаялт зарлаад байна. Армийн командлагч генерал Вакер-Уз-Заман хүчирхийллийг зогсоох цаг болсныг хүлээн зөвшөөрч Түр засгийн газар байгуулахаа мэдэгдсэн.  Тэрбээр телевизээр хэлсэн үгэндээ ард түмнээ тайван байж, үндэсний энхтайван, дэг журмыг сахин хамгаалахын төлөө хамтдаа зүтгэхийг уриалж, Бангладеш улсад сүүлийн үед гарсан хүчирхийллийн хэрэг явдлыг мөрдөн шалгахаа амлалаа. Генерал Вакер-Уз-Заман “Хасинагийн Авами лигийг эс тооцвол бусад улс төрийн томоохон намын удирдагчидтай хэлэлцээр хийж, цаашдын арга замын талаар ярилцсан. Ерөнхийлөгч Шахабуддинтэй хэлэлцээр хийнэ. Эсэргүүцлийн жагсаалын үеэр оюутан, залуус нас барсан хэргийг шалгана” гэжээ. Ийнхүү шахаанд орсон Ерөнхийлөгч Шахабуддин Чуппа Нобелийн энхтайвны шагналт Мухаммед Юнусыг Түр засгийн газрын тэргүүнээр томилсон. Энэ шийдвэрийг  оюутны хөдөлгөөний удирдагчидтай уулзсаны дараа гаргажээ. Эдийн засагч, банкир Юнус бичил зээлийн үйлчилгээг хөгжүүлж 2006 онд Нобелийн энхтайвны шагнал хүртсэн. Тэрбээр 1983 онд үүсгэн байгуулсан “Grameen” банкаар дамжуулан олон мянган хүнийг ядуурлаас гаргаж, банкны зээлд хамрагдах боломжгүй бизнес эрхлэгчдэд санхүүгийн зээл олгосон. Шинэ засгийн газрын бусад гишүүнийг улс төрийн намууд болон оролцогч талуудтай хэлэлцсэний дараа томилно. Оюутнууд 1971 оны тусгаар тогтнолын дайны үеийн тэмцэгчдийн үр удамд төрийн албыг зүй бусаар хуваарилсан гэж эсэргүүцсэн. Тиймээс Засгийн газрын гишүүдийг жагсагчид санал болгож магадгүй. Түүнчлэн хүмүүс амиа алдсан, шархадсан тохиолдлууд хойд нутгийн Богра, Пабна, Рангпур хотод бүртгэгдсэн байна. Нэрээ нууцалсан нэгэн цагдаа “Франс Пресс” агентлагт мэдээлэхдээ, хот бүхэлдээ тулааны талбар болон хувирсныг онцолжээ.  Иргэний эсэргүүцлийг удирдагч Асиф Махмуд татвар, төрийн үйлчилгээний төлбөрийг төлөхгүй байхыг ард иргэдэд уриалсан. Мөн бүх үйлдвэрийн үйл ажиллагаа, нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсоожээ.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24608/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Амарбаясгалан: Парламент бол ард түмний итгэл найдварыг тээж, тэдний… 10 цагийн өмнө
Л.Энхнасан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа 10 цагийн өмнө
2020 оноос хойш бид 43 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам … 11 цагийн өмнө
Б.Бямбасайхан: Манай залуус жилийн дөрвөн улиралд хамгийн хүнд нөхцөлд… 12 цагийн өмнө
Л.Ариунтуяа: Энэ нийгэм эмэгтэйчүүдээс олон дүртэй, олон ур чадварта… 13 цагийн өмнө
Б.Ану-Үжин: Хотын хөгжилд нийслэлийн эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо… 13 цагийн өмнө
Ялагчид гавьяагаа үнэлүүлж, яллагдагчид давж заалдсан 7 хоног 14 цагийн өмнө
Паратаеквондогийн тамирчин У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ… Өчигдөр
Дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийг хэрэгжүүлэх Монгол Улсы… 2024/09/11
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв 2024/09/10
Дэд бүтэц, эрчим хүчний төслүүдээ эрчимжүүлж, Буйр нуурыг түшиглэн уса… 2024/09/10
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн бара… 2024/09/10
Саппорогийн уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ 2024/09/10
Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл 1.6 км авто зам барина 2024/09/10
Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх авто замыг асфальт б… 2024/09/10
Энэ сарын 21-нд “Автомашингүй өдөр-2024” болно 2024/09/10
Зуун жилээр зудалсан, зулаг тасалсан зунууд 2024/09/09
Номын их өргөөний чамбай хатагтай 2024/09/09
Загварын ертөнцийн нүүдэл 2024/09/09
Монгол гоо сайхны илэрхийлэл 2024/09/09