Европын холбооны нөлөө бүхий улстөрчдийн нэг Марио Драги АНУ, БНХАУ-аас илт хоцорч байгаа Брюсселийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө танилцууллаа. “БРИКС аналитикс” -ийн үүсгэн байгуулагч Ярослав Лисоволикий “Драгийн төлөвлөгөөний давуу талуудыг үл харгалзан хэрэгжүүлбэл, Европын хүнд суртлын эрх мэдэлтэй нүүр тулна. Улс төрийн саад тотгор, томоохон бизнес эрхлэгчдийг зохицуулах гээд амаргүй байна” гэжээ. Сүүлийн арван жилд дэлхийн эдийн засгийн өрсөлдөөнийг АНУ, БНХАУ-ын сөргөлдөөний призмээр авч үзэх болсон. Улмаар Европын холбоо их гүрний түвшинд олон улсын өрсөлдөөнөөс гарсан. Европын бараа бүтээгдэхүүн зах зээлээ алдаж, экспортын худалдаанд эзлэх хувь 20 жилийн дотор 29 хувиар буурчээ. Өрсөлдөх чадварын нэг чухал үзүүлэлт бол Европын протекционизм, тэр дундаа өндөр технологийн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой өсөлт. Ойрын жишээ гэвэл Европын комисс Хятадын цахилгаан автомашины татварыг 35.3 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэр юм. Хэдий Европын Төв банк тэмцсэн ч инфляцын өсөлттэй холбоотой протекционизм нэмэгдэж байна. Энэ нь Брюссельд өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатайг харууллаа.
Нэгдэл ба хөрөнгө оруулалт
Европын холбооны оршин суугчдын 45 гаруй хувь нь Брюсселийн зохицуулалт хэтэрхий төвөгтэй бөгөөд удаашралтай гэж үзсэн. Мөн санал асуулгад оролцогчдын талаас илүү хувь нь хүнд суртлын түвшнийг бууруулах шаардлагатайг онцолжээ. Судалгааны мэдээлэлд холбооны гол сорилтоор уур амьсгалын өөрчлөлт, хууль бус цагаачлал, шилжилт хөдөлгөөнийг нэрлэсэн. Европчуудын дөнгөж 29 хувь нь Брюсселиэс боловсруулсан инновацын манлайлалд итгэл дүүрэн байна. Сорилтуудыг шийдвэрлэх алсын хараа нь Марио Драги тэргүүтэй Европын комиссын захиалгаар боловсруулсан шинэчлэлийн стратегийн үндсэн чиглэл юм. Драгийг 2012 оны өрийн хямралаас Европыг аврагч гэж нэрлэдэг. Харин энэ удаад Европын холбооны эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж чадах эсэхэд эргэлзэж байна. Нэг ёсондоо Драгийн 400 хуудас төлөвлөгөө нь бүтцийн арга хэмжээ, аж үйлдвэрийн бодлогыг хослуулжээ. Ялангуяа эрчим хүч, харилцаа холбоо, санхүүгийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Драги эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд хөрөнгө оруулалтыг жил бүр 800 тэрбум еврогоор нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Энэ нь Европын холбооны ДНБ-ий 4.7 хувьтай тэнцэх юм. Хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломжгүй, холбооны түвшинд зарлагаа мэдэгдэхүйц нэмэгдүүлэхийг Драгийн баг санал болголоо. Европын холбооны гишүүн орнуудын хөрөнгийн зах зээлийг нэгтгэх замаар зээлийн хэмжээг цаашид нэмэгдүүлэхээ хүлээн зөвшөөрсөн. Төлөвлөгөөний бусад зүйл бол аж үйлдвэр, худалдааны салбарын зохицуулалтыг уялдуулах, өрсөлдөх чадвараас шалтгаална. Европын комисс нэгдэл, худалдан авалтын зохицуулалтыг хялбарчлахын тулд АНУ, Хятадтай эн тэнцүү өрсөлдөх чадвартай томоохон тоглогчдыг бий болгох, дэмжих аж. Ингэж зах зээлийг монополчилсноос Европын хэрэглэгчид үнийн өсөлттэй тулгарч магадгүй. Монопол статустай компаниуд давамгайлах байр сууриа хамгаалахын тулд инновацыг ашигладаг. Томоохон тоглогчид нөөцөө нэгтгэх замаар инновацын санхүүжилтийг нэмэгдүүлнэ гэсэн хүлээлт мөн сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй. Мөн 2019 онд гацсан “Alstom” болон “Siemens”-ийн төмөр замын хөрөнгийг нэгтгэх хэлэлцээрийг эцэслэх тухай төлөвлөгөөнд тусгажээ.
Хэрэглэгчид ба өрсөлдөгчид
Ерөнхийдөө Драгийн төлөвлөгөө макро (хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ) болон микро түвшинд (салбаруудыг дэмжих, өрсөлдөөний бодлого) тэнцвэртэй байхад чиглэсэн.
Шинэчлэл хийх боломжит салбаруудад анхаарал хандуулах нь чухал. Төлөвлөгөөний хамгийн эмзэг холбоос бол Европыг хамарсан зээл. Ийм санаачилга өмнө нь хөгжлөөр тэргүүлдэг орнуудын эсэргүүцэлтэй тулгарч байсан. Тиймээс Брюссельд ийм бодлогыг бүрэн дэмждэггүй. Европын хэмжээнд зээл авах хэмжээг нэмэгдүүлэх нь холбооны хамгийн том эдийн засагтай орнуудын улсын өрийн түвшин өндөр байгаатай холбоотой. Алсын харааны хэрэгжилтээс авч үзвэл хувийн хөрөнгө оруулалтыг улсын хөрөнгө оруулалтаар шахах эрсдэлтэй.
Драгийн тайланд товч дурдсан Европын холбооны худалдааны эвсэл байгуулах санаа ажиглагчдын анхаарлыг татсан. Дэлхийн өмнөд бүсийн орнуудад томоохон өсөлтийн боломж бүрдсэний зэрэгцээ Европын компаниуд эдгээр зах зээлд давуу эрх олгохын төлөө өрсөлдөж эхэлсэн. Франц, Герман зэрэг Европын холбооны хамгийн тэргүүлэх орнуудад эрх баригч эвслүүд тогтворгүй байна. Европын холбоог үүсгэн байгуулагчдын нэг Жак Делор “Европт гал сөнөөгчид төдийгүй архитекторууд хэрэгтэй” гэсэн. Драги 10 гаруй жилийн өмнө Евро бүсийн орнуудад гарсан “Өрийн галыг” амжилттай унтраасны дараагаар Европын холбооны хөгжлийн шинэ загварын архитектороор ажиллах болсон. Үүний зэрэгцээ Европын холбоо нийгэмд чиглэсэн эдийн засгийн үндсэн сууриа орхигдуулж болохгүй. Иймд өрсөлдөөнийг даван туулах чадвартай томоохон тоглогчдыг багтаасан АНУ-ын эдийн засгийн загварыг Европын шинэ бодит байдлын нэг хэсэг болгож магадгүй юм.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24614/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна