Дүрслэх урлагийн салбарын “Алтан үе”-ийн уран бүтээлчийн сор болсон ажлуудтай танилцах сайхан завшаан тохиолоо. Уран зургийн галерейг зорин орвол цэлгэр танхимаас “Талын айл” таанын үнэртэй түгэж, газрын уудмаар “Оройн нар” бялхаж, идэр есийн жаврыг үл тоосон адуучин эр “Шилдэг агт морьдоо” уургалах монгол зургийн ид хавыг амар амгалантай зэрэг мэдрүүлнэ. Энэ бол Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ням-Осорын Цүлтэмийн мэндэлсний 100 насны ойд зориулсан тусгай үзэсгэлэн юм. “Монголын дүрслэх урлагт зориулсан 100 жил” үзэсгэлэнд Уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалж буй 30 гаруй бүтээлийг нь дээжлэн бүрэн хэмжээний баримтат киноны хамт дэлгэжээ. Зохиомж, төгс дүрслэл, орон зай, гэрэл ба сүүдэр, монгол уламжлал, цаг хугацааны мэдрэмж, нэн шинэ түүхэн дэх сэтгэмж ба сэтгэлгээний өөрчлөлт , шинэчлэл, байгаль, домог зүй, тал нутгийн гүн ухаанаараа энэ аугаа зураач хойч үедээ бүтээлээрээ багшилж чадаж байгааг үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн мэргэжлийн уран бүтээлчид онцлон хэлж байлаа.
Н.Цүлтэм нь дүрслэх урлагийн олон арван сор бүтээлийг туурвисан уран бүтээлч төдийгүй “Монголын дүрслэх урлагийн тойм” судалгаагаар дэд докторын зэрэг хамгаалсан урлаг судлалын ухааны анхны эрдэмтэн. Тэрбээр амьдралынхаа 60 гаруй жилийг салбарынхаа хөгжилд зориулж, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг үүсгэн байгуулахын зэрэгцээ дүрслэх урлагийн бие даасан сургуулийг хөгжүүлжээ. Монголын Урчуудын эвлэлийг 30 гаруй жил удирдахдаа ардын урлагийг улсын урын сангийн бодлогод оруулж, дэлхийд Өндөр гэгээн Занабазарыг таниулсан гавьяатай. 1958 онд Төрийн соёрхол хүртсэн “Талын айл” бүтээлийнх нь өнгө зохицлыг үзсэн хэн ч үндэсний урлагийн шимт хөрсөнд боловсорсон өнгө зохицохуй ёсны увдис эрдмийг чамбай эзэмшсэний үр хөврөл, нүд хужирлам мөнхийн газар шороо, эх нутгийн өнгө үзэмжийг бахдана. Энэхүү бүтээл нь европын уран зургийн алслалтын онолыг чадмаг гаргаснаараа Монголын уран зурагт тодоор тэмдэглэгддэг юм. “Оройн нар”, “Уриа” зэрэг алдартай бүтээл, “Цогт тайж” киноны тайз чимэглэл, хөрөг зургууд нь улсын архивт хадгалагдаж байна. Мөн үзэсгэлэнд “Баргын Манлай баатар Дамдинсүрэн”, “Цэцэгтэй эмэгтэй”, “Ү.Ядамсүрэн”, "Цэдэнбалын Хөрөг”, “Л.Ванган” зэрэг алдартай хөргүүдийг нь дэлгэжээ. Уншигч та бүхэн ирэх сарын 8-ны өдрийг хүртэл хүрэлцэн ирж нэрт зураачийн сор бүтээлүүдийг шимтэн сонирхоорой. Нэрт зураачийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан олон улсын эрдэм шинжилгээний хурал, баримтат кино, ном бүтээжээ.
“Хурмастын чуулга” эргэн ирлээ
Цаг хугацааны шалгуурыг давж, оюун санааны өв болж чадсан урлагийн бүтээлүүд бол түүхийн хосгүй үнэ цэнийг шингээн оршдог билээ. Харамсалтай нь зарим бүтээл цагийн аяс, ороо бусгаан эрхээр сүйддэг. Тэглээ гээд хосгүй тодотголтой нь үзэсгэлэнгийн танхимаас татан буулгаж, агуулахад гундааж хаях эрхгүй. Ийм тавилантай уран зургуудыг сэргээх ажлыг эрчимжүүлэх үүднээс Монголын Уран зургийн галерей 2019 оноос хойш хоёр төсөл, нэг хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. Үзэсгэлэнгийн үеэр XX зууны дүрслэх урлагийн сор бүтээл “Хурмастын чуулга” зургийг 15 жилийн дараа олон нийтэд толилууллаа. Эл бүтээлээ зураач Н.Цүлтэм 1977 онд туурвижээ. Соёлын өвийн үндэсний төв, Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөлтэй хамтран энэхүү бүтээлийг “Урлагийн бүтээл үрчлүүлэх” хөтөлбөрийн хүрээнд сэргээн засварлажээ. “Урлагийн бүтээл үрчлүүлэх” хөтөлбөр галын гэмтэлтэй бүтээлүүдийг сэргээн засварлах, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, соёлын өвийн хадгалалт хамгаалалтын үйлсэд байгууллага, хамт олон, сайн дурын бүлгийг татан оролцуулах зорилготой. Уран зургийн бүтээлийг үрчлүүлэх хөтөлбөр дэлхийн хөгжингүй оронд хэдийнэ дэлгэрсэн бөгөөд тухайн хүн үрчилж авсан бүтээлээ өөрийн хөрөнгөөр сэргээн засварлуулах зардлыг ивээн тэтгэснээр мерчендайзинг эрхүүдийг ашигладаг байна. Хөтөлбөрийг Монгол Улсаас анхлан Уран зургийн галерей хэрэгжүүлж байна. Монголын Уран зургийн галерейн мэдээллийн санч Б.Чимидхорлоо “Манай галерей жил бүр ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчдийн төлөөллөөс сонгон авч тусгай үзэсгэлэн зохион байгуулдаг. Энэ онд дүрслэх урлагийн салбарын хөгжилд нэгэн насаа зориулж, үнэтэй хувь нэмэр оруулсан Ардын зураач Н.Цүлтэмийн бүтээлүүдээс дээжлэн үзэсгэлэн гаргаж байна. “Хурмастын чуулган” туурвилыг Соёлын өвийн төвийн мэргэжлийн сэргээн засварлагчид сэргээлээ. Улмаар 15 жилийн дараагаар дахин үзэсгэлэнгийн танхимд залсан. Сэргээн засварлагчдад гүн талархал илэрхийлье” гэв. Түүнчлэн “үрчлэгдэж” дахин мэндэлсэн “Цэцэгтэй эмэгтэй” зургийг үзэсгэлэнд дэлгэсэн байлаа. Зургийн гол дүр нь Монголын анхны эмэгтэй зураачдын нэг Ч.Шижээхүү юм. Тиймээс түүний гэр бүлийнхэн сэргээн засварлахад дэмжлэг үзүүлжээ.
Зураач хүүхдүүд нь аавыгаа дурслаа
Монголын дүрслэх урлагийн салбарыг вант улс гэвэл хаан сэнтийд заларч байсан их зураачийн хүүхдүүд нь эцгийнхээ соён гэгээрүүлэх их үйлсийг залгамжилжээ. Охин Ц.Нармандах монгол зургийг түгээн дэлгэрүүлж буй энэ цаг үеийн зураачдыг бэлтгэн төрүүлсэн багш. Эртний сүг зургийн донжоор урласан Ц.Нармандахын бүтээлүүд зураасан зургийн сэтгэлгээнд шинэчлэл хийсэн гэдэг. Харин охин Ц.Уранчимэг нь АНУ-ын их сургуулиудад Ази болон Монголын дүрслэх урлагийн сэдвээр багшилдаг. Монголын дүрслэх урлагийн шинэ үеийн төлөөллийг дэлхийд түвшинд холбож сурталчлахад анхаардаг. Энэ удаагийн үзэсгэлэнг зохион байгуулахад оролцсон тэрбээр “Аав маань надад Монгол орон тэр чигээр галерей юм шүү. Чи тэрийг л судалбал дундаршгүй далай гэсэн үг” гэж захисан. Аавынхаа мэндэлсний ойг тохиолдуулан Италийн Венец хот, АНУ-ын Индиана их сургууль гээд хэдэн газар үзэсгэлэн гаргана. Мөн урлаг судлалын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Аав минь Монголын урлагийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө насан туршдаа хөдөлмөрлөсөн” хэмээв. Харин ихэр хүү Ц.Мөнхжин, Ц.Энхжин нар нь Төрийн шагналт зураач юм. Тэд “Аав 1956 онд ЗХУ-д мэргэжил эзэмшсэн анхны монгол зураач болж эх орондоо ирэхдээ “Би зөвхөн Өрнө, Дорнын зурагтай танилцаад зогссонгүй, өөрийнхөө үндэсний өв, уламжлалыг хүндэтгэн хөгжүүлэх ухаанд суралцлаа. Харин тэр үед үндэсний урлагаа хөгжүүлэхэд нэг том бэрхшээлтэй нүүр тулжээ. Монгол Улс ХХ зуунд эрх чөлөөт сэтгэлгээнд суурилсан урлаг гэхээсээ илүүтэй, шашны өвөрмөц ертөнцийн тухай ойлголттой, илэрхийлэх тогтсон үзэл баримтлал хүлээн авсан. Дээр нь хүссэн бүхнээ зурж, турших ч боломж байгаагүй, хязгаарлагдмал сэдэв дотор эргэлдэж байв. Тэгэхдээ “Алтан үе”-ийнхэн “Урлаг гэдэг үнэтэй, урлаг өөрөө амьтай” гэж Б.Явуухулан гуайн хэлсэн шиг л бүтээхийн төлөө эрмэлзэж байсан цаг. Аав минь монгол зургийг зөвхөн танкагаар хэмжихгүй. Бурхны зураг Монголд орж ирэхээс өмнөх үе рүү, илүү холын судалгаа хийж бүхий л түүхэнд оршиж байсан нүүдэлчин улсуудын соёлын өвийг бүтнээр нь судлах их ажлыг эхлүүлсэн юм. Энэ санаачилгаа эрдэмтэн Б.Ренчинтэй зөвлөлдөж байхдаа “Монгол зураг” гэх нэр томьёог гаргасан” хэмээн дурсан ярьж байлаа. Ингээд монгол зургийг “Монгол зураг гэдэг нь эртний уламжлалаасаа суралцан, өнгө болон бодит дүрс, хэлбэрийг хийсвэрлэн, далд гүн агуулгыг илэрхийлдэг дүрслэх урлагийн шинэ төрөл юм” гэж тунхаглажээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24611/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна