Нарны аймгийн есөн гарагийн нэг дэлхий дээр газарзүйн өвөрмөгц тогтоцтой таван тивд, зургаан өөр цаг уурын бүсэд долоон гол шашнаас салбарласан 4300 шашин шүтлэгтэй, дахин давтагдашгүй өвөрмөгц соёл бүхий 195 улс оршин тогтнож байдаг. Эдгээр улс орнууд соёл иргэншлийн хувьд “Суурин” болон “Нүүдэлчин”гэдэг хоёрхон хэв маягаар хөгжиж иржээ. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад ахуй, уламжлалд суурилсан соёл, урлаг, хэв маяг, зан заншлыг бүтээж түүнийгээ таван ай савд хуваан өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж, судлан шинжилсээр байдаг билээ. Тэгвэл соёлын өв гэдэг юу юм бэ. Соёлын өв гэдэг нь хэл, урлаг, эд өлгийн зүйлээр илэрхийлэгдсэн хувь хүн, нийгмийн бүлгүүдийн амьдралын хэв маяг, үеэс үед уламжлагдан ирсэн шинж чанарыг хэлнэ. Зарим нийтлэлч соёлыг “Зөн совин” гэж тодорхойлсон нь бий. Уламжилж ирсэн соёлоор бидний өвөг дээдэс, юунд итгэж, хэрхэн, яаж амьдарч байсныг тайлбарлаж болдог байх нь.
Соёлыг биет болон биет бус хэмээн ангилах бөгөөд соёлын биет өв гэдэгт хүн бодитоор хадгалж, хүрч, барьж, тэмтэрч болох зүйлсийг хэлнэ. Хувцас хэрэглэлээс эхлээд хөшөө дурсгал, археологийн дурсгалууд ч үүнд багтдаг. Харин соёлын биет бус өвд бидний оюунд оршин байгаа зүйлсийг хэлээд байгаа юм. Үндэстэн, угсаатны үнэт зүйл, итгэл үнэмшил, зан үйл, баяр наадам болон зарим амьдралын хэв маяг гэх мэт зүйлс багтана.
Соёлын өвийг хойч үедээ үлдээх нь нэн чухал
Түүхийн явцад эзэнт гүрнүүд хүчирхэгжин өндийж, цэцэглэн хөгжихийн хэрээр нэгдэн нийлсэн үндэстэн эс бөгөөс эзлэн авсан улс орнуудын зан заншил холилдон нийлж эзэнт гүрний соёл уламжлал бий болж байв. Эзэнт гүрнүүд задран унах цагт тэдний бий болгосон соёл, уламжлал яг л хагарсан толины хэлтэрхий мэт жижиг, жижиг улс үндэстнүүдэд хуваагдан, өвлөгдөн очдог. Ингэж өвлөгдсөн соёл тэдгээр улс үндэстнүүдийн амьдрал ахуй, газар нутаг, байгаль, цаг ууртай нь холбоотой байдлаар нэг бол устаж, үгүй бол өөр нийлмэл шинэ соёлыг бий болгож явсаар өдийг хүрчээ. Дэлхийн түүхэнд байсан эзэнт гүрнүүдийн өв соёлоос хэд хичнээн нь өдгөөгийн бидэнд уламжлагдан ирснийг тааварлах аргагүй. Хүн төрөлхтний түүхэнд мэдэгдэж байгаа Шумер, Ассир, Вавилон, эртний Грек, Ром, Инкүүдийн болон Монголын эзэнт гүрний соёл бидэнд хэрхэн уламжлагдан ирсэн билээ. Улам бүр хотжин, хөдөө хээр тал, байгаль дэлхийгээсээ алсран одож буй бидний хойч үе ямар өв соёл уламжлан авч, мэдлэг оюунаа цэнэглэн амьдрал ахуйдаа хэрэглэж явах билээ гэдэг л чухал асуудал. Чухал асуудал учраас нүүдэлчдийг түүчээлж монголчууд бид дэлхийн нүүдэлчдийн өв соёлыг авч үлдэх арга хэмжээ зохион байгуулдаг болоод байгаа юм. Орчин үед уламжлалт соёлын тухай яриа араасаа “Тэсэж үлдэх” гэдэг гунигт үнэнийг чимээгүйхэн чирч явдаг болсон. Хөгжил хурдасхын хэрээр нүүдэлчдийн орон зай улам бүр хумигдаж, хумигдахын хэрээр нүүдэлчдийн ахуй, ахуйгаас төрсөн соёл уламжлал, мэдлэг устаж мөхөхийн ирмэгт ирээд байгаа юм. Дэлхий дээр хоёр долоо хоног бүр нэг хэл мөхөж байдаг гэсэн судалгаа бий. Нэг хэл мөхнө гэдэг нэг соёл устаж байгаа гэсэн үг. Яг л эртний соёл иргэншил шиг.
Бид яагаад соёлын өвийг хамгаалах хэрэгтэй вэ?
Бид яагаад соёлын өвийг хамгаалан, хадгалж үлдэх ёстой юм бэ. Хуучин цаг үе рүүгээ ухарч, ирээдүйгээс татгалзах гээд байгаа юм уу. Цагаан сар, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх хэрэггүй гэх мэт яриа орчин үеийн залуус гаргах болсон нь сэтгэл эмзэглэмээр. Үнэхээр өнгөцхөн бодол, хямдхан сэтгэлгээ. Гэхдээ үүнд өмнөх үеийнхний тээж ирсэн соёл, уламжлалыг түүчээлж чадаагүй бидний буруу бий. Иймийн учир өртөөний алба өнгөрөөх байдлаар биш өнө эртний түүхээ сэргээн санаж, уламжлан дэлгэрүүлэхийн тусыг учирлан бичихыг хичээлээ.
Бидний жил бүрийн хаврын эхэн сард тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалт цагаан сар, үндэсний баяр наадмыг тэмдэглэх нь монгол хүн байхын утга учрыг илэрхийлэх үнэт зүйл юм. Энд л бид нэгдэж, нягтарч, өв уламжлалаа гайхуулан баярлаж, цэнгэж чаддаг ард түмэн шүү дээ. Үүнийгээ хойч үедээ үлдээх нь монгол хүн бүрийн үүрэг болоод байна. Бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн өв соёл бидний бие даасан тусгаар оршихуйн бэлгэдэл учраас тэр. Үүнээс гадна үндэсний онцлог шингэсэн соёлын өвийг судалж, түгээн дэлгэрүүлэх нь хамгийн энгийнээр бодоход л улс орны эдийн засагт хувь нэмэр болдог аялал жуулчлалын салбарт “Соёлын аялал жуулчлал”гэдэг чиглэлийг хөгжүүлэхэд тустай. Бидний онцлог шингэсэн соёлын өвүүд, баяр наадмын үзүүлбэрүүд энэ чиглэлийг хөгжүүлэхэд том байр суурь эзэлдэг. Монголчууд дэлхий дээр үлдсэн сүүлчийн нүүдэлчин гэдэг агуулгаар амьдрах хэв маяг, мал маллах арга хэлбэр, баяр наадам, байгальтай харьцах, дээдлэх зан заншил зэрэг нь бусад улс орнуудаас ялгаатай учраас үүгээрээ жуулчдын сонирхлыг татдаг нь дамжиггүй. Харин дэлхийн бусад улс орнууд эртний уран бүтээлчдийн өвлүүлж үлдээсэн барилга байшин, уран зураг, үндэсний хэмжээний тэмдэглэлт өдрүүдээрээ ялгарч жуулчдын сонирхлыг татах ажлыг хийсээр байдаг. Жишээ нь: Хятадын цагаан хэрэм, Египетийн пирамид, Энэтхэгийн Таж Махал, Бразилын багт наадам, нүүдэлчин Масайчуудын бүжигт ёслол зэрэг нь жуулчдын хорхойсон очдог “Соёлын аялал жуулчлал”-ын бүтээгдэхүүн болсон байна. Суурин иргэншилт улсуудын өвөг дээдсийн үлдээсэн амьдралын хэв маягийн ялгаатай байдал нь соёлын аялал жуулчлалыг хөгжүүлж болоод байгаа юм бол нүүдэлчин иргэншилтэй бидний соёл ч жуулчдын сонирхлыг татна. Бидэнд ч түүхэн дурсгалт газар, баяр цэнгэлийн өдрүүд бий. Манай улс соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх маш олон ажлыг хийсээр ирсэн. Үр дүнд нь ирэх жуулчдын тоо нэмэгдэж аялал жуулчлалын салбараас олох орлого нэмэгдсэн дүн мэдээтэй байна.
Соёлын өвийг хадгалж хамгаалахын бас нэг шалтгаан хүн төрөлхтний түүхэнд оруулсан биет өвийг бүрэн бүтэн байдлаар хойч үедээ уламжлан өвлүүлэхэд оршино. Манай улсад шашны их дэлгэрэлтийн үед баригдсан Хархорин сумын нутагт байх Эрдэнэ зуугаас эхлээд Манзушир, Амарбаясгалант гэх мэт томоохон сүм хийдүүд бий. Зайлшгүй хамгаалж, хадгалж үлдэх ёстой эдгээр сүм хийдүүд жуулчдын очих дуртай газруудаар нэрлэгдэхээс гадна дэлхийн олон орны түүхч, архелогич эрдэмтэд сонирхон судалдаг. Эдгээр түүхийн үнэт өвийг үзэж сонирхох дотоодын болон гадаадын аялагч, жуулчдын орлого дагасан орон нутгийн бизнес цэцэглэн хөгждөг жамтай. Түүгээр ч тогтохгүй эдгээр сүм хийдийг түшиглэн үндэсний компаниуд амралтын газрууд барьж байгуулан орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж байна. Энэ бүхэн улс орны эдийн засгийн хөгжилд багагүй хувь нэмэр болдог нь лавтай.
Эртээс уламжилсан соёлын биет болон биет бус өвүүд түүнтэй холбоотой өөр, өөрийн өвөрмөц үлгэр домгоор баяжиж ирсэн байдаг. Эмгэд, өвгөд үдэш галын дэргэд ач гучдаа хүүрнэн өгүүлэх эдгээр үлгэр домог нь монгол хүний амьдрал ахуй, итгэл үнэмшлийг тайлбарлаж өгдгөөрөө чухал ач холбогдолтой юм. Ирээдүйн Монгол Улс оршин тогтнохын учир утгыг хойч үедээ итгэл үнэмшил болгон суулгаж байна гэсэн үг юм уу даа.
