Тайландын парламентын доод танхимын санал хураалтаар Ерөнхий сайдад нэр дэвшигч, Тайланд намын дарга Петонтан Чинаватра ялалт байгуулсан. Тэрбээр 319 хувийн санал авч, Тайландын 31 дэх Ерөнхий сайдаар сонгогджээ. Тус улсын Үндсэн хуульд зааснаар, Ерөнхий сайдад нэр дэвшигч нь сонгуульд ялахын тулд доод танхимын 493 суудлын талаас илүү хувийн дэмжлэг авах ёстой. Петонтан Чинаватра 1986 онд төрсөн, Ерөнхий сайд асан Таксин Чинаватрагийн охин юм. Өдгөө Тайланд намын тэргүүнээр ажиллаж байна. Тэрбээр авга эгч Йинглак Чинаватрагийн дараа, улсынхаа хоёр дахь эмэгтэй Ерөнхий сайд болж буй нь энэ юм. Таксин Чинаватрагийн засаглалын үед Тайланд улсын эдийн засаг өндөр амжилтанд хүрч, ОУВС-д төлөх өрөө барагдуулж чадсан. Засгийн газар ядуурлыг бууруулах, дэд бүтцийг өргөтгөх, жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, бүх нийтийг эрүүл мэндийн даатгалд хамруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээрээ Чинаватра овгийнхон иргэдийн дунд нэр хүндтэй болжээ. Таксин 2500 гаруй хүний аминд хүрсэн "хар тамхины эсрэг дайн" зарлаж, лалын шашинтнуудын өмнөд мужуудад гарсан салан тусгаарлагч босогчдын эсрэг хатуу байр суурь баримталсан юм.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24610/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна