“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн явц байдал, авч хэрэгжүүлсэн болон цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан нүүрсний ачилт, тээвэрлэлт, экспортын валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад шаардлагатай бүх талын дэмжлэг, тусалцаа үзүүлж хамтран ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймгийн Засаг дарга нар, төрийн болон төрийн өмчийн оролцоотой компанийн удирдлагуудад даалгалаа.
Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд тус компани уулын ажлын хөлсийг нүүрсээр барагдуулах гэрээг зогсоох, төслийн санхүүжилтийн төлбөрийг нүүрсээр барагдуулах гэрээний нийлүүлэлтийг нийт ачилтын 19 хувь байсныг 14 хувь болгон бууруулах, урьдчилгаа төлбөр авсан зарим гэрээний худалдан авагч талтай бэлэн мөнгөөр хүлээн авах нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх хэлцэл хийж эхэлсэн зэрэг арга хэмжээ авчээ.
Боомтын сэргэлтийн үндэсний хорооны 2022 оны аравдугаар сарын 29-ний хуралдаанаас дундын болон богинын тээврийн уялдааг хангаж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан нүүрс тээврийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, өдөр тутмын квотыг нэмэгдүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 500 сая ба түүнээс дээш ам.долларын орлого төвлөрүүлэх төлөвлөгөө батлан нүүрс ачих, тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх үе шатыг оновчтой зохион байгуулах, хяналтыг сайжруулах талаар бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Засгийн газраас өгсөн энэ үүргийг биелүүлэх боломжтой” гэж хэвлэлийн хурлын үеэр хэллээ.