Улаанбаатар дипломат уулзалтын талбар боллоо



Монгол Улсын тухай нийтлэлүүдээрээ энэ долоо хоногийг эхлүүлсэн бол гадаад бодлого, улс төрийн экспертүүд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины  Улаанбаатар хотод хийсэн айлчлалыг ажиглаж, дүн шинжилгээ хийжээ. Урьд өмнө нь манай улсын тухай дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд ингэж нэгэн зэрэг мэдээлсэн удаагүй. Зарим эх сурвалжийн мэдээг тоймлолоо.

Financial times: 
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 1939 онд болсон Халхын голын дайны  85 жилийн ойд оролцохоор Монгол Улсад айлчиллаа. Энэ үеэр Улаанбаатар дахь АНУ, Австралийн Элчин сайд нар олон нийтийн сүлжээнд Украиныг дэмжиж, Оросын түрэмгийллийг шүүмжилсэн мэдэгдэл нийтэлжээ. Монголын тал Украины асуудлаар ОХУ-ыг шууд дэмжээгүй ч НҮБ-ын түрэмгийллийг буруушаах санал хураалтад түдгэлзсэн. Монгол Улс ОХУ-тай 3500 км урт хилээр зааглан оршдог. Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа солонгоруулах хүчин чармайлт гаргаж байгаа ч импортын болон  нефтийн бүтээгдэхүүний 30 орчим хувь нь хөрш улсаасаа хамааралтай байдаг. Ерөнхийлөгч В.Путиний  айлчлал  50 тэрбум шоо метр байгалийн хий Хятадад нийлүүлэх  “Сибирийн хүч 2” дамжуулах хоолойн хувь заяа тодорхойгүй байгаа үед боллоо. Монголын Засгийн газар парламентдаа өргөн мэдүүлсэн таван жилийн хөгжлийн төлөвлөгөөндөө “Сибирийн хүч 2” хийн хоолойн талаар дурдаагүй. Ямартаа ч Кремлийн тэргүүн айлчлалынхаа өмнө Монголын хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “ойр хөрш, эртний анд” хэмээн тодорхойлжээ.

Вашингтон пост: 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Халхын голд Монгол, Зөвлөлтийн арми Японыг ялсны 85 жилийн ойн арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг урьсан. Тиймээс барууны ятгалгаар Оросын төрийн тэргүүнийг баривчлах зорилгогүй.  Энэ айлчлалаараа Ерөнхийлөгч В.Путин олон улсад түрэмгийллийг үл тоомсорлох холбоотон,  найз нөхөдтэй гэдгээ харууллаа.  Тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин зэрэг удирдагчдын хамт “барууныг хэт дэмжигч” байгууллагуудын хэлбэрийг өөрчлөх нийтлэг зорилго тавьсан. В.Путин Монгол Улсад ирэхээсээ өмнө Тувагийн Бүгд найрамдах улсад сургуулийн хичээлийн нээлтэд оролцжээ.

Глобал таймс: 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Улаанбаатарт төрийн айлчлал хийлээ. Талууд хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэлүүдийг хэлэлцэхээ урьдчилан мэдэгдсэн.  Шинжээчид Владимир Путины айлчлалыг барууны орнуудын дарамт шахалт үргэлжилсээр байгаа энэ үед хөрш орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх зорилготой гэж үзэж байна. Түүний олон улсын асуудал эрхэлсэн туслах Юрий Ушаков "Хамтын ажиллагааны ирээдүйтэй салбарууд, тэр дундаа аж үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээврийн салбарын хамтын ажиллагаа, төмөр зам зэрэг олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн” гэжээ.  Хятадын Олон улсын судалгааны хүрээлэнгийн шинжээч Чен Юронг “Монгол Улс хоёр хөрштэйгөө харилцах харилцаанд ихээхэн ач холбогдол өгдөг. В.Путин хоёр орны эдийн засаг, улс төрийн харилцаа, ялангуяа эрчим хүчний салбарын харилцаа бэхжүүлнэ” гэж ярьсан. Тэгвэл БНХАУ-ын ШХАБ-ын Олон улсын солилцоо, шүүхийн хамтын ажиллагааны үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн Цүй Хэнг “В.Путин Монгол Улсад айлчилж байгаа нь ОХУ-ын “Дорно зүг рүү чиглүүлэх” бодлогын үргэлжлэл. Энэ бодлого нь Алс Дорнодын бүс нутгийн аж үйлдвэржилтийг ахиулж, Орос болон Ази Номхон далайн орнуудын хооронд нягт хамтын ажиллагаа өрнүүлэхэд тус дөхөм болсон” гэж онцолжээ.

Reuters: 
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлснээр Москвагийн эрх баригчид Ерөнхийлөгчийнхөө айлчлалд санаа зовсонгүй. Монгол Улс ч Ерөнхийлөгч В.Путиныг баривчлахгүй, төвийг сахисан гадаад бодлогогоо дэлхийд харууллаа. ОХУ-ын төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан  “Монгол Улстай харилцах нь Ази дахь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг. Иж бүрэн стратегийн түншлэлийн өндөр түвшинд хүрсэн” гэжээ. Энэхүү айлчлал нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд түлхэц үзүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа. ОХУ-ын Ямал бүсээс БНХАУ руу жилд 50 тэрбум шоо метр байгалийн хий тээвэрлэхээр зорьж буй томоохон хоолойг Монголын нутгаар дайруулах талаар хэлэлцэж байгаа.  Байгалийн хийн үнэ тохироогүй учир төсөл гацсан. Гэхдээ ТЭЗҮ, инженерийн судалгаа зэрэг бэлтгэл ажил хуваарийн дагуу явагдаж байгааг В.Путин айлчлалынхаа өмнөхөн мэдэгджээ. “Сибирийн хүч 2” төсөл нь Украины асуудлаас хойш Европт борлуулсан хийн ихэнх алдагдлаа нөхөх Москвагийн стратегийн нэг хэсэг юм.
 
Me Monde: 
Олон улсын эрүүгийн шүүхээс ОХУ-ын Ерөнхийлөгчийг баривчлах шийдвэр гаргасан. Харин Монгол Улс Ерөнхийлөгч Владимир Путиныг  хүлээн авсан Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн анхны орон боллоо. Баривчлахгүй нь тодорхой байсан. Айлчлалыг Монголын Засгийн газар албан ёсоор зарласан. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч “Бид Монгол Улстай сайн харилцаатай. Ерөнхийлөгчийн айлчлалыг бүхий л талаар өндөр түвшинд бэлтгэсэн” гэж мэдэгдсэн. Улаанбаатарт айлчилснаараа В.Путин Монголыг барууны орнуудтай ойртоход саад учруулахын зэрэгцээ Оросын хүчний өмнө олон улсын эрх зүйн сул талыг харуулахыг зорьсон бололтой. Ерөнхийлөгч В.Путины айлчлалын зорилгыг Халхын голын  ялалтын 85 жилийн ойд оролцох гэж албан ёсоор зарласан. Зөвлөлт, Монголын арми 1939 онд  Монголын зүүн хязгаарт Японы довтолгооныг няцаажээ. 


Aljazeera: 
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Монгол Улсад айлчлах үеэр баривчилсангүй. Олон улсын шүүхийн гишүүн орнууд сэжигтнийг баривчлах үүрэг хүлээдэг ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх механизм байдаггүй. Үүнийг Монгол Улсын Засгийн газар баримталсан. Улаанбаатар хотын төв талбайд Монгол Улсын хүндэт харуул, морин цэргийн жагсаалаар В.Путиныг хүндэтгэлтэй угтсан юм.  ОХУ, БНХАУ-ын дунд оршдог,  хүн ам цөөн Монгол Улс нефтийн бүтээгдэхүүн, цахилгаан эрчим хүчээр ОХУ-аас ихээхэн хамааралтай. ЗХУ задран унаснаас хойш Кремль, Бээжин хоёртой найрсаг харилцаатай байхыг эрмэлзсээр ирсэн. Ерөнхийлөгч В.Путин айлчлалынхаа үеэр Улаанбаатар хотын цахилгаан станцыг шинэчлэх зураг төсөл боловсруулах, техник эдийн засгийн үндэслэлийг судлах, ОХУ-ын агаарын тээврийн түлшийг Монголд нийлүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ. Мөн Москвагийн тал хоёр улс хоорондын төмөр замын системийг хөгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Ерөнхийлөгч В.Путин ирэх сарын сүүлээр Казань хотод болох БРИКС-ийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг урьжээ. 

The Conversation: 
ОХУ-ын төрийн тэргүүн В.Путины айлчлал Зөвлөлт, Монголын цэргийн ялалтыг албан ёсоор тэмдэглэхийн зэрэгцээ Монгол Улсын  төвийг сахих бодлого, олон улсын байгууллагуудын хүртээмжийг шалгалаа. Тэгвэл Монгол Улс олон улсын тавцанд төвийг сахисан дипломат уулзалтын талбар болохоо харуулахыг зорьжээ. Тухайлбал, жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын яриа хэлэлцээр” нь бүс нутгийн болон бусад уригдсан улс тэр дундаа АНУ, ЕХ-ны гишүүн орнуудад уур амьсгалын өөрчлөлтөөс эхлээд бүс нутгийн аюулгүй байдал, чухал ашигт малтмал зэрэг асуудлуудыг хэлэлцэх боломж юм. Монгол Улс гадаад бодлогоо түүхэн болон эдийн засгийн өргөн харилцаатай Орос, Хятадын сүүдэрт удаан хугацаанд чиглүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын дипломат хүчин чармайлтыг өөр нүдээр харж, дүгнэж эхэллээ. Улс орныхоо төлөө үр дүнтэй стратеги боловч Ерөнхийлөгч В.Путины айлчлал тэнцвэржүүлэх хатуу арга хэмжээ байж магадгүй юм. Түүний айлчлалын цаг хугацаа түүхэн ойтой холбоотой. Зөвлөлт, Монголын хамтарсан хүч Японы цэргийг Халхын голд ялсан. Энэхүү тулалдааны 85 жил, төмөр замын үндэсний операторыг үүсгэн байгуулсны ой тохиожээ. ОХУ, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн таван жилийн ойг орчин үеийн геополитикийн үүднээс авч үзвэл айлчлалын ач холбогдлыг тодотгож байна. Монгол Улс гуравдагч хөрштэй найрсаг харилцаатайн зэрэгцээ Москватай ойр дотно холбоотой хэвээр байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долдугаар сард Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар уулзсан. Украин улс Олон улсын шүүхийн гишүүний хувиар В.Путиныг  баривчлахыг Монгол Улсаас шаарджээ. Гэхдээ ОУЭШ-ийн гишүүн орнууд гэрээний зарим үүрэг, эсвэл дипломат халдашгүй эрхтэй зөрчилдөж байгаа тохиолдолд баривчлах ажиллагаа явуулахаас татгалзах эрхтэй. Иймээс В.Путины айлчлал олон улсын тавцанд Москваг амархан зохицуулах боломжгүйг харууллаа. 

Associated press: 
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Монгол Улс  улаан хивсний ёслолоор угтан авлаа. Украины тал В.Путиныг Гаагийн шүүхэд өгөхийг Монгол Улсад уриалсан бөгөөд Европын холбоо Монголын Засгийн газар уг захирамжийг биелүүлэхгүй байх магадлалтай гэж таамаглаж байсан. ЗХУ-тай нягт холбоотой байсан,  1990-ээд онд ардчилалд шилжиж, АНУ, Япон болон бусад шинэ түншүүдтэй харилцаа тогтоосон далайд гарцгүй энэ орон эдийн засгийн хувьд хүчирхэг хоёр хөрш ОХУ, БНХАУ-аас хараат хэвээр байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Кремлийн тэргүүн  В.Путин нар 1939 онд Манжуурт хяналтаа тогтоосон Японы армийг Зөвлөлт, Монголын цэргүүд ялсан түүхэн ойд зориулсан ёслолд оролцсон. Манжуур, Монголын хилийн маргаанаас үүдэлтэй  тулалдаанд олон мянган цэрэг амь үрэгджээ.

BBC:
 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар айлчилж буй ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин Улаанбаатарт төрийн айлчлал хийлээ.  ЗХУ-ын “дагуул улс” байсан  Монгол Улс одоо ч ОХУ-тай найрсаг харилцаатай. ОХУ-ыг Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулсныг илт шүүмжилдэггүй бөгөөд энэ асуудлаар НҮБ-д санал өгөхөөс татгалзсан. Эрчим хүч, нефтийн тухайд Орос улсаас ихээхэн хамааралтай. Орос улс жилдээ 50 тэрбум шоо метр байгалийн хийг өөрийн Ямал бүсээс Монголоор дамжуулан Хятадад нийлүүлэх хоолой барих талаар олон жилийн турш ярилцсан. “Сибирийн хүч 2” гэгддэг энэхүү төсөл нь Оросын экспортыг бойкотолсны дараа Европ дахь байгалийн хийн борлуулалтын алдагдлыг нөхөх стратеги юм.

Политико:  
Халхын голд Зөвлөлт, Монголын цэрэг Японы армийг ялсны ойг хоёр улсын төрийн тэргүүнүүд хамтран тэмдэглэдэг түүхэн жишгээр В.Путиныг Монгол Улсад урьжээ. Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнийхээ 95 хувийг, цахилгаан эрчим хүчний 20 гаруй хувийг ОХУ-аас нийлүүлдэг. Дипломат харилцаандаа төвийг сахих бодлогыг баримталдаг. БНХАУ, ОХУ-ын дунд оршдог  газарзүйн байршлаасаа хамаараад хоёр хөрштэйгөө  найрсаг харилцаатай. Тиймээс Ерөнхийлөгч  В.Путиныг баривчлаагүй нь Олон улсын эрүүгийн шүүхийн тогтолцоонд хүнд цохилт боллоо. Айлчлалын үеэр В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг ирэх сард ОХУ-д болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад урьсан юм.


 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24612/ 


0
angry
2
care
0
haha
2
liked
5
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 6 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 9 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 9 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 9 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 9 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 10 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 10 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 10 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 10 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 11 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 11 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 11 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 11 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 11 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 11 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 11 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 11 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 12 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 12 цагийн өмнө