Амар амгалан ирээдүйн оршихуй
Дэлхийн аль ч бүс нутагт оршин суух нүүдэлчид амьдралын тогтвортой хэмнэл, биологийн олон төрөл зүйл, экосистемийн олон янз байдлын талаар асар их мэдлэгтэй байдаг. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтолтой тулгарч байгаа бидний өнөө үед хамаарах олон асуудлыг нүүдэлчдийн мэдлэг шийдчихэж магадгүй л юм шүү. Бид эцэг өвгөдийнхөө үнэлж баршгүй мэргэн ухааныг хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал байдаг. Хэдэн зуу, мянган дамжин шалгарч, түүхээр нотлогдсон тэр арга ухааныг хамгаалснаар хүн төрөлхтөн цаашид ч олон зууныг дамжин, хөгжин дэвшиж, оршин тогтнох боломжийг олж авч ч мэдэх юм. “Ирээдүйгээ мэдье гэвэл өнгөрснөөс асуу”гэдэг дээ. Үндэстэн угсаатнууд бие, биенийхээ уламжлалын янз байдал, хэл, зан заншилтай танилцах нь илүү гүнзгий ойлголцоход түлхэц болно. Улстөрийн харилцааны таагүй байдал, хүндрэл бэрхшээлийг арилгахад үндэстний хэв шинж шингэсэн оршихуйн онолыг нь ойлгох тус болдог нь лавтай. Улстөрчид ч үүнийг мэддэг биз. Биенээ ойлгосноор илүү эв найртай дэлхий ертөнцийг цогцлооно шүү дээ. Өнгөрсөн үеэс үлдсэн соёл уламжлалаар мэдлэг оюунаа цэнэглэн, бид илүү амар амгалан ирээдүйг бий болгоход хувь нэмрээ оруулж байгаа ч байж магадгүй. Үүгээр бид өөрсдийн өвөрмөц байдал, монгол үндэстэн гэдгээ мэдрэх мэдрэмжийг олж авч байгаа шиг бусад улс үндэстэн ч ялгаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх юм. Бидний оршин буй нь өвгөдийн үлдээсэн өв соёлоор баталгааждаг тул мартаж үл болох үнэ цэн үүнд оршино. Олон соёлд хойч үедээ уламжлагдан ирсэн үнэлж баршгүй мэдлэг, мэргэн ухаан хадгалагддаг. Уламжлалт анагаах ухаанаас эхлээд хөдөө аж ахуй, газар тариалан, мал маллах арга ухаан гэх мэт цаг хугацаагаар туршигдсан арга ухааныг өвлөн уламжилж, хадгалан үлдээснээр одоо болон ирээдүйд гарч магадгүй, шийдэж чадахгүй олон асуудлын шийдэл, тайллын түлхүүр болж ч мэднэ. “Жор үзсэн ламаас зовлон үзсэн чавганц дээр” гэдэг дэмий үг биш.
Эцэст нь хэлэхэд, соёлыг хамгаалах нь зөвхөн өвлөн уламжлагч болон тэдгээр өв соёлыг судлагч судлаач, түүхчдийн хийх ажил биш юм. Энэ нь нийгмийн олон үр өгөөжийг хүртдэг хамтын хариуцлага дээр оршин тогтоно. Соёлын өвөө уламжилж, хамгаалж, нүүдэлчдийн мэдлэгийг хамгаалахад онцгой анхаарал хандуулснаар бид дэлхийн талаарх ойлголтоо баяжуулаад зогсохгүй харилцан уялдаатай, хүлээцтэй, чинээлэг дэлхийн нийгмийн амар амгалан оршихуйг бий болгох үндэс суурийг тавьж байгаа юм. Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө соёлын өвийнхөө олон янз байдлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд бидний үе түүчээ болох ёстой. Технологийн дэвшил дэлхий ертөнцийг өөрчилдөгтэй адил хуучны уламжлалт арга ухаан, амьдралын хэв маяг, зан заншил, соёлын өвийг хадгалах нь дэлхий ертөнцөд амьдран суугч эгэл хүмүүний туйлын хүсэл зорилгод нийцэх юм. Амар амгалан хийгээд байгалийн гоо сайханд үл татагдах нэг ч бодгал үгүй буюу. Ийм хүсэл дор дэлхийн өнцөг булан бүрээс өөр итгэл үнэмшил, ур чадвар бүхий хүмүүс нэгдэн нийлж, хуран чуулж, өргөжин дэлгэрэхийн нигууртай. Ийн хуран чуулагчдын хүрээг тэлж, Дэлхийн нүүдэлчдийн өв соёлыг хамгаалах, өвлөн уламжлах, түгээн дэлгэрүүлж, амар амгалан ертөнцийг бүтээх үйлс сүүлийн нүүдэлчид болсон Монголчууд бидний үүрэг.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24610/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна