Хэт барууны үзэлт “Үндэсний ралли” намын дарга, Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай Марин Ле Пенийг шүүх хурал Парис хотноо эхэллээ. Түүнийг Европын парламентын хөрөнгийг хууль бусаар ашигласан гэж буруутгасан юм. Хэрэв Ле Пен гэм буруутай нь тогтоогдвол торгууль ногдуулж, хорих ял сонсож магадгүй. Өөрөөр хэлбэл, улс төрийн албан тушаал хаших эрхийг 10 жилээр хязгаарлаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болно. Тэрбээр өөрийгөө гэм буруугүйг нотлохоо ард түмэндээ хандан хэлжээ. Францын хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Европын парламентад байхдаа улс төрийн ямар нэгэн дүрэм зөрчөөгүй” гэдгээ онцолжээ. Европын парламентын 2015 оны тайлангаас Ле Пенийн зөрчлийг илрүүлсэн. Прокурорууд “Үндэсний ралли” намыг гурван сая гаруй еврогоор торгуулахаар төлөвлөж байна. Шүүх хурал хоёр сар үргэлжилнэ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24616/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна