Талибаны хууль хүний эрхийн идэвхтнүүдийг бухимдуулав


Талибаны шинэ хууль эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчсөн гэж НҮБ буруутгаж, хүний эрхийн байгууллагууд шүүмжилж байна. Дээд удирдагч Хибатулла Ахундзадагийн баталсан хуульд эмэгтэйчүүдийг олон нийтийн газар дуулах, үг хэлэх, нөхрөөсөө бусад эрэгтэй рүү харахыг хоригложээ.  Афганистан дахь НҮБ-ын тусгай төлөөлөгч Роза Отунбаева “2021 оны наймдугаар сард Талибууд засгийн эрхийг гартаа авснаас хойш охид, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж, “тэвчишгүй хязгаарлалт” тавилаа. Афганистаны эмэгтэйчүүд дахин харгис дэглэмийн дор амьдарч, эрх чөлөөгөө алдахаас айж байна.  Энэ бол Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 30 заалтыг бүхэлд нь зөрчсөн хууль. Ёс суртахууны байцаагч нар зөрчлийн жагсаалтад үндэслэн хэнийг ч сүрдүүлж, баривчлах эрх мэдэлтэй Афганистанд эмэгтэйчүүдийн ирээдүй улам бүр гунигтай болж байна. Афган эмэгтэйчүүд, охидын дуу хоолой энэ хуулиар ёс суртахууны зөрчилд тооцогдож эхэллээ” гэж мэдэгдсэн. Тус улсын Хуульчдын холбооны тэргүүлэгч Мир Абдул Вахид Садатын хэлснээр, шинэ хууль Афганистаны дотоод болон олон улсын эрх зүйн үүрэг хариуцлага, исламын шашны үндсэн зарчмуудтай зөрчилдөж байна. Буяныг дэлгэрүүлэх, нүглээс сэргийлэх тухай шинэ хуульд хөгжим, баяр, нийтийн тээвэр, сахал хусах зэрэг өдөр тутмын амьдралын энгийн үйл ажиллагааг тусгажээ. Эмэгтэйчүүдийн дуу хоолойг “нүгэл” гэж үзэж байгаа тул олон нийтийн газар сонсогдох учиргүй болж байна. Эмэгтэй хүн гэртээ дуулж, ном чангаар унших бол дуу хоолой нь гудамжинд сонсогдох ёсгүй. Хуулийн хэрэгжилтийг ёс зүйн цагдаагийн алба хаагч мохтасабинууд хангах гэнэ. Мөн эмэгтэйчүүд бие, нүүрээ цусан төрлийн холбоогүй эрэгтэй хүнд харуулж болохгүй бол эрчүүдэд эмэгтэйчүүд рүү харахыг хориглосон. Буяныг дэлгэрүүлэх, нүглээс сэргийлэх яам энэхүү дүрмийн шариатын хуульд үндэслэжээ. Энэ тухай хүний эрхийн төлөө тэмцэгч Фавзия Коофи “Олон нийтийн өмнө ярьж болохгүй гэдэг аймшигтай. Энэ бол бидний соёл уламжлалтай харшилсан үйлдэл. Би талибанчуудын сурталчилж буй ташаа бүхнийг эсэргүүцдэг. Талибууд Афганистаны 14 сая эмэгтэйчүүд, охидыг дарангуйлж байхад олон улсын хамтын нийгэмлэг чимээгүй явж ирсэн. Ингэснээрээ өнөөдөр бидний дуу хоолойг гэмт хэрэгт тооцох хэмжээнд хүрэглээ. Олон улсын байгууллагууд, ялангуяа НҮБ, Европын холбоо хүмүүнлэг бус үйлдлүүдийн эсрэг зогсох атал Талибантай харилцаагаа хэвийн болгохыг оролдож байна. Нэг ёсондоо Талибуудын гэмт хэргийг цайруулж байна” гэж эсэргүүцлээ илэрхийлжээ.

 

Эмэгтэйчүүд олон нийтийн газар ярьж болохгүй

 

Исламын хуучинсаг үзэлт Талибан бүлэглэл 2021 онд  Афганистаны төрийн эрхэнд гарсан. Улмаар АНУ-ын цэргүүд хорь гаруй жилийн турш тус бүлгийг устгах дайн ашгаа өгөөгүй юм. Тэд 1990-2001 онд Кабулд хяналтаа тогтоож байв.  Талибаны засаглал эхэлсэн цагаасаа эмэгтэйчүүдэд ээлгүй гэдгээрээ олон нийтийн шүүмжлэлд өртөх болсон. Эрх баригчид эмэгтэйчүүдийн эрхийг тодорхойлсон тусгай тогтоол гаргасан боловч боловсрол эзэмших, бурка өмсөх буюу битүү хувцаслах, ажил хөдөлмөр эрхлэх эрх чөлөөг хязгаарласан. Энэ мэт үйлдлийг хилийн чинадад амьдардаг афган эмэгтэйчүүд эсэргүүцэж өнгөлөг уламжлалт даашинзаар гоёсон зургуудаа олон нийтийн сүлжээнд тавьсан. Шинэ журмын дагуу телевизийн драмд эмэгтэй жүжигчид тоглохыг хоригложээ. Түүнчлэн шариатын зарчим болон Афганистаны үнэт зүйлстэй зөрчилдсөн гэж үзсэн кинонуудыг ч хориглосон байна. “Шашныг гутаан доромжилсон эсвэл афганчуудын хувьд доромжилсон агуулгатайд тооцогдож болзошгүй” хошин шог болон цэнгээнт хөтөлбөрүүдийг телевизээр гаргахыг хориглодог. Мөн барууны соёлын үнэт зүйлсийг сурталчилсан гадаадын кинонуудыг ч үзүүлэхийг зогсоохоор төлөвлөсөн. Түүнчлэн гадаадын эмэгтэй сэтгүүлчид зураг авалтын үеэр толгойдоо алчуур зүүх ёстой болжээ. Афганистан дахь эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулсан халамжийн байгууллагыг үүсгэн байгуулагч Марьям Мароф Арвин хэлэхдээ, эдгээр арга хэмжээний гол зорилго нь эмэгтэйчүүдийг олны нүднээс холдуулах явдал юм гэв. Талибанчууд 1996-2001 оны хооронд Засгийн эрх барьж байх хугацаандаа эмэгтэйчүүдийг илт дорд үздэг байснаараа алдартай. Тэр үед эмэгтэйчүүдийг олон нийтийн газар бурка өмсөж, эрэгтэй дагалдан яваа хүнгүйгээр гэрээсээ гарахыг хориглож, эрэгтэй эмчтэй уулзахыг хориглодог. Тэгвэл Талибууд “Шариатын хуулийн дагуу эмэгтэйчүүдийн аюулгүй, тав тухтай амьдралыг хангахын тулд байр суурийг нь дээшлүүлэхэд шаардлагатай алхмуудыг хийлээ” гэж мэдэгдсэн.  Афгани  эмэгтэйчүүдийн асуудал олон хүчин зүйлээс, түүний дотор "20 жил үргэлжилсэн түрэмгийллийн сөрөг талуудтай" холбоотой гэж Талибаны  удирдагч хэлсэн байдаг.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24612/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 6 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 9 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 9 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 9 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 9 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 10 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 10 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 10 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 10 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 10 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 11 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 11 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 11 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 11 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 11 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 11 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 11 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 11 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 12 цагийн өмнө