Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар зарим томилгоог хийсэн байна. Хуралдаанаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд Г.Амартүвшинг томилжээ.
Г.Амартүвшингийн товч намтар:
Гомбосүрэнгийн Амартүвшин нь 1998 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль, 2004 онд МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийг төгсөж, 2012 онд Австралийн Дикений их сургуульд Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан.
Нидерландын Хаант Улсын Олон улсын харилцааны Клингендалийн институт, Швейцарын Холбооны Улсын Европ судлалын үндэсний судалгааны хүрээлэнд олон улсын харилцааны чиглэлээр, Европын Холбоо, АСЕАН-ы бүсийн чуулга уулзалт хамтарсан “Урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагаа ба зуучлал” зэрэг сэдвээр тус тус 10 гаруй мэргэшил дээшлүүлэх судалгааны хөтөлбөрүүдэд хамрагдаж байсан судлаач. Аюулгүй байдал, олон улсын эрх зүй, хүний эрх болон мөргөлдөөн зохицуулалт сэдвээр мэргэшсэн.
- 2004-2005 онд Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт мэргэжилтэн, Атташе,
- 2005-2006 онд Гадаад хэргийн яамны Европын газарт Атташе,
- 2006-2007 онд Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газарт Атташе,
- 2007-2008 онд Гадаад хэргийн яамны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газарт Атташе,
- 2008-2010 онд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны 3 дугаар нарийн бичгийн дарга,
- 2010 онд Гадаад харилцааны яамны Стратегийн төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний газарт 2 дугаар нарийн бичгийн дарга,
- 2012 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газарт 2 дугаар нарийн бичгийн дарга,
- 2012-2014 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын Дэд захирал,
- 2014-2016 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын Захирал,
- 2017 оноос Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,
- 2017-2018 онд Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн захирал, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,
- 2018-2020 онд Гадаад харилцааны сайдын зөвлөх, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,
- 2021-2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын даргаар тус тус ажиллаж байсан.
Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх eрөнхий газрын дарга Д.Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд түүний оронд цагдаагийн хурандаа О.Амарсанааг томилсон байна.
Н.Нягт