Хүү минь хаана дуулж яваа бол



...Тал нутгийн дууллыг

Та бүгдээрээ дуулан сууна даа хө

Тал нутгаасаа миний хүү

Дуугаа дуулаад явсан даа миний хүү... гэсэн гэгэлгэн үгтэй дууг сонсоод Солийн Цоодол хэмээх нэрт уртын дуучин, зохиолч бэлгэдэлт туурвил зүйчийн дуу хоолойноос гадна түүний сэтгэлгээ нь ямархан гайхамшигтай байсныг эргэцүүлэв. Өгүүлэмж хийгээд жинхэнэ монгол дууг сонсож эргэцүүлж, эрчим  хүртэн хаана ямар оронд төрснөө мэдрэх шиг. Уярсан сэтгэлдээ хөтлөгдөн уртын дууч С.Цоодолын тухай судалбал уртын дууны урын санг “Монгол нутгийн үззэсгэлэн”, “Өлзий түвшин уулс” тэргүүтэй олон сайхан дуугаар баяжуулжээ. Уртын дууны үг, аяын зохицол, онцлог, бүтцийг бүрэн судалж бүтээсэн уран бүтээлүүд нь өдгөө С.Цоодолын гэхээсээ илүү ардын хэмээн овоглох болжээ.  Энэ хүмүүний удам, үр хүүхдүүд хаана дуулж явдаг юм бол доо гэж сониучирхан эрэл хайгуул хийлээ. Хүү Ц.Ган-Өлзийг “Аяллын той­рог” нэвтрүүлгээ бэлтгээд дэлхийгээр дуулж явдгийг монголчууд мэднэ. Тэгвэл ганц охин Ц.Цахил нь “Уртын дууны голомтыг таслахгүй” гэсэн аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж явна. Түүнтэй холбогдон дурсамж ярилцлага авах хүсэлтэйгээ хэллээ. Хо­тын төв, цахим ертөнцийн шуу­гианаас хол амьдардаг Ц.Цахил эгч зөвшөөрснөөр бид цаг товлон уулзсан юм.

 

Солийн Цоодол ард түмний хайртай хүү байсан

 

-Тантай уулзах сэдлийг төрүүлсэн “Хүү минь хаана дуулж яваа бол” дуугаар ярилцлагаа эхлүүлэх үү. Аав тань шүлэг, аялгуугаа өөрөө бичсэн гэж сонссон. Их л түүхтэй дуу байх даа?

-Аав минь тайж хүний хүү. Багаасаа нутаг уснынхны найр, хуримд дуулдаг, адуунд эрэмгий байж. Дуучин болсон учир жанцан нь цэргийн албаас эхэлдэг. Маршил Х.Чойбалсан Өвөрхангай аймагт ажлаар явахдаа мод бэлтгэж явсан аавын дуулахыг сонсжээ. Тэгээд бүх цэргийг жагсаагаад хэн дуулсныг асуухад айгаад хэлээгүй юм билээ. Дараа нь дуулж яваад маршалтай халз таараад цэргийн ансамбльд ирсэн гэдэг. Аавд хоёр ээлжийн торгон дээл захиалж өгөөд шууд тайзны хүн болсон. 18 наснаасаа хойш тайзнаас буугаагүй дээ. Солийн Цоодол гэдэг дуучин цаг үеийнхээ Жавхлан, ард түмний хайртай хүү байсан. Нутагтаа үлдсэн ээжийнх нь бие муудсаныг сонсоод аав өртөөгөөр харьсан байгаа юм.  Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум хүртэл өртөө бүрд ард түмэн тосож, морин хөтөлгөө хийсэн гэдэг. Морины хурдаар нутагтаа очин уяан дээрээ буугаад хартал гэрийнх нь өрхийг бүтээсэн байж. Ээжтэйгээ уулзаж амжаагүй хожимдсон сэтгэлээрээ энэ дуугаа зохиосон. Нутгийнхан нь таны ээж “Хүү минь хаана дуулж яваа бол” гээд радиогоо чагнан суудагсан гэж дурссаныг санан Улаанбаатар руу буцах замдаа зохион дуулсан түүхтэй. Дуу ч тэр дороо хит болсон. Үе үеийн уртын дуучдын мөрөөдлийн дуу. Олон дуучин надтай уулзан дуулах хүсэлтээ хэлдэг. Нэгэнт ардын дуу шиг түмэнд түгсэн бүтээлийг   “Чи дуул, чи боль” гэж оноож, эзэнжүүлэхийг хүсдэггүй. “Зүрхэнд мөнхөрсөн аялгуу” нэвтрүүлгээр Б.Батцэцэглэн сайхан ч дуулсан.

-Зээрийн сүрэг бэлчсэн

Шаргал талын зэрэглээ

Хээрийн салхи нь үлээсэн

Монгол нутгийн үзэсгэлэн гэж эхэлдэг “Монгол нутгийн үзэсгэлэн” дууг уртын дуу гэж боддог байлаа.  Гэтэл бас л алдарт Солийн Цоодолын бүтээл аж. Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуайн “Ардын дуу шиг шүлэгтэй ганц дуу хийгээд үхэх юмсан даа гэж боддог” гэж ярьж суусан нь санаанд буусан шүү?

-“Монгол нутгийн үзэсгэлэн” бол яах аргагүй уртын дуу. Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч Шагдарын Дулмаа гуайн шүлэг. Зууны манлай дуучин Н.Норовбанзад гуай анх дуулсан. Тийм ч учраас дуучид “зүрхэлж” дуулдаггүй байлаа. “Шуранхай” хамтлаг 2008 онд Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайханы найруулгаар дуулсан бол дараахан нь уртын дууны “Галбингаа” хамтлаг,  дуучин Ц.Түмэнжаргал нар дуулсан. Ардын хувьсгалын 100 жилийн ойн наадмаар  дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа нар хамтран дууллаа. Урлагийг ард түмэн л авч явдаг. Хүмүүст ардын дуу шиг санагдтал дуулагдана гэдэг монгол түмний хүч юм даа.

-Улсын наадмаар бөх барилдаж, С.Цоодол гуай дуулаад сайхан байсан гэж хүмүүс дурсацгаадаг.  Тэр зураглал ард түмний сэтгэлд тод үлджээ?

-Уртын дуучид дуулаад, бөх барилддаг байсан уламжлал хэсэгхэн завсардсан. Одоо “Өнө” чуулгын уран бүтээлчид барилдааны үеэр дуулж байна.  Монгол Улсын гавьяат жүжигчин, Улсын манлай засуул,  бөх цоллогч, уртын дууч  Б.Батболд агсны санаачлан байгуулсан чуулга шүү дээ. Б.Батболд агсан уртын дууг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн авьяас, хөдөлмөр, амьдралын замналаа зориулсан бөгөөд уртын дууг дэлхийн тавцанд хүргэж, олон улсын түвшинд гаргах учиртайг шавь нартаа төдийгүй олон нийтэд сануулж, сургасан.

-Үндэсний урлагийн урын санг баяжуулснаас гадна олон сайхан уртын дуугаа дуулж бичүүлсэн нь одоо соёлын үнэт өв болжээ. Тэр олон сайхан бүтээлээс нь онцолж мөн чанартаа тусгасан дуу таньд байдаг уу?

-“Өнчин цагаан ботго”  бол миний аавын нэрийн хуудас, уртын дуучных нь чансааг харуулсан дуу. “Өндөр гэгээн Занабазарын урласан бурхдыг ховор, үнэтэй гэдэг. Тэгвэл С.Цоодол гуайн дуулсан “Өнчин цагаан ботго” дуу яг энэ бурхад шиг хосгүй үнэт өв” гэж Н.Жанцанноров гуай тодотгож хэлсэн. “Мелодия” хөгжмийн студид аав  “Өнчин цагаан ботго” дуугаа бичүүлсэн. Тухайн студид дууг нэг хүний дуулснаар  дахиж бичдэггүй. Гэтэл аавын дуулсан “Өнчин цагаан ботго”-ыг Монголын ардын урлагтай холбоотой бүх пянзанд оруулсан. Энэ бол давтагдашгүй дуулсны баталгаа. Аавынхаа дуулсныг сонсоход хүн гэлтгүй амьтай бүхэн хагацалтай эвлэрдгийг ойлгодог.  Орчлон хорвоогийн хагацалд хүн гэгээрдгийг манай ард түмэн мэддэг байж. Уйлж шаналж биш, дуулж, баясаж удмаа үргэлжлүүлэх ёстой юм байна.  Дуу болгон ардынх болж хэдэн зуунаар дуулагдахгүй. Аргагүй үнэн дуу л ингэж мөн чанараараа үлддэг аж.

 

Уртын дуучид, хөөмийчид, өв тээгчид ариуссан гэгээн байдаг

 

-Ааваасаа өвлөсөн эрхэм чанар тань юу вэ?

-Би дөч гарсан хойно нь мэндэлсэн хэнз хүүхэд, ганц охин нь. Хөдөө аавыгаа дагаж өссөнөөрөө монгол ахуй, соёлоороо хүмүүжсэн. Манай хотын байр Дөчин мянгатад Ч.Лхамсүрэн, М.Цэдэндорж, Ш.Сүрэнжав, Н.Очирбат, Ж.Бадраа нарын яруу найрагч, Л.Мөрдорж, С.Гончигсумлаа тэргүүтэй “алтан үе”-ийнхний цөм байлаа. Манайх хаалгаа цоожилдоггүй, олон бужигнасан айл байсан. Хөдөөгийн Пэрлээ гуай их ирнэ. Яг ийм орчинд өссөн учраас бид хүн хүндээ хайртай, дээр доор гэж ялгах сэтгэлгүй болсон.  Аав байрны гадаад хорхог хийж, мах чанаад ойр орчмынхноо дайлна. Ер нь тэр үеийнхэн орон сууцад л амьдарч байснаас малчин ахуй, соёлоосоо хөндийрөөгүй жинхэнэ хөдөөгөөрөө хүмүүс байжээ.  Уртын дуундаа уярч, ухаажсан аав минь хүүхдүүддээ үгийн сайхныг хэлж, хайраар дүүрэн өсгөсөн. Алдааг минь хүртэл магтдаг тун гэгээлэг хүн байлаа. Монгол ёс заншлаараа байж, хүнд итгэхийг бидэнд  сургасан. Уртын дуучид, хөө­мийчид, өв тээгчид ариуссан, гэгээн байдаг. Би шавь нартаа “Итгэлгүй амьдрал наргүй дэлхий шиг” гэж хэлдэг. Аав, ээжээсээ сурсан хүмүүжлээр хүүхдүүдээ, зээ нараа өсгөж байна. Монгол хүн дөч гараад хүссэн хүсээгүй хөдөө нутаг, агаарын сайхан, ардын урлагтаа тэмүүлдэг. Хо­тын шуугиан, интернэт, цахи­маас хол амьдардаг.  Хадат гэдэг газарт суурьшаад ойжуулсан. 13 жилийн дотор ой ургуулж болдог юм байна. Хүний өсөхдөө үзэж харсан бүхэн, эцэг, эхийн буруу зөв үйлдэл тархинд бичигддэг бололтой. Манай ээж биологийн багш, ногоо даршилдаг, ургам­лаар цай хийж байсныг би өнөөдөр давтаад л явж байна.

-Уртын дуучид гэгээрсэн байдаг гэлээ. Шуранхайн дунд өссөн хүнийхээ хувьд уртын дууг юутай зүйрлэх вэ?

-Монголын ард түмэн бүгд дуучин, ууч, цагаан сэтгэлтэй. Уламжилж ирсэн уртын дуу, хөөмий, тууль бол дуун засал. Ер нь бол бүх шашинд дуун засал бий. Уртын дуу бол өөрийгөө бүү хэл өрөөлийг засдаг дуун засал, тэнгэрийн аялгуу юм. Гайхалтай онож хэлсэн үгтэй, маани мэгзэм шиг хүчтэй. Иймээс бид аавынхаа нэрэмжит санг “Аялгуут тэнгэр” гэж нэрлэсэн. Миний аав бол өөрийгөө бүтээсэн уран бүтээлч. Алдаршуулах гэж сан байгуулаагүй.  Харин замналыг нь үргэлжлүүлэх, залуу уртын дуучдыг дэмжсэн үйл ажиллагаа явуулдаг. Уртын дуу гэдэг уудам ертөнцийг бүхэлд нь барьж боломгүй юм байна.  “Дөрвөн настай халиун” дууг таван уран бүтээлчээр дуулууллаа. Аавынхаа зохиосон “Шаавай төржээ”, “Сүндэр уул”, “Алтан нар” дууг залуу уран бүтээлчдээр дуулуулж дахин бичүүлсэн. Залуу дуучин Баатархүүгээр “Монгол аялгуу” дууг орчин үеийн хөгжмийн найруулгатай дуулууллаа.

-“Аялгуут тэнгэр” сангаас зохион байгуулдаг уртын дуучдын уралдааны талаар ярина уу?

-Уралдаанд зөвхөн Солийн Цоодолын уран бүтээлүүд биш монгол уртын дуу дуулагддагаараа онцлог. Бид бай шагналыг нь даадаг болохоос биш зохион байгуулалтыг сургуулиуд хариуцдаг. Оюутан залууст урам өгөх зорилготой уралдаан. С.Цоодолын зохиосон дуунуудыг л алдаршуулах ёстой гэж өрөөсгөл хандвал аавынхаа зорилгыг огоорсон болно. Олон хүн миний аавын гараас доктор болсон. Ээж маань эмэгтэй л хүн юм хойно “Чи өөрийнхөө нэрийг оруул, өөрөө дуулаач” гэхэд аав “Ардын өв соёлыг дамжуулахад хэний нэр байх хамаагүй” гэж уужуу ухаанаар хандаж ирсэн. Олон сайхан дууг сэргээж дуучдад өгч дуулуулсан. Миний аавд “Судалгааг нь хийснээрээ би дуулна” гэж өмчилж, алдарших бодол хэзээ ч төрж байгаагүй. Манай сан энэ жилээс эхлээд уртын дуугаар төрийн гавьяа шагнал авсан дуучдаа урамшуулахаар шийдсэн. Уртын дуугаараа Ардын жүжигчин болсон дуучдаас энэ цаг үед амьдарч байгаа нь ховорхон. Эрэгтэй ганцхан дуучин байгаа нь Д.Түвшинжаргал ах. Эмэгтэйчүүдээс Ш.Чимэдцэеэ эгч, А.Нэргүй эгч гээд хуруу дарам цөөн. Уртын дууг олон улсад таниулах, таслалгүй авч явах үүргийг тэд л нуруун дээрээ үүрч ирсэн шүү дээ.

 

Аавын бүтээл уртын дууг ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлэхэд түлхэц материал болсон

 

-С.Цоодолын судалгааны ажлууд одоо ч үнэ цэнтэй ажээ. Дуулахын хажуугаар судалгааны ажилд ихэнх цагаа зориулдаг байжээ?

-Уртын  дууг феодалын урлаг гэж буруутгаж, нутаг заалгаж явдаг байлаа. Хэлмэгдэж явахдаа миний аав судлаач болсон. Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Шарын голд амьдарсан. Зарим нэг хүнд хөдөө ажиллах шийтгэл бол аавд шагнал шиг байжээ. Ийн ажиллаж явахдаа нутгийн хөгшидтэй уулзаж, хуучны дуу цуглуулах, ардын язгуур урлаг, уртын дууг судлах ажлынхаа ихэнхийг хийсэн.  Тэр судалгааны бүтээлүүд өдгөө ардын хөгжим судалж буй хүмүүсийн гарын авлага болсон. 

-Уртын дуу биет бус өв гэдэг утгаараа баригдахад хэцүү. Монгол туургатан ч олон улсад хуваагдан амьдарч байна. Тэгэхээр хаашаа л бол хаашаа хөвөрч алдагдах эрсдэлтэй урлагийн төрөл шиг санагддаг?

-Аав “Ардын дуу, хөгжмийн суу билигтнүүд” номдоо “Алтан үе”-ийнхэн өөрөөсөө өмнөх цагийн дуучдыг хүртэл судалгаатай бичиж үлдээсэн. Уртын дууны библи гэхэд хэлсдэхгүй. Суд­лаачдын дунд “шар ном” гэж алдаршсан аавын бүтээл уртын дууг ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлэхэд түлхэц материал болсон. Энэ миний бодол биш судлаач Н.Уртнасангийн үг юм шүү. Уртын дууг ЮНЕСКО-д бүртгүүлэх ээдрээтэй маргаа­ныг  аавын судалгаанууд шийд­жээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн  Ж.Бадраа ах  “Сайн дуучин, лут судлаач, авьяаслаг хөгжмийн зохиолч” хэмээн тодорхойлсон. Товчхондоо миний аав “Өнчин цагаан ботго” дуугаараа дуучны, “Монгол нутгийн үзэсгэлэн” бүтээлээрээ хөгж­мийн зохиолчийн, “Ардын дуу, хөгжмийн суу билигтнүүд” номоор судлаачийн чансаагаа батлан харуулсан. Номын хоёр­дугаар хэсгийг бичих гээд судалж байна. Үе үеийнхээ уртын дуучдыг алдаршуулах нь манай удмын буян юм.

-Танай удамд аавын тань авьяасыг өвлөсөн хүн бий юү?

-Би уртын дуучин биш нь харамсалтай. Бас урлаг судлаач ч биш гээд хойш суулгүй ардын өв уламжлалаа хөгжүүлж, залгамжлах үйл хэрэгт “Аялгуут тэнгэр” сангаараа хувь нэмрээ оруулж байна. Харин миний хүү СУИС-д урлаг судлалаар суралцдаг. Өвөөгийнхөө судалгааг үргэлжлүүлэх зорилготой. Би дөрвөн хүүхдэдээ, одоо зээ нартаа аавынхаа тухай үргэлж ярьдаг. Миний долоон настай зээ Мөнгөлдэй “Шидэт дэнлүүнээс хүсэл биелүүлэгч гарч ирвэл Цоодол өвөөтэйгөө уулзана” гэдэг. Дуулаад, хуурдаад явахгүй ч ардын урлаг гэдэг зорилгыг нь марталгүй санаж, сэрж явах удмын үргэлжлэл юм.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24612/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22