НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 29 дүгээр бага хурлыг "COP29" Бакуд зохион байгуулна. Ерөнхийлөгч Илхам Алиев үүнийг Азербайжан улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөсөн үйл явдал юм. Чуулган ирэх арваннэгдүгээр сарын 11-22-нд болно. Энэ үеэр гадаадын 70-80 мянган зочин, төлөөлөгч ирж, Баку дэлхийн анхаарлын төвд байх нь. "COP29"-д 196 орны төр, засгийн тэргүүн, Байгаль орчны сайд нар оролцож, сорилтыг даван туулах шийдлийг хэлэлцэнэ.
Хүний эрхийн идэвхтнүүдийн эсэргүүцэл
“Транспэрэнси Интернэшнл” байгууллага Азербайжанд цаг уурын асуудлаарх бага хурал зохион байгуулах нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн. Хүний эрхийн төлөө тэмцэгчид тус улс цаг уурын хувьд тааламжгүй, газрын тос олборлож, хийн олборлолтыг гурав дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг дурджээ. Мөн "COP29"-ийн ерөнхий зохион байгуулагч Мухтар Бабаев өмнө нь төрийн мэдлийн газрын тосны компанид 20 жил удирдах албан тушаал хашиж байжээ. Азербайжаны байгаль орчны дүр төрх олон улсын дунд эргэлзээ төрүүлдэг. Тус улсыг ахуйн хог хаягдлыг цуглуулах, боловсруулах шийдэлд хүрээгүй гэж шүүмжилдэг. Бакуг "Салхины хот" гэж нэрлэдэг ч Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, Азербайжанд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн эзлэх хувь усан цахилгаан станцыг оруулаад нийт үйлдвэрлэлийн дөнгөж нэг хувийг бүрдүүлж байна. Мөн олон улсын хүний эрхийн төлөө тэмцэгчид "COP29"-ийн далбаан дор Ерөнхийлөгч Алиев нэр хүндээ сэргээх гэж оролдож байгааг сануулсан. Уг арга хэмжээг дэглэмийг шүүмжлэгчдийн эсрэг хэлмэгдүүлэлтийн шинэ давлагааны үеэр зохион байгуулсан гэж үзжээ. Түүнчлэн 2022 онд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахад байгаль орчны идэвхтнүүд Уулын Карабахаас Армени руу чиглэсэн авто замыг хэдэн сарын турш хаасан. Жилийн дараа Азербайжан салан тусгаарлахыг оролдсон бүс нутагт хяналтаа бүрэн эргүүлэн авсан юм. Тухайн үед идэвхтнүүдийг эрх баригчдын дэмждэг чухал хүчин гэж төлөөлдөг байсан. "COP29" нь ийм эко идэвхтнүүдийн шинэ эсэргүүцлийн шалтгаан болох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ташрамд дурдахад, Азербайжан улс олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтээ өгсөн ч амжилт олоогүй. Гэхдээ олимпизмын мөрөөдөл болгон дотоодын томоохон хотуудад спортын хотхон, цэнгэлдэх хүрээлэн, биеийн тамирын цогцолборуудыг байгуулж байна.
Өмнөх амлалтуудыг эргэн сануулна
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний системийг өөрчлөхийг уриалсан. Тэрбээр “Парисын гэрээг бодит болгохын тулд эдийн засгаар тэргүүлдэг АНУ, БНХАУ хүчин чармайлтаа нэгтгэх хэрэгтэй. Энэ бол уур амьсгалын зорилтоо биелүүлэх бидний цорын ганц найдвар. Хүн төрөлхтөн цаг уурын тамд хүрэх хурдны галт тэргэнд явж байна. Энэ бол бидний эрин үеийг тодорхойлох, XXI зууны сорилт. Чулуужсан түлш, газрын тос олборлогч компаниудад гэнэтийн ашгийн татвар ногдуулж, уур амьсгалын нөлөөлөлтэй тэмцэж буй буурай орнуудад хуваарилахыг шаардаж байна. Жил бүрийн чуулганд өгсөн амлалтаа хэрэгжүүлж буй Засгийн газруудад 2025 он гэхэд 40 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэх ёстой. Иймд олон улсын санхүүгийн байгууллага, банкууд бизнесийн загвараа өөрчилж, үүргээ биелүүлэх шаардлагатай” гэжээ. Брюсселийн эрх баригчид нэг жилийн өмнө метаны ялгаруулалтыг бууруулах, халуун орны ой модыг хамгаалах, Өмнөд Африкийн нүүрстөрөгчийн хийг бууруулах хүчин чармайлтыг зохицуулж байлаа. Нүүрсийг үе шаттайгаар бууруулж, эдийн засгийн хувьд "үр ашиггүй" түлшний татаасыг зогсоох нь өнгөрсөн жилийн уур амьсгалын хэлэлцээрийн гол сэдэв байсан юм. Брюсселийн эгнээний орнуудыг ногоон шилжилтийн загвар гэж урт хугацааны туршид тодорхойлж ирсэн. Тэдгээр улс ч өргөн цар хүрээтэй бодлого хэрэгжүүлж, 2050 он гэхэд цаг уурын төвийг сахих зорилтоо хуулиар баталгаажуулаад байв. Харамсалтай нь ОХУ-ын эсрэг хоригууд Европын холбоог уур амьсгалын хууль тогтоомжийн туршилтын лаборатори болсныг илчилжээ. Брюсселийн эрх баригчид нэг жилийн өмнө метаны ялгаруулалтыг бууруулах, халуун орны ой модыг хамгаалах, Өмнөд Африкийн нүүрстөрөгчийн хийг бууруулах хүчин чармайлтыг зохицуулж байлаа. Нүүрсийг үе шаттайгаар бууруулж, эдийн засгийн хувьд "үр ашиггүй" түлшний татаасыг зогсоох нь өнгөрсөн жилийн уур амьсгалын хэлэлцээрийн гол сэдэв боллоо. Зарим орны хөнддөг улс төржсөн сэдэв COP-ын хэлэлцээрийн мөн чанарыг геополитик руу хөтөлсөн удаатай. Энэ удаад ч геополитикийн үл ойлголцол яриа хэлэлцээрийг сааруулж магадгүй. Цагаан ордны засаг захиргаа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй далайн шуурга, үер, ган гачигт нэрвэгдсэн орнуудад нөхөн олговор олгох, тусламж үзүүлэх талаар НҮБ-ын албан ёсны саналыг дэмжсэн. Байгалийн гамшгийн шууд хохирлоос гадна эрүүл мэнд, боловсролд үзүүлэх нөлөөлөл, ялангуяа уур амьсгалын хариу арга хэмжээ нь эмзэг орнуудын төсвийн бааз, үйлчилгээг санхүүжүүлэх чадавхад сорилт болдог.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24610/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна